Итгэдэгт нь

Марк 9:14-29

11,601 үзэлт

Есүсийн шавь нар сүнс шүглэсэн хүүг эдгээх гээд дийлсэнгүй. Үүнээс болж тэд хуулийн багш нартай маргалдахад хүрлээ. Тэр үед Есүсийг харсан шавь нар Түүн рүү гүйлдэн ирцгээв. Хүмүүс ч Есүсийг тойрон цуглаад байлаа.

“Та нар юун тухай тэдэнтэй маргалдана вэ?”

Хурсан олноос нэг хүн гарч ирлээ.

“Багш аа, би сүнс шүглэсэн хүүгээ Танд авчирсан юм.”

Хүү багаасаа татаж унадаг, унахаараа өөрийн мэдэлгүй гал, усанд орчихдог байжээ. Амь насанд нь олон ч удаа аюул тулгарч байсан гэнэ. Тэгээд хүүгийн эцэг Есүсийн шавь нараас чөтгөрийн сүнсийг зайлуулж өгөхийг гуйсан боловч бие нь дээрдээгүй тул Есүсээс тусламж хүсэв.

“Харин Та юуг ч хийж чаддаг бол биднийг өрөвдөж туслаач.”

““Та чаддаг бол” гэв үү? Итгэдэгт нь бүх юм боломжтой.”

Есүсийн үгэнд цочирдсон хүүгийн эцэг тэр дороо:

Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав.

Есүс хүүгийн биеэс бузар сүнсийг хөөн зайлуулав. Тэгээд хүүр мэт хөдөлгөөнгүй байсанд хүүгийн гараас барьж өндийлгөлөө. Хүүгийн эцэг “Харин Та юуг ч хийж чаддаг бол…” гэж хэлсэн нь хийж чадахгүй ч байж магад гэж бодсоныг нь харуулж байна. Тэрээр тодорхой хэмжээнд итгээд Есүс рүү ирсэн боловч чадах болов уу, яах бол гэсэн эргэлзсэн сэтгэлээ нууж дийлээгүй юм.

Харин тэрээр Есүсийн үгийг сонсоод өөрийгөө хоёрдмол сэтгэлтэй байгааг ухаарч, тэр дороо сулхан итгэлээ дүүргэж өгөхийг гуйн Есүсээс тусламж эржээ. Тэгээд хүсэлт гуйлт нь ч төвөггүйхэн биелэв.

Та ямар нэг зүйлийг сэтгэлээсээ хүсэж л байгаа бол эхлээд Бурхан биелүүлж өгнө гэдэгт итгэх хэрэгтэй. Хэрэв та итгэлгүй байдал, санаа зовнилоор дүүрэн байгаа бол үүнийхээ төлөө ч бас Бурханаас тусламж эрэх хэрэгтэй. Итгэлээ шударгаар хүлээн зөвшөөрч, гэмээ наманчлаад, бат итгэлтэй болцгооё. Итгэдэгт нь бүх юм боломжтой.