Бурханы сүм 3 дахь удаагаа зохион байгуулж буй Библийн вебинар

Дурсамжийн нөгөө талаас алдагдсан өөрийгөө хайж олох цаг

БНСУ

November 21, 2021 9,354 үзэлт

Амьдралд туйлдсан хүмүүсийн сэтгэлийг тайвшруулах бэлэг мэт цаг хугацаа. Бурханы сүм 11-р сарын 21-нд Библийн вебинар (Webinar, онлайнаар явагддаг семинар) зохион байгуулав.

Ковид-19 цар тахлын уршгаар хэн хүнгүй тусгаарлагдмал, ганцаардмал байдлыг мэдэрсэн энэ цаг үед Бурханы сүмийнхэн “Ажилчдад зориулсан хиллинг вебинар” гэх мэт төрөл бүрийн онлайн арга хэмжээнийхээ хүрээнд хөрш нийгэмтэй харилцаж байна. Солонгост энэ жил Угчон Go&Come сургалтын цогц төв дээр арга хэмжээний зураг авалт хийн, шууд дамжуулах замаар гурав дахь удаагийн Библийн вебинараа зохион явуулаад байна. Дэлхий дахины Бурханы сүмийн гишүүд халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөнгөө гэр бүл, найз нөхөдтэйгөө видео хурлын программаар уг вебинарыг үзэв. Вебинар 13:00, 15:00 цагуудад 2 удаа явагдсан бөгөөд тус тус 50 минут үргэлжиллээ. Нэг удаадаа 2000 гаруй хүн хандалт хийж, Солонгост нийт 4000 хүн уг вебинарт оролцов.

“Сайн байцгаана уу? Уулзсандаа баяртай байна.”

Хөтлөгчийг “Сайн байцгаана уу?” гэж хэлэхэд олон зуун оролцогчдын дэлгэц Угчон Go&Come сургалтын цогц төвийн том дэлгэцэн дээр нэгэн зэрэг гарч ирэв. Оролцогчид гараараа даллаж, эсвэл дэлгэцний цаанаас гэрэлтсэн инээмсэглэлээр хариу мэндэлнэ. Танхимын оркестрын тоглолтоор вебинар найрсаг уур амьсгал дунд эхэллээ. Арван зургаан хөгжимчин “Frozen (Мөсөн шидтэн)” киноны дуу болон “Amazing Grace with Bach” дууг тоглож үзүүлэв. Танил атлаа сэтгэл сэргэм эдгээр аялгуу вебинарт оролцогчдын сэтгэлийн гүнд эгшиглэж, сэтгэлийг нь догдлуулан сэрээнэ. Мөн ядарч, туйлдсан үед өмөг түшиг болж, дахин босгодог эрхэм нандин хүн байдаг гэсэн утга бүхий үгтэй “You raise me up” хэмээх найрал дууг дуулж, оролцогчдын сэтгэлийг тайвшрууллаа.

Дараа нь “Алдагдсан өөрийгөө хайж олох нь” гэсэн сэдэвтэй илтгэл тавилаа. Илтгэгчид “Бага насны чинь хамгийн анхны дурсамж юу вэ?” гэсэн асуултаар илтгэлээ эхлэв. Бид аав ээжийнхээ хэлсэн үгээр л бага насныхаа тухай мэддэг шиг “Би ер нь хэн юм бол” гэсэн хүн төрөлхтний өнө эртний асуултын хариултыг Бурханы үгнээс олж болно гэж тэд хэлцгээв. Илтгэлийн хүрээнд хүн төрөлхтөн анх тэнгэрийн хаанчлалд тэнгэр элч байсан гэдгийг Библиэр гэрчилж, хүн бүр үзэсгэлэнтэй тэнгэрийн хаанчлалдаа буцан очиж, тэнгэр элчийн хувиар алдсан амьдралаа эргүүлэн олж авна гэж найдан, илтгэлээ өндөрлөв.

Оролцогчид дэлгэцний цаанаас толгой дохих, асуултанд хариулах зэргээр илтгэгчийг анхаарал тавин сонсож байлаа. Вебинарын төгсгөлд тэд хөтлөгчийн хүсэлтээр том жижиг зүрхний дүрс хийн, нэг нэгэндээ илгээж, арга хэмжээ өндөрлөв. Найзынхаа хамт вебинар үзэж байсан Анянаас оролцсон Пак Ге Хы эгч дүү “Семинар дээр илтгэл тавихын өмнөх найрал хөгжмийн тоглолт надад их таалагдсан. Найз бид хоёр хөгжмийн хэмнэлд нь орж, ёстой гоё байсан” гэв. Хөршөө вебинарт урьсан, Бүчон хотоос оролцсон Ким Жү Хы эгч дүү “Ковид-19-н улмаас олон хүн цуглах хэцүү болсон энэ үед вебинараар дамжуулан бие биенээ харж, бие биедээ урам зориг өгч байгаад сэтгэл их догдолсон” хэмээн өгүүлнэ. Тэрээр мөн эргэн тойрныхоо хүмүүст вебинарт оролцохыг санал болгомоор байна гэж нэмж хэллээ.