Шинэ сар, шинэ жил гарах бүрд та бүхэн маань дор бүрнээ хэр хэрдээ таарсан янз бүрийн төлөвлөгөө, зорилт гаргаж байгаа байх. Тэр бүхнээ амжилттай биелүүлье гэвэл өөрсдийнхөө чадварт найдахаас илүү Бурханд найдаж, Бурханыг түшдэг байх хэрэгтэй. Алив ажлын төлөвлөгөөг бид гаргаж байгаа ч угтаа бол тэр ажлыг бүтээдэг нь Бурхан гэдгийг Библиэр ч, амьдралаараа ч бид баталж болно.
Хүмүүс үр жимс сагсайтал ургасан модны нүдэнд харагдах үр жимс болон мөчрийг нь л анхаарч хараад байдаг болохоос нүднээс далд байдаг үндэснийх нь үүрэг, нөлөөг төдийлөн тоодоггүй. Харин бид модны үр жимстэй мөчрийг зөвхөн анхаарах биш, хорхой хүргэм жимс боловсрох хүртэл ус, тэжээлээр хангаж байсан үндсийг нь ч бас боддог байх хэрэгтэй. Мөчир хичнээн бат бөх, эрүүл байлаа ч үндэс байхгүй бол тэр мод амьдарч бас үр жимс гаргаж огтхон ч чадахгүй.
Сайн мэдээний үр жимс гаргах ч мөн адил. Хааяа бид далдаас тусалж, хүч өгч байдаг Бурханы хүч чадлыг огоорон, үр жимстэй мөчир мэт харагдах өөрсдийгөө эхлээд бодох үе байсан юм биш байгаа. Ажил бүтэх эсэх нь бүгд Бурханаас хамааралтай болохоос бидний чадвар, арга барилаас хамаардаг юм биш. Тийм болохоор юм бүхэн дээр эхлээд ямагт Бурханыг бодож, Бурхан бидний амьдарч байгаа энэ дэлхийг, бүх улс үндэстнийг удирдан жолооддог гэдгийг ухаарах хэрэгтэй. Тэгвэл бид сайн мэдээний төлөөх төлөвлөгөө, зорилтоо болон тавьсан зорилгоо биелүүлэх болно.
Одоо хуучин гэрээний Даниел номонд гардаг Небухаднезар хааны хэрэг явдлаар дамжуулан өөрсдийгөө эргэн нэг харж, гэмших цаг гаргацгаая.
Даниел 2-р бүлэгт дэлхийн түүхийн талаар чухал зүүд зүүдэлсэн Небухаднезар хаан 4-р бүлэгт өөртөө тохиолдох зүйлийн тухай дахин зүүдэлдэг. Тэрээр зүүдэндээ нэг мод тэнгэрт тултал өндөр ургаж, навчис нь сайхан, үр жимс нь элбэг, шувууд мөчир дээр нь амарч, хээрийн араатнууд сүүдэрт нь амарч, хүмүүс түүнээс хооллож байхыг харжээ. Тэгтэл тэнгэрээс ариун нэгэн бууж ирээд “Модыг цавчиж, мөчрүүдийг нь хярга. Навчсыг нь сэгсрэн унагаж, үр жимсийг нь тараан хая. Араатнуудыг доороос нь хөөж, шувуудыг мөчрөөс нь үргээ. Гэвч хожуулыг нь үндэстэй нь хамт газарт үлдээ. Тийнхүү долоон цаг үе түүн дээгүүр өнгөрөг” гэж хашхирч гэнэ.
Вавилоны илбэчид, зурхайчид, төлөгчид энэ зүүдийг тайлж чадаагүй учраас хаан Даниелыг дуудан зүүдээ тайлуулжээ (Дан 4:4-19). Даниелын тайлал дараахтай адил байлаа.
