Хийвэл аяндаа мэднэ

Ан Бён Чан / Солонгос, Сөүл

13,875 үзэлт

Хар багадаа аав ээжийгээ алдаад, амьдралд эрт хөл тавьсан болохоор ч тэр үү хорвоо ертөнц ёстой л дайны талбар шиг байсан. Харж хамгаалах хүн ганц ч байхгүй хүйтэн хөндий аймшигт тэр ертөнцөд бусадтай хөл нийлүүлэх гэж ёстой л үхэн хатан ажилладаг байж билээ. Хожим гэр бүлтэй болсон ч амьдрал мөн л адилхан байлаа.

Зах дээр хүргэлтийн ажил хийж, өдөр шөнө солигдсон амьдрал маань нэг л мэдэхэд хэдэн арван жил өнгөрч. Хүүхдүүдийнхээ барааг ч харах зай завгүй өдөр хоногуудад ганц баяр баясал маань захын хүмүүстэй архины мухлагт суугаад, дотроо онгойлгох байлаа. Хэн хэн нь хатуу ширүүн амьдрал туулж ирсэн болохоор бүгд л над шиг гал авалцах мэт түргэн зантай, үг үйлдэл нь ширүүн дориун улс байсан юм. Гэсэн ч нэг гэр бүл шиг л ойр дотно байдаг сан. Шөнөжин ажиллаад ажиллаад өглөө нь юм уу ажил байхгүй хагас бүтэн сайнаар цуглан, инээлдэж, шуугилдан, стрессээ тайлдаг байлаа.

Хэзээнээс ч билээ дээ. Эхнэр маань хүүхдүүдээ дагуулан Бурханы сүмд явдаг боллоо. Охидууд маань надаас сүм рүү хамт явъя гэж шалахад нь “Аав нь явахгүй ээ. Та нар л тэнгэрийн орон яв” гээд гар зангадаг байлаа. Сургуульд байхдаа номлогчийн сургуульд явдаг байсан тул Библи, шашин энэ тэрийг сонирхдог байсан ч архинд дуртай, хамаагүй яриатай байсан болохоороо надад ер нь итгэлийн амьдрал зохихгүй юм байна гэж санагдсан л даа.

Тийм байсан надад “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэн насан туршийн минь амьдралыг өөрчилсөн юм даа. Үнэндээ би үзэсгэлэнг нэг их юм бодолгүй очиж үзсэн л дээ. Ээжийгээ эрт алдсан болоод ч тэр үү эхийн хайрыг бусад хүмүүсийн л мэдрэх зүйл гэж бодож байлаа. Тэгтэл үнэндээ үзэсгэлэнгийн бичвэр нийтлэлүүдийг нэг нэгээр нь уншиж байхдаа огшиж, сэтгэлээ барьж чадахгүй болов. Мартаад амьдарч ирсэн “ээж” гэгч хүн миний төрөлх зөнгөөрөө хайрлаж, санаж үгүйлж байсан нэгэн байж. Сэтгэлийн минь мухарт байдаг эх нутаг шиг минь л байж. Зуугийн тал насалж байж олны нүдэн дээр уйлалтай нь биш. Сэмхэн нулимсаа шударч байгаад ариун цэврийн өрөөнд орж, эг маггүй уйлж билээ.

“Би яагаад өнөөг хүртэл ингэж амьдарч ирсэн юм бол? Бүр эргэж харах ч үгүй амьдарч ирж. Танхилхан нандин охиноо надад өгсөн хадам ээжийгээ бодоод ч болов би ингэж амьдарч болохгүй юм байна. Одоо өөрчлөгдье. Ар гэрийнхэндээ үнэнч шударга байя байз” гэж бодогдов.

