Эрх чөлөөний хууль Алгасал баяр

23,389 үзэлт

Библийн 66 номны нэг нь ч эш үзүүлэгчийн үзэл бодлыг юм уу хэн нэг хувь хүний гүн ухааны үзэл санааг бичсэн юм биш. Харин хүн төрөлхтний авралын төлөө бичигдсэн Бурханы сургаалууд юм. Бурханд итгэж, аврал хүсэмжлэн буй бид үүнд туйлаас итгэн, Бурханы үгийг шамдан судлах хэрэгтэй.

Библид дээр оршигч Иерусалимыг бидний Эх гээд зогсохгүй “эрх чөлөөтэй” гэж заадаг. Түүнчлэн Христ биднийг чөлөөлсөн болохоор цаашид бид нүглийн боол биш, эрх чөлөөтэй болсон гэдгийг ч мэдүүлдэг (Гал 4:26, Иох 8:32-36). Бид эрх чөлөөт Эцэг Бурхан, эрх чөлөөт Эх Бурханд итгэж байгаа эрх чөлөөт Нэгэний хүүхдүүд юм. Библид хэлж байгаа эрх чөлөө гэгчийн утга юу болохыг тодруулан, эрх чөлөөний хууль болох шинэ гэрээний Алгасал баяраар бидэнд мөнхийн эрх чөлөө соёрхсон Бурханыхаа ивээлд талархал өргөцгөөе.

Нүгэл ба үхлийн хүлээсэнд буй хүн төрөлхтөн

Христ энэ газар хүн төрөлхтнийг л аврах зорилгоор ирсэн (Лук 19:10). Библид авралыг нүглээс чөлөөлж, эрх чөлөө олгоно гэсэн утгатай хэмээсэн. Бурханы ивээлээр аврал авч, эрх чөлөө олж авахаас өмнө бидний сүнс нүгэл ба үхлийн гинжинд баглаатай байсан юм.

“Ингээд сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор муу муухай нь байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ. Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг. Гэвч эрхтнүүдэд минь өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг эрхтнүүдэд минь байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна. Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? Бидний Эзэн Есүс Христээр талархал нь Бурханд байх болтугай. Иймд нэг талаар би оюун ухаанаараа Бурханы хуульд үйлчилдэг боловч, нөгөө талаар би махбодоороо нүглийн хуульд үйлчилдэг.” Ром 7:21-25

Элч Паул энд өгүүлэхдээ хүмүүсийг нүглийн хоригдол гэсэн байна. “Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?” хэмээн шүүрс алдсаных нь цаана нүгэл ба үхлийн гинжинд баглуулж, эрх чөлөөг хичнээн хүссэн ч олж чадалгүй эцэст нь үхэхээс өөр аргагүй болдог хүн төрөлхтний харуусал илэрч байна.

Гэвч үхлийн хууль байгаа юм чинь амьдрах хууль ч байх нь гарцаагүй.

“Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй. Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ.” Ром 8:1-2

Христ нүглийн ба үхлийн хуулинд ороогдсон хөөрхийлөлтэй хүмүүнийг амьд болгон чөлөөлөхийн төлөө энэ газар ирээд, амийн Сүнсний хуулиа соёрхсон юм. Христийн Өөрийн биеэр тогтоосон амийн хууль нь юу гэдгийг мэдэж авцгаая.

Христийн цусаар тогтоосон амийн хууль Алгасал баяр

“Түүний нигүүлслийн баялгаар бидэнд Түүний дотор цусных нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бий.” Ефе 1:7

“Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус, харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн.” 1Пет 1:18-19

Библид биднийг Христийн үнэт цусаар золигдож, нүглийн уучлал авсан гэсэн байна. Сүнслэг боолын ёсоор биш, эрх чөлөөт нэгний хувиар амьдрахын тулд нүглээс маань чөлөөлөх Христийн үнэт цус л бидэнд хэрэгтэй юм. Христийн үнэт цусны ивээл хүртээгүй хүмүүс яагаад ч үхлийн гинжнээс чөлөөлөгдөх боломжгүй.

“Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн.” Иох 6:53-55

Амь байхгүй гэдэг нь үхэлд хориотой байгаа байдал юм. Есүсийн мах цусыг идэж уугаагүй хүн ийм л байр байдалд байгаа. Нүглийн хөлс нь үхэл гэсэн тул (Ром 6:23) нүглийн уучлал авч гэмээнэ үхлээс мултран мөнх амийг авах юм.

Мөнх амь өгөх Есүсийн мах, цус Алгасал баяраар зөвшөөрөгдсөн билээ.

“… Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-28

Нүгэл ба үхлийн хуулийг эвдэх Христийн үнэт цус нь Христийн авч ирсэн шинэ гэрээний Алгасал баяр гэдгийг хэлж байна. Христийн мах, цусаар нүглийн уучлал авах амийн хууль Алгасал баяр нь үнэхээр л Бурханы хүн төрөлхтөнд өгсөн хамгийн том хайрын бэлэг билээ.

Эрх чөлөөний хууль авчирсан тэнгэр Эцэг Эх

Элч Паулын хэлсэнчлэн хөөрхийлөлтэй хүмүүн бид өөрсдийн хүчээр үхлийн биеэ тайлж чадахгүй. Иймд биднийг тэндээс мулталж гаргах хэн нэгний мутар зайлшгүй хэрэгтэй. Хэн биднийг үхлийн биеэс ангижруулах юм бол?

Нүгэл уучлах эрх мэдэл гагцхүү Бурханд бий. Бурхан Өөрийн биеэр энэ газарт ирээд үүрд үхэх заяатай байсан хүн төрөлхтнийг аварч, авралын замаар хөтөлсөн билээ.

“Түг түмдийн ЭЗЭН энэхүү уулан дээрх бүх ард түмэнд хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ. Энэ уулан дээр Тэр ард түмний нүүрний халхавч, бүх үндэстний дээгүүр татсан бүтээлгийг залгина. Тэр, үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин ард түмнийхээ зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм. Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.” Иса 25:6-9

Нүгэл уучлах Бурханы хууль нь амийн Сүнсний хууль, нэг ёсондоо эрх чөлөөний хууль болох шинэ гэрээний Алгасал баяр юм. Библид Алгасал баярын амийн талх ба хуучин дарсаар нүгэл ба үхлийг мөнхөд залгиж, биднийг аврах Нэгэн бол үнэхээр бидний Бурхан мөн юм шүү хэмээн зөгнөсөн байна.

Энэхүү эрх чөлөөний хуулийг авч хүн төрөлхтнийг аврахаар ирнэ гэсэн болохоор Эцэг Бурхан зөгнөлийн цаг нь болоход энэ газар илчлэгдэн, өнө удаан жил хэн ч сахиагүй байсан Алгасал баярын үнэнийг сэргээсэн юм. Эх маань ч гэсэн нүгэл ба үхлийн хуулиас чөлөөлөх шинэ гэрээний Алгасал баярын үнэнээр хүүхдүүд бидэндээ Өөрийн төрхийг илчилсэн. Илчлэл номд Сүнс болон Сүйт бүсгүй үндэстнүүдийг дуудан, үнэгүйгээр амийн ус өгч байгаа дүр зураг гардаг (Илч 22:17). Энэ нь ард түмнээ чөлөөлөх шинэ гэрээ, амийн үнэн Ариун Сүнс болох тэнгэр Эцэг, Сүйт бүсгүй болох тэнгэр Иерусалим Эхэд байгаа болохоор тэр юм.

