WATV.org is provided in English. Would you like to change to English?

Өвдөлтийг мэдэрч байгаа нь амьд байгаагийн нотолгоо

853 Үзсэн тоо
FacebookTwitterEmailLineKakaoSMS

Библид заадаг тэнгэрийн хаанчлал нь өвдөлт байхгүй газар. Насан турш өвдөлт мэдрэхгүй амьдарна гэхээр хичнээн сайхан байх вэ!

Харин өвчин гэж огт байхгүй тэнгэрийн оронд бол энэ нь сайхан хэрэг. Гэвч энэ дэлхий дээр хэн нэг хүн өвчтэй байгаа хэр нь тэр өвдөлтөө мэдрэхгүй байх нь тийм ч сайн зүйл биш аж.

2011 онд “Өвдөлт (Pained)” гэсэн содон ховор нэртэй кино гарч байсан. Энэ кинонд ховор өвчнөөсөө болж өчүүхэн төдий өвдөлт нь ч аймаар их өвдөж мэдрэгддэг нэгэн эмэгтэй болон өөрийнхөө буруугаас болж гэрийнхнээ алдчихаад, гэмшсэндээ болоод бүх бие нь мэдрэмжээ алдан өвдөлт мэдрэхээ больсон нэгэн эр хоёрын инээдэмтэй учралыг харуулсан байдаг. Өвдөлт мэдэрдэггүй эр болон өчүүхэн төдий өвдөлтийг ч тоохгүй өнгөрөөж чаддаггүй тэр эмэгтэй хоёрт тохиолдсон шиг мэдрэлээ хэт алдах эсвэл өвдөлтөд хэт мэдрэмтгий байх нь асуудал юм. Ингэхэд өвдөлт гэгч хүний биед ямар ач холбогдолтой юм бол?

Өвдөлт нь арьсны хамгийн зөв мэдрэхүй юм

Өвдөлт гэдэг нь эд эсийн бодит хор хөнөөл юм уу болзошгүй хор хөнөөлтэй холбоотой, эсвэл үүнээс үүдэлтэй таагүй мэдрэмж юм. Өөрөөр хэлбэл биеийн хаа нэгтээ хэвийн бус байдал бий болсноос үүдсэн таагүй мэдрэмж аж. Нэг ёсондоо биеийн дээгүүр тархсан өвдөлтийн цэгүүд өдөөгдөж, мэдрэлээр дамжин тархинд хүрч тухайн хүнд өвдөлт мэдрүүлэн, дохио өгч байгаа хэрэг.

Бүр тодруулбал өвдөлтийн цэгийг бүрдүүлдэг эсийн мембранд серотонин, гистамин зэрэг ноцицепт бодисыг эс рүү шилжүүлж байдаг зам байдаг. Эд гэмтсэн үед ноцицепт гэх бодис үүсэж, эсийн замаар дамжин өнгөрч, улмаар эс өвдөлтийн дохиог таньдаг. Чинжүүний халуун амт бол үнэндээ амт биш, харин капсайцин хэмээх бодисоор үүсгэгдсэн ноцицепт өвдөлтийн нэг хэлбэр юм. Аливаа зүйлд мөргүүлэх эсвэл зүүгээр хатгуулах гэх мэт механик өдөөлт, эсвэл галд шатах дулааны өдөөлт зэрэг нь бүгд өвдөлтийн шалтгаан болдог. Өвдөлт мэдрэгдэх дохио нь ноцицепторын дагуу эцсийн цэг болох тархи руу дамждаг байна.

Ноцицепцийг тархинд дамжуулах хурд нь секундэд 0.5-30 метр байдаг нь 70 метрийн хурдтай хүрэлцэх мэдрэхүйнээс удаан байгаа хэрэг. Ноцицепторууд маш нимгэн тул аливаа дохиог бусад мэдрэхүйн мэдрэлүүдээс харьцангуй удаан дамжуулдаг юм. Нэг квадрат см талбай бүхий арьсан дээр дунджаар 25 орчим хүрэлцэх мэдрэхүйн цэг байдаг бол өвдөлтийн цэг нь арьсны нэг квадрат см талбай тутамд 200 орчим байдаг. Ноцицепц мэдрэхүй тун нарийн торгон мэдрэхүй байж байж л ийм байх боломжтой. Өвдөлтийн цэг олон байдаг тул бид өвдөлттэй цэгүүдийг бүр илүү мэддэг.

