​Сион хотод махан биеэр оршдог Бурхан

23,996 үзэлт

Аврал, мөнх амь авахыг хүсэмжилж байгаа бүх христчүүдийн орхигдуулж болшгүй нэгэн чухал зүйл бол Бурхантай уулзах явдал. Исаиа эш үзүүлэгч “Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун” хэмээсэн байдаг.

Дээрх ишлэлийг нарийвчлан үзвэл, Бурхан бидэнтэй ойр байж гэмээнэ бид Түүнтэй уулзаж чадна. Тэгвэл ямар үед Бурхан бидэнтэй ойр байдгийг, хаана Бурхантай уулзаж болохыг, мөн Бурхан ямар аргаар биднийг ард түмнээ болгон аврахыг мэдэж авцгаая.

Сион хот – Бурхан оршдог үнэний сүм

“Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, … Иерусалимыг нүд чинь үзнэ. Тэнд цог жавхлант Нэгэн, ЭЗЭН, бидний төлөө байх болно. … ЭЗЭН бол хууль тогтоогч минь, ЭЗЭН бол хаан маань мөн. Тэр биднийг аварна. … Тэнд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах болно.” Иса 33:20-24

Энэ нь Исаиа эш үзүүлэгч хожим болох зүйлсийг илчлэлтээр харсан зөгнөл юм. Сион хотод оршдог ард түмэн баяр хэрхэн сахиж байгаа байдлыг, Ёхова Бурхан Сионы Хаан болж Сионд хуулиа тогтоон ард түмнээ захирч байгаа дүр зургийг, мөн Сионд оршиж байгаа ард түмний нүгэл хилэнц уучлагдахыг хүртэл цөмийг нь Исаиа эш үзүүлэгч хараад Библид тэмдэглэсэн аж.

Гэхдээ зарим хүн үүнийг буруу ойлгож, Сион хотыг тэнгэрийн хаанчлал эсвэл Палестины Иерусалим гэцгээдэг. Учир нь тэд “Ёхова Бурхан Хаан нь юм чинь Сион тэнгэрийн хаанчлал биш гэж үү?”, “Сион баяр тэмдэглэдэг газар юм чинь махан биеийн Иерусалим юм биш үү?” гэдэг. Гэвч энэ бол хүний бодол тайлбараас ер хэтрэхгүй зүйл.

Исаиа эш үзүүлэгчийн илчлэлтээр харж бичсэн Сион хот нь хожим Ёхова Бурханы махан биеэр ирээд тогтоох шинэ гэрээний баяр тэмдэглэдэг Бурханы сүм байсан юм. Тодруулж хэлэхэд Ёхова Бурхан махан бие өмсөн “Есүс” гэдэг нэрээр ирээд байгуулах Бурханы сүмийг үүгээр зөгнөсөн хэрэг.

“Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ.” Зех 9:9

Исаиа номын тэмдэглэлээс үзэхэд Сионы Хаан нь Ёхова Бурхан юм. Дээрх ишлэл нь Ёхова Бурхан Сионы Хаан болж ирэхдээ дудран унана гэсэн зөгнөл юм. Түүнчлэн Есүс илжиг унаж Иерусалимд орж ирснээрээ Өөрийгөө Сионы Хаан болохыг нотолжээ.

“… Есүс хоёр шавиа илгээж тэдэнд —Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Та нар тэр даруй уяатай илжиг дудрантайгаа байгааг олно. Тэднийг тайлаад Надад авчир. … Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд билээ. Юу гэвэл «Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу даруухнаар, илжиг буюу эдэлгээний адгуусын төл, дудран унаад айсуй гэж Сион охинд дуулга» гэсэн юм. Тэгээд шавь нар явж, Есүсийн захисан ёсоор гүйцэтгэв. Тэд илжгийг дудрантай нь авчраад дээр нь дээлүүдээ тохож Есүсийг мордуулав. Үй олон хүн дээлээ зам дээр дэвсэж зарим нь модноос мөчир огтлон зам дээр дэлгэж байлаа. …” Мат 21:1-9

Ордонд залардаг хааны явах замыг бэлддэг шиг хамгийн сайхан эмээлтэй цагаан морь, гоёмсог торго бэлдээгүй ч, Есүсийн шавь нар зөгнөлийн дагуу энэ газарт махан биеэр ирсэн Ёхова Бурханд зориулан дээл хувцсаа зам дээр дэвсэж, Сионы Хаан хэмээн хүндэтгэл үзүүлжээ. Энэ дэлхийн хаадтай харьцуулахад эгэл даруухан ирсэн ч гэлээ, Есүс хүүхдүүдээ аврах гэсэн ганц л зорилгоор ирсэн юм. Есүс бол хуучин гэрээний бүх эш үзүүлэгчийн зөгнөсөн Сионы Хаан Ёхова Бурхан байсан юм.

