Боломж

Сон Ха На / Солонгос, Сөүл

495 Үзсэн тоо

Их сургуульд орсны дараа нэг хэсэг гэрээсээ сургууль хүртэл ирж очих гэж 4 цаг явдаг байв. Ядарсандаа ч сэтгэл дундуур байсан юм биш, гол нь зам зуур хамаг цагаа авчихаар сайн мэдээний ажилд анхаарах цаг хомс болдогт жаахан гонсгор байлаа. Цаашид энэ байдлаараа явцгүй санагдаж, тусдаа бие даан амьдрахаар шийдэв.

Анх удаа бие даан амьдарч байгаадаа санаа зовж байсан ч Сионтой ойрхон болохоор байнга чуулганд сууж, хүсэж байсан залуучуудын сайн мэдээний үйл ажиллагаанд оролцож чадах болсондоо их баяртай байлаа. Гэвч бодоо ч үгүй байсан нэг урхи саад гарч ирэв. Бие эрүүл хэрнээ оюун санаа маань залхуу болов.

“Ингэх гээгүй юмсан…”

Аажмаар сүнс амьдруулах ажилд анхаарахаас илүү нүдэнд харагдах амьдрал, найз нөхөд зэрэгтээ илүү сонирхол татагдах боллоо. Ийм байдалдаа өөртөө дургүй хүрч, тусдаа гарсан итгэлийн амьдрал маань ийм ч байх гэж дээ гэхээс үнэндээ өөртөө ой гутаж байлаа.

Шинэ Иерусалимын тунхаглалын наадам зарласнаас хойш сүнсээр сэрэв. Эцэгийн мэндэлсний 100 жилийн ойг дурсан 100% итгэлээр, сайн мэдээнд бие сэтгэлээ 100% зориулах тангараг өргөсөн гэр бүлүүдийн халуун сэтгэл миний сүнсэнд ч гал асаасан юм. Энэ удаагийн тунхаглалын наадам Бурхан миний төлөө өгсөн сүүлчийн боломж шиг санагдав.

Үнэндээ би гадаадад богино хугацааны тунхаглалд оролцсоныг эс тооцвол оюутны гурван жилд үр жимсгүй байсан юм. Магадгүй энэ ч мэдээжийн хэрэг биз. Энэ удаа бүхнээ зориулах юм шүү гэсэн сэтгэл л байлаа.

Хийнэ гэж шийдсэндээ би бүх хүчээ дайчилсны үр дүнд сурдаг сургуулиасаа гурван тэнгэрийн гэр бүлээ хайж оллоо. Тэдний хоёр нь гадаадаас ирсэн гадаад оюутан байсан юм. Улсынх нь албан ёсны шашин христийн шашин биш, тийм улсад төрж өсөөд сүмийг ч, Библийг ч мэдэхгүй байж болох байтал тэд үнэний үгийг сайн ойлгож байв. Одоо ч Бурханы үг хичээнгүйлэн сурч, Сионы ёс болон үнэнийг сурч байгаа.

Үлдсэн нэг хүн нь надаас нэг дүү, цагийн ажил хамт хийж байгаад ойр дотно болсон хуурай дүү л дээ. Үе үе үнэний үг дамжуулах бүрд “Эгч ээ, таны явдаг сүм өнөө үеийн сүмүүдээс өөр, шинэлэг сүм юм шиг ээ” гээд биширч байсан л даа. Тэрээр “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэнд сэтгэл нь хөдөлж, тэр даруй Бурханы хүүхэд болон дахин төрсөн.

Сарын дотор гурван сүнс Сион руу хөтөлсөн тохиолдол надад байгаагүй болохоор ёстой мэл гайхсан даа . Нөгөөтэйгүүр “Хийвэл болно, итгэлтэй байгаарай” гэсэн Бурханы байнга хэлдэг үг санаанд орсон юм. Би хийхгүй, дээр нь итгэлтэй ч байж чадалгүй өнөөг хүртэл ерөөл авч чадаагүй байсан байх нь гэж бодоод, өнгөрсөн хугацаанд дутуу дулимаг байсандаа ичиж байлаа.

Оюутан ахуйн үлдсэн амьдралдаа сүнсээр сэргэг байж, бүх хүчээ сүнс аврах ажилд илүү дайчлах болно. Бурхан миний төлөө бэлдсэн ерөөлийн боломжийг одооноос огт алдахгүй ээ.