Бид энэ газарт тэнгэр эх нутгаа санагалзан, он жилүүдийг бадарчны амьдралаар өнгөрөөж байна. Харин махан биеийн хувцас өмсөн, нүдэнд үзэгдэх хязгаарлагдмал ертөнцөд хоригдож байгаа болохоороо бидний сэтгэл зүрх, оюун ухаан нүдэнд илэрхий махан биеийн зүйлд өөрийн эрхгүй автаж, сүнслэг ертөнцийн талаар бодож, харж чадахгүйд хүрдэг. Махан биеийн зүйлсэд хэт өөгшөөд байвал итгэл огт өсөхгүй, байгаа итгэл маань хүртэл аажим аажмаар муудаж, Бурханы хүслийг ухаарч чадахаа больдог.
Тиймээс итгэлийн өвөг дээдэс бидний төгс итгэлийн төлөө үл үзэгдэх ертөнц оршдогийг, мөн энэ нь мөнхийн ертөнц гэдгийг ухааруулж өгчээ.
“Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.”2Кор 4:18
Хүмүүс нүдэнд үзэгдэх ертөнцөд болж буй зүйлсэд сайн итгэдэг хэрнээ үл үзэгдэх ертөнцийн тал дээр итгэж чадахгүй байх нь олонтоо. Тэнгэрийн хаанчлалд найдан амьдардаг хүн цөөхөн байдаг нь сүнсний ертөнц махан биеийн нүдээр харагддаггүйтэй холбоотой юм.
Хоёр худалдаачин цөлөөр явж байж гэнэ. Нэг нь Бурханд итгэдэг, нөгөө нь Бурхан байдаг гэдэгт огт итгэдэггүй, бурхангүй үзэлтэн байв.
Хоёр худалдаачин залхмаар аян замдаа нэг мэдэхэд Бурхан байдаг байдаггүй талаар ширүүн маргаж эхлэв. Нэг нь “Бурхан гарцаагүй байдаг” гэхэд нөгөө нь “Бурхан огт байдаггүй” гэж зүтгэн, хүч үзэн маргалдсаар байж. Эцэст нь Бурханд үл итгэгч нь “Бурхан чинь үнэхээр байдаг юм бол надад баримт үзүүл. Байдаг л бол нүдэнд харагдах гарцаагүй ул мөр, баталгаа байх ёстой биш үү?” гэж гэнэ. Ийм байдлаар түүний зүтгэх нь бүр хурцдав. Тэгж байтал говьд харанхуй ч болж, тэд шөнөтэй золгожээ.
Тэд гадас шааж, тэмээгээ уячихаад говьд хоноглохоор майхнаа барив. Бие нь ядарсандаа болоод толгой тавимагц нам унтаж орхив. Маргааш өглөө нь сэрээд хартал уясан тэмээ нь алга байж гэнэ. Эцэс төгсгөлгүй элсэн цөлд уналганы ганц тэмээгээ алдсан нь тэдний хувьд овоохон ноцтой хэрэг байхаас өөр яахав. Эргэн тойрондоо хичнээн хайвч тэмээгээ олж чадсангүй.
Тэгж байтал Бурханд итгэдэггүй хүн нь тэмээний мөр олж хараад бөөн баяр “Тэмээгээ олчихлоо” гэж чанга хашхирав. Тэгтэл Бурханд итгэдэг худалдаачин ийн асуув.
“Тэмээ хаана байна гэнэ ээ?”
“Энэ мөрийг нь хар л даа. Тэмээн тавхайн мөр байгаа биз дээ. Мөрөөр нь хөөвөл тэмээгээ олохгүй гэж үү?”
“Юу яриад байгаа юм бэ? Энэ чинь мөр болохоос тэмээ биш биз дээ.”
“Мөрийг нь дагаад явбал тэмээгээ олно гэдгийг жаахан хүүхэд ч мэдэх хэрэг байхад яагаад зөрүүдлээд байгаа юм бэ?”
Бурханд итгэдэггүй хүн тэвчээр алдан ийн дуу нь чангарав. Бурханд итгэдэг худалдаачин нь бүр ч буурь заан, царайгаа төв болгон ингэж хэлэв.
“Чи нүдэнд харагдахгүй байгаа тэмээний мөрийг нь зөвхөн хараад л, тэмээгээ ойр хавьд хаа нэгтээ байгаа гэж итгэж байна шүү дээ. Одоо тэгтэл чиний эргэн тойронд энд тэндгүй Бурханы мөр байхад яахаараа Бурхан байдаг гэдэгт итгэж чаддаггүй билээ?”
Тэднийг ийн ярилцах зуур нар ч мандлаа.
“Хар л даа. Өглөө алгасалгүй манддаг нар бол Бурханы хөлийн мөр шүү дээ!”
Наймаачин тэмээний мөрийг хараад л тэмээгээ хаа нэгтээ байгаад итгэсэнтэй адил эргэн тойронд маань Бурханы оршихуйг батлах тоо томшгүй ул мөр бий. Бидний амьдарч буй энэ дэлхий ч мөн Бурханы мутар хүрсэн ул мөрүүдийнх нь нэг.