Биеэс ирэх аюулт дохио

Бага зэргийн өдөөлтөнд ч туйлын хүнд өвдөлт мэдэрч шаналдаг өвчтөнүүдийн амьдралыг зурагтаар гаргаж, хүмүүс их аягүйцэж байсан юм. “Хэсэг газрын өвдөлтийн хам шинж (CRPS)” гэж нэрлэгддэг тун ховор тохиолддог уг өвчнөөр шаналж буй өвчтөнүүд бүр өчүүхэн төдий өдөөлт цочролд ч байж ядан өвдөж шаналдаг аж. Хэн нэгэн хажуугаар нь шүргээд өнгөрөхөд л тэд зүүгээр хатгуулж байгаа мэт, эсвэл сүхээр цохиулах мэт туйлын их өвдөлт мэдэрдэг байна. Өдөөлт алга болсны дараа ч өвдөлт нь тийм ч амархан намддаггүй аж. Зарим тохиолдолд үргэлж ийн өвддөг өвчтөнүүд сэтгэлийн хямралд орж, бүр амиа хорлох ч хандлага байдаг байна. Хамаг мэдрэхүй нь зөвхөн өвдөлтийг л мэдэрнэ гэхээр тийм хүний амьдрал туйлын хүнд юм. Нэгэнт иймдээ тулсан бол өвдөлтийг огт мэдрэхгүй байх нь дээр болов уу?

Дохиог таних явц болох эсийн өвдөлт

Эсийн гадна талд: Биеийн эд эс гэмтэх үед ноцицепт гэх бодис үүсдэг.
Эсийн мембран: Үүссэн бодис эсийн мембранаар дамжин эсэд нэвтрэн ордог.
Эсийн дотор хэсэг: Өвдөлтийн дохиог таньдаг.

Габби Гинграс хэмээх охин 2005 онд АНУ-д болсон нэгэн алдартай ток шоунд оролцож байсан юм. Тэрээр олон орны ярианы сэдэв болж, хүмүүс түүнийг супер эмэгтэй гэж нэрлэсэн байдаг. Гараараа халуун төмрөнд хүрсэн ч, хагарсан шилэн дээгүүр гишгэсэн ч тэрээр ямар ч өвдөлт мэдэрдэггүй аж. Өвдөлт мэдэрдэггүй өвчтэй уг охин ямар нэгэн юманд хатгуулах, цохиулахад ч хүртэл өвдөлт мэдэрдэггүй. Энэ охины мэдрэл дамжуулагчийн хэлхээнд юм уу тархинд нь ямар нэг асуудал гарсан болохоор л өвдөлт мэдэрч чадахгүй байгаа хэрэг. Өвдөлт мэдрэхгүй байгаа шалтгаан маш олон янз. Энэ нь мансууруулах бодис, санамсаргүй олсон осол гэмтэл, чихрийн шижин мэтийн архаг өвчин гээд хүний үйл ажиллагаагаар бий болсон хүчин зүйлээс ч үүдэлтэй байж болно.

Бие махбодынхоо доройтлыг мэдэрдэггүй, өвдөлт мэдэрдэггүй өвчин туссан өвчтөнүүд бие махбодоо хамгаалах зохих арга хэмжээ авч чаддаггүй тул юм л бол эрсдэлд орж байдаг. Габби охин байнга нүдээ нухдаг зуршлаасаа болоод нүднийхээ эвэрлэг бүрхэвчийг гэмтээсэн байх жишээний. Тэгсэн ч тэрээр өвдөлт мэдэрдэггүйдээ болоод эмчилгээгээ цаг алдалгүй хийлгэж чадаагүйгээс хараагүй болсон байна. Өвдөлт мэдэрдэггүй өөр нэг өвчтөн Жоанн Круз хүүхдээ төрүүлэхдээ ганц ч удаа орилж хашхирч байгаагүй гэнэ. Тэрээр нуруугаа гажаачихсан хэр нь эмчлэхгүй явсаар нуруугаа хадуулах мэс засал хийлгэх шаардлагатай болжээ. Дараа нь тэрээр өмнөх хагалгааныхаа хадуулсан төмрийг хугарсныг нь мэдэхгүй явсаар бүр том хагалгаанд орох шаардлагатай болжээ. Өвдөлт мэдэрдэггүй өвчтэй зарим өвчтөн бүр өлсөж байгаагаа ч мэдэрдэггүй тул ганцаараа амьдрах боломжгүй гэнэ. Мөн наад захын эмчилгээ хийлгэж болох мухар олгойн үрэвслийг ч хүртэл ходоод нь мэдэрч чадахгүйгээс болоод улам бүр даамжирсаар олон хүн нас бардаг аж.

Бие махбодын доройтлоо мэдрэхгүй байх нь зөвхөн өвдөлт мэдэрдэггүй өвчтэй хүмүүст ч тохиолддог юм биш. Арьсан дээр үй олон өвдөлтийн цэгүүд байдаг бол дотоод эрхтнүүдийн өвдөлтийн цэгүүд арьсныхтай харьцуулахад ердөө тавьны нэг л байдаг байна. Ихэнх тохиолдолд уушгины хорт хавдар хожуу үе хүртлээ илэрдэггүй шалтгаан нь ч үүнтэй л холбоотой. Мөн “чимээгүй эрхтэн” гэж нэрлэдэг элэг ч ялгаагүй. Өвчтөнүүд нөхцөл байдлаа дэндүү хүндэрсэн үед л уг өвчиндөө ёолдог.