“… тэр мод бол аяа хаантан, та юм. Учир нь та агуу болж хүчирхэгжээд, сүр жавхлан тань нэмэгдэн тэнгэрт тулж, эрх мэдэл тань дэлхийн хязгаарт хүрсэн. Хааны харсан ариун сахиулсан тэнгэрээс бууж ирээд «Модыг цавчиж устга. Зөвхөн түүний хожуулыг үндэснүүдтэй нь газарт үлдээж, харин төмөр ба хүрлэн татлагаар баглаж, хээрийн өвсөн дунд байлга. Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж, хээр талын араатнуудтай хамт долоон цаг үе өнгөртөл байг» гэж хэлсэн. Аяа хаантан, тайлал ийм байна. Эзэн хаанд минь ирсэн Хамгийн Дээд Нэгэний зарлиг энэ билээ. Та хүмүүсээс хөөгдөж, орших газар тань хээр талын араатнуудтай хамт байж, та үхэр мэт өвс идэж, тэнгэрийн шүүдэрт норж, Хамгийн Дээд Нэгэн нь хүний хаанчлалыг захирч, хүссэн хүндээ түүнийг өгдгийг ойлгох хүртэлээ та энэ мэтээр долоон цаг үеийг өнгөрөөнө. Модны хожуулыг үндэснүүдтэй нь үлдээ гэсэн тушаал өгөгдсөнөөр, тэнгэр захирдаг гэдгийг ухаарсны дараа хаанчлал тань үлдэж тогтох юм. …” Дан 4:20-27
Бид Бурханд итгэдэг ч заримдаа Бурхан захирдаг гэдгийг ухаарч чадалгүй, тухайн ажлыг хийх үе байдаг. Мөчир болон мөчрийн үзүүрт бөнжигнөх үр жимс нь ил байхад үндэс нь үргэлж далд байдаг юм.
Нүдэнд харагдахгүй ч гэсэн далдаас шим тэжээл өгч байдаг модны үндэстэй адил Бурхан далдаас удирдаж байдгийг ухаарах үед Небухаднезарын хаанчлал тогтоно гэж Даниел хэлсэн. Бурхан Небухаднезар хаанд үзүүлсэн үзэгдлийн гол зорилго нь Бурханд хаан ширээнд суулгах ч, мөн татан буулгах ч эрх байдгийг, хаант улсын мандан бадрах, сулран мөхөхийн алийг нь ч Бурхан захирч байдаг гэсэн сургамж өгөхөд оршиж байв.
Цаг хугацаа өнгөрч Небухаднезар хаан Даниелаас сонссон сургамжаа ор тас мартжээ. Түүнээс хойш нэг жил орчмын дараа нэгэн өдөр тэрээр хааны ордны дээвэр дээр зугаалангаа Вавилон хотын дээрээс харжээ. Тэгээд түүнд гэнэт “Агуу их хүчээрээ, сүр жавхлангийнхаа алдрын төлөө миний бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү!” гэсэн бардам сэтгэл төржээ. Яг тэр үеэс түүний уналт эхэлдэг.
“… Арван хоёр сарын дараа тэрээр Вавилоны орд харшийн дээвэр дээр алхаж байлаа. Хаан “Агуу их хүчээрээ, сүр жавхлангийнхаа алдрын төлөө хаанчлалын өргөө болгож миний бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?” гэлээ. Энэ үг хааны аманд байх зуур тэнгэрээс нэгэн дуу гарч, “Небухаднезар хаан, чамд үүнийг хэлье. Хаанчлал чамаас зайлсан.” … Тэр даруй Небухаднезарын талаарх энэ үг биелэлээ олжээ. Тэрээр хүмүүсээс хөөгдөж, үхэр мэт өвс идэж эхлэн, үс нь бүргэдийн өд мэт, хумс нь шувууны савар мэт ургах хүртэл бие нь тэнгэрийн шүүдэрт норжээ. Харин тэр өдрүүдийн эцэст Небухаднезар би тэнгэр өөд өлийн харсан бөгөөд саруул ухаан минь надад эргэж ирсэнд би Хамгийн Дээд Нэгэнийг магтаж, … Миний хаанчлалын алдрын төлөө нэр алдар, сүр жавхлан надад эргэн ирэв. Зөвлөгчид, ихэс дээдэс маань намайг эрэлхийлжээ. Ийнхүү би хаанчлалдаа дахин сууж, агуу байдал надад улам нэмэгдэв. Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.” Дан 4:28-37
“Би өөрөө хийсэн” гэж бодох мөчид Небухаднезар хааны бүх саруул ухаан алга болж, араатны сэтгэлтэй болж, хаан ширээнээсээ хөөгдсөн юм. Долоон жилийн турш араатнаас өөрцгүй амьдарсны эцэст хүмүүний сул доройг ухаарч Бурханыг бодсон.
