Хүн болгонд Бурханы бий болгосон эрхэм нандин харилцаа, гэр бүл гэж бий. Бурхан хүн төрөлхтөнд аз жаргал бялхах тэнгэрийн хаанчлалын бичил ертөнц болгон “гэр бүл” хэмээх хайрын нийгэмлэг соёрхсон.
Сүнслэг талаас авч үзвэл бид бүгд сүнсээр нэг ам бүл. Бидэнд сүнсний Эцэг ч бий, сүнсний Эх ч бий, сүнсний ах эгч дүү нар ч бий. Библид “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” гэсэн тушаалыг агуу нь гээд, мөн анхны тушаал гэснээ “Эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалыг амлалтаар өгөх анхны тушаал гэж айлдсан байдаг (Мат 22:37-38, Ефе 6:2). Библийн сургаалын дагуу бид махан биеийн аав ээжийгээ төдийгүй сүнсний Эцэг Эхээ дээдлэн хүндэлж, үйлчлэх ёстой.
Хүний аав ээж хүүхдүүдээсээ юуг хамгийн их хүсдэг вэ? Хүүхдүүд нь аав ээждээ дуулгавартай байхад хамгийн дуртай. Үүн шиг тэнгэр Эцэг Эх маань ч биднээс дуулгавартай байхыг хүсдэг. Итгэлээ эргэн нэг харж, Библиэр итгэл, дуулгавар хоёрын холбоо хамаарлыг магадлаж үзэцгээе.
Итгэл бол итгэлийн амьдралын маань амин чухал хэсэг. Итгэлгүйгээр Бурханд таалагдахгүй, мөн сүнслэг өөрчлөлт ч тохиохгүй. Тиймд итгэл бол итгэлийн амьдралын маш чухал хүчин зүйл юм.
Библид хэн нэгний зүгээр нэг амаараа хэлэх итгэлийг биш, үйлс дагалдах итгэлийг л төгс итгэл гэж тодорхойлсон байдаг (Иак 2:14-26). Энд үйлс гэдэг нь Бурханы үгэнд дуулгавартай байхыг хэлсэн. Итгэл нь дуулгавраар л хэмжигдэнэ. Дуулгавар бол нүдэнд харагддаггүй итгэлийн нүдэнд харагдах илэрхийлэл юм.
Бурхан болон хүн төрөлхтний хоорондын харилцааг эвддэг үндсэн хүчин зүйл нь дуулгаваргүй байдал. Бурхан Адам Ева хоёрт сайн муугийн жимсийг идэж болохгүй гэж хориглосон ч тэд Бурханд дуулгаваргүй хандаж, хориотой жимсэнд хүрсэн. Үүнийх нь уршгаар тэдний Бурхантай харилцах харилцаа эвдэрч, тэд Еден цэцэрлэгээс хөөгдсөн шүү дээ (Эхл 2-3-р бүлэг).
Эхлэл номонд гарч буй Адам Евагийн нүгэл нь бид тэнгэрт хэрхэн нүгэл үйлдэж, энэ газар хөөгдөж ирснийг яв цав харуулдаг сүүдэр юм. Тэгвэл бид Бурхантай харилцах харилцаагаа сэргээхийн тулд яах ёстой юм бол? Бидний дуулгаваргүй байдал л биднийг Бурханаас холдуулсан. Тиймд бид Бурханд дуулгавартай байж л Бурхантай ойр байж чадна.
Хүн төрөлхтнийг аврахаар энэ дэлхийд ирэхдээ Есүс мөн л дуулгавартай байдлын жишээ үзүүлсэн.
“Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан. Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилчаар өргөмжлөгдөв.” Евр 5:8-10
Есүс Өөрөө мөн чанарын хувьд Мөнхийн Эцэг Бурхан хэр нь Өөрийгөө Бурханы Хүү болгон энэ дэлхийд ирж, Бурханд төгс дуулгавартай байдаг итгэлийн амьдралаар амьдарчээ (Иса 9:6, Фил 2:5 үзэх). Тэрээр бидэнд тэнгэр Эцэг Эх болон хүүхдүүдийнх нь хоорондын харилцаанд хамгийн чухал хүчин зүйл нь дуулгавар гэдгийг зааж өгсөн.
Есүс зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцан, улмаар төгс болсон гэж Библид хэлж байна. Дуулгавар байхгүйгээр бидний итгэл төгс болохгүй. Ром номонд мөн дуулгавар нь хүн төрөлхтнийг аврал руу хөтөлнө гэж онцлон тэмдэглэсэн байдаг.
