Эхийн захиас

14,328 үзэлт

Итгэлийн зөв замаар явж байгаа хүнд онцгой өөрчлөлт гардаг. Анх Бурханд итгэж эхлэх үедээ яавал би аврал авч тэнгэрийн хаанчлал явах вэ гэдгийг л боддог. Харин шинэ гэрээний үнэн дотор авралын бат итгэл олсны дараа хүн төрөлхтний авралыг хүсдэг Бурханы сэтгэлийг тэр чигээр нь дуурайж эхэлдэг.

Урьд нь бид өөртөө л санаа тавьдаг байсан бол одоо бүх ертөнцөд анхаарал тавих хэрэгтэй. Бурхан бидэнд авралыг ч, мөн зөндөө их ерөөлийг ч зөвшөөрсөн. Хэрвээ үнэн дотор алхаж, Эцэг Эх Бурханд итгэж л байгаа бол энэ хашаанд ороогүй өөр хоньдод анхаарал тавьцгаая.

Бидний бодол санаа өчигдрөөс өнөөдөр, өнгөрсөн жилээс энэ жил гээд улам бүр дээрдэж, нэг нэг алхмаар урагшлан өөрчлөгдөх хэрэгтэй юм. Одоо нас биед хүрч төлөвшсөн Бурханы хүүхдийн хувьд яавал ертөнцийг аварч, яавал бүх хүнийг ерөөлийн замд хөтлөх вэ гэдгийг боддог итгэлтэй болох хэрэгтэй. Тэнгэр Эцэг Эхийн бидэнд даалгасан захиас нь энэ юм.

Эхийн захиас

Хэдэн жилийн өмнө нас барсан Солонгосын алдарт яруу найрагч Жу Бён Хуа амьд ахуйдаа булшныхаа чулуун дээр бичих шүлгийг эртнээс бичсэн байсан гэнэ. Тэр шүлгийн эхний хэсэг нь нэг иймэрхүү.

“Эх минь, таныхаа захиасаар энэ ертөнцөд би мэндэлсэн
эдүгээ таныхаа л захиасыг дуусгаад тандаа би буцлаа.”

Булшныхаа чулуун дээр сийлсэн найрагчийн энэ богинохон мөрүүд бидэнд ч гүн сэтгэгдэл төрүүлдэг. Хуучин гэрээний үеийн итгэлийн бүх өвөг дээдэс, шинэ гэрээний үеийн сайн мэдээний эш үзүүлэгчид, өнөө үеийн бид бүхэн гээд угаасаа Бурханы захиас даалгаврыг биелүүлэхээр энэ газарт төрсөн гэхэд хилсдэхгүй.

Захиас даалгавар биелүүлэхээр энэ ертөнцөд төрсөн атлаа юуны тулд энэ газар ирснээ ч таг мартан өөр зүйлд татагдаж, зугаа цэнгэлд хамаг цагаа үрэн, бараг нар жаргасны дараа гэртээ харьдаг мунхаг хүүхэд байж болохгүй. Юм захиад явуулсан хүүхэд нь харанхуй болтол ирэхгүй бол аав ээжийнхээ санааг дэмий зовоохын л нэмэр.

Ертөнцөд одоо хар зах дээр хэрмэл жүжигчдийн тоглолтонд ухаанаа алдан цагаа дэмий үрэх хүн, даалгасан захиасыг үнэнчээр биелүүлэх гэж цаг заваа зориулах хүн, зөвхөн өөрийнхөө ажилд сэтгэлээ чилээж, үүрэг даалгаврын талаар бодох ч үгүй байгаа хүн гэх мэтийн гурван төрлийн хүн байдаг шиг байгаа юм. Харин цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, хүмүүний амьдралд насны намар ирэх нь гарцаагүй. Тэр үед бид хүссэн хүсээгүй мөнхийн гэр сүнсний нутагтаа буцаж л таараа.

Эхийнхээ захиас даалгаврын төлөө энэ газарт төрсөн бол захиасыг нь сайн биелүүлээд сүүлчийн мөчид “Ээж ээ, бид Таныхаа захиасыг биелүүлээд гэртээ эргээд ирлээ” гэж хэлж чадах хүүхдүүд болбол сайн сан. 2000 жилийн өмнө Паул элч өөрийн амьдралыг эргэн тунгаахдаа “Би замаа дуусгасан, одоо тэнгэрт зөв байдлын титэм надад зэхэгдсэн байгаа” гэж хэлсэн нь тэрээр захиас даалгавраа дуусгасантай нь холбоотой юм (2Тим 4:1-8).

