WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бурхан биднийг харж хянадаг

112 Үзсэн тоо

Библийн зөгнөлийн дагуу Бурханы үг дэлхий даяар тархаж байна. Үнэн ийнхүү хурдан тунхаглагдахын хэрээр бүр ч олон хүн Сион руу цуглаж, ингэж олон хүн ирэхийн хэрээр ертөнцөөс сурсан зуршлаа одоо хэр нь Сионд гаргасаар байгаа гэр бүлүүд нэлээн байх шиг.

Үнэнийг хүлээн авсан бид ертөнцөөс үлдсэн хир буртгаа Бурхан дотор бага багаар цэвэрлэж, Бурханы хүсдэг зөв зан чанар, авир үйлдлээр төгс болон өөрчлөгдөх явцдаа байна. Хүүхдүүдээ бүрэн төгс дахин төрөөсэй гэж хүсдэг Бурханы чинхүү хүслийг одоо Библиэр шалгаж үзэцгээе.

Бурхан хүн нэг бүрийг харж хянадаг

Сионы эгч дүү нэг найзаа үнэн рүү хөтөлж л дээ. Гэвч найз нь сургууль дээрээ урьдын адил болчимгүй ярьж, авирласан хэвээр байсан нь эгч дүүгийн санааг зовоов. “Намайг хэн ч харахгүй юм чинь юу нь асуудал байгаа юм?” гээд найз нь огтхон ч тоосонгүй гэнэ. Тэгэхэд нь эгч дүү “Бурхан бидний хяналтын камер” гэжээ.

Энэ богино хэрнээ цаанаа далд утгатай үг хуучин, шинэ гэлтгүй манай сионыхонд бүгдэд нь сануулга өгч байх шиг.

Дээр үед гэмт хэрэгтнүүд өөрсдийг нь нүдээр харсан гэрч байхгүй л бол хийсэн хэргээсээ мултарч чаддаг байсан гэдэг. Харин сүүлийн үед хяналтын камер гэгч зүйл өргөн дэлгэрч, хүмүүсийн үйл ажиллагааг хянах үүднээс хаа сайгүй суурилуулсан байдаг. Тэдгээр нь үнэн худлыг ялгаж шийдвэрлэхэд болон гэмт хэрэгтнүүдийг барихад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Зөв шударга амьдардаг хүмүүсийн хувьд хяналтын камер гэдэг нэг их асуудал биш л дээ. Харин гэмт хэрэгтнүүдийн хувьд бол хяналтын камераас айхгүй байхын аргагүй.

Сүнсээр ч мөн адилхан учраас хүмүүн бидний авир үйлдэл нэг бүр Бурханы өмнө бичигдэж, Бурхан биднийг харж хянаж байдаг.

“ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд, зүрхнийх нь санаа үеийн үед. Өөрсдийн Бурхан нь ЭЗЭН байдаг үндэстэн, өв юугаа болгохоор Түүний сонгосон ард түмэн ерөөлтэй еэ! ЭЗЭН тэнгэрээс ажмуй. Тэрээр хүний хөвгүүдийг бүгдийг харах авай.” Дуу 33:11-13

Бурхан тэнгэрээс хүмүүсийг ажиж байдаг. Ертөнцлөг хүмүүс магадгүй Бурхан нээрээ хүн төрөлхтнийг харж байдаг эсэхэд эргэлзэж мэднэ. Тиймдээ ч тэд “Харанхуй байгаа юм чинь хэн л намайг харав гэж”, “Энд надаас өөр хэн ч алга” гэх зэргээр бодон, гэмт хэрэг үйлдэх энүүхэнд. Харин хаана ч байлаа гэсэн Бурхан юм бүхнийг ажиж харж байдаг.

Бурхан бидний бодол, хүслийг ч мэднэ

Бурхан хүмүүсийн буруу бодол, үйлдлийг засаж залруулаад, авралын замаар хөтлөх гэсэндээ, мөн хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх гэсэндээ бүх хүнийг харж хянаж байдаг. Тийм учраас сайн, муу ямар ч үйлийг, бүр зүрхэнд байгааг нь ч Бурхан хардаг.