Хатуу шийдвэр гаргасны дараа эхнэр хүүхдүүдийнхээ хүссэнээр би Бурханы хүүхэд гэсэн тэмдэг болох баптисм хүртлээ. Сард нэг удаа гэрийнхэнтэйгээ цуг сүмд очиж байхаа ч амлалаа. Сайн аав, сайн өрхийн тэргүүн байх гэж чадах ядахаараа анхны алхмаа тавьсан төдий болохоос энэ амлалтаа биелүүлж чадахгүй л байлаа. Сүмийн даргын гуйлтаар Библийн хичээл үзэж, Бурханы хүслийг ойлгоод ирсэн чинь сард ганцхан удаа мөргөл сахиад байж чадсангүй. Сионд үзэж сурсан Бурханы үг урьд өмнө залуудаа сурч байснаас минь тэс өөр байсан юм. Нэг ёсондоо зүгээр нэг сайхан сургаал биш, үнэхээрийн бодитой оршин байдаг Эцэг Эх Бурханы тогтоосон, миний заавал сахих ёстой хууль байлаа.

Би долоо хоног бүрийн Амралтын өдрийн мөргөлийг тасралтгүй сахидаг болов. Тэгж байх зуураа Бурханы хүүхэд мөн л бол сүсэглэлтэй, даруухан амьдарч, дөлгөөн зан чанартай болох ёстой гэдгийг ухаарч авлаа. Сайн үйлсээрээ Бурханаа алдаршуулж, хичээнгүйлэн сайн мэдээ тунхаглан, үхэж байгаа сүнснүүдийг амьдруулах ажил ч мөн л заавал хийх ёстой үүрэг маань байсан юм. Амьдралынхаа талыг өнгөрүүлж байгаа ч амьдралынхаа хэв маягийг бүрэн өөрчлөх хэрэгтэй болсон гэсэн үг л дээ. Халамцуу хөлчүү явах зуршил, ширүүн дориун үг ярианы зуршлаа засах нь нэн тэргүүний асуудал байлаа. Анхандаа санаа их зовсон. “Хүмүүст хэтэрхий хүлцэнгүй харагдвал яана? Ажилд маань саад болохгүй байгаа? Үйлчлүүлэгч нар маань холбоогоо тасалбал баларна даа…” гэх мэт элдэв янзын бодол толгойд эргэлдэж байлаа.

Бурхан тусална гэсэн итгэлээр, нүдээ аниад л, Сион дээр сурснаа амьдрал дээр хэрэгжүүлж гарав. Тэгтэл үнэхээр ер бусын байлаа. Санаа зовсноос тэс өөр нөхцөл байдал тохиох нь тэр. Хүмүүс намайг шоолж, үл тоох байх гэж бэргэж байсан чинь хүмүүс харин ч эсрэгээрээ “Сүмд явдаг хүн үнэхээр л өөр байх юм” гэцгээж, надад бүр ч итгэл найдвар тавьж байлаа. Үг хэл маань аядуу намуун болоод ирэхээр хүмүүс надад зөөлөн, халуун дулаан хандана. Өмнө нь би л ширүүн дориун хандаж байсан болохоор тэд ч аяндаа л адилхан хандаж байсан бололтой.

Дайны талбар мэт байсан өдөр тутмын амьдрал маань нэг л өдөр хонин сүрэг идээшлэх ногоон бэлчээр мэт тайван амгалан болчихсон байв. Долоо хоногжингоо баяр хөөр, талархал дунд Бурханы хүслийг хэрэгжүүлж байгаад, Амралтын өдөр Сиондоо очвол талархал хоёр дахин нэмэгддэг байлаа. Хуурамч биш, жинхэнээсээ бие биенээ хайрлан энэрэх Сионыхонтой хамт байх юм бол “Би аз жаргалтай байна” гэсэн үг л амнаас аяндаа гардаг байлаа. Яаж ч мөнгө олсон гарт баригдахгүй байсан аз жаргал солонго шиг тээр тэнд хаа нэгтээ байсан биш аж. Харин тэр аз жаргал Бурханы дотор, Сион дээр, гэрт маань, ажил дээр маань аз жаргал байсан юм билээ.