Бурханы захиас даалгаврыг ивээлтэйгээр биелүүлсэн итгэлийн өвөг дээдсийн түүхийг эргэн харж, Эхийн бидэнд захисан үүрэг даалгаврыг одоо хэр зэрэг биелүүлж байгаагаа эргэн нэг хараасай гэх байна.

Бурханы даалгаврыг бүрэн биелүүлсэн итгэлийн өвөг дээдэс

Бурханы захиасыг өөр үгээр хэлбэл үүрэг гэж болох юм. Үе бүрд Бурхан итгэлийн өвөг дээдэст онцгой үүрэг даалгасан байдаг.

“ЭЗЭН —Египетэд байгаа ард түмнийхээ зовлонг Би харж, … Тэгээд одоо, харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Миний өмнө ирэв. Түүнчлэн тэднийг дарангуйлж байгаа египетчүүдийн дарангуйллыг ч Би харлаа. Тиймээс одоо явагтун, Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя гэв.” Гэт 3:7-10

Дээрх ишлэлд Египетэд боолчлогдож байсан израиль ард түмнийг чөлөөлж, Канаан нутаг руу хөтлөх үүргийг даалгаж байгаа дүр зураг гарч байна. Мосе үүнийг үнэнчээр гүйцэтгэсэн. Боол болон амьдарч байсан Израилийн удирдагч болж, тухайн үеийн хамгийн эрх мэдэлтэй нэгэн болох Египетийн хаан Фараонтай нүүр тулж, ард түмнээ Египетээс гарган, цөлд янз бүрийн хүнд хэцүү бэрхшээл, ард түмний гомдол дургүйцэл байсан ч амлалтын газар болсон Канааны хаяанд тулж иртлээ тэднийг хөтөлсөн юм. Бурханы захиасыг ивээлтэйгээр биелүүлсэндээ тэрээр Бурханаас ерөөл хүртэх эш үзүүлэгч болж чадсан.

Мосе төдийгүй Иошуа бас Бурханаас захиас даалгавар авч байв.

“… Мосегийн туслах, Нуны хүү Иошуад —Миний зарц Мосе өөд болов. Одоо чи босож, энэ бүх ард түмний хамт энэхүү Иорданыг гатлан, израильчуудад Миний өгөх тэр нутаг уруу яв. Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг Би Мосед амласныхаа дагуу та нарт нэгэнт өгсөн билээ. … Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй. Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдэст нь өгөхөөр Миний андгайлсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ.” Иош 1:1-6

Бурхан Мосег энэ газар дээрх үүргээ бүгдийг дуусгасан үед сүү, зөгийн балаар бялхах Канаан нутгийг эзлэн авч, Израилийн овог тус бүрд хуваарилах үүргийг Иошуад даалгаж өгсөн. Иошуа Бурханы тушаалыг хүлээн авч, Бурхан Израилийн өв болгон зөвшөөрсөн Канаан нутгаас харь үндэстнүүдийг хөөн гаргаж, израиль ард түмнийг суурьшуулах даалгаврыг чин үнэнчээр биелүүлжээ. Тэр бүх түүх хуучин гэрээний Иошуа номонд бичигдсэн.

Өнгөрсөн үеийн итгэлийн өвөг дээдсийн бүх ул мөр бол Бурханы захиас даалгаврыг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаа зориулан чин үнэнчээр биелүүлсэн түүх гэж хэлж болох юм.

“… ЭЗЭН Би чамд нэгэн гэр барьж өгнө. Чиний өдрүүд гүйцэж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чиний биеэс гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг бэхжүүлнэ. Миний нэрийн төлөө тэрээр өргөө барина. …” 2Сам 7:11-14

Энд Бурхан Соломоноор дамжуулан Бурханы ариун өргөө байгуулна гэдгийг Давидад зааж өгч буй дүр зураг гарч байна. Ариун өргөө барих нь Соломонд даалгасан Бурханы захиас даалгавар байв. Соломон энэ захиасыг хичээнгүйлэн биелүүлж, 7 жилийн турш ариун өргөөг үнэнчээр барьсан юм. Ариун өргөөний барилгын ажил дууссаны дараа тэрээр Бурханд тахил өргөсөн нь Бурханд ихэд тааламжит үйлс байсан тул Бурханы цог жавхлан өргөөг дүүргэсэн гэж Библид гардаг (2Шас 5:1-14).