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм. Учир нь “Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи баярлагтун. Төрөх зовлонг туулаагүй чи бахдан дуулж, хашхир. Учир нь ганц бие эмэгтэйн хүүхдүүд нөхөртэй нэгнийхээс илүү олон болно” гэж бичигдсэн байдаг. Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. Харин тэр үед махбодоор төрсөн нь Сүнсээр төрснийгөө хавчсанчлан эдүгээ мөн тэгж байна. Гэтэл Бичвэр юу гэж хэлдэг вэ? “Энэ зарц бүсгүйг хүүтэй нь зайлуул. Зарц бүсгүйн хүү эрх чөлөөт эмэгтэйн хүүтэй хамт өв залгамжлахгүй” гэдэг. Тиймээс ах дүү нар аа, бид зарц бүсгүйнх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд билээ.” Гал 4:26-31

Исаактай адил амлалтын хүүхэд болъё гэвэл бидэнд зайлшгүй эрх чөлөөтэй Эх байх ёстой. Иерусалим Эхийн энгэрт буцан ирсэн бид жинхэнэ эрх чөлөө гэж юу болохыг ухаарч, энэ үнэн дотор тэнгэр Эхийгээ зөв ухааран, хүлээн авах ёстой. Библид нүглээс чөлөөлөгдөхийг “эрх чөлөө” гэсэн бөгөөд нүгэл ба үхлийн хуульд ороогдоогүй хүнийг л “эрх чөлөөтэй” хэмээсэн юм. Биднийг зарцын хүүхэд биш, харин эрх чөлөөтэй Нэгэний хүүхэд гэж онцолсон учир ч мөн Эцэг Эх амийн үнэн болох шинэ гэрээг авчран, нүгэл ба үхэлд ороогдсон байсан биднийг чөлөөлөхөөр авралын замаар хөтөлж өгсөнтэй холбоотой юм.

Шинэ гэрээгээр бид Бурханы “амлалтын хүүхэд” болцгоосон. Абрахамын гэр бүлийн түүхээс харахад эрх чөлөөтэй Сарагаас төрсөн Исаак эцэстээ Абрахамын өв залгамжлагч болсон байдаг. Эцэг нь ч, эх нь ч эрх чөлөөтэй Исаак Абрахамын өвийг авсан шиг тэнгэр Эцэг Эх маань эрх чөлөөт болохоор бид мөн эрх чөлөөт болж, Бурханы хаанчлалын өв залгамжлалыг авах яруу алдрын байр сууринд хүрч очих юм.

Бурханы өв залгамжлагч болгох Алгасал баяр

Зарц Елиезер, зарцын хүү байсан Ишмаел нар Абрахамын гэр бүлийн өв залгамжлалыг авч чадаагүй хуучин гэрээний түүх нь нүгэл ба үхэлд боолчлогдон байгаа хүмүүс яагаад ч Бурханы хаанчлалыг өвлөн авч чадахгүйг зөгнөлөөр харуулсан юм. Тиймээс Бурхан бидэнд шинэ гэрээний Алгасал баяраар эрх чөлөө олгож, дахин нүгэл ба үхлийн боол бүү болоорой гэж захисан билээ.

“Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.” Гал 5:1

Эртний Египетэд боолын амьдралтай байсан израиль ард түмэн эрх чөлөөг хүсэмжилмэгц Бурхан эш үзүүлэгч Мосег илгээн, тэднээр Алгасал баяр сахиулсан юм. Алгасал баяр сахихын өмнө боол байсан хэдий ч Алгасал баяр сахисны дараа тэд эрх чөлөөт ард иргэд болжээ.

Сүүдэр болгон харуулсан өнгөрсөн үеийн түүх нь нүгэл ба үхэлд боолчлогдож буй хүн төрөлхтөн шинэ гэрээний Алгасал баяраар эрх чөлөөтэй болно гэдгийг мэдүүлж байна. Бид нүгэл ба үхлийн гинжинд баглаатай байхдаа үхлийн боол байсан ч Бурханы тогтоосон шинэ гэрээний Алгасал баярыг сахисныхаа дараа нүглийн уучлал авч мөнхийн эрх чөлөө олж авсан билээ.

Эрх чөлөөний хууль болох шинэ гэрээний үнэнээр бид боолчлолын буулгаа тайлж, Бурханы мах цусыг өвлөсөн хүүхдүүд болцгоосон. Бурхан үүнийг Өөрөө гэрчилж байна.

“Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм.” Ром 8:16-17

Бурхан шинэ гэрээ сахидаг хүмүүсийг хүүхдээ хэмээн хүлээн зөвшөөрчээ. Өнөө үед хүмүүс генийн шинжилгээгээр хүүхэд нь мөн эсэхийг тогтоодог шиг Бурхан ч бидний дотор Бурханы мах цус байна уу, үгүй юү гэдгийг шалгах юм. Алгасал баяраар бидний дотор Бурханы ариун мах, цус орсон учраас бид Бурханыг Эцэг, Эх гэж дуудах боломжтой болсон хэрэг.

Бурхан хүн төрөлхтөнд Өөрийн генийг өвлүүлэх гэсэндээ Алгасал баяр хэмээх туйлын үнэ цэнэтэй, эрхэм хуулиа тогтоосон билээ. Есүс Алгасал баярын зоогийг барихсан гэж ихэд хүссэний учир ч гэм нүглийн уучлал өгөх Алгасал баярын талх, усан үзмийн дарсыг, өөрөөр хэлбэл Есүсийн мах, цусыг идэж уусан хүн мөнх амь аваад, Бурханы хаанчлалыг залгамжлан авах Бурханы хүүхэд болох учраас тэр юм.

Нүгэл ба үхэлд хүлээтэй хүн төрөлхтөнд эрх чөлөө олгох нь

Библид сүүлчийн үед “үлдэгсэд” аврал авахыг мэдүүлээд, тэднийг Бурханы “үр” хэмээн илэрхийлсэн байдаг. Дүгнэхэд аврагдах хүмүүс нь Бурханыг дуурайсан хүмүүс болохоор тэд бол Бурханы энэ газарт үлдээсэн “амлалтын хүүхдүүд” нь юм.

“Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана. Учир нь Эзэн Өөрийн үгээ дэлхий дээр гүйцэд, түргэн биелүүлэх болно» гэжээ. Исаиа «Хэрэв түг түмдийн Эзэн амьд үлдэгсдийг (үр удам, 2004 оны хэвлэлт) бидэнд үлдээгээгүй бол бид Содом мэт болж, Гоморра шиг болох байсан» гэж урьдаас хэлсэн юм.” Ром 9:27-29

“Тэд Абрахамын үр ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш харин «Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно» гэжээ. Махбодын хүүхдүүд нь Бурханы хүүхдүүд биш харин амлалтын хүүхдүүд нь үр гэж тооцогдсон. …” Ром 9:7-13

Ишмаел ч, Елиезер ч биш Исаакаас төрснийг нь “үр” гэж тооцсон гэсэн нь Исаак л зөвхөн эцэг нь ч эрх чөлөөтэй, эх нь ч эрх чөлөөтэй байсан болоод тэр. Бид ч тэнгэр Эцэг, Эх маань эрх чөлөөтэй учир Исаактай адил амлалтын хүүхдүүд болж, Бурханы үр гэж тооцогдох болсон билээ.

Тэнгэр Эцэг, тэнгэр Эхийн дотор шинэ гэрээний Алгасал баяраар нүгэл ба үхлийн гинжнээс бүрэн чөлөөлөгдөж, мөнх амь авсан бид одоо ч нүгэл ба үхлийн хуульд хориотой байгаа хүмүүс рүү очин, эрх чөлөөг тунхаглах ёстой билээ. Зөгнөлийн цаг үеийн дагуу 1600 орчим жилийн турш лацтай байсан Алгасал баяр амийн үнэн эдүгээ зөвхөн Солонгост биш, таван далай зургаан тив даяар тунхаглагдаж байна. “Хаанчлалын сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдана” гэсэн Библийн үгэнд баттай итгэн, илүү олон хүнд эрх чөлөөний хууль болох шинэ гэрээний Алгасал баярын үнэнийг зааж мэдүүлээд, Бурханы ивээлээр аврагдаж, мөнх амь авах замыг тэдний өмнө цэлийтэл нээх амлалтын хүүхдүүд болоорой.