Елохим Бурхан

28,598 үзэлт

Хүүхдүүд нь эцэг эхийнхээ үгийг дагах үүрэгтэй байдаг. Үүнтэй адил хүний үндсэн үүрэг бол Бурханыг мэдэж, тушаалыг нь дагах явдал юм. Энэ ертөнцөд үнэний гэрэл болон ирсэн Бурханыг таньж мэдэх ёстой. Харин энэ эрин үеийн бурхан болох диавол хүмүүсийг Христийн алдрын гэрлийг үзэхгүй болгосон учраас Бурханыг мэдэх нь тийм ч амар биш юм (2Кор 4:4).

“Тиймээс таньж мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Үүр цайх нь баттай лугаа адил Түүний ирэх нь гарцаагүй. Бороо мэт, газар дэлхийг услах хаврын бороо мэт Тэр бидэнд ирнэ.” Хос 6:3

Энд Бурханыг мэдэх нь сүүлийн борооны Ариун Сүнс авах нөхцөл болно гэж зааж өгсөн. Бид Ариун Сүнсний өвч зэвсгийг агсаж, хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно гэсэн зөгнөлийг гүйцэлдүүлэхийн тулд Бурханы тухай зөв мэдлэгтэй байх ёстой юм.

Тиймээс Библид Бурханыг мэдэхийн тулд шамдаж, итгэлээ хадан дээр баттай суурилуулаарай хэмээн айлдсан.

Эрэгтэй дүр төрхийн Бурхан ба эмэгтэй дүр төрхийн Бурхан

Бурханыг мэдэхийн төлөө шамдах явцдаа бид эрэгтэй, эмэгтэй дүр төрхтэй Бурхан байдгийг ухаарцгаая.

“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:26-27

Бид ерөнхийдөө хамгийн дээд, цорын ганц Бурхан гэсэн утгаар Бүтээгч Эзэнээ “Бурхан” гэж нэрлэдэг. Тэрхүү Бурханыг цорын ганц гэж мэддэг. Харин Эхлэл номноос харвал тэнгэр газар түмэн бодис, хүнийг бүтээсэн Бурхан нь “Бид” хэмээсэн олон тооны Бурхан байна.

Хэрэв хэн нэг зураач эрэгтэй хүнийг модель болгоод зурвал эрэгтэй хүний хөрөг зурна. Эмэгтэй хүнийг модель болгон зурвал эмэгтэй хүний хөрөг бүтээнэ. Бүтээгч Бурхан Өөрсдийнхөө дүр төрхийг модель болгоод хүн бүтээсэн ба эрэгтэй, эмэгтэй хүн бүтээсэн. Энэ нь Бурхан эрэгтэй, эмэгтэй дүр төрхөөр оршдогийг харуулж байна.

Өнөө үеийг хүртэл Библи судлаачид Бурханыг цорын ганц эрэгтэй дүр төрхөөр байдаг гэж тодорхойлоод, Эцэг Бурхан хэмээн нэрлэсээр ирсэн. Тэд эмэгтэй Бурхан байгаа гэдгийг огт дурдаагүй. Библид нотолсоор байхад ч тэд Эцэг Бурханаас гадна Эх Бурхан байдаг гэхээр өөрсдийнх нь зан заншил, заадаг сургаалын эсрэг болохоор тэрс үзэл хэмээн үүнийг санаатайгаар үгүйсгэж байдаг юм.

Харин цаг нь болохоор үнэн зайлшгүй илчлэгддэг юм. Бурханыг шамдаж мэдэх нь сүүлийн борооны Ариун Сүнсийг хүлээн авах нөхцөл гэсэн Бурханы үгийг саная. Дэлхий дээр хүн бүр Улаан тэнгисийг хоёр хуваасан Бурханыг мэднэ. Тэр ч бүү хэл Христэд итгэгч биш хүмүүс ч зургаан өдөрт бүх юмсыг мөн Адам Еваг бүтээсэн Бурханыг мэднэ.

Тэгвэл Бурханыг шамдан мэдэх ёстой зүйл нь юу вэ? Эрэгтэй дүр төрхийн Эцэг Бурхан болон эмэгтэй дүр төрхийн Эх Бурхан байгаа учраас ийн айлджээ. Энэ талаар баттай мэдвэл бид Библийн 66 номонд тодорхойлсон мэргэн ухаан, амийн бүх зүй тогтлын тухай бүрэн ойлгож чадна.

Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүн нь Адам Ева хоёр. Эхлээд Бурхан Адамыг бүтээж, дараа нь түүнд зориулж туслагчийг бүтээхээр шийджээ. Адамыг гүн нойронд автуулж, хавирганаас нь нэгийг авч Еваг бүтээсэн юм (Эхл 2-р бүлэг үзэх).