Манай нарны аймагт хүн амьтан, ургамал ногоо гээд амьд биет амьдарч чадах нөхцөл бүрэлдсэн од дэлхийгээс өөр байхгүй. Мөн Библиэр судалсан ч Бурхан хүн төрөлхтөнд аврал өгөх гэсэндээ авралын зүй тогтлоо шингээн бүтээсэн од ч энэ дэлхийгээс өөр байхгүй. Тэгвэл яагаад дэлхийтэй ойр сар, буд, далайн ван зэрэг гарагт тийм нөхцөл бүрдэлгүй зөвхөн манай гараг дээр л амьд биет байгаа юм бол? Бурхан авралын агуу төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэх гэж дэлхийг онцгойлон бүтээсэн учраас тэр юм.
Хүчилтөрөгчийг үйлдвэрлэж, агаарыг цэвэршүүлж байдаг ой хөвчийг Бурхан зөвхөн дэлхийд л бий болгосон. Мөн нарнаас ирэх хорт туяа, хэт ягаан туяанаас хүн төрөлхтнийг хамгаалах озоны давхаргыг агаар мандалд байлгасан. Тийнхүү энэ дэлхий дээр хүн төрөлхтөн амьдарч чадах бүх нөхцөл хангагдсан юм. Энэ бүхэн нь Бурхан амьд оршин байгаагийн, ажиллаж байгаагийнх нь нотолгоо биш гэж үү?
Соно өндөглөх цаг нь болбол усны мандалд маш ойрхон, усан дээгүүр шүргэн алдан нисэж улмаар усан дотор өндгөө гаргадаг. Авгалдай хэсэг хугацааны дараа нимгэн хальсан бүрхүүлээ гуужуулан, усан дотор бүрэн зохицож чадах хэмжээнд усны амьтан болж өөрчлөгдөн элс, шавар, хайрга чулууны ёроолд, усны ургамал дор гэх зэргээр үүрээ засдаг. Тэгээд бие нь тодорхой хэмжээнд бойжиж гүйцвэл уснаас мөлхөн гарч, ургамал өөд авиран, улмаар хайрсаа гээж, нас бие гүйцсэн соно гарч ирэн, тэнгэрт нисэх чадвартай болдог. Тогтоол усны ёроолын авгалдай ингэж тэнгэрээр нисэх соно болон өөрчлөгдөх нь гайхалтай хэрэг. Энэ бол хэмжээстийн асар том өөрчлөлт.
Нэг өдөр сонын авгалдай амьдардаг цөөрөмд нэг мэлхий айлчилж иржээ. Мэлхий өөрийг нь тойрон бүчих авгалдайнуудад хандан гоёмсог цэцэгс, шөнийн тэнгэрт анивчин гялалзах одод, зөгий, эрвээхий гэх мэт шавьжнуудын талаар аян замд таарсан бүхнээсээ ярьж өгөв. Мэлхий мөн авгалдайнуудыг өсөөд цаг нь болохоор уснаас гадагш гарч, гоёмсог далавчтай соно болон өөрчлөгдөж тэнгэрт ниснэ гэдгийг нь ч хэлж өгчээ.
“Та нар одоо усанд амьдардаг жирийн нэг авгалдай төдийхөн ч том болж, нас гүйцвэл биеэс чинь гэрэлтсэн тунгалаг гоёмсог далавч гарна. Тэр далавчаараа та нар тэнгэрт дураараа нисэн, цэцэг цэцгийн хооронд чөлөөтэй аялна.”
Харин авгалдайнууд төрсөн цагаасаа эхлэн үргэлж цөөрмийн усанд л амьдарсан болохоор гаднах ертөнцийн талаарх мэлхийн энэ үгэнд жаахан ч итгэсэнгүй. Тэдний хувьд ердөө итгэж төсөөлөхийн аргагүй санаанаасаа зохиосон үлгэр мэт сонсогдсон аж.
Мэлхийг явсны дараа авгалдайнууд цуглан хурал хийжээ. “Мэлхийн ярьсан үнэн байх аа.” “Үгүй ээ! Шал дэмий зүйл” хэмээн санал зөрөлдөв. Тэгээд эцэст нь “Хэрэв хэн нэг нь үнэхээр мэлхийн хэлснээр соно болж өөрчлөгдөн, тэнгэрээр нисвэл цөөрөмдөө буцан ирж, үнэн байдлыг бусаддаа хэлэх хэрэгтэй” гэж тохиролцов.
Гэтэл нэгэн өдөр нэг авгалдай өөрчлөгдөж, уснаас ил цухуйсан ургамал өөд авиран, хайрсаа тайлжээ. Мэлхийн хэлсний дагуу соно төрхтэй болж, тэнгэрээр нисэх мөнгөлөг далавч, салхи хуваах урт сүүлтэй болжээ. Тэгээд цөөрмийн амьдралаас ангижирч, гоёмсог далавчтай ч болж, цэцэгсийн анхилуун үнэрт автан, цэцэг цэцгийн хооронд дүүлэн нисэх болов.