“Мунхаг нэгэн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэдэг. Тэд завхарцгааж, жигшмээр гэмт хэргүүд үйлдсэн. Сайныг үйлддэг хүн алга. Тэнгэрээс Бурхан хүний хөвгүүдийг өнгийн харсан нь ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж.” Дуу 53:1-2

Хамгийн мунхаг хүн бол Бурхан харагдахгүй байгаа юм чинь байдаггүй гэж боддог хүмүүс юм. Гэвч тэдний мунхаг бодлоос огт эсрэгээр, Бурхан тэнгэрээс хүмүүсийг өнгийн харж, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харан, тэдний чин сэтгэлийн залбирлыг сонсож, хүн төрөлхтнийг гэсэн хайр халамжаар авралын ажлыг удирдаж байдаг.

“Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.” Евр 4:12-13

Цэрэг армийн хэрэгцээнд зориулж бүтээсэн хэт улаан туяаны дуран нь цайвар гэрэл, хэт улаан туяаг өсгөх замаар тас харанхуйд ч хүн ба юмсын хөдөлгөөнийг ялган илрүүлж чадна. Бурханы бүтээл болох хүн хүртэл тийнхүү тас харанхуйд ч харж чадах нь байна. Тийм байхад Бүтээгч Бурханаас нуугдах юм гэж юу байхав дээ. Бурхан бүр ч илүү харах биш үү?

Бурхан нүдэнд харагдах үйлдлийг ч хардаг, нүднээс далд байдаг бодол санааг ч мэднэ. Тиймээс Бурханы бүтээл дунд Бурханаас нуугдаж далдлагдах юу ч байхгүй.

Бурханы өмнө юу ч нуугдаж чадахгүй

Бурхан биднийг хаана ч, хэзээ ч, ямар ч орчин нөхцөлд Өөрийнхөө хүслийн дагуу сайн үйл хийгээсэй гэж л хүсдэг. Бурхан бидний үйлдэл, бүр далд байдаг бодлыг маань ч хүртэл мэддэг тул бид буруу юм хийх үед Бурхан биднийг засаж залруулан, дутууг маань нөхдөг. Тийнхүү Бурхан биднийг ерөөлийн замаар хөтөлдөг байна. Бид Бурханы нүдэнд зөв сэтгэл оюун, зөв үйлс үйлдэлтэй байн, итгэлийн замаар явж байж л аврал авна.

“Үзэгтүн, Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана. Учир нь тэдний бүх замыг Би хардаг. Тэд нүүрнээс минь нуугдаагүй, хилэнц нь ч мэлмийнээс минь далдлагдаагүй. …” Иер 16:16-18

“Би алс холын Бурхан биш, харин ойрхон байдаг Бурхан бус уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Надад харагдахгүй байхаар хүн далд газруудад нуугдаж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрс хийгээд газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.” Иер 23:23-24

Бурхан хүн нэг бүрийн замыг ажиглаж, нүгэлтнүүд Бурханы мэлмийнээс дайжин далд газруудад нуугдаж, эсвэл нүглээ Бурханаас далдалж чадахгүй гэсэн. Тэд хүмүүсээс нуугдаж магадгүй ч тэнгэрс хийгээд газрыг дүүргэдэг Бурхан тэднийг харахгүй байхаар далд газруудад нуугдаж чадахгүй юм.

Даниел эш үзүүлэгч мөн Небухаднезар хааны зүүдийг тайлбарлахынхаа өмнө Бурханыг гүн хийгээд нууц юмсыг илчилдэг, харанхуйд юу буйг мэддэг хэмээн тунхагласан байдаг.

“Дараа нь Даниел гэртээ хариад, өөрийн нөхөд Хананиа, Мишаел, Азариа нарт энэ хэргийн талаар мэдүүлэв. Даниел болон нөхөд нь Вавилоны бусад мэргэдтэй хамт устгуулахгүйн тулд энэ нууцын талаар тэнгэрийн Бурханаас өршөөл гуйхыг Даниел тэднээс хүсэв. Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав. Даниел хэлэхдээ —Бурханы нэр мөнхийн мөнхөд магтагдах болтугай. Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх. Тэрээр цаг хийгээд хугацааг өөрчилдөг. Тэрээр хаадыг босгодог бас унагадаг. Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, хэрсүүд мэдлэгийг өгдөг. Гүн хийгээд нууц юмсыг Тэр л илчилдэг. Харанхуйд юу буйг Тэр мэддэг. Гэрэл Түүнтэй хамт оршдог.” Дан 2:17-22

Сансар огторгуйд дэлхий бол нэг өчүүхэн тоосонцор. Дэлхий ийм жижиг байхад хүмүүс дэлхийг нэг их том газар гэж үзэн, нүглээ Бурханаас нууж чадна гэж боддог. Харин хэдий тэд нууц газруудад нуучихлаа гэж бодсон ч юм бүхэн Бурханы нүдэнд ив ил байдаг учраас тэдний энэ бодол үнэхээрийн мунхаг юм.