Яагаад Адамд туслагч Ева хэрэгтэй болсон юм бол? Учир нь эрэгтэй хүн хүүхэд төрүүлж, хөхүүлж чадахгүй. Бурхан хүнийг бүтээхдээ тийм үүргийг эмэгтэй хүнд даатгасан юм.

Бурхан Адам, Еваг бүтээхэд тэд тус бүр өөр үүрэгтэй байв. Адам нь ирэх байсан Түүний буюу Хоёрдугаар Христийн дүрс юм (Ром 5:14). Тийм болохоор эхнэр Ева нь хоёр дахиа ирэх Христ болох Хурганы эхнэрийг бэлгэдсэн юм. Энэ агуу үнэн Эхлэл номонд нуугдаж байсан билээ.

Бид эрэгтэй төрхийн Бурхан болон эмэгтэй төрхийн Бурханы хийх ажил юу болохыг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханыг мэдэх мэдлэгийн эхлэл юм.

Амь өгөх нь эхийн үүрэг

Өөрсдийн дүр төрхийн дагуу хүнийг бүтээсэн Бурханы зүй тогтлоор дамжуулан Түүний талаар илүү мэдлэгтэй болцгооё.

“… Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ. … Харин Адамд тохирох туслагч олдсонгүй. Иймд ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж түүнийг унтуулаад хавиргаас нь нэгийг сугалан авч ормыг нь махаар бөглөжээ. ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв. Адам —Энэ чинь л яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм. Эр хүнээс авагдсан тул эм хүн гэж нэрлэгдэг гэжээ. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог.” Эхл 2:4-24

“Хүн эхнэрээ Ева (“амь” гэсэн утгатай) гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон аж.” Эхл 3:20

Эхлэл номонд гардаг энэ мэт зүй тогтлоор дамжуулан Христийг бэлгэдсэн Адам, Христийн эхнэрийг бэлгэдсэн Ева, хүн төрөлхтнийг бэлгэдсэн тэдний хүүхдүүдийн талаар мэдэж болно. Адам бол Христ, Ева бол Түүний эхнэр, тэдний хүүхдүүд болох Абел, Каин нь аврал авах хүүхдүүд болон аврал авахгүй хүүхдүүдийг өөрөөр хэлбэл энэ газар амьдарч байгаа хүн төрөлхтнийг бэлгэдсэн юм.

Дээр дурдсанчлан Библи нь Бурхан эрэгтэй, эмэгтэй хоёр дүр төрхөөр оршиж байдгийг баталдаг. Өнөөг хүртэл ихэнх хүн эрэгтэй төрхийн Бурхан л байгаа гэж таамагласан өөрсдийн ойлголтоор явдаг. Харин одооноос Библийг дагах хэрэгтэй. Аврал нь зөвхөн Бурханы хүслийг дагасан хүмүүст өгөгдөнө.

Елохим Бурханы удирдаж байгаа хүн төрөлхтний түүх

Эрэгтэй, эмэгтэй дүр төрхтэй тул “Бид” хэмээн айлдсан Бурханы талаар Библиэс дахин нэг харцгаая.

“Бүх дэлхий нэг хэл, нэг аялгуутай байлаа. Тэд… —За хөдөлцгөөе, бүгдээрээ хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ. ЭЗЭН хүний хөвгүүдийн барьж байгуулсан хот ба цамхгийг үзэхээр бууж иржээ. ЭЗЭН айлдаж… Алив, бууцгаая, (Бид бууцгааж, 2004 оны хэвлэлт) тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Нэг нь нөгөөгийнхөө үг хэлийг ойлгохгүй болгоё гэв. Тэгээд ЭЗЭН, тэднийг тэндээс бүх дэлхийгээр нэг тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ. ЭЗЭН бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан уг газрыг Бабел гэж нэрлэв. …” Эхл 11:1-9

Эхлэл 1-р бүлэгт эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээхдээ “Бид хүнийг буй болгоё” хэмээн айлдсан тэр Бурхан “Бид бууцгааж” хэмээн эрэгтэй, эмэгтэй Бурхан хоёул бууж, хүмүүсийн бардам занг дарж, бузар мууг үйлдэхийг нь зогсоож байгааг Эхлэл 11-р бүлгээс хамтдаа харлаа.