Сионы Хаан болох Бурханы тогтоосон шинэ гэрээний хууль

Исаиа 33-р бүлэгт Ёхова Бурхан Сионд хуулиа тогтооно хэмээжээ. Тэгвэл Тэрээр Сионд ямар хууль тогтоосон юм бол?

“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. … “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно. Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.” Иер 31:31-34

Энэ айлдал ч мөн хожим Бурхан Өөрөө махан бие өмсөн энэ газарт Сионы Хаанаар ирэхдээ ямар ажил хийхийг харуулсан зөгнөл юм. Хожим Ёхова Бурхан ирэхдээ шинэ гэрээ тогтоон, тэрхүү шинэ гэрээн дотор орж ирсэн хүмүүсийг Өөрийн ард түмнээ болгож, тэдний Бурхан нь болно хэмээн айлджээ. Харин дээрх Иеремиа номны зөгнөлийг биелүүлсэн Нэгэн нь Есүс юм.

“Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. … Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө… Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:7-20

Исаиа эш үзүүлэгч Ёхова Бурханыг Сионд хуулиа тогтооно хэмээж, Иеремиа эш үзүүлэгч Ёхова Бурхан шинэ гэрээ байгуулна гэдгийг тус тус зөгнөжээ. Гэтэл Ёхова Бурхан махан бие өмсөн Есүс гэдэг нэрээр ирээд шинэ гэрээ тогтоосон болохоор Сионд тогтоох хууль нь гагцхүү шинэ гэрээ юм. Тиймд Есүс бол эш үзүүлэгчдийн зөгнөсөн Сионы Хаан буюу Ёхова Бурхан мөн.

Түүнчлэн Исаиа 33-р бүлэгт “Сионд амьдарч байгаа хүмүүсийн хилэнц уучлагдах болно” хэмээн айлдсан ёсоор Ёхова Бурхан Сионд тогтоосон хууль буюу шинэ гэрээгээрээ нүглийн уучлал өгсөн ажээ.

“… Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-28

Бурхан (Есүс) Өөрөө махан биеэр ирээд Сионыг байгуулан Алгасал баяраар шинэ гэрээ тогтоосон юм. Мөн шинэ гэрээн дотор алхдаг хүмүүсийн нүгэл нь уучлагдах бөгөөд тэд Бурханы ард түмэн болж, Бурхан шинэ гэрээний дотор байгчид буюу Сионд оршдог ард түмний Бурхан нь болох юм.

Библид бичигдсэн бүх ерөөлийг Бурхан Сионд байгаа ард түмэндээ л амласан аж. Тиймээс хэн ч л гэсэн Сионд байж, Сионд оршигч Бурхантай уулзаж, Сионд оршигч Бурханы зааж өгсөн шинэ гэрээний хууль дотор байж л аврал авна гэдэг нь Библийн сургаал юм.

Махан биеэр ирж Сионыг байгуулсан Бурхан

Есүс ирээд Сионыг байгуулах талаар хуучин гэрээний эш үзүүлэгчдийн олон зөгнөл бий.

“Харин Сионы тухай “Энэ хүн ба тэр хүн түүний дотор төрсөн” гэж хэлэгдэнэ. Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна.” Дуу 87:5

“Та босож, Сионыг өрөвдөнө. … Учир нь ЭЗЭН Сионыг босгон байгуулж, цог жавхлангийнхаа дунд үзэгдэнэ.” Дуу 102:13-16

“Учир нь ЭЗЭН Сионыг сонгож, орших газраа хэмээн Түүнийг хүсэв. “Мөнхөд амрах газар минь энэ болой. Үүнийг хүссэн тул Би энд амьдран сууна. … Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ! Сахал дээгүүр нь, Аароны сахлаар доош урсан, хувцасных нь захаар доош урсаж буй толгой дээрх үнэ цэнэтэй тос адил юм. Сионы уулс дээр буудаг Хермоны шүүдэр адил юм. Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг, мөнх амийг тушаасан билээ.” Дуу 132:13-133:3

Мөнх амь бол зөвхөн Сионд л соёрхсон ерөөл. Харин Сионд мөнх амийн ерөөл өгсний учир юу вэ? Яагаад гэвэл махан биеэр ирсэн Бурхан Сионд оршдог юм.

