Паул элч Коринт, Ефес, Македон, Грек, Трой, Асс, Митуленыг туулан явсаар Милетэд ирэв. Янз бүрийн бүс нутгаар явж сайн мэдээ тунхаглах явцдаа хаа явсан газартаа саад хийгчдээс үй олон аюул заналхийлэл, хавчлага дарамттай нүүр тулж байсан юм. Тэр ч байтугай үхлийн ирмэгт хүртэл тулж ирсэн удаа олон байв.
Бага Азийн нутгаас гарч Иерусалим руу явах цаг нь болов. Иерусалимд хичнээн олон сорилт хүлээж байгааг тэр мэдэхгүй байсан юм.
Паул Ефесээс ирсэн ахлагчдад хандан ийн хэлэв.
“Зөвхөн хүлээс болон зовлон намайг хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг. Гэвч би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.”
Паул гуйлт захиасаа хэлж дуусаад өвдөг сөгдөн залбирав. Тэд чангаар уйлалдан Паулыг үдэж гаргажээ.
Паул таван удаа гучин ес ташуурдуулж, саваагаар гурвантаа жанчуулж, тэнгисийн гүнд өдөр, шөнийг өнгөрөөж, хөдөлмөр болон хүнд хэцүү байдал дотор байж, олон удаа унталгүй, өлсөж, цангаж, нүцгэрч, даарч хөрч байсан юм. Паулын хувьд сайн мэдээ нь зовлон байжээ. Тийм байтал тэрээр тэрхүү алхаагаа зогсоосон ч үгүй, гэдрэг ухарсан ч үгүй. Учир нь тэрхүү зовлонгийн замынх нь эцэст мөнхийн тэнгэрийн хаанчлалын ерөөл болон зөвт байдлын титэм хүлээж байгаа гэдэгт тэрээр баттай итгэсэн юм. (2Кор 11:23-28, 2Тим 4:7-8)
Одоо бидний алхаж байгаа сайн мэдээний зам бол 2000 жилийн өмнө элч Паулын алхаж явсан зам. Паулаас өмнө Есүсийн алхаж явсан зам юм шүү. Хүнд хэцүү мөч байлаа ч түр зуурын сорилтыг ялж, даалгасан ажил үүргээ гүйцэтгэх юм бол мөнхийн тэнгэрийн хаанчлал нүдний өмнө дэлгэгдэнэ гэдгийг битгий мартаарай.