“… Дараа нь —Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод —Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд…” Иса 6:7-10

Исаиа номонд Бурхан “Хэн Бидний төлөө явах вэ?” гэж айлдсан. Харин “Хэн Миний төлөө явах вэ?” гэж айлдаагүй. Эндээс Эцэг, Эх Бурхан хоёул хамтдаа бидний авралын үйл хэрэг болон сайн мэдээний түүхийг гүйцэлдүүлж байгааг харж байна.

Библийн олон ишлэлд Бурхан “Бид” хэмээн айлдаж, хамтдаа ажиллаж байдгийг харлаа. “Бурхан” гэж орчуулагдсаныг еврей эх хэл дээрх Библиэс үзэхэд ганц тооны Бурханыг “Ел”, “Елоах” хэмээн тэмдэглэж, олон тооны “Бурхад” гэснийг “Елохим” гэж илэрхийлсэн байдаг. Товчоор хэлэхэд “Елохим” гэдэг нь “Бурхад” гэсэн үг.

Елохим Бурхан бүх юмсыг, мөн “Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё” хэмээн айлдаад, хүнийг бүтээсэн. Эхнээсээ л Эцэг, Эх Бурхан хоёул хамтдаа ажиллаж, мөн хамтдаа “Бид бууцгааж” хэмээн айлдаад, Бабел цамхгийг барьсан хүмүүсийн бардам занг дарж, хэлийг нь хутгалдуулан самууруулсан юм. Тэд мөн Исаиа эш үзүүлэгчийг дуудахдаа ч “Хэн Бидний төлөө явах вэ?” гэж айлдсан. Ийнхүү Елохим Бурхан буюу Эцэг, Эх Бурхан бүх түүхийг хамтдаа гүйцэлдүүлсэн.

Цагт нь Сүнс ба Сүйт бүсгүй болон гарч ирэх Бурхан

Тэгвэл Сүнсээр оршиж байсан Елохим Бурхан хэзээ гарч ирэхийг судалж үзье. Бүтээлийн эхлэлийг хамт тавилцсан болохоор бүтээлийн төгсгөлийг ч мөн Елохим Бурхан хоёул хамт гүйцэтгэх болно.

“Ерөөлт бөгөөд цор ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн цагт нь үүнийг харуулна. Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг! Амен.” 1Тим 6:15-16

Бурхан цагт нь үүнийг харуулна хэмээн Библид айлдсан. Бурхан бидний нүдэнд харагдана хэмээсэн нь махан биеэр ирнэ гэсэн үг. “Бид” төрхөөр өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүний төрхөөр тэнгэр элчээс ч дорд болж ирнэ хэмээсэн. Гэвч үнэн хэрэгтээ Тэр бол 6000 жилийн авралын үйл явцыг төлөвлөсөн жинхэнэ Бурхан юм.

Ром номонд ч мөн Адам гэх ганц хүнээр ертөнцөд нүгэл орж ирсэн хэмээн айлдсан. Харин үнэн хэрэгтээ Ева түрүүлж нүгэл үйлдсэн боловч төлөөлөл болгон Адамын нэрийг л дурдсан. Үүнтэй адил үе тус бүрийн Аврагчийн нэрийн тухайд ч зөвхөн Эцэг Бурханы нэр төлөөлөл болон дурдагдсан аж.

Харин “Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй” гэгдсэн Бурхан цаг нь болохоор бидэнд илчлэгдэнэ хэмээсэн. Ямар төрхөөр илчлэгдэхийг судалж үзэцгээе.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Цаг нь болохоор Бурхан Сүнс болон Сүйт бүсгүй болж ирээд, амийн усыг өгнө гэдгийг бид харлаа.

“Хурсан олны дуу шиг, их усны шуугиан мэт, хүчит аянгын нүргээн адил —Халлелуяа! Төгс хүчит Эзэн Бурхан маань хаанчилж байна гэхийг би сонсов. Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс юм.” Илч 19:6-8

“Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай байсан долоон тэнгэрэлчийн нэг нь ирээд надтай ярилцан —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ.” Илч 21:9-10

Цаг нь болохоор гарч ирэх Хурга болон Түүний эхнэр нь Эцэг Бурхан болон Сүйт бүсгүй болсон Эх Бурханыг хэлж байна. Эцэг, Эх Бурхан бидэнд амийг өгөхөөр эцсийн өдөрт ирнэ гэсэн утгатай.

Энэ талаар “Бурханы нууц ба амийн усны ундарга” номын 24-р бүлэгт 6 дахь өдөр буюу сүүлчийн өдөр Сүнс ба Сүйт бүсгүй гарч ирээд, аврагдах харь хүмүүсийг хөтөлнө гэж илэрхийлсэн байгаа. Цаг нь болбол Бурхан Өөрийн төрхөө илчилнэ гэсэн зөгнөл нь биелэгдсэн. Бидэнд амь өгөгч Бурхан Сүнс болон Сүйт бүсгүйн төрхөөр илчлэгдсэн юм. Сүнс болон Сүйт бүсгүй нь Бурхан болохоор л амийн усыг өгч чадна.

