Хожим бидний очих тэнгэрийн орон хичнээн баяр баясгалантай, сайхан газар бол? Библид тэнгэрийн орон болон газар дэлхийг бодит ба сүүдрийн уялдаатай гэж заадаг (Евр 8:5). Тиймээс Бурхан хүн төрөлхтөнд соёрхсон баяр хөөрийн мэдрэмжийн талаар сайтар ойлговол бидний тэнгэрийн оронд эдлэх жинхэнэ баяр баясгалан юу болохыг ухаарах юм.
Бидний мэдэрдэг баяр хөөр бидний инээмсэглэлээр илэрч гардаг. Бид өдөр тутмын амьдралдаа ч таагүй, гунигтай, өөдрөг бус юм ярихад сэтгэл тавгүйтэж, нүүр царай барайгаад ирдэг. Харин хөгжилтэй, сонирхолтой яриа сонсоход цаанаасаа инээд хүрээд болдоггүй. Хэн хүнгүй л ганц сайн инээгээд авахад цээж дарж байсан хүнд ачаанаасаа салж, сэтгэл нь баяр хөөрөөр сэргээд ирнэ. Яг ийм агшинд л хүн бүрт тэнгэрийн хаанчлалд байгаа мэт мэдрэмж төрдөг болов уу.
“Өөрийгөө итгэл сүсэгт дасгалжуул” гэсэн үг байдагчлан (1Тим 4:7) баяр хөөр бялхсан тэнгэрийн хаанчлалд очихын тулд итгэл сүсэглэлийн дасгалын хамтаар бид баяртай байж сурах дасгал ч мөн хийх хэрэгтэй. Бурхан хүүхдүүдээ итгэлийн амьдралдаа баяр баясгалантай, хөгжилтэй байхуйцаар газарчлан өгч буй.
Бурханы хүслийг биелүүлдэг хүн тэнгэрийн хаанчлалд орно хэмээн айлдсан бөгөөд (Мат 7:21) үргэлж баяртай байх нь ч бас бидний биелүүлэх ёстой Бурханы хүсэл билээ.
“Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн.” 1Тес 5:16-18
Өнөөдрийг хүртэл бид Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг Бурханы зарлигийг зайлшгүй сахих ёстой тушаал гэж эрхэмлэн боддог ч “Үргэлж баяртай бай” гэж тушаасан Бурханы үгийг мартчих үе бидний амьдралд олон байсан бололтой. Бурхан бидэнд “Үргэлж баяртай бай” хэмээн захидаг. Нүгэл ба үхлээс аврагдан мөнх амь, баяр баясгалан бялхсан тэнгэрийн хаанчлал руу явах болсон байж хэрхэн баярлахгүй байх билээ?
Абрахамын гэр бүлийн түүхийг судлаад үзэхэд, Абрахамын цорын ганц өв залгамжлагч болох Исаакийн нэр нь “инээмсэглэл” гэсэн утгатай. Биднийг “Исаакийн адил амлалтын хүүхэд” гэсэн болохоор Бурханы үнэ цэнэтэй амлалт авсан бидний амьдрал ч үргэлж инээмсэглэл, баяр баясгалан, талархлаар дүүрэн байх ёстой биш гэж үү? Хэрэв бид ийн байх аваас Исаак эцэг Абрахам, эх Сарадаа инээмсэглэл нь болсонтой адил бид ч мөн тэнгэр Эцэг Эхдээ инээмсэглэл өргөх хүүхдүүд болж чадна (Эхл 21:1-7, Гал 4:28).
Одоо ч бас бид тийм баяртай, хөгжилтэй байж чадахгүй, инээхгүй байгаа бол Бурханаас авсан амлалтынхаа үнэ цэнийг дутуу ухаарснаас тэр. Аврал авна гэдэгтээ бат итгэсэн хүнд бол амьдралын өдөр хоног бүр нь баяр баясгалангийн хором мөч болно. Бурхан тэнгэрийн хүүхдүүд бидэндээ “инээмсэглэл” гэдэг нэр хавсаргасан болохоор бид нэр шигээ дандаа инээцгээе. Исаакийн адил амлалтын хүүхдүүдийн цугласан Сионыг ч бас баясгалан, талархал бялхсан газар гэж Библид дурдсан байдаг.
“Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, хоосорсон газар бүхнийг нь тайтгаруулна. Зэлүүд талыг нь Еден шиг, цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно, Тэр. Тэндээс баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдох юм.” Иса 51:3
Сионоос баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдоно хэмээсэн байна. Ертөнцөд зовлонгийн дуу, ёолж гаслах, санаа алдах чимээ сонсогддог бол харин Сионд баяр хөөрийн дуу хуур тасардаггүй. Сион үүгээрээ ертөнцөөс ялгардаг.
Библийн үг ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй бүгд биелэгдэнэ гэсэн болохоор (Мат 5:18) Сион маань заавал баясгалан, цэнгэл хальж бялхсан газар байх ёстой. Тэнгэрийн хаанчлал явбал өдөр бүр баяр хөөр цалгина. Гэлээ ч бид нэн түрүүнд энэ газарт байхдаа баясгалан, цэнгэл, талархлаар бялхаж амьдрахыг хичээх хэрэгтэй юм.
Бага насны хүүхэд өдөрт дунджаар 400 удаа инээдэг. Харин насанд хүрсэн хүний инээх нь өдөрт 8 ч хүрдэггүй байна. 50-иас дээш насныхан инээнэ гэдэг бараг өдрийн од шиг.
Жаахан хүүхэд ямар учраас ингэж томчуудаас хавьгүй их инээдэг юм бол? Учир нь тэдний хажууд инээд хөөр бүтээгч ээж нь байдагтай холбоотой. Хүүхэд ээжийгээ инээхэд дагаж хөхөрнө. Ээжтэйгээ хамт тоглохдоо ход ход инээж, “хаана байна” гээд өхөөрдөхөд нь инээдээ бүр барьж ч чаддаггүй. Харин өсөж томрох тусам ээжээсээ хол байх нь ихсээд ирэхээр инээх цаг, инээх тоо нь цөөрдөг болов уу гэмээр.
“Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч буухгүй. Харин Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун. Харагтун, Би баяр хөөрийн төлөө Иерусалимыг, баяслын төлөө ард түмнийг нь бүтээнэ. Би Иерусалимд мөн баярлан ард түмэндээ баясна. Тэгээд тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй.” Иса 65:17-19
Бурхан айлдахдаа шинэ тэнгэр, шинэ газар буюу тэнгэрийн хаанчлалд Бурханы ард түмэн үүрд баярлан баясах болно хэмээсэн байдаг. Мөнхийн тэнгэрийн хаанчлал явбал мэдээж баяр хөөр, цэнгэлийн дуун, Бурханыг магтах дуун хальж бялхах болно. Харин гашуудлын дуу, гэнэхрэх дуу, өвдөж ёолох чимээ бол зовлонгийн газар мөнхийн галт нуур, тамаас гарах дуу чимээ. Тиймээс Эх тун удахгүй тэнгэрийн хаанчлалд очих хүүхдүүддээ үргэлж баяртай байж, инээж, сайн мэдээний амьдралаар амьдрахыг сургаж байна.
Иерусалимын ачаар баясгалан, цэнгэл бүтээгдсэн хэмээсэн бөгөөд дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй бидний Эхийг илтгэдэг (Гал 4:26). Эхийнхээ энгэрт эрхлэх хүүхэд их инээх нь зүйн хэрэг. Үүнтэй адил Бурханы дэлхий дээр байгуулсан Сионд үргэлж инээд, баясал тасрахгүй байх нь бидэнд баяр баяслыг бүтээгч Иерусалим Эх байгаа болохоор тэр шүү дээ.
