Улаан даавуу эргүүлэн бухтай тулалдагчийн гарын авхаалж самбаа, эв дүйд бух хөөрнө. Дайран зүтгэх бухын ар нуруунд өдий төдий жад зоогдсон байх аж. Эцэст нь хурц жад бухын ар дагзыг онож хатгавал улайрсан бух дорхноо шурган унана.
Хамгийн сүүлд бухын ар дагзыг жадлан хатгаж, хөнөөдөг хүнийг испани хэлээр матадор (matador) гэдэг аж. Өнөө үед бол үнэнийг үндэслэлгүйгээр гажуудуулж, олон түмний санал бодлыг хуурамчаар гүйвуулж, бусдыг гүтгэх хар сурталчилгаа хийхийг матадор гэх болсон. Матадор нь хууль бусаар, эмх замбараагүйгээр ам дамжин тархсаар бусдыг хүнд цохилтонд оруулдаг. Яг л бухыг өдөөн хатгаж байгаад хурц жадаараа ар дагз руу нь цоо хатгадагтай адил.

Угаасаа л бусдад хор хүргэх зорилготойгоор гарч ирсэн арга заль учраас матадор цохилтонд өртсөн хүн ямар нэгэн байдлаар шархална. Матадорын тухайд үнэн мөнийг нь шалгаж батлах хэцүү төдийгүй яг хэнд нь хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь бэрх байдаг байна.
Библийн түүхэнд ч энэхүү матадор гэгч гардаг. 2000 жилийн өмнө Есүсийг шинэ гэрээний сайн мэдээг тунхаглаж байх тухайн үед эрх мэдэлтэй байсан иудейчүүд хуулийн дагуу Есүсийг огт дийлж чадахгүй болмогцоо матадор ашигласан байдаг шүү дээ.
“Иохан идэх ч үгүй, уух ч үгүй ирэхэд тэд “Түүнд чөтгөр шүглэсэн байна” гэдэг. Хүний Хүүг ирээд идэж уухаар нь тэд “Хараач, энэ ховдог, архичин бас татвар хураагчид ба нүгэлтнүүдийн анд!” гэцгээдэг. …” Мат 11:18-19
“Ахлах тахилч нар болон Зөвлөл даяараа Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг гэрчлэл хайгаад юу ч олсонгүй. Учир нь олон хүн Есүсийн эсрэг хуурамч гэрчлэл өгсөн боловч гэрчлэлүүд нь таарахгүй байлаа. Зарим нь босоод, Есүсийн эсрэг хуурамчаар гэрчлэн —“Гараар баригдсан энэ сүмийг Би устгаж, гурван хоногийн дотор гараар баригдаагүй өөрийг босгоно” гэж Түүний хэлэхийг сонссон гэв. Үүнд ч тэдний мэдүүлгэ таарахгүй байлаа.” Мар 14:55-59
Есүсийг элдэв янзын үгээр доромжилж байсан иудейчүүд зорилгодоо хүрсэн юм. Есүст “Назарын бүлэглэлийн толгойлогч (Үйл 24:5)” хэмээх муу нэр зүүлгэн, тэр ч байтугай загалмай дээр хүртэл цовдолсон нь тэдний матадороор олж авсан асар том амжилт нь байлаа.
Тэгвэл Есүс иудейчүүдийн үзэж байснаар үнэхээр бүлэглэлийн толгойлогч тэрс үзэлтэн байсан гэж үү? Огт үгүй. Элдэв доромжлол гүтгэлэг дагалдаж, нэрийг нь гутааж байсан ч Есүс бол Библийн зөгнөлийн дагуу энэ газар хүн болж ирсэн Бурхан гэдэг нь өөрчлөгдөхгүй юм.
Бидний авралын төлөө Бурхан дахин махан бие өмсөн ирэх энэ Ариун Сүнсний үеийн нөхцөл байдал ч мөн адил.
“Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.” Евр 9:28
Түүнийг хоёр дахиа ирэх энэ үед бидний болгоомжлох ёстой зүйл бол матадор. Үндэслэлгүй цуу ярианд сэтгэл автан гуйвж дайвахаас өмнө Библиэс эхлээд харцгаая. Библиэр л зөв бурууг ялгаж салгаж, шүүж тунгаах ёстой шүү дээ. Үнэнийг юу ч өөрчилж, устган арилгаж чадахгүй билээ.