Бурхан бол хайр

조회 16,840

Бурхан бидэнд дэндүү хайртай болохоороо энэ газарт ирж, бидэнд хайртай болохоороо л тэр хүнд хэцүү зовлонгоос татгалзаагүй юм. Голготагийн гүвээн дээр сүүлчийн амьсгал авах мөчдөө ч бидний төлөө үхлийн тарчлал зовлонг тэвчин, бидний төлөө л зовнин, бидний төлөө л залбирч байсан юм.

Библийн 66 номд “Бурхан бол хайр” гэдгийг олон дахин онцолсон байдаг. Үнэн дотор байхаар Бурханд түрүүлж дуудагдсан бид бүхэн Бурханы энэхүү хайрыг ухааран, энэ хайрыг нь амьдрал дээр хэрэгжүүлэн түгээх ёстой.

Биднийг сайн мэдээний үйл хэрэгтээ оролцуулсан нь ч түрүүлж ирсэн биднийг ухаарсныхаа хэрээр дэлхий даяар Бурханы хайрыг тунхаглаасай гэсэндээ л тэр юм. Бурханы хайрыг ухаарсан хүмүүс бол тэр хайрыг нь хуваалцахаа мэднэ шүү дээ.

Хэрэв эхэнд дуудагдсан бид Бурханаас авсан хайраа ертөнцөд зааж өгөхгүй бол хүмүүс Бурханы хайр юу болохыг, ямар аргаар биелдгийг огт мэдэж чадахгүй. Бурханы соёрхсон хайрын хүслийг ертөнцийнхөнд мэдүүлж, тэр хайрыг нь дэлгэрүүлж гэмээнэ бид өөрсдөө ч, ертөнцийн хүмүүс ч аврагдах юм.

Ялах-ялах төрлийн хүн

Антропологич эрдэмтдийн үзэж байгаагаар ертөнцөд ялагдах-ялагдах, ялах-ялагдах, ялах-ялах гэх мэт гурван төрлийн сэтгэлтэй хүн байдаг гэнэ. Нэгдүгээрх ялагдах-ялагдах төрлийн хүн нь өөрөө ч амжилт гаргадаггүй, бусдыг ч амжилтанд хүргэдэггүй хүмүүс аж.

Хоёрдугаар төрлийн хүмүүс нь бусдын амжилтыг бодолгүй зөвхөн өөрөө л амжилт гаргаж байвал боллоо гэж боддог хүмүүс бөгөөд ихэнх хүмүүс энэ хоёрдугаар төрөлд багтдаг аж. Ийм төрлийнхөн ертөнцөд цөөхөн байдаг ч дэлхийг хөдөлгөх хүч эдгээр хүмүүсээс гардаг гэнэ.

Бурханд таалагдах хүмүүс нь ялах-ялах сэтгэлтэй хүмүүс юм. Эдгээр хүмүүс өөрсдөө ч ерөөл авах үйлстэй, Бурханы хайрыг дэлгэрүүлэн бусдыг ч ерөөл авхуулахын төлөө хөтөлдөг юм. Үнэнээр дахин төрж, Сионд орших бид бүхэн ялагдах-ялагдах болон ялах-ялагдах сэтгэлтэй хүнээсээ ялах-ялах төрхөөр өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгж өөрчлөгдөж байж л Бурханы жинхэнэ үйлчлэгчийн хувиар Бурханы хайрыг амьдрал дээр хэрэгжүүлэн их ерөөл авах болно.

Хэрэвзээ одоо хэр нь ялагдах-ялагдах эсвэл ялах-ялагдах сэтгэлтэй хэвээр байгаа бол одооноос эхлэн Бурханы хүүхдийн хувьд ялах-ялах сэтгэлтэй болж, Бурханыг алдаршуулаарай.