“Би өөрийгөө ч хянаж чадахгүй байж энэ Вавилон хотыг бүтээн босгосон гэж яаж хэлж зүрхэлсэн юм бол? Энэ бүхнийг Бурхан Өөрөө л гүйцээж байж.” Ийн ухаарсан үед араатны сэтгэл нь алга болж, саруул ухаан нь эргэн ирсэн учраас тэрээр хаан ширээндээ дахин сууж, төр улсаа дахин удирдсан билээ.
“Би үүнийг хийсэн” гэх бодол нь маш аюултай. Та нар хэрвээ өөрөө өөрөөрөө бахархаж эрдэх юм бол энэ нь сэтгэлийг чинь сүлбэн нэвтлэх Сатаны хурц иртэй галт сум гэдгийг ухаарч аваарай. Небухаднезар хаан “Би хийсэн” гэсэн бодол өвөрлөх мөчид бүх саруул ухаан нь алга болж, араатны сэтгэлтэй болж, араатан шиг амьдрах болсонтой адил бид ч мөн Бурханыг мартан, “Би хийсэн” гэсэн бодол төрөх аваас араатны сэтгэлтэй болно. Араатны сэтгэлтэй болохгүйн тулд үргэлж Бурханыг боддог мэргэн ухаантай байх хэрэгтэй.
Итгэлийн замаар алхахдаа үнэнээр бахархаж байгаа бол сайхан л хэрэг. Харин огтхон ч өөрийгөө өргөмжилж болохгүй. Бурханы үгийг бид өөрсдийнхөө хүчээр сайн тунхаглаж, өөрсдийнхөө хүчээр алдагдсан тэнгэрийн гэр бүлээ олноор нь авчирсан биш юм. Бидний хүчээр тэдний сэтгэл хөдлөөгүй. Бурханыг л бүрэн дүүрэн түшсэн болохоор, Бурхан хүч чадал, нөхцөл боломжийг өгсөн болохоор өнөөгийн бид байгаа юм. Үнэндээ бид ганц өөрийнхөө сүнсийг ч зөв захирч чадахгүй сул дорой хүмүүс шүү дээ.
Бурхан түүхээ гүйцэлдүүлэхдээ онцгой хүнийг хэрэглэхгүй. Небухаднезар биш өөр хүнийг Вавилоны хаанаар сонгосон ч төлөвлөснөөр нь биелэх л байсан. Мөн түүнд биш өөр хүнд ч энэ яруу алдрыг өгч болох байсан. Искариотын Иудасыг арван хоёр элчийн суудлаас хасагдах үед ч Маттиа гэдэг шавь даруй тэр суудлыг дүүргэсэн шүү дээ (Үйл 1:15-26). Дэлхийн зургаан тэрбум хүнээс энэ суудалд ирэх өөр хүн байгаагүйдээ биднийг дуудсан юм биш. Мөн биднийг бусад хүнээс илүү мундаг гээд дуудсан юм биш.
