Болохгүй нь юу билээ?

Үйлс 8:26-39

12,358 үзэлт

“Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв.”

Бурханы тэнгэр элчээр газарчлуулан замд гарсан Филипийн очсон газар нь цөл байлаа. Хүн амьдардаггүй шахуу цөлд Филип Етиопын дээд албан тушаалтан тайган амбантай уулзжээ. Тайган Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд, буцах замдаа тэргэндээ Библи уншиж явав.

Ариун Сүнсний хэлсэн үгээр тэргийг нь гүйцэн очсон Филип түүнээс уншиж байгаагаа ойлгож байгаа эсэхийг асуув.

“Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн утгыг нь мэдэх билээ?”

Тайган Филипийг тэргэндээ урьж суулгав.

“Тэр нядлагдах хонь мэт хөтлөгдсөн бөгөөд хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг амаа ч Тэр нээгээгүй юм… Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ?”

Тайганы асуултанд Филип тэрхүү ишлэлээс эхлэн Есүсийн тухай гэрчилж, сайн мэдээ тараав. Явж байгаад устай газар таарахад тайган ийн хэлжээ.

“Хараач, ус байна. Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ!”

Тэргийг зогсоогоод тэд хоёулаа ус руу орлоо. Филип тайганд баптисм хүртээв.

Улс орныхоо хөрөнгө санхүүг хариуцдаг, эрх мэдэл ихтэй Етиопын тайган амбан Филипээс сайн мэдээ сонсоод Есүс Христийг ухаарсан юм. Тэгээд тэр даруй Христийн нэрээр баптисм хүртэж, нүглийн уучлал авчээ.

Энэ тайган хэргэм зэрэгтээ таарсан тусгай газар баптисм хүртэхийг шаардаж болох л байсан. Харин тэрээр бохир, тааруухан орчин нөхцөлийг асуудал болгоогүй. Учир нь Бурханы үгийг дагах нь түүний нэр төрөөс илүү эрхэм болохыг мэдэж байлаа.

Ерөөлийн үнэ цэнийг мэддэг хүн Бурханы хүслийг хүндэтгэн дагадаг. Үүнээс илүү зүйл нэг ч үгүй. Үнэнийг эрхэм чухалд тооцон Бурханаас эмээдэг даруу байдал нь үхлээс сүнсийг минь аврах Аврагч хэн болохыг баттай мэдсэн үед л бүрэн суудаг ёс суртахуун билээ. Ийм л хүмүүсийг Бурхан цуглуулна. Бурханы захирамжийг тээж ирсэн дэлхийн бүхий л даруу хүмүүс бол тэнгэрийн орны эзэд юм (Зеф 2:1-3).