“Иерусалимыг хайрлагчид бүгд түүнтэй баясан цэнгэгтүн. Түүний төлөө гашуудагсад бүгд түүнтэй хамт хөөрөн баясах нь Түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадахын тулд, хөхөж элбэг хангалуун алдарт нь баярлахын тулд юм.” Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би түүнд амар тайвныг гол мэт, үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно. Та нарыг гар дээр өргөн өвдөг дээр энхрийлнэ. Эх нь хүнийг тайвшруулах адил Би та нарыг тайвшруулж, та нар Иерусалимд тайвшрах болно.” Үүнийг үзээд зүрх тань баясаж, яс тань ургамал ногоо мэт сэргэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин дайснуудаа Тэр зэвүүцнэ.” Иса 66:10-14
Бурхан “Иерусалимтай сэтгэл нэг болсон хүүхдүүддээ бүгдээрээ түүнтэй баясан цэнгэж, түүнтэй баясан жаргагтун” гэж захисан байна. Энэ хорвоогийн амьдралд зовж шаналахгүй, дандаа аз жаргалтай байгаад байна гэж үгүй. Гэсэн ч баяр хөөр, баяр баяслыг бүтээгч Иерусалим Эх бидэнтэй хамт байгаа болохоор бид энэ амьдралдаа тулгарах золгүйг ч зол баяраар хувиргаж чадна.
Эхийг цаг ямагт бодож, Эхийн сургаал зааврыг тунгаан, бие биедээ баяр баясгалан өгч, аз жаргалаа хуваалцаж мэддэг байх ёстой. Биднийг аварсан Бурхан дотор баярлаж (Хаб 3:18), уйтгар гуниг, санаа алдах чимээг ч бүгдийг нь баяр баясал, магтаалын дуугаар өөрчилж чадах газар бол Сион.
Бага байхаасаа л давжаа биеэ голдог нэг хүн байжээ. Тэр хүн нэг номноос “Өөрийн хүчээр өөрчилж чадахгүй зүйлтэйгээ эвлэрэх нь аз жаргалын нууц арга” гэсэн хэсэг санаандгүй олж уншиж л дээ. Тэгээд яаж ч сунгах гээд дийлээгүй намхан нуруугаа өөрчлөх гэж оролдохын оронд бодлоо солихоор шийдэв.
Дараа нь эргээд нэг сайтар бодохнээ өндөр хүмүүсийн чаддаггүй олон зүйлийг тэр хүн өөрөө хийж чаддаг байв. Давжаа биенийхээ ачаар бага сурагч ч өмсчихөөр жижигхэн хувцас аваад өмсчихнө. Бас борооны ус ч өндөр хүмүүсээс арай сүүлдэж өөр дээр нь дусална. Ингээд бодоод үзэхээр сайн тал тоймгүй их байж. Та бүхэнд инээдтэй санагдаж болох ч тэр хүн бодлоо жаахан өөрчилснөөр биеэ голдог зангаа ялсан аж.
Аз жаргал хийгээд зовлон гуниг нь бидний бодол санаанаас үүдэн гардаг юм. Зарим хүн сарнайг өргөстэй гээд дургүй байдаг. Харин зарим нь хэдий өргөстэй ч өнгө үзэсгэлэнд нь болоод сэтгэл дурладаг. Сарнай цэцгийн өргөсийг л хардаг хүн барагтай бол инээхгүй. Харин инээх дуртай хүн сарнайн дэлбээг л анзаардаг гэсэн үг. Хэдий таагүй нөхцөл байдалтай тулгарлаа ч бодол санаагаа жаахан л өөрчилбөл зовлонг ч зол болгон хувиргаж болно.
