​Сионы Эзэн, сүнсний маань Эзэн болох Бурхантай хамт

Жан Мин Гён / Солонгос, Соннам

5,242 үзэлт

Африк бол сайн мэдээний төлөөх хүсэл эрмэлзэл нь улайсам нарны илчээс ч халуун, эрч хүчтэй тив. Жаахан байхдаа би нэг удаа Африкт сайн мэдээ тарааж байна гэж зүүдэлсэн юм. Улмаар залуучууд багт орж, Анголын нийслэл Луанда хотод богино хугацааны тунхаглалаар явах боломж надад тохиосон юм. Солонгосоос Этиопоор дамжин Ангол хүрэхэд бүтэн өдөр зарцуулдаг юм билээ.

Биднийг Луандад ирэхэд ах эгч дүү нар биднийг тосон угтахаар хүлээж байв. Тэд зүгээр л нэг зорчигч хүлээж байгаа аятай тайван хүлээж байснаа биднийг яг онгоцны буудал дээр ирмэгц гэнэт л тойрон хүрээлж, угтах тоглолт үзүүлэх нь тэр. Уур амьсгал яг л концертын их танхимд байгаа аятай байлаа. Ингэж л бид эцэст нь сэрж, Африкт ирсэн гэдгээ мэдэрсэн юм даа. Тэдний дуулсан дууны үг нь өөрсөд рүү нь богино хугацааны тунхаглалын баг илгээсэн Бурханд талархсан утгатай байлаа. Тэд солонгосоор “Эцэг Эх минь, бид Тандаа баярлалаа” гэж хашхирч байв. Бид бие биенээ тэвэрч нулимс дуслуулсан даа.

Энэ гайхалтай ах эгч дүү нартайгаа нэгдэн Эцэг Эхээ баярлуулах үр жимс гаргах шийдвэрээр тунхаглалын багийнхан маань авралын зар тарааж гарлаа. Африкт халуун байна байх даа гэж бодож байснаас маань өөр, харин ч сэрүүхэн байв. Цаг агаар нь Солонгосын намрын эхэн үетэй адилхан байсан нь гадаа тунхаглахад нэн тохиромжтой байлаа.

Харин тэндхийн агаарын чанар тааруухан байв. Нийслэл Луанда нь Солонгосын томоохон хот шиг машин тэрэг олон. Утаа ихтэй учир тэнгэр бүүдийлгэнэ. Хотын гол гудамжны ойролцоо тунхаглах зуур маань утаа, засаж янзлаагүй замын тоос тортог зэрэг нь хоолой сэрвэгнүүлж, би маш их ханиалгаж байлаа. Бусад гэр бүл надад санаа зовох вий гэж бодоод ханиалгахаа болихыг хичээсэн ч чадахгүй байж билээ. Намайг ханиалгахаар гэр бүлүүд надаас уучлал гуйна. Эхэндээ би тэднийг зүгээр л хэлж байна гэж бодож байтал тэд байн байн уучлал гуйгаад л байлаа. Би “Уучлал гуйна гэдэг чинь хэн нэгний буруу хийсэн зүйл дээр л тэгдэг шүү дээ” гэж гайхаад, нэг бол тэднийг би буруу сонсоод байгаа байх гэж бодож байв.

Хоёр долоо хоногийн дараа бид авралын зар тараахаар Виана руу явав. Авралын зар тарааж дуусахын алдад агаарын шороо тоосноос болоод би дахиад ханиалгаж гарлаа. Нэг гэр бүл хажууд минь ирээд мөн л уучлал гуйв. Сониуч сэтгэлдээ намайг учрыг нь асуутал “Бид сайн мэдээ уйгагүй тараагаагүй болохоор таныг энд ирэхэд хүргэсэн шүү дээ. Хэрвээ та энд ирээгүй байсан бол өвдөхгүй байх байсан. Таныг өвтгөсөнд уучлаарай” гэж хариулах нь тэр.

Би ийм хариулт сонсоно гэж огт бодоогүй. Солонгосоос богино хугацааны тунхаглалын баг ирэхээр нутгийн гэр бүлүүд баяртай байдгийг нь би мэднэ л дээ. Харин тэд өөрсдөөс нь болж энэ хүртэл ирэх гэж зовсон байх гэж бодоод л сэтгэл нь хөндүүрлэдэг аж.

Тэд сайн мэдээ тараахдаа огт залхуурдаггүй юм билээ. 280 гэр бүлтэй Луанда гэр сүмийнхэн рүү зөнч хараахан илгээгдээгүй байсан тул итгэлээ өөрсдөө сахиж, Бурханы сургаалыг дагахаар хичээж байсан юм. Хүнд хэцүү нөхцөлд ч хүртэл сайн мэдээний төлөө баяртайгаар өөрсдийгөө зориулдаг залуучууд багийнхныг хараад миний сэтгэл ёстой их хөдөлсөн. Анголын жирийн л нэг залуучуудын нэгэн адил Сионы залуучууд маань бүгд л хичээл сургуульд явдаг, амьдрахын төлөө ажил хийдэг, хажуугаар нь сайн мэдээ тараана. Өглөөд нь хичээлдээ явж, өдөр нь сайн мэдээ тарааж, шөнө оройд нь ажил хийнэ. Тэгээд үүрээр харина. Олигтой ч унтаж амарч чадахгүй хэр нь сайн мэдээ тараахдаа огт ядарсан шинжгүй, инээмсэглэн тунхаглалд оролцоно.

Бид Бурханы сүмийн Эзэн, тэдний сүнсний Эзэн нь болсон Бурханд л үйлчлэх гэр бүлүүдтэй нэгдэн, үнэ цэнэтэй үр дүн гаргасан. Үнэндээ би богино хугацааны тунхаглалаар гурван удаа явж байсан ч хангалттай сайн үр дүн гаргаагүй л байсан юм. Тиймээс би Солонгост байснаасаа ч илүү Эцэг Эхийг баярлуулах үр жимс гаргахын төлөө уйгагүй залбирсаар байсан л даа. Бурхан залбирлын маань хариуг өгсөн. Би Альберто гэдэг хүнтэй сүмийн ойролцоо таарлаа. Тэрээр цаг гаруй үнэнийг сонсоод, сүм рүү ирж үргэлжлүүлэн Библи сураад, номхон хонь шиг Бурханы хүүхэд болон мэндэллээ. Баптисм хүртсэнийхээ дараа тэрээр нэг удаа ч алгасалгүй Бурханы хууль тушаал сахиж, найздаа авралын сайн мэдээ тарааж Сион руу хөтөлсөн юм.

Анголд байсан хугацаа хэдий богино ч гэлээ би сайн мэдээний төлөө ямар хандлагатай байх талаар олон зүйл сурч авсан. Бурхантай хамт алхах Луанда сүмийн гэр бүлүүдийг хараад, сүнсний маань Эзэн болсон Эцэг Эхээ түшээд итгэлийн замаар илүү эрч хүчтэй алхана гэж шийдсэн дээ.