Өвдөлт мэдрэхгүй байх нь аз завшаан биш, харин гамшиг юм. Өвдөлт мэдэрч чадахгүй бол биеийнхээ хаана нь асуудал үүсээд байгааг мэдэхгүйгээр үл барам өчүүхэн төдий шархаар ч амь насаа алдахад хүрч мэднэ. Мэдрэхүйн эрхтнүүдийн дунд ноцицепц мэдрэхүй хамгийн их хөгжсөн шалтгаан нь бидний бие махбодод тулгараад байгаа асуудлыг хурдан тодорхойлж, зохих арга хэмжээ авах замаар бие махбодыг гадны аюулаас хамгаалах шаардлага бий болдогт юм.

Өвдөлтийг ялан гарах

Мэс заслаар тайруулсан эсвэл осол аваарт алга болсон мөчөө биедээ наалдаастай байгаа гэж мэдрэх мэдрэхүйг “алга болсон мөчний хуурамч өвдөлт” гэж нэрлэдэг. Алга болсон мөчнийхөө хуурамч өвдөлтийг мэдэрдэг өвчтөнүүд алга болсон мөчөө өвдөхийг мэдрэх тохиолдлыг “Мөчний хуурамч өвдөлт” гэж нэрлэдэг. Мэдрэл, мэдрэмжийг хариуцдаг тархины мэдрэлийн эсүүд хий хоосон мэдрэхүйг бий болгодог байна. Нэгэнт байхгүй болсон эрхтнээ маажих, барих, иллэг хийх зэргийг хийж чадахгүй болохоороо энэ нь өвчтөнүүдэд бүр ч зовлонтой.

Өвдөлт тархиар дамжин мэдрэгддэг тул зарим тохиолдолд мөчний хуурамч өвдөлт гэх энэ өвчнийг тархины уян хатан чанарыг ашиглан эмчилдэг. Энэ нь өвчтөнг толинд харуулж, бодитоор байгаа өөрийнх нь мөч болон толинд туссан мөч гээд хоёр мөч нь хоёулаа бүрэн байгаа мэт сэтгэгдэл өвчтөнд төрүүлэх явдал юм. Өрөөсөн гар нь байхгүй болоод, алга болсон мөчний хуурамч өвдөлтөөр шаналж буй өвчтөн толинд тусаж байгаа гараа хараад алга болсон гараа хөдөлж байгаа мэт сэтгэгдэл төрдөг аж. Ингэснээр өвдөлт нь буурдаг байна. Алга болсон гараа өвдөж байна гэж буруу ойлгосон тархиа харааны нөлөөгөөр дамжуулан өвдөлтийг нь багасгадаг.

Мансууруулах бодисноос гаргаж авдаг морфин нь донтуулдаг боловч өвдөлт намдаах үйлчилгээтэй тул өвдөлтийг маш үр дүнтэй намдаадаг. Морфин нь тархин дахь тусгай уургуудтай нэгдэж, өвчин намдаах үйлчилгээ үзүүлнэ. Таарсан зөв түлхүүрээр л цоож онгойдгийн адил тусгай уургууд тодорхой төрлийн материалуудтай л нэгддэг байна. Энэ нь бидний биед морфин шиг үйлчилгээтэй бодис байдаг гэсэн үг юм.

1975 онд хүний тархинд өвдөлт намдаах үйлчилгээтэй морфиноос 100 дахин хүчтэй бодис илэрчээ. Энэ нь эндорфиний нэгэн төрөл энкефалин юм. Тархи өвдөлтийг мэдрэхдээ өвдөлтийг дарангуйлж, өвчин дамжуулахад саад болж байдаг эндорфинийг ялгаруулдаг байна. Өөрөөр хэлбэл бие махбод өвдөлтийг даван туулах хэмжээнд өвдөлтийг хянаж удирддаг аж. Марафон гүйгчид барианд ойрхон ирээд амьсгаадан, зүрх нь дэлбэрэх мэт санагдах үед өвдөлтийн оронд баяр хөөрийн мэдрэмж “runner’s high” гэгчийг мэдэрдэг. Бас ээжүүд заримдаа төрөх үедээ хүчтэй баяр хөөр мэдэрдэг байна. Энэ нь хүнд бэрх стрессийг буюу бие махбодын өвдөлтийг тэсвэрлүүлэх гэж эндорфин гэдэг бодис ялгардагтай холбоотой юм. Инээх үед эндорфин маш ихээр ялгардаг гэдэг ч үнэндээ бие махбодын болон оюун санааны өвдөлт дээд цэгтээ хүрэх үед эндорфин хамгийн их ялгардаг. Өнөөг хүртэл илрээд байгаа эндорфины төрлүүд нь энкефалин, бета эндорфин, динорфин зэрэг юм.

Өвдөлт гэдэг нь бидний амьдралын зайлшгүй хэсэг юм. Зарим үед өвдөлт бидэнд тэвчихийн аргагүй зовлон мэт ирдэг ч үүний цаана бие махбодыг тань аюулд орсныг хэлж өгдөг сэрэмжлүүлэг байдаг юм шүү. Зовлон шаналлаас гадна өвдөлт гэгч зүйл бидний амьд байгааг нотолж байдаг төдийгүй биднийг хамгаалдаг сэрэмжлүүлгийн систем болж байдаг байх нь.