Хүүхдээ гэх хайрын хүчээр өөрийгөө гаргуунд нь гаргадаг ээж
И Сү Жа, Солонгос Гүми
Аяга тавгаа угааж байтал утас дуугарлаа.
Ээж залгаж байв.
Ээж яагаад залгаж байгааг нь ч би гадарлаж байлаа. Ээж надад хоол хүнс л өгөх гэж байгаа биз. “Би эхэлж залгах ёстой байсан юм сан” гэж бодохоос ээжийгээ их өрөвдөв.
Би дөрвөн эгч нэг эрэгтэй дүүтэй хүн. Хэдийн дөч гарчихаад байгаа ч ээжийнхээ нүдэнд би байнга л санааг нь чилээж байдаг нялх охин хэвээрээ. Уг нь эрэгтэй дүү маань гэрийн отгон нь шүү дээ. Гэхдээ дүү ул суурьтай хүү нь болохоор ч тэр үү ээж намайг л айлын отгон нь юм шиг бөөцийлөхийг яана. Би утсаа авч, “За ээж ээ” гэж жаахан хүүхэд аятай хариулав. Миний зөв байлаа. Өчигдөр гэр бүлийн баяр болж, авга нагац нар ирээд, зөндөө юм үлдсэн гээд ээж намайг ирээд жаахан жимс, мах аваад яв гэлээ.
Маргааш үдээс хойш нь би ээж дээрээ очилгүй удсан болохоор ээжийнх рүү явлаа. Оронгуут хашаанаас утаа гарч байгаа харагдав. Утааг дагуулан хартал задгай гал дээр булууны яс чанаж байлаа. Намайг дуудахад хариу дуугараагүй ээжийгээ хайн би дотогш орлоо. Ээж гал тогоондоо сүйд болон угтав.
Ээж өнгөрсөн намар түүсэн царсны боргоцойтой царцаамаг хийж байх нь тэр. Ийм царцаамаг хийхийн тулд эхлээд гашуун амт нь арилах хүртэл боргоцойгоо усанд байлгаад, дараа нь хатаана. Нунтгаа усанд уусгаж, буцалгана. Буцалгах хоорондоо түлэгдэж, тогооны ёроолд наалдахаас сэргийлж модон хусуураар хутгана. Ингэж хутгах зуур нэлээн удаан зогсох хэцүү байсан бололтой хөлөө амраах сандал болгон нэг сандал тавьж дээр нь гишгээд, угаалтуур дээр сууж харагдана. Өмнө нь би чанаж болгосон царцаамаг авчраад л амтархан иддэг байсан чинь энэ удаа харин царцаамаг хийх үйл явцыг нэгд нэггүй харж, хичнээн хэцүү болохыг нь ойлголоо.
Ээж урьдын л адил надад зориулаад миний дуртай жигнэсэн амтат төмс, эрдэнэ шиш ширээн дээр тавьсан байв. Хажууд нь шинэхэн гүнждийн тос, хоол хийх гээд бэлдсэн ногоо, дараагийн кимчи дарах хүртэл идэх хангалттай хэмжээний кимчи, периллийн тосонд шарж, идэх хэмжээтэй болгон хэрчсэн далайн байцаа байв. Түүнээс гадна янз бүрийн хачир тавьчихаж. Нэмж хэлэхэд ээжийн унадаг дугуйгаар явж, уулын бэлийн тариан талбайгаас түүж авчирсан шинэхэн илжгэн чих гээд бүх төрлийн жимс зургаан багц бэлтгэжээ.
Ээж тэр өдөр эмнэлэгт шулуун гэдсээ дурандуулна гээд цаг авчихсан байсан тул тэр бүхнийг өлөн элгэн дээрээ хийсэн байлаа. Охиноо хэзээ дахиж ирэхийг нь мэдэхгүй байж ээж минь зөндөө юм бэлдсэн байв. Ээж өнө удаан жил зөвхөн хэдэн хүүхдүүддээ өгөх гэж л амьдарч ирсэн. Ийм амьдралд дасчихсан юм шиг өөртөө ер анхаарал тавилгүй, хэдэн хүүхдийнхээ төлөө юм бүхнийг хийж байгааг харах болгонд миний зүрх шимширдэг юм.
Тахиа үржүүлдэг ууган хүүхэд нь өндөг авчрахад “Өндгөнд дуртай юм байгаа юм” гээд отгон хүүдээ өгчихнө. Дөрөв дэх хүүхэд нь хайрцаг амтат алим худалдаж авахад “Энэ маань алиманд дуртай” гээд хоёр дахь охиндоо өгчихнө. Дунд охин нь будааны боов хийж өгөхөөр “Тэр маань будааны боовонд дуртай” гээд дөрөв дэх охиндоо өгчихнө.
Үүнийг нь мэдээд дунд эгч уурлан бухимдаж, “Би одоо ээжид юу ч авчирч байхгүй ээ” гэж гомдоллов. Тэгтэл ээж “Үр хүүхдүүд минь л сайн сайхан юм идэж байвал би өөрөө идсэнээс илүү баярладаг юм. Би яах вэ дээ” гэлээ. Хэдийгээр бид бүгд л ээжийн өгсөн юмыг авахгүй гэж нэгэн дуугаар хэлдэг ч биднийг гэсэн хайр нь биднийг ятгаж дөнгөнө.
Заримдаа бид нас ахих тусам турж эцэх ээжийгээ хараад “Бид нар л ээжийгээ ийм болгож өөрчилсөн дөө” гэж бодохоос харамсдаг юм. Буруутайгаа мэдээд байгаа хэр нь яг яахаа мэдэхгүй, одоо болтол ээжийнхээ хүч хөдөлмөр, золиос хайрынх нь ачаар сэтгэл хангалуун, элбэг дэлбэг, жаргалтай хэвээрээ л байна.