Бурхан бүх зүйлийг захирч, би гэх оршихуйг ч, миний гэр бүлийг ч, манай сүмийг ч бүгдийг нь удирдан залж байгааг ухаарах үед өрх гэр маань ч тэр, сүм маань ч тэр зөв оршин тогтнож чадна. Небухаднезар хаан ч үүнийг ухаарсны дараа сая нэг хаанчлал нь бат тогтсон. Хэдийгээр бид өчүүхэн сул дорой оршихуй ч гэлээ Бурханд найддаг учраас “Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно” (Иса 60:22) гэсэн зөгнөл биелнэ гэдэгт итгэдэг.
Хуучин гэрээнд Мосег израиль ард түмнийг Египетээс чөлөөлсөн агуу эш үзүүлэгч гэж тэмдэглэсэн байдаг ч тэрээр яг нүднийх нь өмнө ирсэн Канаан нутагт орж чадаагүй. Энэ нь түүний Небухаднезар хаантай адилхан “Би хийсэн” гэсэн бодол өвөрлөж, тийм үг амнаасаа гаргасантай нь холбоотой юм.
“Хотол түмэнд уух ус тэнд байсангүй, тэгээд тэд Мосе Аарон нарын эсрэг цуглацгаав. Ард олон Мосетой маргалдан —Бидний ах дүүс ЭЗЭНий өмнө мөхөх үед бид ч мөхсөн болоосой! Биднийг болон мал амьтдыг маань энд үхүүлэхээр юунд чи ЭЗЭНий чуулган болох биднийг энэ цөлд авчрав? … ЭЗЭН, Мосед —Таягаа ав. Чи өөрийн ах Ааронтай хамт даяар хотол түмнийг цуглуулаад, ус гаргуулахаар тэдний нүдний өмнө хадтай яригтун. Ингэж чи тэдэнд хаднаас ус гаргаж, даяар хотол түмэн ба тэдний мал амьтныг услагтун гэв. … Мосе Аарон нар хадны өмнө чуулганыг цуглуулаад тэр тэдэнд —Сонсогтун, тэрслэгчид ээ. Бид энэ хаднаас та нарт ус гаргах ёстой юу? гэлээ. Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, хотол түмэн бас тэдний мал амьтад ууцгаав. Харин ЭЗЭН, Мосе Аарон нарт айлдахдаа —Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв. …” Тоо 20:2-13
Ард түмэн ус байхгүй гэж янз бүрийн муу үгээр Мосе Аарон нарт гомдоллосонд дөчин жилийн турш ард түмнээс тоо томшгүй их гомдлын үг сонсож ирсэн Мосегийн тэвчээр хязгаартаа хүрсэн. Уурласан Мосе “Бид энэ хаднаас та нарт ус гаргах ёстой юу?” гэж хэлснээрээ насан туршийн амьдралдаа хар толбо үлдээсэн юм.
Ард түмэнд ус өгсөн нь Бурхан. Тэгтэл Мосе өөрөө болон Аароныг ус гаргадаг мэтээр хэлсэн. Дөчийн дөчин жил Бурхантай ойр байсан Мосег тэгж хэлэхэд нь Бурхан маш их зэмлэсэн. Бурхан түүхийг биелүүлдэг гэдгийг мартах аваас яг Небухаднезар хаан яруу алдар, эрх мэдэл, эрхэм гэж үзсэн бүгдээ алдаж, араатан мэт амьдарсан шиг тийм золгүй явдлыг өөртөө дууддаг учраас Бурхан “Би хийсэн” гэх бодлыг хатуу зэмлэж, анхааруулдаг байна. Эцэст нь эл явдлаас болоод Мосе Аарон нар Канаан орж чадалгүй цөлд үхэх болдог.