Нүүр царай бол хүний сэтгэлийн толь гэсэн үг лүгээ адил сэтгэлд нь баяр хөөр оршдог хүний царай үргэлж гэрэлтэж харагддаг. Тийм болоод ч тэр үү манай Бурханы сүмд зочилж ирсэн ертөнцийн хүмүүс итгэгчдийн маань гэрэлтэй сайхан инээмсэглэлийг ам уралдуулан магтана. Тэд “Үргэлж бусдыг сайхан инээмсэглэлээр угтан, санаа тавьдаг та бүхний төрх байдалд сэтгэл маш их хөдөллөө” гэлцдэг. Баяр баясгалан бэлэглэгч Бурхантай хамт оршиж, тэнгэрийн найдварыг зүрхэндээ цэцэглүүлсэн болохоор тэр их аз жаргал итгэгчдийн маань нүүр царайд яг хэвээрээ тодорч харагддаг мэт.
Өнөөгийн амьдралд хэдий хэцүү бэрх тохиолдовч хожим бидний очих тэнгэрийн хаанчлал бол уйтгар гуниг ор мөргүй арилсан, гагцхүү баяр баясгалан өнө мөнхөд ундарсан газар гэдгийг мартуузай. Бурханы бидэнд хангасан нөхцөл байдлыг ертөнцийн хүмүүсийн цэнзүүрээр биш, харин тэнгэрийн хаанчлал явах хүмүүсийн хэм хэмжүүрээр хардаг байцгаая.
АНУ-ын нэгэн их сургуулиас худалдааны стратегийн талаар судалгаа явуулжээ. Гурван дэлгүүрт ижилхэн үнэ бүхий адил нэр төрлийн бараа тавиад, худалдагч нарын нүүрний хувирал борлуулалтанд хэрхэн нөлөөлдгийг ажиглан харьцуулж, дараах үр дүнг гаргажээ. Үйлчлүүлэгчдийн 85 хувь нь инээмсэглэн угтдаг дэлгүүрээс юм худалдаж авсан байна. Үлдсэн 15 хувь нь нүүрний хувиралгүй худалдагчтай дэлгүүрээр орж арилжаа хийв. Харин хөмсөг зангидсан худалдагчтай дэлгүүрээр ганц ч хүн үйлчлүүлээгүй гэдэг.
Бурханы улсыг таниулж сурталчилж байгаа бид ч мөн ялгаагүй. Сэтгэлээр унасан, уур уцаартай төрхөөр сайн мэдээ тараавал ямар ч хүн сонсохгүй. Нүгэл ба үхлийн хүлээсэнд хүлүүлж, уйтгар гуниг, санаа алдалтаас зугтаж чадахгүй амьдарч байгаа хүн төрөлхтнийг баяр хөөр, цэнгэл, аз жаргал ундарсан ертөнцийн зүг хөтлөх баярт мэдээ бол сайн мэдээ билээ. Гэтэл сайн мэдээ тараах үүрэг авсан бид гунигтай, ууртай төрхөөр тунхаглах нь зүйд нийцэх үү? Ингэх нь Бурханы хүсэл биш.
“Энэ нь холын аянд гарахдаа зарц нараа дуудаад, эзэмшилээ тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил билээ. Нэгэнд нь тэр тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талантыг тусбүрд нь чадварынх нь дагуу өгчээ. Тэгээд аянд гарч гэнэ. Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов. Үүний нэгэн адил хоёртой нь мөн хоёрыг нэмж олжээ. Харин нэгийг авсан нь явж, газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Удаан хугацааны дараа өнөөх зарц нарын эзэн ирж, тэдэнтэй тооцоо бодож гэнэ. Таван талант авсан нь ирээд, илүү таван талант өгч “Эзэн, та надад таван талант олгосон. Би таван талант нэмж олсон” гэв. Эзэн нь түүнд “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэжээ. … Мөн нэг талант авсан нь ирж “Эзэн, би таныг тариалаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадаг хатуу хүн гэдгийг мэднэ. Би айсан тул явж, таны талантыг газар нуучихсан. Хар, таных энэ байна” гэв. Эзэн нь түүнд “Олиггүй муу боол, залхуу чи намайг үр суулгаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадгийг мэддэг гэнэ ээ? Тэгвэл чи мөнгийг минь мөнгө хүүлэгчид хадгалуулах ёстой байсан. Тэгсэн бол би ирээд, өөрийнхийгөө хүүтэй нь авах байсан. Түүнээс нэг талантыг авч арван таланттайд нь өгсүгэй. Учир нь хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь хүртэл авагдана. Энэ тусгүй боолыг харанхуйд хөөж гарга! Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэж хэлэв.” Мат 25:14-30
Бурхан бидэнд сүүлчийн сайн мэдээний үүргийг даатгаад, талантны сургаалт зүйрлэл зааж өгсөн юм. Сургаалт зүйрлэлд худалдаа хийж талант нэмж олсон хүмүүс “сайн итгэмжит боол” гэж магтаал сонссон ч, талант нэмж олж чадаагүй нь өөрт байсан ганцыгаа хүртэл хураалгаж, харанхуй газар руу хөөгдөж байна.