Бурханд бүрэн далдлагдсан юмыг ч харах хүч бий. Бурханаас нуугдах хэн ч байхгүй, далдлагдах юу ч байхгүй билээ.

Бурхан хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлнө

Бурхан биднийг хайрласандаа харж хянадаг. Бидний толгой дээрх ширхэг үсийг минь ч хүртэл тоолж, бид өөрсдийгөө мэддэгээс ч илүүгээр биднийг мэдэж, биднийг тэгтлээ хайрладаг (Мат 10:30). Бид Бурханы хамаг бодол санаа. Бурханаас тийм их хайр халамж хүртсэн Бурханы хүүхдүүдийн хувиар дахин төрж, өдөр бүр Бурханы мөнхийн үгээр өөрчлөгдөхийн төлөө хичээцгээе.

Сүүлчийн шүүлтийн өдөр Бурхан зөвт хүнд зөвт үйлсийнх нь төлөө, хорон муу хүнд хорон муу, бузар муугийнх нь төлөө гээд хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгөх юм.

“Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.” Илч 2:23

“Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов. Их, бага үхэгсдийг сэнтийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр шүүгдэв. Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэгбүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой.” Илч 20:11-14

Эцсийн өдөр үхэгсэд үйлсийнхээ дагуу, номонд бичигдсэнээр шүүгдэнэ. Хорон муу нь хорон муу үйлсийнхээ дагуу галт нуурт хаягдаад дуусна. Далд нууц хийгдсэн зүйлс ч Бурханы номонд бичигддэг төдийгүй Бурхан бидний хөдөлгөөн бүрийг ажиглаж байгаа. Бурханы өмнө юм бүхэн ив ил учраас Бурханы шүүлтийн суудлын өмнө хэн нь ч хийсэн нүгэлдээ шалтаг тавьж чадахгүй. Тиймээс бид хорон муу хүний авах зохистой шүүлт шийтгэлийг авах алив муу үйлд уруу татагдахын оронд зөвтийн яруу алдар руу орохын тулд сайхан сэтгэлтэй, ариун ба итгэл сүсэг бүхий амьдралаар амьдрах ёстой биш үү?

“Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ? Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу?” Мат 16:26-27

Есүс тэнгэр элч нарынхаа хамт яруу алдар дунд ирэхдээ хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө гэж амласан. Сайн мэдээний төлөө уйгагүй зүтгэсэн хүмүүст тэрээр сайн үйлсийнх нь дагуу ерөөл өгч, мөн тасралтгүй залбирсан хүмүүс дээр зохих ерөөлийг нь бялхаан өгнө. Эв эетэй, нэгдмэл байхын тулд өөрийгөө золиослон, бусдад санаа тавьдаг хүмүүст Бурханы өгөх ерөөлүүдийг ч мөн Библид тэмдэглэсэн байдаг.

Бурхан биднийг үргэлж харж хянаж байдгийг мартах үед л нүгэл урган гарч байдаг. Бид нэгэнт л Бурханд итгэдэг учраас биднийг итгэл төдийгүй сайн үг үйлсээр Бурханы хүүхэд гэж дуудагдах зохистой төрхөөр амьдраасай гэсэндээ цаг үргэлж харж хянадаг Бурханыг бодох хэрэгтэй. Үнэхээр ухаалаг хүн бол Бурханы өмнө юм бүхэн ил тод байдгийг ухаарч ойлгодог хүн юм.

Хаанчлалын сайн мэдээ одоо Библийн зөгнөлийн дагуу бүх үндэстэнд тархаад байна. Бид түр зуурын амар амгалан, тав туханд умбахын оронд тэнгэрийн хаанчлалд орохын тулд амьдралаа хэр дүүргэж байгаагаа бодох ёстой. Бурханы хүүхдийн хувиар бүх зүрх сэтгэл, оюун ухаанаа Бурханд таалагдах юмсаар дүүргэцгээе. Тэгж гэмээнэ бид мөнхийн тэнгэрийн хаанчлалд буцах үедээ Бурханаас сайн гэсэн гэрчлэлийг олж авч чадна.