Могой (Сатан) бол эмэгтэйн (Эхийн) дайсан

Гэтэл Сүнс болон Сүйт бүсгүй өөрөөр хэлбэл Эцэг Эх Бурханаар түүхээ гүйцэлдүүлж байгаа Елохим Бурханы мөнх амийн ерөөл бидэнд өгөх энэхүү эрхэм үнэнд саад хийхийг оролддог нэгэн дайсан байгаа тухай Библид дурдсан байдаг. Энэ дайсан нь амийн ус өгөгч Бурханыг таньж мэдүүлэхгүй болгон, үхлийн зам руу хүмүүсийг хөтлөгч диавол юм.

“ЭЗЭН Бурхан нөгөө могойд —Чи ийм хэрэг хийсэн учир хамаг мал адгуус хийгээд хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдав. Чи хэвлийгээрээ мөлхөн явж, амьдралынхаа бүхий л хоногуудад тоос шороо идэх болно. Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална гээд” Эхл 3:14-15

Есүсийг анх удаа ирэхэд энэ зөгнөлийн хэсэгхэн нь биелсэн юм. Могой буюу диавол нь Елохим Бурханы ялангуяа Эх Бурханы дайсан болохоор тэр.

Могой буюу диавол нь эмэгтэйн насан туршийн дайсан юм. Тэр эмэгтэй буюу Эх Бурхан биднийг амийн замаар, харин өнөөх могой биднийг үхлийн замаар хөтлөхийг оролдож байна. Иймд ертөнцийн эхнээс төгсгөл хүртэл дайсан болохоос өөрцгүй. Диавол янз бүрийн заль мэхээр Эх Бурханы үнэнд саад хийхийг оролдож байна. Амь өгөгч Эх Бурханыг мэдүүлэхгүйн тулд Библийн түүхэнд хамтдаа ажиллаж буй Елохим Бурханы тухай ишлэлийг зальт үгээрээ няцаан, элдэв арга сүвэгчлэн, ганц сүнсний амь ч болтугай залгиж үхэл рүү хөтлөхийн төлөө хамгийн дээдээрээ хичээж байгаа юм.

Диавол саад хийхийн хэрээр бид эрүүл ухаантай, сонор сэргэг байж, Бурханы тухай үнэн зөв мэдлэгээрээ Сатаныг баттай эсэргүүцэх хэрэгтэй.

Шинэ гэрээ Эх Бурханыг илчилдэг

Шинэ гэрээгээр дамжуулаад бид Бурханы талаар илүү баттай мэдлэгтэй болно. Библид “Хууль нь биднийг Христ рүү хандуулах зааварчлага” хэмээн айлдсан (Гал 3:24). Тэгвэл шинэ гэрээний хуулиар газарчлуулан Елохим Бурханд ойртон очъё.

“… Учир нь ЭЗЭН дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ.” Иер 31:21-22

“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. … “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”” Иер 31:31-34

Иеремиа 31:22-р ишлэлд эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлэх нь шинэ зүйл гэсэн. Харин 31-р ишлэлд шинэ зүйл гэж шинэ гэрээ байгуулахыг хэлсэн.

Махан биеэр бодож үзвэл эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлэх нь шинэ зүйл биш юм. Харин сүнсээр авч үзвэл энэ нь маш гүн гүнзгий утгатай. Эмэгтэй (Ева) нь эрэгтэйн (Адамын) хавирга болохын хувьд эрэгтэйн бие дотор оршиж байсан. Бурхан эрэгтэй хүний хавирганаас нэгийг сугалан авч, эмэгтэй хүн бүтээгээгүй сэн бол эрэгтэйн бие дотор байсан эмэгтэй хүн хэрхэн эрэгтэй хүнийг хүрээлж чадах билээ? Тиймээс Бурханы зөгнөсөн шинэ зүйл гэдэг нь Эцэг Бурханы дотор оршдог байсан болохоор өнөөг хүртэл ил гараагүй байсан Эх Бурхан илчлэгдэхийг хэлсэн юм.

Бурханы “шинэ зүйл” нь шинэ гэрээ байгуулснаар ертөнцөд бүтээгдэх юм. Шинэ гэрээгээр дамжуулан Бурхан бидний зүрхэн дээр хуулиа бичнэ хэмээсэн. Тэр мөн “Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно” гээд ““ЭЗЭНийг мэд” гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэсэн.