Бурханы Ариун Сүнсээр хөдөлгөгдөн Дуулал ном бичсэн Давид мөн Исаиа, Иеремиа гэх мэт хуучин гэрээний бүх эш үзүүлэгч хожим Есүс ирээд Сионыг байгуулж, шинэ гэрээний хуулиа зааж өгөхийг “Бурхан Өөрөө Сионыг байгуулан хууль тогтоон, аврал өгнө” хэмээн тэмдэглэсэн байдаг.

Бурханыг хүлээн авсан хүмүүс ба Бурханыг гадуурхсан хүмүүс

Хуучин гэрээний Библид зөгнөгдсөн Сионы Хаан буюу Ёховаг Есүс болж ирсэн гэдгийг анхны сүмийн элч нар сайн мэдэж байлаа.

“… Энэ нь Бичвэрт “Харагтун. Сонгогдсон, булангийн үнэт чулууг Би Сионд тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй” хэмээсэн байдаг. Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэт, харин үл итгэгчдэд “Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов” гээд “Бүдрүүлгийн Чулуу, тээглэх Хад болсон юм” гэсэнчлэн болой. …” 1Пет 2:4-8

“Сионы булангийн үнэт чулуу” гэж Ёхова Бурханыг заадаг. Ёхова Бурхан энэ дэлхийд Сионы Хаан болж махан биеэр ирэх үедээ хүлээн авсан хүмүүст Тэрээр үнэт чулуу болсон хэдий ч, итгэдэггүй хүмүүст бүдрүүлгийн чулуу, урхи ба занга болсон юм.

“Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн нь түг түмдийн ЭЗЭН юм. Тэрээр эмээдэс тань байх болно. Тэр та нарыг айлгах болно. Дараа нь Тэр ариун газар болно. Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлгийн хад, Иерусалимын оршин суугчдын урхи ба занга болно. Олон хүн түүнд бүдэрнэ. Тэгээд тэд унана, хэмхэрнэ. Түүгээр ч барахгүй тэд урхинд орж баригдана гэв.” Иса 8:13-15

Библид Есүсийн талаар тодорхой бичигдсэн ч, тухайн үеийн шашны удирдагчид Бурхан болох Есүс рүү ирэхийг хүсээгүй юм. Тэд махан биеэр ирсэн Есүсийг хараад “Хүн яаж Бурхан болж чадах вэ?” хэмээн Түүнийг хавчдаг байлаа. Тэдний хавчдаг байсан Есүс нь тэдний ихэд хүндэтгэн, уулзахыг хүсэн мөрөөддөг Сионы Хаан Ёхова Бурхан нь байсан юм. Гэвч тэд ухаараагүй.

Тэд Есүстэй уулзаж, зааж өгсөн шинэ гэрээний хуулинд нь л оролцож байсан бол мөнх амь авах байлаа. Гэтэл тэдний дотор “Бурхан хэзээ ч хүн болж ирэхгүй” гэсэн хүний бодол оршиж байв (Иох 10:30-33 үзэх).

Есүс Өөрийнх нь эсрэг ярьж байсан иудейчүүдэд ийн хэлж байлаа.

“Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.” Иох 5:39-40

Тухайн үеийн хуулийн багш нар Библид (хуучин гэрээний Библи) бичигдсэн мөнх амь нь гагцхүү Сионд өгөгдөх ерөөл гэдгийг мэдэж байлаа. Гэвч тэд махан биеэр ирэх Бурханыг хүлээн авч, сургаал үгийг нь дагаснаар л мөнх аминд хүрнэ гэдгийг ухаардаггүй байв.

Хуучин гэрээний бүх эш үзүүлэгчийн гэрчилж, хүсэн хүлээж байсан Бурхан нь Сионд авралыг ивээх Ёхова Бурхан байлаа. Гэтэл тэрхүү Ёхова Бурхан нь мөхөс махан биеэр энэ дэлхийд ирсэн тул тэд Бурханыг хэрхэн таньж чадах билээ?

