БНСУ
Замын хөдөлгөөний дүрэм зөрчихөөс эхлээд бусдын амь насанд халдах аймшигт гэмт хэргийг үйлдэгч нь “хүн” өөрөө юм. Гэмт хэргийн гаралтыг багасгаж, улмаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд нийгмийг бүрдүүлэгч болсон хувь хүн дор бүрнээ өөрчлөгдөх шаардлагатай юм.
“Өөрчлөлтийг оюутны хотхоноосоо эхэлье” гэсэн хүсэл тэмүүлэлтэй оюутан залуус гэмт хэрэггүй ертөнц, амар тайван аюулгүй нийгмийг цогцлоохын төлөө нэг дор чууллаа. 7 сарын 15-ны өдөр Шинэ Иерусалим Пангюу өргөөнөө “ASEZ дэлхий дахины дээд хэмжээний уулзалт-2019” арга хэмжээ болов. “Өөрчлөлтийн төлөөх хөгжил дэвшил: Гэмт хэрэггүй ертөнцийн төлөө” гэсэн сэдвийн дор ASEZ-н “Гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлье (Reduce Crime Together, цаашид RCT гэнэ)” хөтөлбөрийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэхээр зохиогдсон уг арга хэмжээнд Сөүлийн их сургууль (БНСУ), Харвардын их сургууль (АНУ), Кейптауны их сургууль (ӨАБНУ), Вестэрн их сургууль (Австрали) зэрэг их дээд сургуулиудаас ирсэн 6 тивийн 42 орны ASEZ-н гишүүн оролцлоо. Түүнчлэн их дээд сургуулиудын профессор багш нар, хэвлэл мэдээллийн ажилтнууд гээд нийт 2500 орчим хүн оролцсон байна. АНУ, Англи, Мексик зэрэг орнуудын нийгмийн салбар бүрийн удирдлагууд болон мэргэжилтнүүд арга хэмжээнд амжилт хүсэн баяр хүргэжээ. Энэтхэгийн ерөнхийлөгч асан Пратива Патил “ASEZ-н бүх үйл ажиллагаа нийгмээс талархал хүртэх нь зохистой” хэмээн видео бичлэг илгээж, дээд хэмжээний уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд баяр хүргэлээ.
Нийгэмд цаг тутам гарч байдаг гэмт хэргийг багасгах санаа зорилготой их дээд сургуулийн оюутнуудын дээр Елохим Бурханы ерөөл дүүрэн байхыг хүсэн Ким Жү Чоль ерөнхий пастор залбирав. Уг залбирлаар арга хэмжээ эхэллээ. Арга хэмжээний 1-р хэсэгт “Хүсэл эрмэлзэл” гэсэн нийтлэг сэдвийн дор мэргэжилтнүүдийн лекц явагдлаа. Дээд хэмжээний уулзалтанд биечлэн оролцсон Перу улсын Хууль тогтоох яамны Санхүүгийн хэлтсийн дарга Давид Альберто Маркос Пискоя гэмт хэрэг залуужиж байгааг онцлоод “Залуучууд бол нийгмийг тэнцвэртэй байлгахад гол үүрэгтэй хүмүүс. Залуучуудын үүрэг ролиос бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шийдлийг олж болно” хэмээн лекцэндээ дурдлаа.
Украйн улсын Драгомановын Боловсролын их сургуулийн захирал ректор Виктор Андрушченко видео лекцэндээ боловсрол болон соён гэгээрүүлэх замаар гэмт хэргийг багасгахад их дээд сургуулиудын үүрэг роль нэн чухал болохыг онцлов. Тэрээр оюутнууд “хямралыг даван туулах гол арга зам” болохынхоо хувьд өөрсдийн үүргээ гүйцэтгэнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Бразил улсын Амазонас мужийн Холбооны их сургуулийн захирал ректор Сильвио Марио Пуга Феррейра хэлэхдээ “Гэмт хэрэггүй нийгмийн төлөөх хүчин зүтгэл дэлхий дахинд нэн тулгамдсан ажил. Ирээдүйн удирдагчид болсон залуучууд маань гэмт хэргийг багасгах, шударга нийгмийг цогцлооход гол үүрэгтэй хүмүүс. Нийгэмд үүнийг таниулсан энэ удаагийн арга хэмжээг миний бие бүрэн дүүрэн дэмжиж байна” хэмээн хүүрнэв. Филиппин улсын Дотоод хэргийн яамны сайд Эдуардо М.Ано, Аргентин улсын Ла Риоха мужийн Аюулгүй байдлын сайд Хосе Мануэль Дерафуенте нар мөн улс орон, нийгмийн аюулгүй байдал, төрийн болон цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх системийн талаар тайлбарлаж, их дээд сургуулийн оюутнуудыг нэгдэж, хамтран ажиллахад уриалав.
Их дээд сургуулийн оюутнуудын дээд хэмжээний уулзалт “Залуучууд манлайлна (Youth-led)” гэсэн сэдвийн дор явагдаж, оюутан залуус өөрсдийн дуу хоолойг илэрхийлэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг хэлэлцлээ. НҮБ гэх мэт олон улсын байгууллагын дээд хэмжээний уулзалтын хэв маягаар явуулсан эл арга хэмжээнд тив тивээс 6 төлөөлөгч оролцлоо. Төлөөлөгчид тухайн тивд зонхилох гэмт хэргийн нөхцөл байдлын талаар дурдаж, түүнтэй уялдуулан ямар хамтын ажиллагаа явуулах талаар санал дэвшүүллээ. Өдөр тутам хөндөгдөж байдаг хэв журмын зөрчлөөс авхуулан хүн амины гэх мэт хүнд ноцтой гэмт хэрэг, мөн сүүлийн үед дуулиан болоод байгаа үзэн ядалтын гэмт хэрэг, кибер халдлага гээд нийгмийн тэн хагаст тулгамдаад байгаа асуудлыг дэлгэрэнгүй авч хэлэлцэн, эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх саналуудыг олноор гаргасан байна.
