БНСУ
Бурханы сүмийн ажилчин залуу итгэгчид “Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн Христийн үгийг ажлын байрандаа ч хэрэгжүүлэхийн төлөө бүс нутгийн болон ажил мэргэжлийн WM-г тус тус байгуулж, сайн мэдээ тунхаглалын үйл ажиллагаа идэвхтэй өрнүүлж байна.
9 сарын 8-ны өдөр Шинэ Иерусалим Пангюу ариун өргөөнд зохиогдсон 2019 оны сүүлийн хагас жилийн WM-н тогтмол чуулганд Солонгос даяар байгаа WM-н залуус цуглан оролцож, Библийн үгээр өөрсдийн итгэлээ нягтлан, жишээ илтгэл тавих, санаа сэтгэлээ ярилцах гэх мэт төрөл бүрийн хөтөлбөр явуулан, сайн мэдээний хэтийн зорилгоо тодорхойлцгоосон юм.
1-р хэсэг мөргөлөөр эхлэв. Библийн сургаалыг зүй ёсоор дагаж, их ажлынхаа хажуугаар байнгын сайн үйлсээрээ Бурханы яруу алдрыг гаргасан залуучуудыг тэнгэр Эх дахин дахин магтаж, бялхсан их ерөөл хүртэхийг хүслээ. Түүнчлэн Эх айлдахдаа “Бурханаар зөвт хэмээн батлагдаж, сайн мэдээний үүргээ гүйцэтгэж байгаа та нар бол зөгнөлийн гол баатрууд юм шүү. Алдагдсан хүүхдүүддээ харамсан Өөрийн амийг хүртэл гаргуунд гарган байж авралын зам нээж өгсөн Бурханы хайр, үзүүлсэн жишээг итгэлийн өвөг дээдэс бүгд дагаж байв. Та нар ч мөн тэдний итгэл сэтгэл, эр зоригоос суралцан, улмаар байгаа байгаа газартаа сүнс аврахад бүхнээ дайчлан, тэнгэрийн хаанчлалд бэлтгэгдэн буй шагналыг аваарай” хэмээв (1Тес 2:3-4, Үйл 5:38-42, Мат 27:27-28, Кол 3:23-25, 2Иох 1:8).
Арга хэмжээний 2-р хэсэг шагнал гардуулах ёслолоор эхлэв. Ажлын байрандаа итгэмжтэй ажиллаж, сайн үйлсээрээ бусдад үлгэр жишээ болсон 14 WM шагнал хүртлээ. Дараа нь ажилчин залуус эхний хагас жилийн үйл ажиллагааныхаа үр дүнг болон Солонгос төдийгүй гадаадад явуулсан үйл ажиллагааныхаа шилдэг жишээг “мэдээ” хэлбэрээр тайлбарлан явуулав. Тэр дундаас хамгийн анхаарал татахуйц жишээ нь “Хайрын зууш хүргэлт” байлаа. Энэ нь ажилдаа ядарсан хамт олондоо сэтгэл шингээн бэлдсэн савтай өдрийн хоол эсвэл амттан бэлэглэж, урмын үгтэй захиа бичих явдал юм. Үүнээс гадна залуучууд “Ажилчин залуучуудад зориулсан хиллин семинар” болон “Эцгийн чин сэтгэлийг уудлахуй” үзэсгэлэн, “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэнд ажлынхнаа урьж, сэтгэл хөдлөлөө хуваалцан, нэгнээ ойлгодог хайр бялхсан ажлын байрны соёлыг бий болгохыг зорьсон юм. Зуны амралтаараа тэд нутгийн итгэгчидтэй хамт хайрын зууш хүргэх аяныг гадаад орнуудад явуулж, гудамж талбай цэвэрлэх, цус хандивлах, солонгос хэлний танхим ажиллуулах гэх зэрэг сайн дурын ажил хийн, цагийг утга учиртай өнгөрүүлсэн ажээ.
Тэнгэр Эх хэлэхдээ “Хүсэл мөрөөдлөөр хийсэн завиа хөлөглөн зөгнөлийн далай тийш аялах та нарыг хараад Эцэгийн сэтгэл ч их хөдөлсөн. Хамгийн агуу нь хайр гэдгийг сэтгэлийнхээ гүнд сийлж, хайр болсон Бурхантай үргэлж хамтдаа алхан хүсэл мөрөөдөл, зорьсон зорилгоо бүгдийг нь биелүүлээрэй” хэмээн байнга урам өгч байлаа. Ким Жү Чоль ерөнхий пастор дуулгавартай байхын чухлыг онцлоод “Эхийнхээ үгэнд үргэлж чих тавьж, айлдсан үгийнх нь хүсэл зорилгыг ухааран, хэлснийг нь дагах юм бол адилхан газар, ав адилхан аргаар зүтгэсэн ч ерөөлтэй үр дүнд хүрнэ. Цаашдаа ч та нар Эхийн үгийг даган Бурханы ажлын төлөө сайн дураараа үйлчилж Шинэ Үйлс ном бичээрэй” хэмээн урам өгч байв.
Тогтмол чуулганаа дуусгасан ажилчин залуус өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг ажлын байраа бусадтай Бурханы хайр болон ерөөлийг хуваалцдаг орон зай болгохыг хүсэж байгаагаа дуу нэгтэй хэлж байлаа. Малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт ажилладаг Ким Хан Ол (Гимхэ) ах дүү “Өглөө бүр гэр бүлүүдтэйгээ хамт Библийн үг судалдаг маань нэг өдрийг зөв сэтгэл, инээмсэглэлээр өнгөрөөхөд их дэм болдог шүү. Үүр цүүрээс эхлэн зовж ажиллаж байгаа хамт олноо ч бас Бурхан руу хөтөлж тайвшрал авхуулахын төлөө бүх хүчээ дайчилна” хэмээн өгүүлж байлаа.