Бурханд л зөвхөн мөнх амь бий. Бурхан л гагцхүү нүглийн уучлал өгч чадна. Хэрэв Есүс нь Ёхова Бурхан биш байсан бол авралыг ч, мөнх амийг ч өгч чадахгүй шүү дээ.

Сионыг дахин байгуулсан Хоёрдугаар Христ

Исаиа эш үзүүлэгч баяр тэмдэглэдэг Сион хотыг илчлэлтээр харжээ. Хожим Ёхова Бурхан Өөрөө махан биеэр ирээд Сионыг босгож, Сионы Хаан болно хэмээсэн. Чингэхдээ Есүс гэдэг нэрээр ирж шинэ гэрээний баяр тэмдэглэдэг сүмийг босгон байгуулж, ард түмнээ аврал өөд хөтөлсөн билээ. Тийм болохоор Сионд оршдог Бурхан бол махан биеэр энэ газарт ирсэн Христ мөн. Анхны сүмийн итгэгчид болон элч нар Сионыг байгуулсан Есүсийг Ёхова Бурхан хэмээн итгэдэг байж.

Сионы Хаан болсон Есүс шинэ гэрээний баяр тогтоогоод тэнгэрт одсоноос хойш элч нар Түүний тогтоосон шинэ гэрээний сайн мэдээг олон түмэнд тунхагласан юм. Харин элч нарын сүүл үеэс ёс бус зүйлс сүмд нэвтэрсэн байна. Иймд Паул элч дараах байдлаар тэмдэглэсэн аж.

“… Учир нь эхлээд урвалт гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Тэр бол эсэргүүцэгч… ёс бусын нууц нь хэдийнээ ажиллаж байна. Гагцхүү эдүгээ хязгаарлан баригч дундаас нь зайлуулагдах хүртэл ажээ. …” 2Тес 2:1-12

Элч нар нас барсны дараа ёс бус сүмд орж ирээд, Бурханы Өөрийн биеэр тогтоосон шинэ гэрээний бүх зарлиг болон хуулийг устгаж, сүмийг ёс бусаар дүүргэсэн юм. Бурхан махан биеэр ирээд тогтоосон Сионы хууль, шинэ гэрээний сайн мэдээ нь энэ газраас замхарсан юм. Сион бүрэн нурсан аж.

Иохан элч Патм арлаас илчлэлт харахдаа Христийн байгуулсан Бурханы сүмд хожим юу юу тохиолдохыг мэдсэн байна. Тэгээд Иохан ариун хүмүүсийн эдлэх зовлонг болон Сионы хууль устгагдахыг хараад уйлжээ. Яагаад гэвэл Сионы хууль сэргэхгүйгээр хэн ч аврал авч чадахгүй юм. Түүнчлэн Иохан элч бас нурсан Сионыг Давидын Үндэс дахин босгохыг нь ч харсан аж.

“Ахлагчдын нэг нь надад —Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.” Илч 5:5

Хэсэг хугацааны дараа Иохан гайхалтай илчлэлт харжээ. Сион дахин босгогдохыг тэр харсан аж.

“Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа.” Илч 14:1

2000 жилийн өмнө төдийгүй өнөө үед ч мөн Бурхан энэ дэлхийд махан биеэр дахин ирж, Сионыг босгон шинэ гэрээг байгуулснаар Сионы Хаан болсон юм. Аврал авахыг хүсдэг хүн л бол Сионд махан биеэр оршдог Бурхантай зайлшгүй уулзах учиртай. Мөн Сионд тогтоосон шинэ гэрээний хуулиар нүглийн уучлал авч гэмээнэ тэр хүн аврал өөд бүрэн дүүрэн хүрч очих юм.

Бурхан Сионы Хаан болж махан биеэр энэ газар ирэхдээ Өөрийг нь хүлээн авсан хүмүүст Тэрээр үнэт чулуу нь болно. Харин итгээгүй хүмүүст урхи болон занга болно. “Бурхан хэзээ ч хүн болж ирэхгүй” гэсэн тогтсон санаа бодолдоо хүлэгдэн авралын замаар явж чадаагүй хүмүүсийн алдааг бид марталгүй, өнөө үед Сионыг дахин босгоод бидэнд мөнх амь өгөх Сионы Хаантайгаа уулзан, аврал авах Бурханы хүүхдүүд болцгооё.