“Тийнхүү ганц алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ганц зөвт үйлээс болж бүх хүн амийн зөвтгөлд хүрэв. Учир нь ганц хүний дуулгаваргүйгээс болж олон нь нүгэлтэн болсны адил Ганцын дуулгавраас болж олон нь зөвт болгуулна.” Ром 5:18-19
Энд 19-р ишлэлийн өмнөх хэсэгт гарч буй ганц нь Адамыг бэлгэдсэн, харин сүүл хэсэгт гарч буй Ганц нь Есүсийг бэлгэдсэн юм. Адам гэх ганц хүний дуулгаваргүйгээс бүх хүн нүгэлтэн болж, Есүс Христ гэх Ганцын дуулгавраар хүн төрөлхтөн зөвт болж, нүглээс чөлөөлөгдөх юм. Дуулгаваргүй байдлаасаа болж нүгэл үйлдсэн хүмүүсийг зөвт болгохын тулд Есүс Христ ямар амьдралаар амьдарсан бэ? Түүний амьдралын ул мөрөөр дахин явцгаая.
Есүс загалмайд цовдлогдохынхоо өмнөх шөнө Алгасал баяр сахисныхаа дараа Чидун уулан дээр гарч, тэндээ шаргуу залбирсан байдаг. Эндээс бид Есүс дуулгавар гэгчийг сэтгэлдээ хичнээн гүн сийлснийг нь харж болохоор байна.
“Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас алгасуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог гэв. Тэгтэл тэнгэрэлч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа. Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв. …” Лук 22:42-46
Есүс Өөрийг нь аймшигтайгаар тарчлаах загалмайн зовлонг мэдэж байлаа. Түүний хөлс цусны дусал мэт газарт дусалсан гэж гарч байна. Хичнээн шаргуу, хичнээн уйтай залбирсан бол оо! Тийм л үлэмжийн их уй гашуу дунд Тэрээр “Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог” хэмээн залбирч, хүн төрөлхтнийг л аврах гэсэндээ зовлон, доромжлол, үхлийг ч хүртэл дуулгавартайгаар хүлээн авч байна шүү дээ.
Энэ бүхнийг Есүс Өөрийнхөө үйлдсэнтэй адил биднийг үйлд гэсэндээ дуурайл болгон өгсөн юм (Иох 13:15). Хөл угаах жишээ, Алгасал баяр сахих жишээ, Амралтын өдөр тэмдэглэх жишээ, Эцэг Бурханы бүх хүслийг дуулгавартай дагах жишээг бидэнд үзүүлснээрээ Христ бидний алхах ёстой итгэлийн замыг биечлэн харуулсан юм.
“Би юуг ч Өөрөөсөө үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд шүүлт минь шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг.” Иох 5:30
“… Учир нь Би Өөрөөсөө яриагүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Өөрөө өгсөн юм. Түүний тушаал бол мөнх амь гэдгийг Би мэднэ. Тиймээс ярьж байгаа минь Эцэг Надад хэлснээр Би ярьж байна гэж айлдлаа.” Иох 12:47-50
Есүс Өөрийг нь илгээсэн Нэгэн болох Бурханы ариун хүслийг бүрэн төгс гүйцэлдүүлэхээр энэ дэлхийд ирсэн төдийгүй Түүний ярьж байгаа нь Эцэг Түүнд хэлснээр ярьж байна хэмээсэн.
Сайн мэдээний дөрвөн номонд Есүсийн хийсэн бүхэн дуулгавартай байдлын л үргэлжлэл байсныг харуулдаг. Төрсөн мөчөөсөө үхэх өдрөө хүртэл Тэрээр юм бүхэнд Бурханы хүслийг л биелүүлсэн. Тэр Өөрөөсөө яриагүй, харин Бурханы Өөрт нь айлдсаныг л хүмүүст заасан. Бурханы хүслийн дагуу загалмайн зовлонгоос ч татгалзалгүй, тэсэн тэсвэрлэсэн юм. Тэгээд “Гүйцэлдлээ!” гэж айлдаад сайн мэдээний амьдралаа дуусгадаг.
