Солонгосын Чолвон, Намвон, Гугсон, Гуанжү зэрэг бүс нутагт үерийн дараах нөхөн сэргээх ажил өрнүүллээ

Тусламжийн гар сунган хөрш нийгэмдээ итгэл найдвар бэлэглэв

БНСУ

August 7, 2020 509 Үзсэн тоо

Энэ зуны борооны улирал бодож байснаас ч илүү бүр 50 гаруй хоног үргэлжиллээ. Цаг уурын газар албан ёсны ажиглалт хийж эхэлснээс хойш ингэж удаан үргэлжилсэн тохиолдол урьд өмнө гарч байгаагүй аж. Энэ жил борооны улирлын үеэр (6 сарын 1-нээс 8 сарын 15) Солонгост хуримтлагдсан хур тунадасны дундаж хэмжээ 920 миллиметрт хүрчээ. Энэ нь урьд өмнөх жилүүдээс хоёр дахин их үзүүлэлт юм. Үүний уршгаар 1000 гаруй удаа хөрсний нуранги үүсэж, байшин барилга, худалдааны төвүүд үерт автан, орон даяар их бага хохирол учирч 18 хотыг гамшгийн онцгой бүс болгон зарлаад байгаа билээ. Хүчтэй аадрын улмаас үер усанд автаж, малын тоо толгой хорогдон сураггүй алга болох тохиолдол ч байнга гарч байна. Тариаланчид ургацаа хурааж ачихын даваан дээр амссан хохирол нь ч үлэмж их байлаа.

Бурханы сүмийн итгэгчид “Хөршөө өөрийн адил хайрла” (Мар 12:31) хэмээсэн Бурханы сүргаалын дагуу 8 сарын 7-ноос эхлэн Чолвон, Намвон, Гугсон, Гуанжү, Гүре гэх мэт бүс нутгийн хор хохирол амссан газар хүрч очин, итгэл найдвараа гээсэн ард иргэдэд тусламжийн гар сунгалаа. Сүүлийн 21 жил Хантан гол үерлэснээс болж Чолвонд иргэдийн нэвтрэх шугамын ойролцоох дөрвөн тосгон үерт автсан аж. Уг бүс нутгийн итгэгчид Галмал сумын Дунмаг хороог зорилоо. Итгэгчид үерт автаж сүйдсэн байшин барилгын дотогшоо орсон элс шороог шүүрдэн, тосгуураар хаман авч гадагшлуулж байв. Мөн шавар шалбааг болсон хувцас хунар, ор хөнжлийн даавууг том саванд хийж, айлуудын урд талын талбайд нэг бүрчлэн угааж хатааж өгч байв.

Намвон болон Гугсонд ч мөн үер усны уршгаар Сомжин голын далан нурж, усанд автан ихээхэн хохирол учирсан. Иймд Гуанжү, Намвон, Жонжү, Сүнчон гэх мэт бүс нутгийн итгэгчдийн сайн дурын ажлын цуваа үргэлжлэв. Итгэгчид нэн түрүүнд чадал тэнхээ муутай өндөр настнуудын гэр оронд туслав. Хүнд машин механизм орох боломжгүй барилга байшинтай газар ч тэд хүрзээр шороо шавар ухаж гарган, хувингаар олонтоо зөөсөн байна.

Бурханы сүмийн ажилчин залуу сайн дурынхны багийн 240 гаруй гишүүд (ASEZ WAO) амралтын өдрүүдэд үүр цүүрээс эхлээд л үерийн дараах нөхөн сэргээх ажилд ханцуй шамлан орлоо. 8 сарын 16-нд борооны улирал дуусахад цаг агаар халж эхэлсэн. Итгэгчид аагим халууныг ч эс ажран бусдыг тайвшрал болон итгэл найдвар олж аваасай гэсэн сэтгэлээр хөлс дуслуулан ажиллацгаав. Гуанжүгийн Гуансан дүүргийн Собун хороо болон Гүре Гесан хорооны ойр орчим зорьж очсон залуус маань баг болж хуваагдан орон сууц, тариалангийн талбайд нөхөн сэргээх ажил явуулжээ. Тариалангийн талбайн нөхөн сэргээх багийнхан ус дутуу шавхагдсаны улмаас далайн татралтаар ил гарсан газар шиг болчихоод байсан талбайд ажиллав. Тэд илжгэн чихний модонд орооцолдон урсгал усаар хөвж ирсэн мөчрүүдийг түүж, чинжүүний талбайд унасан ургацыг босгосон байна. Тал нь нурж унасан хүлэмжийг ч засаж янзалжээ. Энэ өдөр нөхөн сэргээх ажилд оролцсон Мүн Сү Жон (Гуанжү) эгч дүү “Үерт автсан хохирогчдын зовлонг нүдээрээ харсан болохоор миний сэтгэл үнэхээр их өвдсөн. Өнөөдрийн сайн дурын ажил хохирогч иргэдэд бага ч гэсэн тус болоосой” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Урьд өмнө болж байгаагүй үер усны улмаас Солонгос орон даяар ихээхэн хохирол шил дараалан учрав. Үерт автсан ихэнх бүс нутаг нөхөн сэргээх ажил хийх хүн хүчээр дутмаг байгаа. Бурханы сүм үерт автсан хохирогч иргэдэд хэвийн амьдралаа аль болох түргэн сэргээхэд нь тусалж нөхөн сэргээх ажил тасралтгүй явуулахаар төлөвлөж байна.