Бидэнд даалгасан Бурханы захиас

Итгэлийн өвөг дээдсийн энэ мэт тэмдэглэлийг үзээд бид одоо юуны тулд энд байгаа учир шалтгаанаа ухаарах хэрэгтэй. Жу Бён Хуа найрагчийн булшны чулуун дээрх бичээст өгүүлсэн шиг бид ч Эхийн захиасаар энэ газарт ирсэн хүмүүс юм.

Өнөө үед Эхийн маань бидэнд даалгасан захиас юу болохыг Библиэс олж үзээд, тэрхүү захиас даалгаврыг сайн биелүүлж байна уу, үгүй юү гэдгээ бодож нэг үзээрэй.

“Цөлөгдөгсөд уруу, ард түмнийхээ хөвгүүд уруу явж тэдэнд ярь. Тэд сонссон ч, эс сонссон ч “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна” гэж тэдэнд хэл гэв. … —Хүний хүү, Би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл.” Езе 3:11, 17

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Сүнс болон Сүйт бүсгүй ертөнцийн бүх хүнд хандан “Сион руу ирээрэй. Эцэг Эхийнхээ тэвэрт ирж, амийн ус үнэгүй аваарай” гэж дуудаж байгаа юм. Бурханы амнаас гарах энэхүү үгийг Бурханы өмнөөс бүх үндэстэн дээр очиж дамжуулах нь л Эхийн бидэнд өгсөн захиас юм.

Бид Самари ба дэлхийн хязгаар хүртэл явж, алдагдсан ах эгч дүүдээ Эцэг Эхийн дуу хоолойг дамжуулаад тэнгэрийн эх нутагтаа дагуулж явах энэ захиас өөр аль ч үеийн хүмүүст биш, өнөөдрийн бидэнд л тохиосон хувь. Энэ захиасыг нь ивээлтэй, сайн биелүүлээд, хараахан үнэн дотор ирээгүй байгаа бүх хүн дээр очоод Сүнс болон Сүйт бүсгүйн өгөх амийн усыг дамжуулцгаая. Тэнгэрийн хаанчлалд түрүүлээд очих хүн ч байгаа, хожим очих хүн ч байгаа болохоор бидний хүн нэг бүр “Эцэг Эх минь ээ, даалгасан захиасыг тань сайн биелүүлээд бид эргээд ирлээ” гэж хэлж чадах хэмжээнд байх хэрэгтэй.

Бурханы захиас даалгаврыг биелүүлэлгүй цагийг зүгээр л залхуурч өнгөрөөчихөөд дараа нь Бурханд юу гэж хэлэх үү? Бурханы өмнө очоод хичнээн буруутай, хичнээн ичгэвтэр байх бол оо? Бурханы захиас даалгаврыг сайн биелүүлж, харуусах зүйлгүй амьдралаа дуусгасан Мосе, Иошуа, Паул элч шиг бид ч бас сүүлчийн мөчид “Би замаа дуусгасан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн” гэж бахархалтай хэлэх хэрэгтэй.

Христийн жишээ, сургаалын дагуу

Ертөнцийг аврах захиас даалгавар авсан бид алдагдсаныг хайж аврахаар энэ газар ирсэн Христийг дуурайж, ул мөрийг нь дагах хэрэгтэй.

“Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв. Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж, олоод —Бүгд Таныг эрж байна гэхэд Есүс —Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав. Есүс, Галил даяар явахдаа синагогуудад нь очиж тунхаглан, …” Мар 1:35-39

Христ яруу алдарт мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох замыг зааж өгч, ямар амьдрал хамгийн зөвт, ерөөлтэй амьдрал гэдгийг сургахын зэрэгцээ тунхаглах жишээ үзүүлсэн. Эцэст нь Бурханы хамгийн их баярлах, нэн тэргүүнд тавьдаг ажил нь Өөрийн биеэр ирж гүйцэлдүүлсэн авралын зар тараах ажил байсан ба үүнийгээ л бидэнд даалгасан юм.

“Авралын зар тараах” гэгч арга хэрэгсэлгүйгээр алдагдсан ах эгч дүүгээ олж ч чадахгүй, ертөнцийг ч аварч чадахгүй. Тиймээс хоосон юманд хамаг анхаарлаа хандуулан амьдралын утга учрыг ч мэдэхгүй, цөхөрч байсан хүн төрөлхтөнд Христ тэнгэрийн хаанчлал байдаг гэсэн ерөөлтэй мэдээг тунхаглан, амьдралын жинхэнэ утга учир, үнэ цэнийг ойлгуулж өгсөн.

