
Аяллаар явахад сайхан газар гэж сонсоод яг очоод үзтэл байгаль нь нэг их өнгө үзэмжтэй биш, тохижилт муутай, тааруухан газар шиг санагдаад урам хугарсан удаа танд бий юу? Тэгсэн хэр нь тэр аялал хөгжилтэй сайхан дурсамж үлдээсэн бол та мэдээж санаа нийлсэн хүмүүстэй цуг явсан байж таарна. Хүсэл сонирхол нэгтэй хүмүүс хамт байвал хаа ч явсан, юу ч хийсэн сэтгэл хангалуун байдаг.
Бурхантай хамт алхах замдаа ч бид хүсэл зорилгоо Бурхантай нэгтгэвэл үргэлж баяр хөөртэй байж, тасралтгүй залбирч, бүх зүйлд талархах нь лавтай (1Тес 5:16-18). Цаг үргэлж бидний авралын талаар, хожим бидний хүртэх сүр жавхлант тэнгэрийн яруу алдрын талаар л боддог Бурхантай бид ав адилхан зүрх сэтгэлтэй болох хэрэгтэй. Тэгэх аваас итгэлийн энэ зам маань бартаатай байсан ч гуньж гутрах юм уу, энэ замаа орхих гэсэн бодол бидэнд огтхон ч төрөхгүй шүү дээ.
“Тохиролцоогүй хоёр хамт алхах уу?” Амо 3:3
Бурхантай тохиролцоогүй (сэтгэл хүслээ нэгтгээгүй) байж хамт алхана гэдэг амаргүй. Бурхантай цуг алхъя л гэвэл нэн түрүүнд Бурханы хүсэл юу болохыг нягталж үз. Дараа нь Бурханы хүсэлтэй нийцэхгүй алив бодол хүслээ хаях хэрэгтэй.