Шөнийн тэнгэрт эрдэнийн шигтгээ мэт гялалзах огторгуйн заадас, өглөө бүр мандан гийх наран, сэвшээ хонгор салхи, тэнгэрт хөвөх сэмжин цагаан үүлс, анхилуун үнэрт хээнцэр ганган цэцэгс гээд л цөөрмийн ёроолд огтхон ч төсөөлөөгүй гоо ертөнц нүднийх нь өмнө илхэн байв.
Соно ийм үзэсгэлэнтэй ертөнцийн талаар огт мэдэхгүй байгаа усан доторх найзуудаа болон түрүүнд соно болсон авгалдай нь цөөрөмдөө буцан ирж үнэнийг хэлнэ гэж тохиролцсоноо саналаа. Тэгээд найзууддаа үнэнийг дуулгахаар амьдарч байсан цөөрөм рүүгээ буцан орохыг хичээсэн авч нэгэнт тэднээс тэс өөр хэмжээстийн оршихуй болсон учраас ус руу орж чадсангүй.
Авгалдай соно болж өөрчлөгдөх хүртлээ өөр ертөнц байдаг талаар ойлгож чадахгүй байсны адил бидэнд ч бас энэ ертөнцөд төрөөд амьдрах явцад тохиолдож байгаагүй зүйлээ хүлээн зөвшөөрч чадахгүй үе бий. Иймээс Есүсийн заасан тэнгэрийн хаанчлал ба тамын тухай ойлгож, ухаарч чадахгүй байгаа хэрэг.
Мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохын тулд бидэнд өөрчлөлт орох ёстой талаар Библид гардаг.
“Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье, мах ба цус нь Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. … Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой. …”1Кор 15:50-54
“Үхдэг нь үхэшгүйг өмсөнө” гэдэг нь хожим бид мөнх амийн биеэр өөрчлөгдөх болно гэсэн амлалтын үг юм. Тиймээс бид Бурхан мөнх амь өгнө хэмээн амласан Библийн үгийг улам гүн судалж үзэх хэрэгтэй.
“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.”Иох 6:53-54
Тэгвэл Есүсийн мах, цусыг идэж уух арга нь юу юм бол?
“Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад … Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.”Мат 26:17-28
Бурхан Алгасал баярын талхыг Есүсийн бие, Алгасал баярын усан үзмийн дарсыг Есүсийн цус болгон тамгалаад, Алгасал баяр сахисан хүмүүст мөнх амь өгнө хэмээн амласан.
Алгасал баярын талх, дарсыг идэж уугаад Христтэй нэг бие болсон ариун хүмүүс хэзээ яруу алдрын төрхөөр өөрчлөгдөх вэ? Христ тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээнээр тэнгэрээс бууж ирэх сүүлчийн өдөр. Тэр өдөр бид Есүсийн цог жавхлант биетэй адил болж, нүд ирмэхийн зуур бүгд өөрчлөгдөх болно (1Тес 4:13-18).
Бид үнэхээр ерөөлтэй. Учир нь бид Библид тэмдэглэж, Бурхан амласан бүх ерөөлийг авсан хүмүүс билээ. Яруу алдрын хувцас, тэнгэр элчийн хувцсыг өмсөөд, нүд ирмэхийн зуур өөрчлөгдөх хожмын тэр агшныг нэг төсөөлж үзээрэй. Одоо бид махан биеийн нүдээр харагдах энэ ертөнцөд сонын авгалдай төдийхөн шиг амьдарч байгаа ч удахгүй төсөөлөхийн аргагүй сайхан, үзэсгэлэнт тэнгэрийн хаанчлалд сүр жавхлант төрхөөр амьдрах болно.
Биднийг шинэ амиар өөрчлөх амийн зам болсон Алгасал баярыг хэн зааж өгснийг Библиэс судалж үзэцгээе.
“Ерөөлт бөгөөд цор ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн цагт нь үүнийг харуулна. Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд…”1Тим 6:15-16
Үхэх биеийг үхэшгүй биеэр өөрчлөх Нэгэн Бурханаас өөр байхгүй. Үхэшгүй мөнхийн бие зөвхөн Бурханд байдаг тул бидэнд мөнх амийн зам мэдүүлж өгч чадна. Бурханаас өөр хэн ч тэр замыг мэдэхгүй.
Алгасал баярын үнэнийг Бурхан Өөрөө бидэнд зааж, мөнх амь, сүнслэг ертөнц болох тэнгэрийн хаанчлалыг соёрхсон юм. Сонын авгалдайтай адил нүдэнд харагдах энэ ертөнцтэй л зөвхөн зууралдаад байх биш, хожим очих сүнслэг ертөнц рүү харж, тэр ертөнцөд очихын тулд урьдаас бэлдэцгээе. Мөнхийн тэнгэрийн хаанчлалд л биднийг оруулъя гэсэндээ тэнгэрийн хаанчлалын найдвар өгч, мөнх амийн үнэнийг ухааруулсан Сүнс болон Сүйт бүсгүйд үеийн үед яруу алдар, магтаал өргөцгөөе.