“Би тэдний Бурхан болно” гэсэн энэ ишлэл нь еврей эх хэлний Библид “Елохим” гэж бичигдсэн. Бид шинэ гэрээгээр дамжуулан Елохим Бурханыг ухаарвал өчүүхнээсээ агуу нь хүртэл бүгд Бурханыг бүрэн мэдэх болно.

Галат номонд Эхийг бэлгэдсэн Сараг шинэ гэрээ гэж хэлсэн нь бий.

“… Үүнийг үлгэрлэвэл тэр хоёр эмэгтэй (Хагар, Сара) нь хоёр гэрээ (хуучин гэрээ, шинэ гэрээ) юм. … Эдүгээ Хагар нь Араб дахь Синаи уул бөгөөд одоогийн Иерусалимтай дүйцдэг. Учир нь хүүхдүүдийнхээ хамт тэр боолчлолд байна. Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:21-26

Сара нь шинэ гэрээ ба дээр оршигч Иерусалим болох бидний Эхийг бэлгэдсэн юм. Шинэ гэрээгээр дамжуулан бид тэнгэр Эхийн оршихуйг олж харна. Хосеа эш үзүүлэгч “ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая” гэж айлдсан. Энэ үг нь эцэстээ шинэ гэрээгээр дамжуулан Елохим Бурхан буюу Эцэг, Эх Бурханыг ухаарч, багаас том хүртэл Бурханыг мэдсэнээр биеллээ олно.

Эцэст нь эмэгтэйн бусад үр удам ялна

Бурханы талаарх мэдлэг байхгүй бол Бурханы ард түмэн ч хүртэл устгагдана гэсэн (Хос 4:6). Үүнийг мэдсэн диавол үеийн төгсгөл хүртэл Эхийн дайсан болж, Бурханы үнэнд саад учруулан сонгогдогсдыг ч хүртэл залгихыг оролдоно. Луу эмэгтэйн дайсан болж, эмэгтэйн бусад үр удамтай дайтахаар тэнгисийн эргийн элсэн дээр зогсохыг Иохан элч харсан. Энэ зөгнөл яг одоо бидний нүдний өмнө бодитоор биелж байна. Эртний могой гэгддэг диавол Эх Бурханыг болон Түүнийг дагадаг биднийг хорлох гэж тэнгисийн эргийн элс мэт, өөрсдийгөө христчүүд хэмээн нэрийддэг олон хүнийг хөдөлгөн, эсэргүүцэж байгаа (Илч 12:17).

Бид хэдий цөөхөн ч гэсэн тэднээс айх хэрэггүй. Учир нь Бурхан ертөнцийн сууриас эхлээд л Эх Бурхан ялахыг харуулсан билээ. Эцэст нь диавол унтаршгүй галт нуурт хаягдан үеийн үед тарчилж, эмэгтэйн бусад үр удам ялагч болоод, амийн титэм авч, тэнгэрийн хаанчлалыг өв залгамжлан, мөнхийн мөнхөд аз жаргал эдэлнэ хэмээсэн нь Библийн тогтоогдсон дүгнэлт юм.

“Бид дүр төрхийнхөө дагуу” гэж айлдан хүнийг бүтээсэн Бурхан, Бабел цамхаг барьсан бузар муу үйлийг зогсоохоор “Бид бууцгааж” хэмээн айлдсан Бурхан, Исаиаг эш үзүүлэгч болгон дуудахдаа “Хэн Бидний төлөө явах вэ?” хэмээн асуусан тэр Бурхан бол эрэгтэй дүр төрх болон эмэгтэй дүр төрх бүхий Елохим Бурхан юм. Тэд амласныхаа дагуу цаг нь болохоор бидэнд амийг өгөхөөр эцсийн өдөрт Сүнс ба Сүйт бүсгүй болж, аль хэдийн ирсэн байгаа. Иймд бид Елохим Бурханы удирдлаган дор байгаа маань баттай бөгөөд баярлан хөөрч, Тэдэнд алдрыг нь өргөн, өргөмжилж байгаа.

Сүнсний нүдээ илүү том нээгээд хараарай. Бидэнд мөнх амь өгөхөөр энэ газарт ирсэн тэнгэр Иерусалим Эхийн хүүхдийн хувьд бид баяр хөөр, зовлон гунигаа Иерусалимтай хамт хуваалцах ёстой (Иса 66:10-14). Бурхан биднийг хөтлөн удирдаж байгааг ухааран, тэнгэр Эцэг, Эхийн хүүхдүүдийн хувьд Сүнс ба Сүйт бүсгүйг хаашаа ч явсан эцсээ хүртэл дагацгаая.