WATV.org is provided in English. Would you like to change to English?
Хорвоо ертөнцөд амьдрах явцдаа хүмүүний хамгийн их хэлдэг үг гомдлын үг байдаг гэнэ. Гэвч Бурхан бидэнтэй хамт байгаад, биднийг хайрладаг гэдэгт итгэвэл гомдоллох юм юу ч байхгүй. Гомдоллож амьдарсан Библийн түүхэн хүмүүсийн хувь тавиланг хараад, өнөө үед биднээс хүсэх Бурханы хүслийг судалъя.
“Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн.” 1Тес 5:16-18
Энэ нь бидний сайн мэддэг Бурханы эрхэм сургаал. Мөнхийн тэнгэрийн орон руу явъя гэвэл Бурханы хүслийг үйлдэх хэрэгтэй.
Хэрвээ бид үргэлж баяртай байж, тасралтгүй залбирч, бүх зүйлд талархлаа өргөж чадахгүй бол сэтгэл дотор гомдол гэдэг өвчин бий болдог. Гомдол гэгч нь баяр хөөр, талархлаас илүү хурдан халдварладаг учраас хувь хүн төдийгүй олон хүнийг сүйрэл рүү хөтөлдөг.
“Та нар үүнийг эс мэдэхийг би хүсэхгүй байна. Ах дүү нар аа, эцгүүд маань бүгд үүлэн дор байж, бүгд тэнгисийг гатлан гарч, бүгд үүл ба тэнгист Мосе уруу баптисм хүртэж, бүгд адилхан сүнслэг хоол идэж, бүгд адилхан сүнслэг ундааг ууж, тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас ундаалсан ба тэр хад нь Христ байв. Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цөлд хиарсан юм. Тэд тачаадан хүссэн шиг муу муухай юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм. … Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё. Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ.” 1Кор 10:1-11
Израиль ард түмэн Алгасал баяраар Бурханы хүч чадлаар Египет нутгаас гарсан боловч зорьсон газар болох Канаан орж чадалгүй, зургаан зуун мянган эрс цөлд сүйрч байв. Бурхан энэ үйл явдлаар сүүлчийн үетэй золгосон бидэнд “Тэдэн шиг гомдоллон, гонгинохгүй байцгаа” гэж онцгойлон сануулга болгожээ.
Өнгөрсөн үеийн израиль ард түмний цөлийн амьдрал нь бидний итгэлийн цөлийн амьдралын толь ба сүүдэр юм. Израиль ард түмэн хэрхсэнийг судлаад, тэд гомдоллосон шиг бид гомдол гаргалгүй, бүх зүйлд талархаж, баяртай байн, Бурхандаа яруу алдар өргөх амьдралаар амьдарцгаая.
“Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй. Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ. Ард түмэн Мосед гонгинолдон —Бид юу уух вэ? гэцгээв. Мосе ЭЗЭНд хашхирсанд ЭЗЭН түүнд нэг модыг үзүүлэв. Тэр түүнийг усанд хаясанд ус амтлаг болов. Тэнд Тэр тэдний төлөө зарлиг, шийдвэрийг өгч, тэднийг сорив. Тэр —Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. …” Гэт 15:22-26
Израиль ард түмэн Улаан тэнгис гатлаад, цөл рүү ормогцоо гомдоллож эхэлсэн байна. Ус маш шорвог учраас ууж чадахгүй нь гэж Мосед гомдоллосон боловч энэ нь эцэстээ Мосегоор дамжуулан ард түмнийг хөтөлсөн Бурханд гомдоллохтой адил байв.
Бурхан тэдний дундаас гомдоллож байгаа хүн болон тэвчиж байгаа хүнийг ялгаж, тэгж ялгасныхаа дараа Мосед усыг амтлаг болгох аргыг заасан юм. Бурхан тэднийг уухаас өмнө усыг амтлаг болгосон бол гомдоллох хүн нэг ч гарахгүй байсан юм. Гомдоллох хэмжээний нөхцөл байдалд тэднийг тавьсан. Цөлийн дөчин жилийн түүхийг харвал Бурхан эхлээд гомдоллохоор нөхцөлийг бий болгоод, ард түмний гомдол туйлдаа хүрэх хүртэл зөнд нь орхиж байгаад сүүлд нь тэдний гомдлыг сонсож, арга зам зааж өгдгийг нь харж болохоор байна. Израильчууд таагүй нөхцөл байдалд орох бүрдээ гомдол дүргүйцэл урсгаж байжээ.
“Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Елимээс хөдөлж, Египетээс гарснаас хойш хоёр дахь сарын арван тавны өдөр Елим болон Синаи уулын хоорондох Син цөлд хүрэв. Тэр цөлд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдов. Израилийн хөвгүүд тэдэнд —Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байхдаа ЭЗЭНий мутарт алагдсан бол дээр байж. Та нар чуулганыг бүхэлд нь өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөлд авчирлаа гэв. ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно.” Гэт 16:1-4
“Ард түмэн гай зовлонгоос болж ЭЗЭНий сонор дор дургүйцэн гонгинолдсон бөгөөд ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзэж, ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зах хаяаг шатаав. Ард түмэн Мосе уруу хашхирахад Мосе, ЭЗЭНд залбирсан бөгөөд гал унтрав. … Тэдний дундах холилдсон хүмүүс шунахай хүсэлд автаж мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж —Хэн бидэнд идэх мах өгөх вэ? Бид Египет нутагт үнэгүйгээр идэж дассан загас, өргөст хэмх, тарвас, ногоон сонгино, сонгино, сармисыг санагалзаж байна. Харин одоо ой гутаж гүйцлээ. Энд маннагаас ондоо харах юм юу ч алга гэцгээв. …” Тоо 11:1-7
“Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Хор уулаас хөдлөн Улаан тэнгисийн замаар явав. Аяны улмаас ард түмэн сэтгэл мятрав. Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ. ЭЗЭН ард түмний дунд хорт галт могойнуудыг илгээхэд тэдгээр нь ард олныг хатгаж, Израилийн олон хүн үхэв.” Тоо 21:4-6
Библийн эдгээр тэмдэглэлээс харахад израильчууд цөлийн амьдралын турш цаг үргэлж Бурханд гомдоллон амьдарч ирсэн байна. Тэд Египетэд Бурханы агуу хүч чадлыг нүдээрээ харж байсан хэрнээ цөлийн амьдрал эхэлмэгц ус шорвог байна гэж гомдоллон, ганцхан сар болоход идэх хоол хүнс алга гэж гомдоллон, Бурхан манна буулгаж өгөхөд нь мах идмээр байна гэж бас гомдоллосон. Ялихгүй таагүй байдалд ч тэд тасралтгүй гомдоллосоор байв. Аяны улмаас сэтгэл нь мятарсан ард түмэн цөлд заваан хүнснээс өөр юм алга гэж дахин гомдоллож байв. Иймд Бурхан галт могой илгээн, олон хүн хатгуулж үхсэн нь гомдоллосон хүмүүс дээр буулгасан Бурханы шийтгэл юм.
Бурхан гомдоллодог хүнээс талархах сэтгэлээр Бурханы хүслийг бодон тэвчдэг хүнийг үргэлж ялгаж байдаг. Итгэлийн цөлийн замаар алхаж байгаа бидэнд ч Бурхан янз бүрийн нөхцөл байдал бий болгож сорилт, бэрхшээл зовлонг үүсгэж, тийм байдалд ч талархдаг хүнийг гомдоллодог хүнээс ялгадаг.
Цөлийн амьдралын иймэрхүү түүхийг ажиглахад Бурхан Өөрөө тэднийг ялгаж байгаа нь үнэхээр айхгүй байхын аргагүй. Хэрвээ бид “Бүү гомдолло” гэсэн Бурханы үгийг мартаад, итгэлийн амьдралдаа гомдоллосон хэвээрээ л байвал эцэст нь аврал авах эгнээнээс аажим аажмаар тасарч, хаягдах болно.
Арван хоёр тандагчийн тухай бодоод үз. Канааныг тандан буцаж ирсэн ч тэдний ихэнх нь уг нутгийн талаар базаахгүй мэдээ дэлгэрүүлж, бүх ард түмнийг гомдоллоход хүргэдэг. Түүнээс болоод Иошуа Калебаас гадна хориос дээш настай израиль эрсийн нэг нь ч Канаан нутагт хөл тавиагүй юм. Учир нь Иошуа Калеб хоёр гомдоллолгүй харин үргэлж талархсан юм (Тоо 13:1-14:38).
Хэрэв израиль ард түмэн Бурханд чин сэтгэлээсээ итгэж дагасан бол бэрхшээлтэй нөхцөл байдал тулгарахад гомдоллохоос илүү тэвчих байсан байх. Таагүй нөхцөл байдалд орсон байлаа ч гомдол гаргахын оронд түүнд шингэсэн Бурханы хүслийг гүн ухаарсан сан бол Бурханд талархах ёстой гарцаагүй учир шалтгааныг олж мэдэх байсан. Гэвч израильчууд жаахан тэвчиж чадалгүй, дүгнэх гомдоллох үгээ яаран өмнөө барьж байв. Тэдний гомдол нь олон хүнд халдаж, эцэст нь зургаан зуун мянган эрс цөлд хиарах золгүй уршиг дагуулсан юм.