“… Есүс цууг амсаж, —Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ өргөжээ.” Иох 19:28-30
Мэдээж Есүс Өөрийнх нь тухай хуучин гэрээний бүх зөгнөлийг биелүүлсэн хэдий ч “Гүйцэлдлээ!” гэх Түүний үг Эцэгийн хийгээрэй гэж айлдсан бүхэн гүйцэлдлээ гэсэн утгатай юм. Есүс тийм л төгс дуулгавар дотор амьдарч, Эцэгийн хүслийн дагуу бүхнийг айлдаж, Эцэгийн хүслийн дагуу бүхнийг үйлдсэн юм.
Өдөрт л түм буман мэдээлэл цацагдаж байдаг болохоор өнөөгийн ихэнх хүн аливаа юмыг нийтлэг ойлголтоор харж, дүгнэх хандлагатай байдаг. Тиймдээ ч аливаа юм өөрт нь хүлээн зөвшөөрөгдөхгүй л бол Бурхан айлдсан байсан ч татгалзаж, дургүйлхэнэ. Бүр Бурханд итгэдэг гэдэг хүмүүсийн дунд ч өөрсдийнхөө үзэл баримтлал, зөрүүд занг Бурханы үгнээс дээгүүр тавих нь их.
Өөрөө өөрсдийнхөө дотор амьдардаг бол бидний хувьд Бурханд дуулгавартай байна гэдэг боломжгүй. Харин бидний дотор цаг үргэлж Христ амьдардаг бол дуулгавартай байх амархан. Бидэнд мөнхийн найдвар байгаа болохоор бид Бурханы үгийг баяртайгаар, дуулгавартай дагаж чадна.
“Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.” Иох 14:21
Бурханы тушаалыг бүрэн дүүрэн дагахад дуулгавартай итгэл зайлшгүй шаардлагатай. Дуулгавар байхгүйгээр Бурханы тушаал сахих боломжгүй. Есүс ч мөн Бурханы хүслийг дуулгавартай дагадаг хүн тэнгэрийн хаанчлалд орно хэмээсэн.
“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно.” Мат 7:21
Эцэгийн хүслийг үйлдэнэ гэдэг нь дуулгавар шүү дээ. Бурханы хүслийг дуулгавартай дагадаг хүн л тэнгэрийн хаанчлалд орно. Ням гаргийн мөргөл, Христмасыг хичнээн удаан сахисан байлаа ч Библид байхгүй сургаал номлол дагаж, гажуудсан л бол бид тэдгээрээс татгалзаж, оронд нь Амралтын өдөр, Алгасал баяр сахих ёстой. Энэ нь л Бурханы үгийг дуулгавартай дагадаг хүний ёс зүй байх аа?
Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс аврагдана (Илч 14:1-5). Бидний дуулгавар биелэгдэх үед Бурхан бүх дуулгаваргүйг шийтгэхэд бэлэн гэж айлдсан (2Кор 10:6). Хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг тэднийг нэг нэгнээс нь тусгаарлана гэсэн Есүсийн сургаалт зүйрлэлийг авч үзэхэд итгэлийн дуулгавар гэгч нь хонинд байдаг зүйл гэж мэдэж болохоор байна. Бурхан “Миний хоньд дууг минь сонсдог” гэж айлдсан болохоор Бурханы сүүлчийн шүүлтийн өдөр зөвт хүмүүсийг хорон муу хүмүүсээс ялгах хамгийн чухал шалгуур нь Бурханы үгэнд дуулгавартай байсан эсэх юм (Мат 25:31-46, Иох 10:27). Тийм ч учраас Христ энэ дэлхий дээр ирж, үхэх хүртлээ Эцэгт бүрэн дуулгавартай амьдралаар амьдарсан.
Итгэл дуулгавар хоёр салшгүй холбоотой. Итгэл нь дуулгавраар батлагдана. Хэрэв өөрийгөө итгэлтэй гэдгээрээ бахархдаг хэр нь Бурханы үгийг дуулгавартай дагадаггүй бол итгэл байхгүйтэй л адил.
