Гэм нүглийн уучлал, аврал хоёр хоорондоо ямар ялгаатай юм бол?

13,901 үзэлт

Гэм нүглийн уучлал, аврал хоёр адилхан утгатай. Бид өөрсдийнхөө мөн чанарыг ойлгоход л үүний зангилааг хялбархан тайлна.

Бидэнд хэрэгтэй аврал бол гэм нүглийн уучлал

“Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна.” 1Пет 1:8-9

Бидний сүнсэнд бэрхшээл, аюул тулгараад байгаа учир бид сүнснийхээ авралыг олж авах ёстой. Энэ аюул бол нүглээс үүдсэн үүрдийн үхлээр төгсөх аюул билээ.

“Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд хийгээд грекүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. Энэ нь ингэж бичигджээ. «Зөвт хүн алга, ганц ч алга.” Ром 3:9-10

“Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.” Ром 6:23

Хүн төрөлхтөн бид нүглийн улмаас үүрд үхэхээс өөрцгүй болсон оршихуйнууд шүү дээ. Тиймээс бидэнд нэн хэрэгтэй зүйл нь нүглээ уучлуулах. Нүглийн уучлал авахгүйгээр үүрдийн үхлийн ялаас хэрхэвч зугтаж чадахгүй.

Нүгэл үйлдээд хөөгдсөн тэнгэр элч нар

Библид тэмдэглэгдсэнээр хүн төрөлхтний үхэх болсон анхдагч шалтгааныг Адамын гэм нүгэл гэжээ.

“Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ.” Ром 5:12

Зөвхөн энэ ишлэлийг л уншихад Адамын нүглээс болж бид ч мөн үхэхэд хүрчээ, ямар шударга бус юм бэ гэж буруу ойлгож мэдэхээр байна. Гэвч үнэн хэрэгтээ Адамын гэм нүгэл нь бидний тэнгэрт үйлдсэн нүглийг харуулж буй загвар бүхий жишээ юм.

“Хүний хүү чи, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Чамд мэргэн ухаанаар бялхсан, үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв. Бурханы цэцэрлэг Еденд чи байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байлаа. Бадмаараг, молор, алмаас, биндэрьяа, судалт гартаам, хаш, индранил, оюу, маргад байв. Хүрээ, углуургууд чинь чиний дотор алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт тэдгээр нь бэлтгэгдсэн байлаа. Чи халхалдаг тослогдсон херуб байсан Би чамайг байрлуулсан. Бурханы ариун ууланд чи байв. Галт чулуунуудын дундуур чи явлаа. Бүтээгдсэн өдрөөсөө авахуулан дотроос чинь гажуудал олдох хүртэл замналуудаараа чи гэм зэмгүй байв. Наймааныхаа хөгжлөөр чи дотроосоо хүчирхийллээр дүүрч, нүгэл үйлдэв. Тиймээс Би чамайг Бурханы уулаас бузартсан юм мэт хөөсөн. Халхлагч херуб аа, Би чамайг галт чулуунуудын дундаас устгав. Гоо үзэсгэлэнгээсээ болж зүрх чинь бардамнав. Сүр жавхлангийнхаа улмаас цэцэн ухаанаа чи завхруулжээ. Би чамайг газарт хаяж, хаадад чамайг харуулахын тулд өмнө нь тавина.” Езе 28:12-17

Дэлхий дээр амьдарч байсан Тирийн хаан нь тэнгэрийн Еден цэцэрлэгт нүгэл үйлдэн улмаар тэндээс хөөгдсөн херуб тэнгэр элч байсан аж. Өөр олон ишлэлээс бидний сүнс ч мөн үлэмж их нүгэл үйлдээд тэнгэрээс хөөгдсөн тэнгэр элч нар байсныг мэдэж болно (Иса 14:12-15, Илч 12:7-9). Адам Ева хоёр сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй гэсэн Бурханы тушаалыг зөрчсөн учраас Еден цэцэрлэгээс хөөгдсөн. Энэ түүх нь тэнгэр элч байсан бид ч ялгаагүй адилхан нүгэл үйлдээд хөөгдсөн гэдгийг жишээгээр харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл Адамын нүгэл бидний тэнгэрт хийсэн нүглийг илтгэж, Адамын нүглээр бидэнд үхэл ирсэн гэдэг нь бид ч бас түүнтэй адилхан нүгэл үйлдэн үүрд үхэхээс өөрцгүй ял шийтгэл авсан гэсэн утгатай аж.

Христийн соёрхсон нүглийн уучлал

Бид “үхэл” гэдэг ял шийтгэл авахуйц том нүглийг тэнгэрт үйлдсэн урвагч нүгэлтнүүд юм.

Харин хэн нэгэн нүгэлтний амийн оронд өөрийгөө золиослох аваас үхэх ёстой нүгэлтэн ч уучлагдаж болно (1Хаа 20:42, Евр 9:22).

“Тэр ард түмнээ нүглээс нь аварна” гэсэн ёсоор энэ газарт ирсэн Христ биднийг аврахын төлөө өмнөөс маань нүглийн тахил болж золиослогдсон (Мат 1:21, Мат 20:28). Загалмайд урсгасан золиосын үнэт цусаараа нүглийн хөлсийг бүрэн төлж барагдуулсан. Ингэснээр л бид нүглээс чөлөөлөгдөн тэгтлээ хүсэн хүлээсэн аврал буюу нүглийн уучлал авч чадахаар болсон юм (Иса 53:5-6, Илч 1:5).

“Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит бөгөөд…” 1Тим 1:15

“Түүний нигүүлслийн баялгаар бидэнд Түүний дотор цусных нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бий.” Ефе 1:7

Христийн цусаар нүглийн уучлал авна гэдэг бол хүмүүсийн боддог шиг амар хялбар зүйл биш. Христийн загалмайн золиосоор нүгэл маань уучлагдсан гэж итгэсэн төдийд л аврагдчихгүй. Нүглийн төгс уучлалын ерөөлийг авахын тулд Христийн цусанд оролцох хэрэгтэй. Оролцох арга нь Алгасал баяр дотор бий (1Кор 10:16).

Есүс Алгасал баяраар усан үзмийн дарс шавь нартаа өгөөд “Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм” гэж айлдсан (Мат 26:17, 26-28). Энэ үгэнд итгэж, Есүсийн шинэ гэрээ болгон тогтоож өгсөн Алгасал баярыг сахиж гэмээнэ гэм нүглийн уучлал, сүнсний жинхэнэ авралыг олж авч чадна.

Тэнгэрийн нүгэлтнүүд үүрдийн үхлийн шийтгэлээс ангижирч уучлал аван, тэнгэрийн эх нутагтаа үеийн үед аз жаргал эдлээсэй гэсэндээ Бурхан энэ газарт Өөрөө ирсэн юм. Бидний төлөө тэнгэрийн яруу алдраа орхиод, ямар ч зовлон, доромжлолыг эс ажран эцэст нь амиа хүртэл бидний төлөө зориулсан Елохим Бурханыхаа ариун үнэт золиос, хайрыг цаг үргэлж санаж, шинэ гэрээний Алгасал баярыг дэлхий даяар тунхаглацгаая.