Бурхан болчимгүйдээ ард түмнийхээ ус, хүнсийг нь бодолгүй цөлд авчирсан гэж бодно уу? Тэдний тэр гомдол Бурханд итгэх бат итгэлгүйнх нь нотолгоо ч гэж болох юм. Бурхан цаг үргэлж хамт ажиллаж байгаа гэдэгт тэд итгэсэн бол хүнс, усны төдийд гомдоллохгүй байх байсан.
Заримдаа бид ч тийм таагүй нөхцөл байдалд ордог. Бурхан биднийг ямар ч нөхцөл байдалд гомдоллохгүй байхыг л хүсдэг.
Ус байхгүй, хоол дууссан үед нэг хүн гомдоллож эхэлбэл хажуугийн хүн нь ам нийлж, түүний хажуудах нь мөн хүлээн зөвшөөрч, аажмаар олон хүнд гомдол нь халдсан. Бурхан тэднийг гомдоллохоос нь өмнө хэрэгтэй бүгдээр нь элбэг дэлбэг гэгч нь хангаад байсан бол хэн ч гомдоллохгүй байх. Бурхан хэцүү нөхцөл байдлаар дамжуулан гомдоллодог хүнээс талархдаг хүнийг ялгасны эцэст бэрхшээлийг шийдвэрлэх арга зам өгч байв.
Тэгвэл яагаад хүүхдүүдийнхээ өмнө хүнд хэцүү нөхцөл тавьдаг юм бол гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хүнд хэцүү байдалд “Бүү гомдолло” гэсэн сургаалыг нь дагах эсэхийг мэдэх гэж тэгдэг юм. Дуулгавартай дагаагүй үед тэдний цөлд амьдрах хугацааг нь арай уртасгаж, дуулгавартай дагавал дахин тийм хүнд нөхцөлөөр явуулаагүй юм. Бурхан ийм замаар хүнд хэцүү нөхцөлд эцсээ хүртэл гомдоллохгүй, талархах итгэлд ард түмнээ сургадаг билээ.
Талархдаг хүнд Бурханыг гэсэн зөв итгэл байдаг болохоор ямар ч нөхцөл байдалд талархаж чаддаг. Гомдоллож, дургүйцээд талархлаа илэрхийлэхгүй, баяртай байж чадахгүй байх нь аль хэдийн сүнслэг итгэлийн тос нь дууссаны нотолгоо юм. Дургүйцэн гомдоллодог хүмүүсийн итгэлийн тос дууссан болохоор талархлаас илүү сэтгэлд нь гомдол дүүрч, эцэст нь Бурханыг үгүйсгэхэд хүрнэ.
“Тэд хүсэл тачаалынхаа хойноос явдаг, өө сэв хайн гонгиногсод бөгөөд ам нь бардамнан сайрхаж, ашиг харан бусдыг зусарддаг аж.” Иуд 1:16
Гомдоллодог хүний онцлог нь өө сэв хайн гонгинож, ам нь бардамнан сайрхаж, бусдыг зусарддаг. Эдгээр хүмүүс ямар төрлийн хүмүүс болохыг өмнөх ишлэлээс нь судалж үзэцгээе.
“Харин тэд мэдэхгүй зүйлээ доромжилдог ба хэлгүй адгуус шиг төрөлх зөнгөөр мэдэж авдаг юмсаар өөрсдийгөө ялзруулдаг ажээ. Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар явж, шан харамжийн төлөө Балаамын төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлд мөхжээ.” Иуд 1:10-11
“Учир нь шийтгэлд хэдийнээ заагдсан, сүсэг бишрэлгүй хэсэг хүн сэм шургалан орж ирсэн бөгөөд тэд Бурханы маань нигүүлслийг садарлал болгон гажуудуулж, бидний цорын ганц Эзэгнэгч бөгөөд Эзэн Есүс Христийг үгүйсгэдэг.” Иуд 1:4
Каин болон Кора шиг муу зан ааш гаргадаг, Балаам шиг шан харамжийн төлөө ард түмнийг төөрөгдөлд оруулдаг муу хүмүүс бол бүгд гомдоллодог, дургүйцэн гонгинодог хүмүүс юм. Бурханд төгс итгэж чадахгүй, эцэст нь үгүйсгэдэг тийм хүмүүс үргэлж гомдоллож, дургүйцэн гонгинож, хүсэл тачаалынхаа хойноос явж, ам нь бардамнан сайрхдаг. Тэд нар бол Кора, Балаам, Каинтай адилхан зан ааштай болохоор ухаангүй араатан шиг Бурханы эрх мэдлийг басамжилж, яруу алдарт нь саад учруулдаг хүмүүс аж.