Хойд Америкийн төлөөлөгч Сидней Алис Рожерс эгч дүү (АНУ-ын Вебер их сургууль) кибер орон зайг гэмт хэргээс хамгаалах ёстой гэсэн утгаар “Zero Crime Web Zone” бүтцийг санал болгосон нь олны таашаалыг хүлээсэн байна. Европын төлөөлөгч Бернардо Миллер ах дүү (Герман, Мюнхений техникийн их сургууль) сүүлийн үед хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа шалтгаан нь “Хүний эрхийн ухамсар доройтсоных” хэмээн онцолж, хувь хүн бүрийг өөрчлөхөд чиглэсэн хүний эрхийн компанит ажлыг эрчимжүүлэх талаар санал бодлоо илэрхийллээ.
Орон орноос ирсэн төлөөлөгчид хэлэлцэх асуудлын талаар дэмжих эсвэл татгалзаж байгаагаа илэрхийлэн, олонхын саналаар төсөл боловсруулав. Төлөөлөгчид өөрсдийн эх оронд явуулж байгаа RCT хөтөлбөрийнхөө үйл ажиллагааны туршлагад үндэслэн санаа бодлоо шууд илэрхийлж байлаа. Филиппин улсын төлөөлөгч Дафне Запанта Жакинто эгч дүү (Филиппин, Тарлак үндэсний их сургууль) гэмт хэргээс урьдчилан сэргийлэх форум зохион байгуулж, бүс нутгийн цагдаагийн газартай MOU гэрээ байгуулсан жишээг дурдаад нийгмийн хэв журмын талаарх иргэдийн ойлголтыг сайжруулж, гэмт хэргийг багасгахын төлөө орон нутгийн удирдах байгууллага болон засгийн газартай сүлжээ бий болгох хэрэгтэйг сануулав. Мозамбик улсын төлөөлөгч Маринела Да Эсперанка Жоао хэлэхдээ (Мозамбик, Эдуардо Мондлейн их сургууль) “Их сургуулиудын хамтын эв нэгдэл ч мөн чухал. ASEZ-н гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санал санаачлагыг албан ёсны сургалт болгон боловсруулж, оюутнуудын шинэлэг санааг тусган, ухамсар дээшлүүлэх чиглэлийн компанит ажил явуулах хэрэгтэй” гэсэн санал дэвшүүллээ.
Цаг 30 минут хэртэй үргэлжилсэн уг хурлын төгсгөлд 2021 оныг хүртэл 6 тивд хэрэгжүүлэх хамтарсан төслийг боловсрууллаа. “Сургалт – Хэрэгжүүлэлт – Холбоо тогтоох” гэсэн гурван чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө гаргаж “Change Makers’ Resolution” саналыг дэмжиж. Үүнд гэмт хэрэггүй нийгмийг бүрдүүлэхэд их дээд сургуулийн оюутнуудын үүрэг ролийг онцолжээ. Тив бүрийн төлөөлөгчид санал төслийг уншин гарын үсэг зурахад оролцогчид нижигнэсэн алга ташилтаар дэмжиж оролцохоо илэрхийлж байв.
Эцэст нь ASEZ-н мэдлэг туршлагыг практик дээр хэрэгжүүлэхэд туслах зорилготой зөвлөх хороог байгуулав. Мянганы төслийн ерөнхийлөгч футурист Жером С.Гленн, их дээд сургуулийн захирлууд, багш нар, төр засгийн байгууллагынхан зэрэг салбар салбарын удирдлагууд болон мэргэжилтнүүд ASEZ-г бүрэн дэмжиж ажиллахаа амлав.
Дэлхийн байгаль орчныг хамгаалж, хүн төрөлхтний нийгмийг Эхийн хайраар дүүргэхийг эрмэлзэж ирсэн ASEZ энэ удаагийнхаа дээд хэмжээний уулзалтыг “тулах цэг” болгон ашиглаж, цаашид улам илүү системтэй, олон улсын чанартай үйл ажиллагаа явуулахыг зорьж байна. 8-р сард тохиох оюутны амралтын хугацаанд солонгос болон гадаад оюутнууд нэгдэн, 30 орчим орны олон улсын болон төр засгийн байгууллага, орон нутгийн засаг захиргаа, ТББ-тай сүлжээ бий болгож, RCT-н семинар, “Green Campus” их цэвэрлэгээ зэрэг үйл ажиллагаа явуулан, иргэний нийгмийн оролцоог уриалан, уг хурлын санал төслийг олон чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мэдлэг, практикийг хослуулахад анхаарлаа хандуулж, цаг алдалгүй ажиллаж ирсэн ASEZ-н оюутнуудын дуу хоолой Ази, Хойд Өмнөд Америк, Европ, Номхон далайн орнууд, Африкт хүрч, ажил хэрэг болж эхлэв. “We will change our future, with you (Бид ирээдүйгээ өөрчлөх болно. Тантай хамт)!”