April 7, 2020

Гай гамшгийн үед үнэ цэнэ нь илүү гэрэлтэх амийн гэрээ Алгасал баяр

Дэлхийн 175 орны итгэгчид гэр гэртээ онлайн мөргөл сахив

15,815 үзэлт

Бурхан бол үнэн, Бурханы гэрээ өөрчлөгдөшгүй. “Ковид-19” вирус дэлхийн хэмжээнд асар их тархалттай байгаагийн улмаас дэлхий нийт сандралд автсан энэ үед Алгасал баяр болж өнгөрлөө. Халдвар авагчид болон нас барагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд халдварт өвчний тархалтыг зогсоон барихын тулд нийгмийн хорио цээрийн дүрэм, хөл хорио тогтоогоод байгаа билээ. Ийм л үед гэм нүглийн уучлал болон аврал, мөнх амийн ерөөл амласан Бурханы Алгасал баяр өнгөрсөн аль ч үеэс илүү туйлын хэрэгтэй шүү дээ.

Алгасал баяраа гэр гэртээ онлайн мөргөл хэлбэрээр сахихыг Ерөнхий чуулганаас мэдэгдэж, улмаар 50 орчим хэл дээр мөргөлийн кино хийж түгээсэн байна. Хоног тоолон Алгасал баяраа хүлээж байсан дэлхийн 175 улс орон дахь Бурханы сүмийн итгэгчид 4 сарын 7-ны орой (ариун тооллын 1 сарын 14) “Ковид-19” тархаагүй цөөхөн хэдэн улсыг эс тооцвол ихэнх нь гэр гэртээ онлайн хэлбэрээр баяраа ариунаар сүсэглэн сахилаа. Маргааш нь буюу 8-ны өдөр Исгээгүй талхны баяр (Мацаг барилт&Зовлонгийн баяр), 12-ны өдөр Амилалтын баярын мөргөлөө ч онлайн хэлбэрээр явуулж, Христийн золиос болон амилалтын утга учрыг сэтгэлдээ сийлцгээв.

Алгасал баяр нь хүн төрөлхтний төлөө Бурханы соёрхсон амийн гэрээ юм. 3500 жилийн өмнө израиль ард түмний боолчлогдож байсан Египет улсад 9 төрлийн гамшиг ар араасаа иржээ. Голын ус цус болж, мэлхий, ялаа, дэлэнч хаа сайгүй шавж, хүн мал халдварт өвчний улмаас шурган унацгааж байв. Мөндөр асгарч, царцаан сүрэг газар тариаланг цөлмөн, түнэр харанхуй тэнгэрийг хучсан байдаг. Хамгийн сүүлд айл болгоны ууган хөвгүүд, малын бүх анх төрөгсдийг цохих урьд хожид байгаагүй их гамшиг ойртон ирэх үед Бурхан Мосед ийн тушаажээ. “Та нар хурга нядалж, цусыг нь хаалганыхаа хатавч болон тотгонд нял. Би цусыг хараад та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.” Ариун тооллын эхний сарын 14-ний үдэш гай гамшигт өртөөгүй Египетийн нэг ч айл байгаагүй бөгөөд бүх ууган хүүхдүүдээ алдсан байдаг. Гэвч хурганы цус түрхсэн Израилийн гэрүүдийг гай гамшиг алгасан өнгөрч, ингэснийхээ дүнд тэд боолчлолоос чөлөөлөгдсөн юм. Эл өдөр бол Алгасал баяр юм. Алгасал баяр нь “гай гамшиг алгасан өнгөрүүлэх баяр” гэсэн утгатай. Бурхан энэхүү Алгасал баярыг Бурханы баяр болгон тогтоож, үе уламжлан үүрдийн зарлиг болгон сахихыг тушаасан юм (Гэт 7-12-р бүлэг).

Шинэ гэрээнд буюу 2000 жилийн өмнө Есүс загалмайд цовдлогдохынхоо урд орой шавь нартайгаа цуг Алгасал баяр тэмдэглэсэн юм. Тэрээр ерөөсөн талхыг “Энэ Миний бие”, усан үзмийн дарсыг “шинэ гэрээ” хэмээсэн байдаг. Тэгээд Өөрийн ариун бие, үнэт цусны утга учрыг Алгасал баярын талх ба усан үзмийн дарсанд шингээн, шавь нартаа идүүлж уулгасан юм. Хүн төрөлхтөн ч мөн ийн үйлдэж, Христийн цусны ивээлээр мөнх амь, авралд хүрээсэй хэмээн ихэд хүссэнтэй нь уг үйл явдал холбоотой юм (Мат 26:17-28, Лук 22:7-20, Иох 6:53-58).

Библид энэ үед ч мөн гай гамшиг ар араасаа ирнэ, Бурханы ард түмний дээр гай гамшиг алгасан өнгөрөх тамга дарагдана хэмээн зөгнөсөн байдаг. 3500 жилийн өмнө ч, 2000 жилийн өмнө ч, өнөө цагт ч Бурхан Алгасал баяраар Өөрийн ард түмэн дээрээ авралын тэмдэг тавьж байна.

Баяраа тэмдэглэн энэхүү Алгасал баярын утга учрыг сэтгэлдээ тод сийлсэн итгэгчид Есүсийн жишээ үзүүлж, сахь хэмээн тушаасан ёсоор хөл угаах ёслолыг үйлдэн, улмаар Алгасал баярын ариун зоогийн ёслол явуулсан юм. Алгасал баярын талх ба усан үзмийн дарсыг идэж уун, Христийн мах ба цусанд оролцсон итгэгчид загалмайн зовлонг тэвчин агуу их золиосоороо амийн гэрээ байгуулсан Бурханд чинхүү талархал өргөцгөөв.

Есүсийн үйлдсэний дагуу өнөө үед шинэ гэрээний Алгасал баяр сахидаг сүм бол зөвхөн Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг юм. Итгэгчид “Ковид-19” вирусын улмаас зовж шаналж байгаа бүх хүний дээр Бурханы ерөөл хийгээд аврал бялхан байхыг нэг сэтгэлээр хүсэн залбирч, амийн шинэ гэрээг бүр ч олон хүнд тунхаглан, түүн дотор шингэсэн Бурханы үнэнхүү хүсэл хийгээд хайрыг нь тунхаглана хэмээн шийдвэр өвөрлөв.