Библид олныг зөвт байдалд авчрагчид тэнгэрийн хаанчлалд од мэт үүрд мөнхөд гэрэлтэх суу алдрыг хүртэнэ хэмээсэн байдаг (Дан 12:3). Олныг тэнгэрийн хаанчлал руу хөтөлж арван талант гаргасан хүмүүс хэрхэн худалдаа хийснийг бодож үзэцгээе. Дээр дурдсан их сургуулийн туршилтын үр дүнгээр бодоод үзсэн ч, тэд Бурханы хүслийн дагуу баяр баясал, талархлаар бялхаж байсан нь мэдээж. Харин нэг талант авсан хүн баяр баясал гэхээсээ гутранги бодол, эргэлзэх сэтгэлд автан, санаа зовнил сэтгэлийн дарамтанд байж, хийсэн ч юмгүй, хий дэмий цаг өнгөрөөсөн нь илт байна.
Бид нэг талант авсан хүн шиг хараахан болоо ч үгүй зүйлсийн төлөө урьдчилан айж өөртөө зовлон шаналал дууддаг мунхаг нэгэн болж болохгүй. Харин цэнгэл, баяр хөөр оргилсон тэнгэрийн хаанчлалыг бодоод, хүнд хэцүү нөхцөл байдлыг ч аз жаргалаар сольж чаддаг мэргэн ухаант хүүхдүүд болцгооё. Бурханы сургаснаар инээмсэглэж, баяр хөөртэй байж гэмээнэ бид бүгд арван талант гаргаж чадна.
“Үргэлж баяртай бай” хэмээсэн Эцэг Эхийн сургаалыг өнөөг хүртэл хэр дагаж, баяр баясгалан дунд амьдарснаа эргээд нэг тунгаацгаая. Бурхан энэ газрын богинохон амьдралд мэдрэх баяр баясгалан, аз жаргалаар тэнгэрийн хаанчлалын амьдралын амтыг жаахан ч гэсэн амсуулж байгаа. Мөн тэнгэрийн хаанчлалд оршиход зохистой төрхөөр бүгд өөрчлөгдөөд мөнхийн тэнгэрийн хаанчлалд очоосой хэмээн Бурхан биднээс хүсэж байгаа. Тиймээс бидэнд Исаактай адил хүүхэд болоорой гэж сургадаг.
Энэ дэлхий сүнсний хоргодох хот болохоор уйтгар гуниг, зовлон шаналал гарахгүй байна гэж үгүй. Ийм л ёолж гасалсан, санаа алдсан чимээг баяр хөөрийн дуун, баясал цэнгэлийн дуун, магтаалын дуунаар өөрчлөх нь Бурханд итгэдэг хүмүүс бидний хийх ёстой ажил юм. Гэртээ ч, сургууль дээрээ ч, ажил дээрээ ч “Үргэлж баяртай бай” гэсэн Бурханы үгийг хэрэгжүүлье. Улмаар хөршдөө, нийгэмдээ, улс орондоо, дэлхийн бүх хүнд тэнгэр Эхийн бүтээж буй баяр баясгалан, аз жаргалыг хүргэх Бурханы хүүхдүүд болохыг хүсэх байна аа.