Итгэлтэй хүмүүс Бурханы үгэнд үргэлж дуулгавартай байна. Нэг өдөр Бурхан Абрахамыг цорын ганц хүү Исаакаа тахил болгон өргө гэж тушаан, итгэлийг нь сорихоор дуудсан байдаг даа. Зуун настайд нь гарсан энхрий нандин хүүгээ шатаалт тахил болгон өргөх хэцүү байсан ч Абрахам харин Бурханы тушаалыг шууд л дагадаг. Тэрээр “Зуун настайдаа төрүүлсэн хүүг минь авна гэж хэлж яаж чадна аа?”, “Өөр тахил өргөхийг минь зөвшөөрөөч” гэх мэтээр гуйгаагүй. Харин ч Исаакаа дагуулаад шууд л Мориа уулыг зорьдог. Мориа уул өөд өгсөж явахдаа Исаак “Гал мод хоёр энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ?” гэж асуухад Абрахамын сэтгэл ямархуу байсан бол оо? Төсөөлөөд нэг үзээрэй. Абрахам тэгтэл “Хүү минь, шатаалт тахилдаа зориулж Бурхан хургаар хангана” гэж хариулсан шүү дээ. Тэднийг Мориа уулан дээр ирэхэд Абрахам Бурханы хэлсэн ёсоор Исаакийг тахил болгон өргөхөөр зэхэв. Яг тэр агшинд “Абрахам аа! Хөвгүүний эсрэг гар бүү далай! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ” гэх Бурханы дуу хоолой сонсогддог. Абрахам Бурханд дуулгавартай байснаараа амьдралд нь тохиосон хамгийн хүнд сорилтыг ийн даван туулж, Бурханаас асар их ерөөл хүртсэн (Эхл 22:1-18).
Ноа ч мөн тийм агуу итгэлтэй байсан. Бурхан тухайн үедээ хүний ойлголтоос давсан тийм зүйл хийхийг тушаахад Ноа яг л Бурханы айлдсан ёсоор бүхээг барьсан байгаа юм. Бурханы тушаалд дуулгавартайгаар итгэлээ сахиж, улмаар өөрөө болон гэрийнхэн нь аврал авсан байдаг (Эхл 6-7-р бүлэг, Евр 11:7).
Иошуагийн үед израильчууд яг Бурханы айлдсан ёсоор Иерихог долоон удаа тойрч, долоо дахь өдөртөө хашхирсан. Тэгтэл юу тохиолдсон бэ? Зарим нь магадгүй “Бид зүгээр нэг тойрч хашхирсны төдийд хотын хана хэрэм үнэхээр нурж унана гэж үү?” гэж бодсон байж мэднэ. Гэвч тэд Бурханы үгэнд дуулгавартай байснаар гайхамшигт үйл хэрэг тохиосон шүү дээ. Хүмүүн бид гурван хэмжээст дэлхийд амьдардаг. Тиймдээ ч Бурхан энэ дэлхийд яаж ажилладгийг нь бүрэн ухаарч чадахгүй. Тиймээс бид Бурханы айлдсан бүхнийг дуулгавартай дагах л хэрэгтэй. Бурханы хүслийг тэр даруй ойлгож чадахгүй байж мэдэх ч хожим нь бол ухаарна (Иош 6-р бүлэг, Иох 13:7).
Гидеоны 300 дайчин Мидианы зуун гучин таван мянган хүнтэй асар том армийг ялахад Бурхан бас л санаанд багтамгүй арга хэрэглэсэн. Эхэндээ Израилийн армид гучин хоёр мянган хүн байснаа дараа нь хорин хоёр мянга нь гэртээ харьдаг. Тэгээд мөн “Айж сүрдэж байгаа хэн боловч буц” хэмээн Бурханы айлдсан ёсоор арван мянган хүн үлдсэн. Гидеоны арми мидианчуудын цэргээс тооны хувьд маш дутуу байсан ч Бурхан Гидеонд “Ард олон дэндүү олон байна” гэсэн юм. Дараа нь Тэр цэргүүдийг урсгал усан дээр туршиж, ердөө 300 хүнийг л сонгосон.
Гидеон болон 300 дайчин нь Бурханы үгэнд дуулгавартай байж, шөнийн цагаар дайсны хуаранд нэвтэрчээ. Мидианчуудыг бүгд унтаж байхад тэд эвэр бүрээ үлээж, ваараа цохиж хагалан, бамбараа дээш өргөв. Мидианы цэргүүд их гайхсан тул нөхдөө дайсан гэж андуурч, бие бие рүүгээ дайрч эхлэв. Тийнхүү Мидианы арми бараг бүрэн сүйрч, Израилийн арми агуу ялалт байгуулсан шүү дээ. Дуулгавартай байдал л өөрсдөд нь ялалт авчирсан хэрэг (Шүү 6-7-р бүлэг).
