Анхны сүмд загалмай байгаагүй
Өнөө үед сүм болгон загалмай босгодгийн учир нь загалмайг Христийн бэлгэ тэмдэг гэж үздэгтээ тэр. Бурханд итгэдэггүй хүмүүс ч загалмайг байх л ёстой мэтээр боддог. Гэвч загалмай яавч Христийн бэлгэ тэмдэг байх боломжгүй юм.
Загалмай нь анхны сүмийн үеийн элч нарын хувьд ичгүүртэй зүйл, хараалын мод байсан бөгөөд (Гал 3:13) христийн шашинд харийн шашны үзэл санаа орж ирэх явцад бий болжээ. Ром сүмийн удирдагчид харь шашинтнуудад сайн мэдээ тунхаглах нэрийдлээр харийн шашны үзэл санаа, бэлгэ тэмдгийг хүлээн зөвшөөрсний нэг нь загалмай байв. Ром сүмийнхэн Есүсийн цовдлогдсон явдалд анхаарлаа хандуулж, Христэд итгэгчид загалмай хараад Христийн золиосыг санах ёстой гэсэн үндэслэл гаргаж ирэн сүм дотор загалмай оруулж иржээ.
Түүхэн баримтаас харахад загалмай нь Ромын Константин хааны үеэс л христийн шашны албан ёсны бэлгэ тэмдэг болон ашиглагдаж байсан тухай тэмдэглэл байдаг. МЭ 431 оноос сүмд орж ирсэн гэх тэмдэглэл ч бий.
Тиймд анхны сүм байгуулагдсанаас хойш олон зуун жилийн туршид сүм дотор загалмай байгаагүйд эргэлзэх зүйл алга.
Загалмай нь шүтээн юм
Бурхан ямар нэг дүрс хийж, түүндээ итгэж, үйлчилж, мөргөхийг хориглосон байдаг.
“Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил.” Гэт 20:4-5
“Улс үндэстнүүдийн шүтээн нь алт, мөнгө, хүний гарын бүтээл юм. Тэд амтай боловч ярьдаггүй. Нүдтэй боловч хардаггүй. Чихтэй боловч сонсдоггүй, аманд нь амьсгал алга. Тэднийг бүтээгчид тэдэнд итгэгчид бүгд тэдэнтэйгээ адилхан.” Дуу 135:15-18
Шүтээн гэдэг нь хүний гараар бүтээгдсэн дүрс хэлбэр төдий зүйл. Амь, амьсгаа ч байхгүй. Тийм болохоор хүний гараар хийгдсэн шүтээн дунд ямар нэг бурханлаг эсвэл шашинлаг утга оруулах нь хичнээн мунхаг, ухвар мөчид хэрэг вэ! Загалмай ч мөн мод юм уу алт мөнгөөр хийгдсэн нэгэн төрлийн дүрс хэлбэр юм.
Хүрэл могой шүтсэн явдлаас авах сургамж
Хуучин гэрээний түүхэнд загалмай шүтэх нь шүтээн шүтэх явдал гэдгийг ухааруулсан сургамж бий.
“Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Хор уулаас хөдлөн Улаан тэнгисийн замаар явав. Аяны улмаас ард түмэн сэтгэл мятрав. Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ. ЭЗЭН ард түмний дунд хорт галт могойнуудыг илгээхэд тэдгээр нь ард олныг хатгаж, Израилийн олон хүн үхэв. Ард түмэн Мосе дээр ирж —Бид ЭЗЭНий, мөн таны эсрэг ярьснаас болж нүгэл үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав. Мосед ЭЗЭН —Галт могой хийж, түүнийг шураг дээр байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно гэв. Мосе хүрэл могой хийж, түүнийг шураг дээр байрлуулав. Хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал тэр хүн хүрэл могойг хараад амьд үлдэж байлаа.” Тоо 21:4-9
Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөн израиль ард түмэн цөлийн хүнд хэцүү аян замаар явах болмогцоо Бурхан болон Мосегийн эсрэг гомдоллож эхэлдэг. Тэгснийхээ уршгаар галт могойд хатгуулж амь насаа алдах эрсдэлд ордог. Тулгамдсан израильчууд Мосегоос гуйж Бурханы авралыг хүсдэг. Бурхан Мосед хүрэл могой хий, шураг дээрх хүрэл могойг харсан хүмүүс амьдрах болно гэж айлддаг. Тийн хэлсэн ёсоор шураг дээрх хүрэл могойг харсан ард түмэн амьдарч байлаа. Гэвч израильчууд Бурханы үг биш, хүрэл могой өөрсдийг нь аварсан гэж эндүүрээд, түүнээс хойш хүрэл могой хийж шүтэх болжээ. Тэдний хүрэл могой шүтсэн явдал нь Хезекиа хааны үе хүртэл үргэлжлэв.
“Тэр өвөг эцэг Давидынхаа хийсний адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн шонгуудыг цавчиж хаяжээ. Бас тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд Мосегийн бүтээсэн зэс могойд утлага уугиулж, түүнийг Нехуштан гэдэг байсан тул тэрхүү зэс могойг тэрээр сэглэж хаяв.” 2Хаа 18:3-4
Нехуштан гэдэг нь “хүрлийн хэлтэрхий” гэсэн утгатай. Бурханы хүслийг ухаарсан Хезекиа хаан ариун газарт байсан бүх шүтээнийг устгах хүртэл израиль ард түмэн бүхэл бүтэн 800 жилийн турш хүрэл могойд үйлчилсээр иржээ.
Хүрэл могойн явдал нь хожим Есүсийн загалмай дээр гүйцэлдүүлэх авралын түүхийг зөгнөсөн зөгнөл байв.
“Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг Хүний Хүү ч бас өргөгдөх учиртай нь Түүнд итгэдэг бүхэн мөнх амьтай байхын тулд билээ.” Иох 3:14-15
Энэ нь Есүс загалмайд амьсгал хураахыг зөгнөсөн үг юм. Мосегийн үед израиль ард түмэн шураг дээр байсан хүрэл могойг хараад амьдарсан шиг бид ч мөн загалмайд өргөгдсөн Есүсийн золиосоор нүгэл ба үхлийн эрх мэдлээс чөлөөлөгдөх учиртай. Хамгийн гол нь бидэнд зөвшөөрсөн аврал нь загалмайд байгаа бус, харин загалмай дээр урсгасан Есүсийн үнэт цусаар биелсэн юм. Хүрлийн хэлтэрхий төдий байсан хүрэл могой шиг загалмай ч мөн модны хэлтэрхий төдий шүтээн болохоос авралын ямар нэг хүч чадлыг агуулаагүй.
Биднийг аварсан Христийн цус
Эрт дээр үед израиль ард түмэн Бурханы авралыг мартаж, нүдэнд нь харагдах хүрэл могойд үйлчилсэн шиг, өнөө үед ч мөн олон хүн загалмайд золиослогдсон Есүсийн ивээлийг умартаж, загалмайг дээдлэн, үйлчилж байна. Харин үнэхээр л зөв шударга Бурханыг хүндэтгэмээр байвал загалмайг биш загалмайд урсгасан Есүсийн үнэт цусыг санах хэрэгтэй. Энэ нь л Бурханд үнэн зөв үйлчилдэг хүүхдүүдийнх нь үүрэг юм.
“Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус, харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн.” 1Пет 1:18