Бид үнэхээр Бурхантай хамт амьдардаг хүн мөн бол Бурханы үйлдсэн бүгдийг тэр хэвээр нь үйлдэцгээе. Зөвхөн ертөнцийг аврахад л анхаарлаа хандуулж, өглөө үүрээс эхлэн ариун залбирлаараа нэг өдрийг эхэлж, суурингуудад очин тунхаглан ард түмнээ хайж, авралын ерөөлтэй мэдээ тунхагласан нь бүгд бидний төлөөх бодит сургамж байсан юм.

Жишээ маань болсон Христийг дуурайн бид бас ертөнцийг аварч, ертөнцийн хүмүүсийг яавал ерөөл авхуулах вэ гэдгийг бодох нь зүйн хэрэг юм. Тэгээд Эцэг маань “Иерусалим Эхийгээ дагаж, Эхийн яруу алдрыг дэлхий даяар тунхаглаарай” гэж айлдсан учир энэ захиас даалгаврыг нь ч бид үнэнчээр биелүүлэх ёстой.

Зургаан өдрийн бүтээлийн түүх дунд сүүлчийн өдөр Еваг бүтээсэн Бурхан 6000 жилийн авралын түүхийн сүүлчийн үед гарч ирэх амийн Эхийг бидэнд мэдүүлээд, Эхийг Самари ба дэлхийн хязгаар хүртэл бүгдэд тунхаглаарай гэсэн юм. Сионы гэр бүлүүд бүгд Бурханыг бүрэн дуурайсан хүүхэд болно гэсэн шийдвэрээр сэтгэл зүрхээ нэгтгэн, Бурханы захиас даалгаврыг хичээнгүйлэн гүйцэтгэж, дэлхийг авраасай гэж үнэн сэтгэлээсээ хүсэж байна.

Хайр ба нэгдмэлээр биелүүлэх захиас

Эх бидэнд “Нэгдмэл байгаарай, буулт хийгээрэй, халамжлаарай” гэж захиад, хэрхэн захиас даалгаврыг нь сайн биелүүлж чадах аргыг хүртэл зааж өгсөн. Ингэж алдагдсан ах дүүгээ хайж олоорой гэж захисан үгэнд нь бүх хариулт байдаг ч заримдаа зааж өгсөн аргыг нь мартан, нүдэнд харагдах эргэн тойрны юмст автан өөрөө дур мэдэн шийдвэр гаргаж, захиасыг нь бүтэлгүйтүүлэх үе байдаг.

1Коринт 13-р бүлгийг үзэнгээ захиас даалгаврыг нь сайн биелүүлж чадах Эхийн зааж өгсөн аргад суралцацгаая.

“Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч… надад хайр үгүй бол би юу ч биш. Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.” 1Кор 13:1-7

Ийм хайрыг хэрэгжүүлэх үед л үр жимс гаргана гэж Эх зааж өгсөн юм. Хайраар гэр бүлүүдээ халамжлан, хайраар хөтөлж, хайраар Эцэг Эхийн даалгасан захиас даалгаврыг сайн биелүүлэх хүүхдүүд болцгооё. Энэ газрын амьдралдаа ч тийм байж чадахгүй, Эхийн даалгаврыг ч сайн биелүүлж чадахгүй мунхаглан, хоосон зүйлд сэтгэлээ булаалгаж хамаг цагаа хий дэмий үрчихээд, хожим амьдралаа эргэн харж харамсах хүүхэд нэг ч битгий гараасай гэх байна.

Амь болсон шинэ гэрээний үнэний үгийг тэр хэвээр нь дамжуулж чадахгүй байгаа бол өнөөдрөөс амаа том нээгээд бүрээ шиг хашхирцгаая. Эдүгээ “Би Эхийн захиасаар энэ газар ирсэн. Одоо Эхийнхээ захиас даалгаврыг хайр, нэгдмэл сэтгэлээр ивээлтэй биелүүлж байна” гэж хэлж чадах, мөн Бурханы зөвшөөрсөн амьдрал дуусах эцсийн мөчид “Даалгасан бүх захиасыг тань сайн биелүүлээд, энгэрт тань эргэн ирлээ” гэж хэлж чадах хүүхдүүд болохыг хүсэж байна. Сонссон ч, эс сонссон ч Бурханы үгийг хичээнгүйлэн зааж мэдүүлэн, тэнгэрийн бүх хүүхдийг тэнгэрийн хаанчлалын зам руу хөтлөөрэй хэмээсэн Эхийн захиасыг бүх зүрх, бүх сэтгэлээрээ биелүүлж, мөнхийн тэнгэрийн эх нутагтаа очих Сионы ах эгч дүүс болохыг хүснэм.