Бурханыг харахад тэр нь сайн болжээ

10,757 үзэлт

Бид мөнхийн тэнгэрийн орныг л зорилгоо болгон итгэлийн замаар алхаж байгаа. Итгэлийн цөлд хүмүүст сайхан харагдах үйлс бүхий итгэлтэй хүмүүс байхад Бурханы нүдэнд л тааламжит итгэлийн амьдралаар амьдардаг хүмүүс бас байдаг.

Анхны сүмийн үеийн түүхийг харвал элч нар болон итгэгчид “Хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу?” гэж өөрсдөөсөө асууж, Бурханы сэтгэлд нийцүүлдэг итгэлийн зам сонгосныг харж болно (Гал 1:10). Өнөө үеийн бид ч мөн адилхан. Бид ч мөн бурхан чанарыг хуваалцагч болох гэж хичээж, Эхийн зааж сургасныг даган үргэлж инээж амьдрах хэрэгтэй учир шалтгаан маань ч Бурханыг харахад тэр нь сайн учраас аж.

Бурханыг харахад сайхан амьдралыг сонгох ёстой ч заримдаа өөрийн байр суурь, хүний бодлоор сайхан санагдах амьдралыг сонгох үе байдаг. Бүгдээрээ ямар ч тохиолдолд үргэлж “Бурханыг харахад тэр нь сайн болжээ” гэж тэмдэглэгдэхүйц итгэлийн амьдралаар амьдарцгаая.

Бурханыг харахад сайн болсон бүтээлийн түүх

Бурханы хүслийн улмаас энэ дэлхий, тэнгэр газар, түг түмэн бүтээгдсэн билээ. Эхлэл 1-р бүлэгт гардаг Бурханы бүтээлийн ажлыг харвал түг түмэн Бурханы үг ёсоор бүтээгдсэн болохыг бид мэднэ.

“Тэгэхэд Бурхан —Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов. Гэрэл сайн болсныг Бурхан харж, Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Бурхан гэрлийг өдөр гэж нэрлээд, харанхуйг шөнө гэж нэрлэлээ. Ийн үдэш болоод, өглөө болсон нь анхны өдөр.” Эхл 1:3-5

“Бурхан —Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, ийн хуурай газар ил гартугай! гэсэнд ёсоор болжээ. Бурхан хуурайг нь газар, хуримтлагдсан усыг нь далай гэж нэрлэв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа.” Эхл 1:9-10

Тэнгэр газар, түг түмнийг бүтээхдээ Бурхан хамгийн түрүүнд гэрлийг бүтээжээ. Бурханы үгээр бүтээгдсэн гэрэл нь Бурханыг харахад сайн болжээ. “Огторгуйн дээрх усыг огторгуйн доорх уснаас салгатугай” хэмээн тушаамагц тэр нь ёсоор болж, “Далай болон хуурай газрыг ялгагтун” гэж айлдмагц тэр нь ёсоор болж, Бурханыг харахад сайн болжээ. Бурханы айлдсанаар биелэгддэг бүх үйл явцыг л Бурхан сайн сайхан гэж хардаг хэмээн Библид тэмдэглэсэн байна (Эхл 1:11-31).

Тэнгэр газар, түг түмэн Бурханы үгээр л бүрэлддэгийн адил, аливаа юмсыг Бурханы нүдэнд л сайхан харагдах хэмжээнд, Бурханы хэмжүүрт л нийцүүлэн хийх ёстой. Хувийн бодлоор, хүн харахад сайн хийдэг байх нь дуулгавар биш, харин дуулгаваргүй байдал болно. Бид Бурханы хууль тогтоомж, тушаалыг дагаж чадахгүй ёс бус руу тэмүүлснээрээ сүйрэл рүү явна. Энэ нь харин ч эсрэгээрээ тэр замаа сайн гэж үздэг мунхаг үйлдэл юм.

Бид Бурханыг харахад зөв замыг сонгож, дагадаг итгэлтэй байх хэрэгтэй. Бурханы нүдэнд л сайхан хэмээгдсэн итгэлийн өвөг дээдсийн ул мөрөөр алхаж, өнөө үед амьдарч байгаа бид ч итгэлийн төрхөө эргэн нэг шалгаж үзэцгээе.

“Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Бичвэрийн тэвчээр болон урамшууллаар дамжин бидэнд найдвар байх юм. Тэвчээр ба урамшууллын Бурхан нь та нарыг Христ Есүсийн дагуу нэг бодол санаатай байлган соёрхох болтугай.” Ром 15:4-5

Библид Бурханыг харахад сайн болсон олон зүйл тэмдэглэж үлдээсэн. Биднийг авралын замаар л хөтлөх гэсэндээ Бурхан итгэлийн өвөг дээдсийн маань үйлсийг Библид тэмдэглэж, тэдний үйлсээр Бурханы нүдэнд сайхан зам нь юу болохыг бидэнд сургасан юм.