“Дараа нь ЭЗЭН, Мосед —Энэ Абарим ууланд гарч, Израилийн хөвгүүдэд Миний өгсөн нутгийг харагтун. Түүнийг харсныхаа дараа чи өөрийн ах Аароны адил эцэг өвгөд уруугаа одох болно. Учир нь Зиний цөлд усны дэргэд хотол түмний мэтгэлцэн байх үед тэдний нүдний өмнө Намайг ариунаар харагдуулах Миний тушаалын эсрэг чи тэрсэлсэн гэв. …” Тоо 27:12-14
Бурханыг мартаад “Би хийсэн” гэж хэлсэн нь эцэстээ Канаан нутагт орох гавьяагүй болгосон юм. Тэнгэрийн Канаан нутагт орохыг хүсэн хүлээж байгаа бидний чинхүү анхаарах ёстой зүйл энэ. Мосе болон Небухаднезар хааны үед тэдэнд анхааруулж сургасан зүйл юу ч байгаагүй. Тэгтэл одоогийн бидэнд сургамж авах 6000 жилийн түүхэн жишээ Библи дээр бичигдсэн байна шүү дээ. Небухаднезар хааныг “Би хийсэн” гэх үед нь орхиж явсан Бурханы хайр ивээл, “Бид ус өгнө” гээд Канаан орж чадаагүй Мосе… Энэ бүхнийг өнөө үед итгэлийн замаар алхаж яваа бидэнд сургамж анхааруулга болгон Библид бичсэн юм.
Энэ дэлхий нь Бурхан тэнгэрийн хаан тахилч нараа хүмүүжүүлж, цэвэршүүлж байгаа шавар ваартай адил үүрэг гүйцэтгэдэг газар билээ. Бүх цаг үе, түүх, өдий төдий ээдрээ, эргэн тойронд маань байгаа нөхцөл байдлууд… Энэ бүхнийг нэгтгээд өөрсдийгөө эргэн нэг харцгаая. Тэгэх юм бол Бурхан бидний сул талыг мэдээд, цэвэршүүлэхийн тулд хүн тус бүрд хамгийн тохиромжтой нөхцөл байдлыг өгч, эцэст нь ерөөл өгөхийн төлөө бүх явцыг удирдсан гэдгийг бид ухаарах болно.
Тийм учраас бид үргэлж Бурхантай хамт байлгаач гэж тасралтгүй залбирч байх хэрэгтэй. Өчүүхэн, сул дорой биднийг сонгож, бүх нөхцөлийг бий болгож, цэвэршүүлж буй ивээлийг нь бодон, үргэлж баяртай байж, бүх зүйлд Бурхандаа талархал ба яруу алдар, магтаал өргөх хэрэгтэй.
“Сонсож, анхаарал тавь, битгий бардамна. Учир нь ЭЗЭН айлджээ. Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, бүрэнхий уулс дээр мөн хөл чинь бүдрэхээс өмнө та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг үхлийн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө Бурхан ЭЗЭНдээ алдрыг өргө. Харин чи үүнийг сонсохгүй бол сэтгэл минь бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.” Иер 13:15-17
Өөртөө яруу алдар өргөснөөр сүйрч байгаа хүмүүсийг хараад Бурхан гашуудан уйлна гэж айлдсан. Тийм болохоор бид зөвхөн Бурханд яруу алдар өргөх ёстой. Сайн мэдээний түүхийг бид биелүүлж байгаа юм биш. Бурхан бүгдийг нь биелүүлээд явж байна. Харин бид тэр ажилд Бурханд дуудагдаж, Бурханы үг мөнх амь гэдгийг мэддэг болохоороо л Бурханыг дуулгавартай дагаж байгаа төдий.
Сансар огторгуйг удирддаг Бурхан яагаад зориуд хэн ч биш хүн төрөлхтөн биднийг Бурханд яруу алдар өргө хэмээсэн байх уу? Энэ нь бидний ашиг тусын төлөө юм. “Сүйрлийн өмнө бардам зан” гэсэн үг бий. Харин тэнгэрийн хаанчлал нь Бурханд яруу алдар өргөдөг даруу хүмүүсийн л явж чадах газар учраас тэр юм.
