Есүс загалмайд цовдлогдсоны учир нь тэнгэрт нүгэл үйлдсэн бидний гэм нүглийг уучилж өгөхийн төлөө эвлэрүүллийн тахилын золиос болсон юм. Үнэн дотор байгаа итгэгч нар хэн хүнгүй л энэ талаар сайн мэддэг.
Харин бид тэнгэрт ямар нүгэл үйлдсэн юм бол? Есүс эвлэрүүллийн тахил болсон үйл явдлаар бид ямар нүглийн улмаас хөөгдсөн болохоо мэдэцгээе.
Есүсийг загалмайд цовдлогдох үед Түүний толгой дээр “иудейчүүдийн Хаан” гэж бичсэн пайз хаддаг.
Тэд тэргүүн дээр нь «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж ялыг нь бичсэн пайз хадлаа. Мат 27:37
Есүсийг мэндэлсэн тухайн үед Ромын эзэнт гүрнээс тохоон томилсон Херод гэгч хаан иудейн газар нутгийг захирч байжээ. Харин Есүсийг сайн мэдээ тунхаглаж байсан үед Ромоос илгээгдэж ирсэн захирагч иудейн газар нутгийг удирдаж байв. Тиймээс Ромын цезарь (эзэн хаан)-аас гадна өөр хаан байх боломжгүй байж. Хэрвээ цезариас өөр хүн өөрийгөө хаан гэж дуудуулбал тэр хүнийг Ромоос урвасанд тооцдог байв.
Үнэн хэрэгтээ тэргүүн тахилч болон ахлагчид Есүсийн эсрэг зарга мэдүүлье гэхэд шашны учир шалтгаанаар яллах боломжгүй гэдгийг сайн мэдэж байлаа. Тэгээд Түүнд “Ромоос урвасан” гэсэн хэрэг тохохын тулд “Есүс иудейчүүдийн дунд үймээн дэгдээгч бөгөөд өөрийгөө хаанд өргөмжилсөн” гэх зарга мэдүүлээд аятай боломж отож байв. Тиймээс тэд Есүсийг сорьж байхдаа ч херодынхныг талдаа элсэн оруулжээ.
Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагахаа хамтдаа зөвлөлдөв. Тэд шавь нараа Херодынхонтой хамт Түүнд илгээж, ингэж асуулгалаа. … Бид Цезарьт (Ромын эзэн хаан) албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэхэд Мат 22:15-17
Иудейчүүд цаагуураа далд санаа өвөрлөсөндөө ингэж хэлсэн аж. Хэрэв Есүс “Ромын эзэн хаанд татвар өг” гэж хэлбэл “Есүс Ромын талыг баримтлагч” хэмээн шүүмжлэлийнхээ бай болгоно. Хэрэв “Эзэн хаанд татвар битгий төл” гэж хариулбал тэд херодынхноор гэрчээ хийн Ромын төрийг эсэргүүцсэн “урвагч” гэсэн нэр Есүст зүүлгэж, хэрэг мэдүүлнэ гэсэн арга заль сүвэгчилж байлаа. Харин Есүс тэдний хорон санааг мэдээд доорх байдлаар өгүүлэв.
Есүс тэдний хорон санааг мэдээд —Хоёр нүүртнүүд ээ, та нар юунд Намайг сорино вэ? Татварт өгдөг зоосыг Надад үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд Тэр —Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув. Тэд Түүнд —Цезарийнх гэхэд Есүс —Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ. Үүнийг сонсоод тэд мэл гайхаж, Түүнийг орхин одлоо. Мат 22:18-22
Ромын захирагч Пилат Есүсийг байцаахдаа “иудейчүүдийн Хаан”-ы талаар цохон асууж байлаа.
Пилат дахин ордондоо орж, Есүсийг дуудаад —Та иудейчүүдийн Хаан мөн үү? гэхэд Иох 18:33
Пилат Есүсийг байцаах үедээ ял оноох хэмжээний гэм нүгэл Түүнээс олж харсангүй. Харин Есүст ял оноогоогүй тохиолдолд өөрт нь улс төрийн шинжтэй аюул учирч болзошгүй байлаа.
Үүний улмаас Пилат Түүнийг суллахыг оролджээ. Харин иудейчүүд —Та энэ Хүнийг суллавал Цезарийн анд нөхөр биш. Өөрийгөө хаан хэмээгч хүн бүхэн Цезарийн дайсан мөн гэж хашхиралдаж байв. Тэр үгсийг Пилат сонсоод Есүсийг гаргаж, Шигтгэмэл чулуун индэр буюу еврейгээр Габбата гэдэг газарт шүүх суудалд суув. Иох 19:12-13
Хэрэв Пилат захирагч Есүст ял оноохгүй бол иудейчүүд Ром даяар бөөн шуугиан дэгдээнэ гэдэг нь ойлгомжтой байлаа. Ромын нутаг даяар “Захирагч урвагчийг хаацайлжээ” гэсэн цуу яриа газар авбал өөрт нь улс төрийн таагүй нөхцөл байдал учирч болзошгүйг Пилат захирагч таамагласан аж. Иймдээ ч иудейчүүдийн шаардлагыг хүлээн авсан хэрэг байв.
Эцэст нь иудейчүүдийн хилс гүтгэлгийн улмаас “урвасан” гэх хэргээр Есүсийг татаж, цаазын ял оноосон байна. Иймд Есүсийн толгой дээр “Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан” гэж бичсэн пайз хаддаг. Бидний Христ хүч чадал үгүйдээ ром цэргүүдэд цаазлагдсан хэрэг биш байв. Библид бичигдсэн бүх л зөгнөлийг ёсоор нь гүйцээх гэж зовлон тарчлалыг хүлцэн тэвчсэн юм.
Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв. Мат 26:53-54
Есүс Ромын эзэнт гүрний онц хүнд ял болох загалмайд хадагдан, амьсгал хураасан юм. Есүс бидний нүглийг үүрч “урвагч” хэмээн Өөрийгөө “цоллуулж” цаазаар авхуулсан нь биднийг тэнгэрт байхдаа ямар нүгэл үйлдээд энэ газарт хөөгдөж ирснийг харуулж байгаа хэрэг.
Бид тэнгэрт байхдаа урвалтын гэм нүгэлд унан, энэ газар уруу ирсэн болохоор Есүс ч бас “урвасан” хэмээх зүйл ангиар яллуулж, зөвт бус биднийг аварсан юм. Тиймээс бидний нүглийг “үхэхээс өөр аргагүй нүгэл” гэж онцлон хэлсэн байдаг. Бурхан бидний үхэхээс өөрцгүй гэм нүглийг уучилж өгсөн болохоор бид Бурхандаа талархаад талархаад баршгүй билээ.
Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үүрчээ. Гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов. Иса 53:4-6