Бурханыг харахад сайн байсан өвөг дээдсийн итгэл

Эрт цагт Даниелын гурван найз Шадрах, Мешах, Абед-него нар шүтээнд мөргө гэсэн хааны тушаалыг хүлээн авалгүй дүрэлзсэн галтай зууханд шидэгдсэн. Галтай зууханд хаягдсан ч огтхон ч айлгүй Бурханы үгэнд дуулгавартай байсан тэд Бурханыг харахад сайн байсан. Амиа дэнчин тавин байж Бурханы үгийг дагадаг итгэл Бурханд сайхан харагддаг учраас дүрэлзсэн галтай зуухнаас тэднийг аварсан юм (Дан 3:1-30).

Бурханыг харахад Даниел ч мөн итгэлийн сайн ул мөрийг үлдээжээ. Даниел онгорхой цонхоор Иерусалимын зүг харж, өдөрт гурван удаа Бурхандаа залбирдаг байлаа. Тэгтэл төрийн түшмэлүүд түүнд хор учруулах гэж арга мэх зохион, хаанд биш ямар нэг өөр бурханд, эсвэл хүнд залбирч гуйсан этгээд гарцаагүй арслангийн нүхэнд хаягдана гэсэн шинэ тогтоол гаргахыг хаанд ятгажээ. Даниел энэ тухай сонссон хэдий ч Бурханд хандсан залбирлаа зогсоосонгүй. Тасралтгүй залбир гэсэн Бурханы хүслийн дагуу залбиралд л анхаарлаа бүрэн хандуулж байсан түүний төрх Бурханыг харахад үнэхээр сайн байсан юм. Бурхан арслангийн нүхэнд хаягдсан Даниелыг аварч, түүнийг хилсээр гүтгэж байсан хүмүүсийг арслангийн хоол болгосон шүү дээ (Дан 6:1-28).

Бурханыг харахад сайныг үйлддэг хүн бүрд Бурхан тусалж, тэдэнд илүү агуу яруу алдрыг зөвшөөрчээ. Библийг нэг бүрчлэн шинжилж судалбал бүтээлүүдээ үгэнд нь дуулгавартай байсан тохиолдол бүрд Бурхан “Харахад тэр нь сайн болжээ” гэж тодорхойлсныг ойлгож болно. Бүх сэтгэл зүрх, амь нас, хүсэл бүхнээ зориулан Бурханы айлдсаныг л үйлдэж, үгэнд нь дуулгавартай байх нь Бурханыг харахад сайн үйлс байжээ.

“Тэд итгэлээр, хаанчлалуудыг эзэлж, зөвийг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж, галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа. Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амиллаар буцаан авч байв. Зарим нь илүү дээр амилалд хүрэхийн тулд чөлөөлөлтийг хүлээж авалгүй тамлагдсан юм. Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн, хоригдож байлаа. Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ. Тэд цөл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.” Евр 11:33-38

Зовлон хавчлага дунд ч итгэлээ сахисан анхны сүмийн ариун хүмүүс Бурханыг харахад үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Тэд Ромын дарангуйлал, харгислал дунд сөхрөлгүй, ямар ч хүнд хэцүү, зовлон бэрхшээл тулгарсан Бурханы үгэнд дуулгавартай байсан юм. Бурханы айлдсан үгэнд төгс итгэн аминаасаа ч илүү эрхэмлэж байжээ. Тиймээс зарим үед тэд цөл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчилж байсан юм. Зарим үед доромжлогдон ташуурдуулж ч явсан. Мөн гинжлэгдэн, хоригдож, соригдож, үхэлтэй нүүр тулж байсан ч сүнсээр ялалт байгуулсан үнэний зоригт дайчид болов.

Ромын засгийн газартай гар барьсан Ромын католик сүм Бурханы нүдэнд таалагдах замыг бус, ертөнцийг харахад сайхан байх замыг сонгосон. Тэгээд Библид байхгүй ням гараг, Христмас гэх мэт Ромын нарны шашны үндсэн зарчмыг христийн шашны зарчим мэт болгоод сүм дотор оруулж эхэлсэн. Харин үнэнийг хайрладаг ариун хүмүүс энэ байдлыг нь хүлээн авалгүй эцсээ хүртэл үнэнийг дагасан юм. Бурханыг харахад тэд сайн замыг сонгосон байлаа.