Том жижиг ямар ч ажил бүтэх үед Бурханы хүчээр бүтсэн гэдгийг ухаарч, Бурханд үргэлж яруу алдар өргөдөг зуршилтай болох хэрэгтэй. Бурханыг үргэлж магтаж байсан Давид ийм зуршилтай итгэлийн өвөг байсан талаар Дуулал номонд бичсэн байдаг.
“Харцаа би уулс өөд өргөнө. Хаанаас надад тусламж ирэх вэ? Тэрхүү тусламж минь тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс.” Дуу 121:1-2
“Бидэнд биш, өө ЭЗЭН, бидэнд биш, энэрэл хайр ба үнэнийхээ төлөө Өөрийнхөө нэрд л алдрыг өргө. … ЭЗЭНээс эмээгчид ээ, ЭЗЭНд итгэгтүн. Тэдний тусламж, тэдний бамбай нь Тэр юм. ЭЗЭН биднийг санасаар ирсэн, Тэр ерөөнө. Израилийн гэрийг ерөөнө. Аароны гэрийг ч бас ерөөнө. ЭЗЭНээс эмээгсдийг их багагүй хамтад нь Тэр ерөөнө. … Харин бид өдгөөгөөс өнө мөнхөд ЭЗЭНийг магтана. ЭЗЭНийг магтагтун!” Дуу 115:1-18
Бурхан Давидын ийм даруу сэтгэлийг нь харсан болохоор түүнийг хайрласан. Тэрээр Бурханыг үргэлж бодож, Бурханд итгэж, яруу алдар өргөдөг чин сэтгэлтэй байсан тул дайны талбарт тулалдах бүрдээ ялж байсан бөгөөд Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн гэж хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Давид шиг үргэлж Бурханыг бодож, бүх яруу алдрыг Бурханд өргөх үед бид илүү хүчирхэгжиж, газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавигдах юм. Ийм сэтгэлтэйгээр үнэнийг тунхаглах аваас үнэний гэрэл илүү тод гэрэлтэх болно.
Хүнийг өөрийг нь ч мэдээгүй байхад бардам сэтгэл төрөөд ирдэг. Би мундагтаа үр жимс гаргаж, би мундагтаа албан тушаал авсан гэж бодох энүүхэнд. Энэ нь Небухаднезар хаан болон Мосед төрсөн бардам сэтгэл юм. Харин Бурхан биднийг ард түмнээ болгон сонгосонд үргэлж талархаж, баяртай байвал Бурханы яруу алдрыг яахан хойш тавьж, яахан өөртөө яруу алдар өргөн бардамнах билээ?
Бурхан хамт хийхгүй бол бид юу ч хийж чадахгүй. Бурхан бол бидний гэрэл. Гэрэл байхгүй бол нүд байгаад ч харж чадахгүй, хөл байгаад ч зөв алхаж чадахгүй.
Бурханыг боддог өчүүхэн сэтгэл байхад л бидний итгэл өсөж, шинэ гэрээний үнэн илүү их гэрэлтэж, сүнслэг гэр бүл болсон ах эгч дүүс маань хайр болон үнэн дотор нэгдэх болно. Хэрвээ үргэлж “би” гэдэг оршихуйдаа эрдэж, өөрийгөө л зөвхөн бодоод байвал бидний дотор Бурхан оршихоо байж, “би” гэгч л үлдэх юм. Тэгвэл зуун дөчин дөрвөн мянга болох бид нэг болж огт чадахгүй, тус тусдаа л үлдэнэ.
Бүх юмсыг Бурхан удирдан явуулж байгааг ухаарах үед л хаанчлал нь илүү хүчирхэгждэг гэдгийг Библи бидэнд сургаж байна. Бид үүнийг л ухаарч, цаг ямагт Бурханыг бодон, Эцэг Эхийн айлдсан эрхэм нандин үгийн дагуу сайн мэдээний ажлаа ивээлтэйгээр хийж дуусгацгаая.