Египетээс гарсан тухайн тэр үед израильчууд өмнө нь Улаан тэнгис хөндөлсөн, араас нь Египетийн цэргүүд мөшгөн нэхсэн яах ч аргагүй мухардмал байдалд оров. Тэгэхэд Бурхан Мосед “Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунга, далай хуваагдана” гэдэг. Мосе таягаа сунгахад тэнгис хуваагдсан тул израильчууд далайгаар эсэн мэнд нэвтэрдэг (Гэт 14-р бүлэг).
Итгэлийн бүх өвөг дээдэс Бурханд дуулгавартай байснаараа итгэлээ баталсан байдаг. Бурханы үгийг дуулгавартай дагах бүрд Иошуа Канааныг эзлэх, Гидеоны ялалт, Мосегийн гайхамшиг гээд гайхамшигт үйл хэрэг тохиож байсан юм. Дуулгаваргүй байвал итгэлийн ертөнц бий болохгүй, итгэлгүй бол Бурханы үйл хэрэг биелэхгүй. Энэ нь Библиэр харуулсан Бурханы хүсэл.
Туйлын итгэлтэй байсан Абрахам, Ноа нар итгэлээ хэрхэн баталлаа? Агуу итгэлтэй байсан элч Паул итгэлээ хэрхэн баталлаа? Тэд бүгд дуулгавраар итгэлээ баталсан. Христ мөн үхэх хүртэл Бурханд дуулгавартай байж, улмаар төгс болж, тэнгэр элч нараас болон тэнгэрийн бүх сүнслэг биетээс дээгүүр, алив нэрнээс дээгүүр нэртэй байж, бүх бүтээлийн дээгүүр өргөмжлөгдсөн шүү дээ.
“Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө. Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө. Чиний сагс, талх исгэдэг сав ерөөгдөнө. Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө. … Хэрэв чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигуудыг нь дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ. …” Дэд.Хуу 28:1-19
Дуулгаврын үр дүн бүхэн нь ерөөл. Дуулгаваргүйн үр дүн бүхэн нь хараал юм. Библид “юу тарьснаа хураана” гэсэнчлэн дуулгавартай ба дуулгаваргүйн үр дүн тэс өөр.
Израильчууд цөлийн аян замын турш олон хэцүү нөхцөл байдалтай тулгарч байсан. Бурхан хүч чадалгүйдээ тэднийг хоол ундгүй, усгүй ангамал цөлөөр хөтөлсөн гэж бодно уу? Огт үгүй. Библид “Чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм” хэмээсэн (Дэд.Хуу 8:1-2). Итгэлийн аян замд бид ч мөн сүнслэг цөл туулж, янз янзын бэрхшээл зовлонтой учирч мэднэ. Тийм юм тохиолдох болгонд израильчуудын цөлөөр явсан аян замыг санаарай. Бурхан Абрахамын итгэлийг шалгасан шигээ Бурханд дуулгавартай эсэхийг маань мэдэхийн тулд бидний итгэлийг ч шалгадаг.
Тэнгэр Эцэг Эх маань Сионы ард түмэн болох хүүхдүүд биднийгээ аврах гэж л энэ дэлхийд ирсэн. Эцэг Эхээ хаашаа ч хөтөлсөн бай тэр л сургаал нь мөнх амь, тэнгэрийн хаанчлалд хөтөлдөг гэдэгт баттай итгэн, Эцэг Эхийгээ дуулгавартай дагацгаая. Бурханы мөнхийн хаанчлал дэндүү ойрхон ирсэн болохоор бидэнд байх ёстой нь итгэл ба дуулгавар юм шүү.
Бурхан Абрахамын итгэлийг ч, Ноагийн итгэлийг ч, Гидеоны итгэлийг ч, Иошуагийн итгэлийг ч дуулгавраар л хэмжсэн биз дээ? Бид Бурханд дуулгавартай байж, итгэлийнхээ үзүүлэлтийг байнга өсгөх ёстой. Өнгөрсөн түүхийг эргэцүүлэн бодоод, Бурханы сургаалыг бүрэн дуулгавартай дагаж, бүх ерөөлийг авцгаая. Тэнгэр Эцэг Эхийгээ баярлуулж, тэнгэрийн тэнгэр элч нар болон тэнгэрийн сүнслэг биетийн өмнө бахархах зохистой анхны үр жимс болоод, Абрахам Ноагаас ч илүү итгэлтэй байж, бие биетэйгээ нэгдэж, тэнгэр Эцэг Эхийнхээ хөтөлж буй хайрын хаанчлал болох мөнхийн тэнгэрийн хаанчлалд хангалттай орохыг хүсье.