Бурханыг харахад сайн, Сүнс болон Сүйт бүсгүйг дагадаг ариун хүмүүс

Бид ч гэсэн тэдэнтэй адил ямар ч нөхцөл байдалд Бурханыг харахад сайхан замыг сонгоцгооё. Бурхан бидэнд Библи гэдэг эрхэм нандин бэлгийг өгсөн. Бурханы үг болох Библи дотор л авралд хүргэх мэргэн ухаан шингээстэй бий.

“Христ Есүс дэх итгэлээр авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүдийг чи хүүхэд байхаасаа мэдсэн.” 2Тим 3:15

Бурхан Библиэр бидэнд авралын мессеж илгээн, аврал руу ирэх арга замыг зааж өгсөн. Библийн энэхүү онцлогийг ойлгох юм бол Библид тэмдэглэгдсэн Бурханы үгийг байгаагаар нь дуулгавартай дагаж, Бурханыг харахад сайн амьдралаар амьдрах юм.

“Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.” Илч 22:18-19

Бурханы үгэн дээр нэмж ч болохгүй, байгаа үгнээс нь хасаж ч болохгүй. Тэгвэл аль үгийг нь дагавал “харахад сайн болжээ” гэж Бурханд тооцогдох юм бол? Энэ талаар өмнөх ишлэлээс нь харцгаая.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Сүнс болон Сүйт бүсгүйг дуудах үед нь ирж хүлээн авсан хүмүүс Бурханы амийн усны үнэн дотор байх мөчид Бурханыг харахад нэн сайн байх тухай энд гарч байна. “Гэрэл бий болтугай” гэхэд гэрэл бий болж, огторгуйн дээрх усыг огторгуйн доорх уснаас салгасанд ёсоор болов. Эдгээр нь сайн болсныг Бурхан харжээ. Харин өнөө үед Сүнс болон Сүйт бүсгүйн “Ирээрэй” хэмээх дуу хоолойг дуулгавартай дагаж ирэх хүмүүс л Бурханыг харахад хамгаас үзэсгэлэнтэй харагдах юм.

Эхийн тусламжтай амлалтын хүүхэд болно

Бурхан сүүлчийн Ариун Сүнсний үед Сүнс болон Сүйт бүсгүй болж ирээд, бидэнтэй амлалт тогтоон, биднийг амлалтын хүүхдүүд болгосон билээ.

“Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. Харин тэр үед махбодоор төрсөн нь Сүнсээр төрснийгөө хавчсанчлан эдүгээ мөн тэгж байна.” Гал 4:28-29

Бурханы бидэнтэй тогтоосон амлалт бол мөнх амь билээ (1Иох 2:25). Мөнх амийн амлалт авсан “амлалтын хүүхдүүд” хавчигдах болно. Бидний авсан амлалт үнэхээр ерөөлтэй, эрхэм нандин учраас Сатан эрхэм зүйлийг маань булаах гэж санаархан, саад учруулдаг. Бурхан ийм эрхэм амлалтаа өнгөрсөн үеийн мундаг итгэлийн өвөг дээдэст маань биш, өнөөгийн бидэнд л хадгалсан байна шүү дээ.

“… Тэд цөл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. … Итгэлээрээ тэд бүгд сайн гэрчлэлийг олоод, амлагдсаныг хүлээн аваагүй аж. Яагаад гэвэл Бурхан бидний төлөө илүү сайныг урьдаас харж байсан. Тийм болохоор тэд бидэнгүйгээр төгс болгогдох ёсгүй юм.” Евр 11:35-40

Ертөнц дийлж чадаагүй агуу итгэлтэй анхны сүмийн ариун хүмүүс ч итгэлээрээ сайн гэрчлэл олоод ч амлагдсаныг хүлээн аваагүй. Яагаад гэвэл амь гагцхүү эхээс төрдөгтэй адил тэнгэр Эхээс төрсөн амлалтын хүүхдүүд гарч ирнэ. Ариун Сүнстэй хамт амийн ус өгөх Сүйт бүсгүй буюу Иерусалим тэнгэр Эх гарч ирэхээс өмнө Исаактай адил амлалтын хүүхдүүд төрөх боломжгүй юм (Илч 21:9-10, Гал 4:26-31).

Бид эмэгтэйн бусад үр удам болохоор л Бурханыг харахад сайн байгаа (Илч 12:17). Исаиа номд бидний төрхийг ийн зөгнөжээ.