Хамгийн сайхан үг, өөр хаана ч байхгүй халуун дулаан Сион, хайраар цалгих тэнгэрийн гэр бүлүүд. Урьдын над шиг идэж ууж, аз жаргал гэж юу болохыг ч мэдэхгүй амьдарч байгаа хүмүүст би ухаарсан, мэдэрсэн бүхнээ ойлгуулахыг хүсэж байлаа. Бодлоо үйлдлээр харуулна гэдэг амаргүй байв. Ажлаа тараад, гэртээ ирээд нойр авах гээд завгүй, ажил дээрээ захиалга авч, бараа явуулах гээд ухаангүй байсан болохоор тэр л дээ. Хүмүүс намайг сонин гэж бодох вий, тэдний харилцаа хөндийрвөл яана гэж ч айдаг байлаа.

Тэгээд анхандаа Библийн тухай ярьсан ч дургүйцэхгүй байгаа танилууддаа л хааяа нэг үг тунхагладаг байв. Ингэж хийгээд ямар ч үр дүнгүй, ингэж тэгэн цаг өнгөрөөж байгаад нэг жилийн өмнөөс юм уу даа. Гар утсаараа өдөр бүр зав л гарвал сонсож байсан сургаал миний сүнсний хүч тамирыг сэргээх бэлдмэл болсон юм. “Итгэл нь сонсохоос” гэдэг үгийг сонсох бүрдээ өөр нэмж хасах зүйлгүй үнэхээр баттай шинэ гэрээний үнэнийг 7 тэрбум гаруй хүнээс надад ухааруулсан байсанд гэнэт маш их талархсан. “Жинхэнэ Бурханыг хүлээж авсан бид хамгийн аз жаргалтай хүмүүс” гэсэн үг ч сэтгэлд гүн мэдрэгдлээ.

Цаг зав байхгүй, зориг хүрэхгүй гэх мэтээр шалтаглаж тунхаглаж чадахгүй байсан энэ үнэн үнэхээрийн үнэ цэнэтэй байсан ажээ. Дахиж шалтаг хэлмээргүй байлаа. Паул элч даруй аврах ёстой сүнс өмнө нь байхад энэ тэрээс болоод хэцүү байна гэж элдэв тайлбар тавиагүй шүү дээ. Тэрээр хувийнхаа зардлаар асар хүртэл барьж, сайн мэдээ тарааж байсан.

“Би ч бас Паул шиг амьдаръя. Ажлын шугамаар уулздаг хүн хэдэн арав байхад, 10 жил гаруй ажилласан зах дээр танил болсон хүмүүсээ нэмбэл Бурханы үгийг сонсох ёстой хүн эргэн тойронд дүүрэн байна. Нэг ч хүн орхилгүй бүгдэд нь сонсгохын тулд өдөрт нэг хүнд ч болов энэ сайхан мэдээг дуулгая” гэж бодлоо.

Сайн мэдээний халуун сэтгэл дүрэлзэн ассаны дараа танилуудтайгаа уулзах л юм бол байн байн Библийн тухай ярьдаг байлаа. Анхны нэг хоёр удаадаа хэцүү байсан ч дараа нь үг яриа ар араасаа урсаад л байлаа. Сонирхохгүйдээ тэр юм уу гэр бүлээрээ итгэдэг шашинтай гээд төвөгшөөж байсан хүмүүс ч амьдрал үхэл гэдэг сэдвийг ихэнхдээ анхаарч сонсоно. Миний насныхан их юм хэлэхгүй байсан ч туулж өнгөрүүлснээс нь бага хугацаа үлдсэн гэж бодохоор сэтгэл нь бачимдмаар, ирээдүй нь нэг л бүдэг бадаг байх биш үү. Тэгтэл Библиэс амьдрал, үхлийн нууцаас гадна тэнгэрийн орон явах замын тухай хүртэл нарийн тодорхой гарч ирсэнд тэд чих тавин сонсож байлаа. Дээрээс нь намайг “Би сүмд явж, Бурханд итгэдэг болсон чинь сэтгэл сайхан байна”, “Чи ч гэсэн надтай сүмд нэг очоод үзээч. Амьдрал чинь өөрчлөгдөнө дөө” гээд чин сэтгэлээсээ хэлэхээр танилууд маань “Ер нь хүнийг ингэж өөрчилж чадах сүм хаана байгааг нь сонирхож байлаа” гээд л идэвхтэй нь аргагүй үнэний үг судалж байсан юм.

