Үгээрээ ерөөгдөж, үгээрээ хараагдана

조회 25,516

Хэлсэн үгээрээ ерөөл авсан болон хэлсэн үгнээсээ болж хараал хүртсэн хүмүүсийн тухай Библид бичсэн байдаг. Тэдний түүхээр дамжуулан бид ямар үг хэлэх ёстойгоо бодоцгооё.

1. Тэнгэрийн хаанчлалын түлхүүр авсан Петр

“Цезарь… Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! … Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гээд,” Мат 16:13-19

Есүсийг “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” гэж асуухад Петр ямар ч эргэлзээгүйгээр “Та бол Христ, амьд Бурханы Хүү” гэж хариулдаг. Петр итгэлтэй үг хэлснээрээ тэнгэрийн хаанчлалын түлхүүр гэх агуу том ерөөл авсан юм.

2. Аврал авсан баруун талын дээрэмчин

“Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж —Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач! гэв. Харин нөгөө нь түүнийг зэмлэн —Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд тэр —Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай гэв. Тэгтэл Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.” Лук 23:39-43

Есүсийг загалмай дээр байх үед ард олон болон захирагчид Түүнийг шоолж, “Хэрэв Та Христ мөн юм бол Өөрийгөө авраач” гэж тохуурхаж байв. Есүсийн зүүн талд байсан дээрэмчин хүртэл “Та чинь Христ биш бил үү? Биднийг авраач!” гэж доромжилж байлаа.

Гэтэл баруун талын дээрэмчин тэднээс өөр байв. Тэрээр Есүсийг ямар ч буруу юм үйлдээгүй хэмээн өмөөрч, тэр ч байтугай Есүст итгэх итгэлээ харуулан “Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай” гэдэг. Есүсийг загалмай дээр тарчилж, бүтээлүүддээ тохуурхагдан, доромжлуулж, хамгийн зовлонтой нөхцөлд байхад нь баруун талын дээрэмчний хэлсэн итгэлтэй үгс сэтгэлийг нь хөдөлгөж, Түүнд тайтгарал болсон юм. Тиймээс Есүс түүнд Өөртэй нь хамт диваажинд байхыг зөвшөөрчээ. Баруун талын дээрэмчин ивээлтэй үгээрээ авралын ерөөл хүртсэн.

3. Өөрсдийгөө төдийгүй үр удмаа ч хүртэл хараагдахад хүргэсэн иудейчүүдийн түүх

“Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан —Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ. Тэгтэл бүх хүн —Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг гэцгээв.” Мат 27:24-25

Иудейчүүд Христ болж ирсэн Есүсийг загалмайд цовдлох нүгэл үйлдсэн. Тэд “Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг” гэсэн үгээрээ өөрсөд дээрээ ял шийтгэл дуудсан. Эцсийн дүндээ тэд тэрслүү үгийнхээ уршгаар шийтгэгдсэн. МЭ 70 онд Иерусалим сүйрч, дэлхийн 2-р дайны үед Германы нацистуудад зургаан сая еврей алагдсан юм. Тэрслүү үгийнхээ уршгаар тэд өөрсдөө сүйрээд зогсохгүй үр удмаа ч хүртэл аймшигт сүйрэл амсахад хүргэжээ.

4. Канаан нутагт орж чадаагүй Мосе

“Хотол түмэнд уух ус тэнд байсангүй, тэгээд тэд Мосе Аарон нарын эсрэг цуглацгаав. … ЭЗЭН, Мосед… ус гаргуулахаар тэдний нүдний өмнө хадтай яригтун. … Сонсогтун, тэрслэгчид ээ. Бид энэ хаднаас та нарт ус гаргах ёстой юу? гэлээ. Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, хотол түмэн бас тэдний мал амьтад ууцгаав. Харин ЭЗЭН, Мосе Аарон нарт айлдахдаа —Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв.” Тоо 20:2-12

Нэг үгнээс болж Мосе нэг насных нь хүсэл байсан Канаан нутагтаа орж чадаагүй. Хадыг цохих үед Бурханы хүчээр ус оргилон гарсан. Харин Мосе Бурханыг алдаршуулах ёстой байсан ч тэгэлгүй, “Бид энэ хаднаас та нарт ус гаргах ёстой юу?” гэж өөртөө яруу алдар өргөсөн. Хэлсэн үгнээсээ болоод Мосе тэгтлээ хүсэн мөрөөдөж байсан Канаан нутагтаа хөл тавьж чадаагүй юм.

5. Израильчуудыг нүгэл үйлдэхэд хүргэсэн арван тандагч

“Тэд уг нутгийг тандаад, дөч хоногийн эцэст буцжээ. … Тэд биднээс хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний өөдөөс өгсөж очиж чадахгүй гэсээр байв. Тийнхүү өөрсдийн тагнасан нутгийн талаар тэд Израилийн хөвгүүдэд базаахгүй мэдээ дэлгэрүүлж —Бидний тагнан туулсан тэр нутаг нь оршин суугчдаа цөлмөж иддэг нутаг бөгөөд тэнд бидний харсан бүх ард түмэн нь хэмжээгүй том хүмүүс юм. Тэнд бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимээс гаралтай байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв. Даяар хотол түмэн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав. Израилийн бүх хөвгүүд Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож байв. …” Тоо 13:25-14:3

Канааныг тандсан арван хоёр тандагч дундаас арван тандагч нь Канаан нутгийг тэдэнд өгнө гэсэн Бурханы үгэнд итгээгүй бөгөөд тэд Канаан нутгийг хэзээ ч эзэлж чадахгүй хэмээн базаахгүй мэдээ дэлгэрүүлжээ. Үүний үр дүнд израильчууд бүгд Бурханы эсрэг гонгинолдов. Эцэст нь базаахгүй мэдээ дэлгэрүүлсэн тандагчид болон тэдэнтэй санал нийлэн гомдоллож, гонгинолдсон израильчууд цөм цөлд устгагджээ (Тоо 14:35-38).

Библийн энэхүү түүх бидэнд үг ямар чухал болохыг харуулдаг. Хэрэв та ивээлтэй, итгэлтэй үг хэлбэл Бурханы ерөөлийг хүртсээр байх болно. Харин итгэлгүй, муу муухай үг хэлбэл хараал, таагүй үр дагавар амсах болно. Библийн энэхүү сургаалыг санаж, үргэлж ивээлтэй, итгэлтэй үгээр ярьж, Бурханаасаа ерөөл их авцгаая.

Тунгаах зүйлс
Баруун талын дээрэмчин яаж аврал авсан бэ?
Мосе яагаад орохыг тэгтлээ их хүсэж байсан Канаан нутагтаа орж чадаагүй вэ?