Богинохон амьдралдаа гүйцээх ёстой бидний үүрэг

Өвөг дээдэс маань хүмүүний амьдралыг шүүдрэн дусал шиг гэсэн байдаг. Энэ нь хүмүүний амьдрал нар гарангуут гялс алга болдог өвсөн дээрх шүүдэр шиг тийм л түр зуурын гэсэн үг юм. Амьдрал ийм л богино тул энэ газрын түр зуурын юмст сатааралгүй, харин Бурхан ийн сургасанчлан бид бүхэн тэнгэрийн зүйлст сэтгэл оюунаа хандуулах ёстой юм.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

Есүс биднээс бүх үндэстэн рүү явж, тушаасан бүхнийг нь сахин биелүүлэхийг хүмүүст заа гэж хүссэн. Хүний амьдрал урсан өнгөрч, энэ амьдралын дараа бодитоор орших ертөнц хүмүүн биднийг хүлээж байгааг зөв ухаарсан хүн Бурханы тушаалыг дагаж мөрдөх нь гарцаагүй. Бурхан тийм л хүмүүст үнэн зөвийг хангалттай ухаарах итгэл соёрхсон юм.

Эсрэгээрээ хүний амьдралыг мөнхөд үргэлжилнэ гэж боддог хүмүүс итгэлтэй байж чадахгүйгээр үл барам сэтгэлд нь тэнгэрийн найдвар гэгч зүйл байхгүй юм. Тэд ертөнцлөг зүйлст улам бүр олзлогдохоос өөр аргагүй. Бурханы хүслийг мэддэг хүн ба мэдэхгүй хүний хооронд ийм том ялгаа байдаг. Есүс загалмай дээр цовдлогдох үед баруун, зүүн талд нь хоёр дээрэмчин байсан даа.

Амьдралынхаа сүүлийн мөчид ухаарсан ухаарлын хувьд энэ хоёр хүн дэндүү ялгаатай байсан юм. Зүүн талын дээрэмчин амьдралын хүсэл шуналтай зууралдан, улмаар хурсан олонтой нэгсэж, Есүсийг гүтгэж байхад эсрэгээрээ баруун талын дээрэмчин нүглээ гэмшин, Есүсээс чинхүү сэтгэлээр аврал гуйдаг. Үүний учир нь тэрээр тухайн үеийн хямралын мөчөөс зугтах гэхийн оронд мөнхийн ертөнц рүү харсан юм.

Дэлхийг байлдан дагуулснаараа түүхийг эзэгнэн өөрчилсөн агуу хаан Александр, дэлхийн түүхэнд хамгийн агуу эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан, өөртөө эзэн хааны титэм зүүсэн Наполеон гээд тэд одоо байхгүй. Тухайн үедээ бүгд л ертөнцийн хамаг эрх мэдлийг эзэгнэн байсан хэдий ч тэрхүү байсан бүхэн нь нэг л өдөр огт байгаагүй юм шиг алга болсон.

Яг л тоглолт дуусахад жүжигчид тайзыг орхидог шиг. Үүн шиг эрин зууныг ноёрхож байсан баатрууд ч эцэстээ газар шороондоо буцах ёстой болдог.

Бидний амьдрал дэндүү богино, хязгаарлагдмал гэдгийг өөртөө дахин нэг сануулж, зөвт байдлын зам болох үнэний замаар авралын өв залгамжлагч биднийг хөтлөх гэсэндээ Бурхан биднийг харж хянаж байдгийг ухаарцгаая. Бурханы хүүхдийн хувиар Бурханы яруу алдрыг цаг үргэлж гаргах ёстой төдийгүй энэ үйлс маань тэнгэрийн хяналтын камерт бичигдэх болно.

Итгэлийн гайхамшигт ололт амжилт хуримтлуулж, Бурханы хөтөлдөг авралын замаас хэн нь ч сугарч үлдэлгүйгээр тэнгэрийн хаанчлалд бүгд ороод, хүн бүрд үйлсийнх нь дагуу буцаан өгөх Бурханаас агуу их шагнал авахыг Сионы ах дүү, эгч дүү нараасаа хүсье.