““Иерусалимыг хайрлагчид бүгд түүнтэй баясан цэнгэгтүн. Түүний төлөө гашуудагсад бүгд түүнтэй хамт хөөрөн баясах нь Түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадахын тулд, хөхөж элбэг хангалуун алдарт нь баярлахын тулд юм.” Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би түүнд амар тайвныг гол мэт, үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно. Та нарыг гар дээр өргөн өвдөг дээр энхрийлнэ. Эх нь хүнийг тайвшруулах адил Би та нарыг тайвшруулж, та нар Иерусалимд тайвшрах болно.” Үүнийг үзээд зүрх тань баясаж, яс тань ургамал ногоо мэт сэргэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин дайснуудаа Тэр зэвүүцнэ.” Иса 66:10-14

Ээжийнхээ энгэрт тэврүүлж, ангир шар уургийг нь хөхөж цадаад ээжтэйгээ аз жаргалтай байдаг жаахан хүүхдийг бодоод үзээрэй. Түүнээс илүү элбэг хангалуун, баяр хөөртэй зүйл хаана байх вэ. Иерусалимыг хайрладаг хүмүүс яг л ийм аз жаргал, баяр хөөр, ерөөлийг хүлээн авсан байх нь. Сүнс болон Сүйт бүсгүйн дуудлагыг сонсож, дагасан хүмүүс энэ.

Иерусалимыг хайрлагчид Бурханыг харахад ямар байх бол? Тэд Бурханыг харахад нэн сайн, хайрлам хүмүүс юм. Сүнс болон Сүйт бүсгүй болж ирсэн Бурханы үгийг төгс дуулгавартай дагадаг, Бурханы сургаалыг дагах гэж эцсээ хүртэл зүтгэдэг тэдгээр хүмүүс л гарцаагүй Бурханы амлалтын хүүхэд, эрх чөлөөт эмэгтэйн хүүхэд билээ.

Бурханы үгээр Эхийг дагадаг итгэлийн үзэсгэлэнтэй зам

Эдүгээ Бурхан бидэнд Иерусалим тэнгэр Эхийн оршихуйг зааж өгсөн. Мөн Библийн сургаалуудаар дамжуулан “Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би дуурайл өгөв” гээд Библийн үгэн дээр огт нэмж, хасаж болохгүй хэмээсэн.

Библид байгааг нэмж хасалгүйгээр, Эхийн оршихуйн талаар ярилцаад үзвэл мэдээж Эх Бурханд итгэнэ. Библийн үгс нь эхлэлээс төгсгөл хүртэл Эх Бурхан байдгийг ухааруулдаг. Дэлхийн юмс тэнгэрт байгаа зүйлсийн “хуулбар ба сүүдэр” (Евр 8:5) хэмээсэн үг бий. Гэтэл газарт эх байхад тэнгэрт Эх байхгүй гэсэн үзэл баримтлал нь сүүдэр нь байхад бодит нь байхгүй гэж зүтгэх хоосон цэцэрхэл юм.

Бид Иерусалим Эхэд итгэх итгэлээр сургаалыг нь дуулгавартай дагах хэрэгтэй. “Таны явах газар руу би явна. Таны ард түмэн миний ард түмэн. Эцсээ хүртэл би тантай хамт байна” гэж хэлсэн Рутын ачлал яагаад Библид бичигдэж үлдсэнийг бодоод нэг үзээрэй. Библи л авралд мэргэн болгох чадалтай ном. Библид дүрсэлсэн бүхний утга учрыг анхаарч, зөв ойлговол бүгд л бидний авралтай холбоотой болохыг олж мэднэ.

Бурханыг харахад сайн байх итгэлийн замаар илүү бахархалтайгаар алхацгаая. Өнөө үед амьдарч байгаа бид амлалтын үр удам болон сонгогдож, дэндүү агуу, хязгааргүй их ерөөл авсан. Эхээс л ирэх энэхүү ерөөлийн агууг ухаарч, эмэгтэйн бусад үр удам болохынхоо хувьд мөнх амийн ерөөл болон амлалт өөд биднийг хөтөлсөн Елохим Бурхандаа улам бүр талархаж, яруу алдар, магтаал өргөцгөөе.

Бурханыг харахад сайхан оршихуй болъё гэвэл Бурханы үгээр амьдрах хэрэгтэй. Эцэг Эхийн жимийг дагах нь л Бурханы үгээр амьдарч байгаагийн илрэл юм. Бурхан үзүүлсэн жишээгээрээ бидний хүсэл зорилгыг нэгтгэн, нэг сэтгэл, нэг хүсэлтэй болгож, Өөрийг нь хүндэтгэдэг нэгэн болгох гэсэндээ л Библийг бидэнд өгсөн юм. Эмэгтэйн бусад үр удам болсон амлалтын хүүхдийн хувьд Бурханы бидэнд амласан мөнх амийн титмийг эцсээ хүртэл чанга атгаад, баяр хөөрийн уухай хадаан тэнгэрийн яруу алдар өөд давхиж орохыг Сионы гэр бүлүүдээсээ хүсэх байна.