Тэдний дунд зөвхөн архи л авч уух гэж ажил хийдэг нэг танил маань ч байлаа. Одоо бодохоор тэр түшиж тулах, сэтгэлээ тайвшруулах газаргүйдээ л тэгж архинд найдаж байсан байх. Гайхмаар нь тэрээр үнэнийг дуртайяа хүлээж авч, тэгтлээ дурлаад байсан архиа зогсоож, Бурханы үг зааж илүү их өгөөч гээд сүмийн даргыг нэлээд удаан дагаж байснаа сүүлийн үед надтай хамт мөргөлөө тасралтгүй сахиж байгаа. Бурханд итгэх болсон минь үнэхээр сайхан байна гэж байна лээ.

Протестант сүмд гэр бүлээрээ 20 гаруй жил явсан нэг эртний анд маань бас үнэнийг хүлээн авсан юм. Хүмүүсийн сайн гэдэг бүх сүмд явж үзсэн гээд надаас зайгаа авч хөндийдүү байсан ч Эх Бурханы тухай сонсоод маш их гайхаж, сар шахам Бурханы үг сурч байгаад Бурханы хүүхэд болон дахин төрсөн юм.

Тийм маягаар өнгөрсөн жилийн сүүлээс энэ жилийн эхэн хүртэл 60 гаруй хүнийг хөтөлжээ. Миний эргэн тойронд тэнгэрийн гэр бүл ийм их байсныг би мэдээгүй юм. Гаднаас нь харахад бүгд л бусдад атаархахааргүй амьдарч, сүм юм уу Библид сонирхолгүй байна байх гэж бодогдохоор байсан сан. Тэр бодолдоо болоод сайн мэдээ тараагаагүй байсан бол хэзээ ч мэдэхгүй байх байж.

Саяхан 6 сарын турш утсаар Бурханы үг сонсож байгаа нутгийн найз маань шинэ амийн ерөөл хүртсэн юм. Биечлэн уулзаж чадахгүй ч гэсэн сэтгэл л байвал яаж ийгээд үгийг дамжуулах боломжтой, сонссон бүхэн сэтгэлээ нээгээд Бурхан руу ирж байгаа учир улам илүү хичээнгүйлэн тараахаас өөр аргагүй шүү дээ. Дуртай ажлаа хийхдээ ядарснаа мэддэггүй гэдэг шүү дээ. Би яг л тийм байгаа. Өдөр бүр Бурхан Ариун Сүнсээ бялхам цутгаж байгаа болохоор унтаад босох үед нүд аяндаа нээгдэн, сэтгэлд баяр хөөр дүүрэн байдаг. Энэ зүгээр нэг хоосон үг биш шүү. Би үнэндээ л аз жаргалтай байна. Гэр бүлээрээ Бурхан дотор байгаа болохоор аз жаргалтай, тэр аз жаргалаа эрхэм хүмүүстэйгээ хуваалцаж байгаадаа дахин аз жаргалтай байна. Мөнгөөр огтхон ч худалдаж авч чадахааргүй үнэ цэнэ гэгч энэ юм даа.

Дэлхийн бүх Сионы гэр бүлүүд энэ баяр хөөрийг мэдэрвэл мөн сайхан аа. Тиймээс аль болох хурдан тэнгэрийн гэр бүлээ бүгдийг нь олбол Эцэг Эхэд маань өөр хүсэх зүйл байхгүй биз ээ. Ингэх уг нь тийм ч хэцүү биш шүү дээ. Авсан ерөөлөө болон тэр ерөөлийг авсан аргаа ойр тойрны хүмүүстээ бахархан ярихад л болно. Ойр дотно хүндээ гоё хоол санал болгодог шиг л зүйл. Тэгсэн байхад дараа нь хүч чадлын Бурхан туслах болно. Хийвэл аяндаа мэднэ. Хийж байж л эргэн тойронд маань алдагдсан ах эгч дүү нар маань ийм их байгааг, Бурхан надад ийм их ерөөл бэлтгэсэн байсныг мэднэ.