Гомдол гаргагчид Христийг үгүйсгэдэг. Тэгэхээр гомдоллох гэдэг хичнээн аймшигтай хэрэг вэ? Зөвхөн Бурханы хүслийн дагуу үргэлж баяртай байж, бүх зүйлд талархан, тасралтгүй залбирдаг амьдралаар амьдрах нь зүйтэй. Ямарваа нэг гомдол байсан бол тун удахгүй “Би яагаад иймхэн юманд гомдоллосон юм бол?” хэмээн харамсаж, буруугаа ухаардаг. Гэвч яг харамсах үед хэдийн оройтсон байх тул одооноос огт дургүйцэж гомдоллолгүй, талархалтайгаар амьдарч, тэнгэрийн хаанчлал өөд урагшлах хэрэгтэй.
Гомдол гүнзгийрвэл итгэл алга болж, итгэл алга болбол Бурханыг орхиход хүрч, Бурханыг орхиход хүрвэл тэнгэрийн хаанчлалыг алдах золгүй явдал ар араасаа гарах болно. Ямар нэг бэрхшээл байлаа ч итгэл дотор бүх зүйлд талархдаг, үргэлж баяртай байдаг сэтгэлтэй болцгооё. Ийм л сэтгэл байх аваас бидний хооронд маргаан ч гарахгүй, бие биенээ шаналгаж зовоох хэрэг ч гарахгүй, харилцан нэг нэгэндээ аз жаргал, баяр баясал авчирна.
Итгэлийн амьдралд хааяа ах дүүгийн сайн санаж хэлсэн зөвлөгөө ч хүртэл уур хүргэх, гомдол бий болгох тохиолдол байдаг. Тийм үед гомдоллож, дургүйцэлгүй тэвчвэл цаг хугацаа өнгөрсний дараа үр дүнд нь итгэлийн чинь амьдралд л тустай байсныг ухаарна.
Эргэн тойронд маань биднийг зовоодог хүн байгаа гэж бодъё. Биднийг зовоодог хүний үг хэл, үйл хөдлөл, ааш занг ч Бурхан бүтээсэн тул цөлийн замд израиль ард түмний дөчин жилийн турш туулсан үйл явц л бидэнд тохиолдож байна гэж бодвол гомдоллож, дургүйцэх шалтгаан огт байхгүй. Бүх юмс Бурханы хүслийн улмаас бүтсэн. Бүтээсэн бүх зүйлсээр дамжуулан бидэнд тохиолдох алив зүйлсэд талархаж, сэтгэл хангалуун байхад суралцаж, тэр дундаас баяр баясгаланг мэдэрдэг хүүхэд болохыг Бурхан хүсэж байгаа тул тэрхүү хүслийг нь биелүүлж дагадаг зан чанартай байх ёстой биш гэж үү?
Бурхан бидний өмнө хааяа хүнд нөхцөл байдал гаргаж ирдэг нь сэтгэл доторхыг маань шалгаж, тийм байдал дунд итгэгч хүнийхээ хувьд зөв замаар алхаасай гэж хүссэн хэрэг. Гомдол, дургүйцэл өвөрлөхөөс илүү эсрэгээрээ талархах сэтгэлтэй байх нь Бурханы хүсдэг сүүлчийн зуун дөчин дөрвөн мянган хүүхдийн зан чанар юм.
Гомдоллосон израиль ард түмэн бүгд цөлд хиарсан. Энэхүү өнгөрсөн үеийн түүхэн үйл явдлуудаар дамжуулан Бурхан итгэлийн цөлийн амьдралд биднийг сэтгэлдээ тээж байгаа элдэв гомдол, дургүйцэл, талархаж чаддаггүй алив сэтгэлээ бүрэн хаяхыг хүсэж байгаа. Гомдол гаргаагүй, талархдаг хүмүүс л Канаан орж чадсан шиг энэ үед ч талархдаг хүмүүс л мөнхийн тэнгэрийн хаанчлалд орно.
“амьдралын чинь урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, үнэний зөвт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс.” Ефе 4:22-24
Өнөөг хүртэл өмсөж ирсэн хуучин хүнээ тайлж, Бурхан дотор бүгд шинэ хүнийг өмсөөрэй. Ямар ч нөхцөл байдалд Сүнс болон Сүйт бүсгүйн биднээс хүсдэгчлэн гомдол, дургүйцэл гаргалгүй, бүх юманд сэтгэл хангалуун байж чаддаг, бүх зүйлд талархан, баяртай байж чаддаг шинэ хүн болж, итгэлийн замаараа алхах хэрэгтэй. Манай Сионы ах эгч дүүс сүнслэг цөлийн амьдралаа эсэн мэнд дуусгаж, мөнхийн тэнгэрийн Канаанд бүгд ороосой хэмээн хүсэж байна.