WATV.org is provided in English. Would you like to change to English?

Тэвчээрээр ерөөгдсөн итгэлийн өвөг дээдэс

405 Үзсэн тоо

Тэвчээрээр ерөөл авсан итгэлийн өвөг дээдсийн талаар Библид тэмдэглэгдсэн байдаг. Тэдний ул мөрөөр дамжуулан өнөө үед бидэнд байх ёстой тэвчээрийн талаар судалж үзэцгээе.

1. Иовын тэвчээр

Иов бол үнэнч шударгаар Бурханд үйлчилдэг, Бурханы мэлмийд зөвт сайн хүн байв. Мөн олон хүүхэдтэй, эд хөрөнгө ч элбэг дэлбэг, махан биеэр гачигдах юмгүй амьдарч байжээ. Гэтэл Иовд атаархсан Сатан түүнийг тэсвэрлэхэд үнэхээрийн хүнд хэцүү сорилтуудаар өдөөн хатгах болов. Иовыг хамаг эд хөрөнгөө алдахад хүргэж, бүх хүүхдийг нь үхүүлэв. Иов тэр бүх шалгууртай тулгарсан ч тэрээр Бурханд гомдоллож дургүйцэлгүй харин ч Бурханыг магтсан юм.

Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн, нүцгэнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг гэв. Энэ бүхэнд Иов нүгэл үйлдсэнгүй, халагламаар юм Бурханд хийсэнгүй. Иов 1:21-22

Сатан дараа нь Иовын хөлийн улнаас нь толгойн орой хүртэл бүх биеийг нь яр хатгинд бариулж сорьсон байдаг. Иовын эхнэр нь ч Иовыг одоо болтол Бурханд итгэсээр байх уу, Бурханаа хараагаад үх гэж ятгадаг. Гэвч Иов тийм нөхцөл байдалд ч Бурханд итгэх итгэлээ тууштай сахисаар байв.

Харин тэрээр түүнд —Чи мунхаг эмсийн адил ярьж байна. Сайныг Бурханаас хүлээн авсан бид, мууг хүлээн авах ёсгүй юу? гэв. Энэ болсон бүхэнд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй. Иов 2:10

Бурханд итгэх итгэлээ сахиж Сатаны сорилтыг ялсан Иовд эцсийн дүнд нь Бурхан асар их ерөөл хайрласан юм. Сорилт ирэхээс өмнө эзэмшиж байснаас нь хоёр дахин их өмч хөрөнгө, олон үр хүүхэд түүнд өгчээ. Иов асар их зовлон шаналал, сорилт шалгуур дунд ч Бурханд итгэх итгэлээ эцсээ хүртэл сахин хамгаалсан нь түүнд тэвчээр байсантай нь холбоотой. Бид ч мөн Иовын тэсвэр тэвчээрээс үлгэр дуурайл авч, итгэлийн амьдралд тулгарах элдэв зовлон бэрхшээлийг тэвчээрээр ялаад Бурханаас үлэмж их ерөөл хүртэцгээе.

Харагтун, бид тэвчсэнийг нь ерөөлтэйд тооцдог. Та нар Иовын тэвчээрийн тухай сонсож, Эзэний хийсэн төгсгөлийг харсан. Учир нь Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм. Иак 5:11

2. Элч Паулын тэвчээр

Элч Паул сайн мэдээ тунхаглах явцдаа олон сорилт шалгуур, хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарч байсан. Хэд хэдэн удаа шоронд хоригдон, таван удаа гучин ес ташуурдуулж, саваагаар жанчуулж, чулуугаар шидлүүлэн, усан онгоцны сүйрэлд өртөж, гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байжээ. Мөн тунхаглах аян замд гол усны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул, харийнхны аюул, хот дахь аюул, цөл дэх аюул, далай дахь аюул, хуурамч ах дүүсийн дундах аюулд өртөж, хөдөлмөр зүтгэл, дараа дарамт, байнгын нойр дутал, өлдөл цангал, үргэлжийн мацаг, ноорол нүцгэрэл, даарал хөрөлд байсан юм (2Кор 11:23-27). Паул элч энэ мэт хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарсан ч эцсээ хүртэл итгэлээ сахиж Бурханаас асар их ерөөл хүртсэн.

Паул элч зовлон бэрхшээл, шалгуурыг ялж, эцсээ хүртэл итгэлээ сахиж чадсан нь түүнд тэвчээр байсантай нь холбоотой. Тэрээр анхны сүмийн итгэгчдэд ч мөн тэвчээртэйгээр итгэлийн замаар алхах хэрэгтэйг онцолсон байдаг.

Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул аливаа саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе. Евр 12:1

Тэвчээрээр зовлон бэрхшээл, сорилт шалгуурыг ялан гарч Бурханаас ерөөл авсан элч Паулыг бид санах хэрэгтэй. Тэвчээргүйгээр яагаад ч ерөөл авч чадахгүй юм. Ямар ч хүнд хэцүү зүйл тулгарсан эцсээ хүртэл тэвчиж, ялан гараад Бурханы амласан ерөөлийг авах итгэгчид болцгооё.

Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй. Евр 10:36

Тунгаах зүйлс
Иов Сатаны сорилтыг эцсээ хүртэл Бурханд итгэх итгэлээрээ ялан гарч, ерөөл авсан нь түүнд юу байсантай нь холбоотой вэ?
Еврей 10:36 ишлэлд тэвчээр хэрэгтэйн учир шалтгааныг Паул элч хэрхэн тайлбарласан бэ?