“… Хайртууд минь, бие биенээ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр.” 1Иох 4:5-8

Хайрлаж мэддэггүй хүн Бурханыг хараахан сайн мэдэж чадаагүй хүн юм. Энэ нь Бурханы ариун мөн чанарыг зөв зохистой ухаарч чадаагүйтэй холбоотой юм. Бурханы хүслийг зүй ёсоор нь мэдээгүй байж хэрхэн Бурханы ажлыг зүй зохистой хийж, Бурханд баяр баясгалан өргөж чадах билээ?

Эвтэй ах дүү хоёр

“Эвтэй ах дүү хоёр” гэдэг үлгэрийг ярьж өгье.

Эрт урьдын цагт нэгэн тосгонд ах дүү хоёр амьдардаг байжээ. Ах дүү хоёр аав ээжээсээ өвлөн авсан тариан талбайдаа махран ажилладаг байв. Ургац хураах цаг болж, тариагаа хадан, яг тэнцүү хувааж авч гэнэ.

Тэгтэл дүү нь гэртээ хариад “Би ганц бие байхад ах маань эхнэр хүүхэдтэй шүү дээ. Би ер нь үр тариагаа тэнцүү хувааж авсан нь буруу байж” гэж боджээ. Тэгээд шөнө дунд амбаартаа овоолсон тариан түрүүнээсээ сэмхэн үүрээд ахынхаа амбаарт хурааж гэнэ.

Энэ хооронд ах нь ч мөн “Би чинь хэдийн эхнэр хүүхэд авч орон гэрээ товхинуулсан хүн. Харин дүү маань ганц бие. Орон гэр шинээр босгох гээд надаас илүү л мөнгө хэрэгтэй байж таарна. Тэгэхээр тариагаа тал талаар хувааж авдаг нь буруу юм байна” гэж боджээ. Тэр шөнө ах нь ч мөн амбаартаа хураасан бухлаасаа үүрч, дүүгийнхээ амбаарт аваачин сэмээрхэн гэгч нь хурааж тавив гэнэ.

Нар мандаж маргааш нь ах дүү хоёр өөрсдийнх нь амбаар дахь нуруулдаж овоолсон тарианы хэмжээ өчигдрийнхтэй нь яг адилхан байсанд ихэд гайхжээ. Тэгэхээр нь дараа шөнө дахиад л тариан түрүүгээ нэг нэгнийхээ амбаарт аваачив. Маргааш нь ч мөн тариан түрүүний хэмжээ адилхан байлаа. Тэр шөнө ч, дараагийнх нь шөнө ч мөн ах дүү хоёр тариан түрүүгээ үргэлжлүүлэн зөөж байгаад эцэстээ замдаа тааралджээ. Бие биенээ гэсэн сэтгэлээ ухаарсан ах дүү хоёр тэврэлдэн уйлж гарлаа.

Ах дүүсийн энэ хайр ялах-ялах сэтгэлээс гарсан гэж хэлж болно. Хайр нь ялах-ялах сэтгэлийг л агуулж байдаг. Хэрвээ ах дүү хоёр өөрийнхөө л амьдралыг сайжруулахыг хүсэн, ялах-ялагдах төрлийн хүмүүс байсан бол энэ үлгэр тэс өөр байх байлаа. Ах нь ам бүл олонтойг нь бодолгүй адилхан хэмжээтэй хуваасан дүүгээ зэмлэж, дүү нь өөрийнх нь байр суурийг жаахан ч ойлголгүй зэмлэхээ урдаа барих ахтайгаа сөргөлдөх сэтгэл өвөрлөх байсан байх. Амин хувиа л бодон, нэг нь нөгөөдөө найр тавихгүй бол ах дүүсэг энэрэл нь хагарч, эв түнжингүй ах дүү хоёр болох байсан биз ээ.

“Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ! Сахал дээгүүр нь, Аароны сахлаар доош урсан, хувцасных нь захаар доош урсаж буй толгой дээрх үнэ цэнэтэй тос адил юм. Сионы уулс дээр буудаг хермоны шүүдэр адил юм. Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг, мөнх амийг тушаасан билээ.” Дуу 133:1-3

Бурханыг хамгийн их баярлуулж, хамгийн үзэсгэлэнтэй харагддаг төрх бол ах дүүсийн хувьд Сионд хамтдаа нэгдмэлээр амьдрах төрх хэмээжээ. Сионы бүх гэр бүл бие биенээ ойлгож, өөрийн ашгаас илүү ах дүүгийнхээ ашиг сонирхлыг эхэлж бодолцдог байвал Бурханд хичнээн таалагдах бол оо! Юм болгоноо өөр хоорондоо хуваалцан, нэг нэгнээ асарч хандан, баярлавал хамтдаа баярлаж, шаналбал хамтдаа зовних нь хичнээн үзэсгэлэнтэй төрх билээ!

Харин бусдынхаа байр байдал, орчин нөхцөлийг огт бодолгүй, өөрийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлдөө автан, ах дүүгээ шархлуулах нь Бурханы хүсэж байгаа ялах-ялах сэтгэлтэй хүний төрх биш. Ах дүүгээ амжилтанд хүрэхийг хүсдэг сэтгэлтэй байж чадахгүй бол “Би илүү дээр, ах дүү надаас доор” гэсэн дээд доод гэх харилцаа үүсэж, эцэст нь ах эгч дүүгээ ч хайрлаж чадахгүй, Бурханд баяр баясгалан ч өргөж чадахгүй юм.

Бид дээрх үлгэрт гардаг эвтэй найртай ах дүү хоёр шиг болох хэрэгтэй. Ахын байр байдлаас дүүгээ харж, дүүгийн байр байдлаас ахыгаа ойлгох хэрэгтэй. Ийм хайрын сэтгэл нь диаволд огтхон ч байдаггүй Бурханы шинж чанар юм. Бид Бурханы энэ мөн чанарыг нь дуурайж, биесээ хайрлацгаая.

Хайр гэгч нь эв нэгдэл болон ялалт авчирдаг

Солонгосын дайны үед ийм явдал болсон юм. Ганвон аймгийн Чолвон гэдэг газар “Цуст толгой” гэдэг толгод байжээ. Дайны гал түр зогсохоос өмнө ахиухан газар нутаг эзлэхийн төлөөх Өмнөд Хойд Солонгосын хооронд ширүүн дайн өрнөж, өдөр нь Өмнөд Солонгосын төрийн далбаа мандаж, шөнө нь Хойд Солонгосын төрийн далбаа мандаж байсан газар юм.

Нэгэн цэргийн анги тэр газрыг амь хайргүй хамгаалах тушаал авч, сэтгэл шулуудан, үхэх сэхэхээ үзэн хамгаалж байв. Нэг өдөр, хоёр өдөр, гурван өдөр… Цэргүүд өдөр шөнөгүй нүд цавчилгүй тэр газрыг хамгаалж байсан ч тасралтгүй үргэлжлэх дайны улмаас хангамж тасарч, ус хоол хүнс нь барагдсан аж.

Тэгтэл суманд оногдсон нэг цэрэг өвчиндөө ёолон шаналж ус гуйжээ. Өвчиндөө ёолох нэгнээ харсан цэргүүд бүгд дашмагаа сэгсэрч үзтэл хэдийн ус нь дууссан байв. Тэгтэл усаа гамнаж уусан нэг цэрэг балгахан устай дашмагаа шархтай цэрэгт гарган өгөв.

Амаа шилэмдэн уухаар зэхэж байсан шархадсан цэрэг гэнэт өөр рүү нь чиглэсэн олны харцыг анзаарав. Цангасан цэргүүдийн харц яг өөрийг нь ширтэж байв. Хөөрхий цэрэг тэр усыг ууж чадалгүй “гүд гүд” хийлгэн уух дүр эсгээд хажууд байсан сумангийн даргадаа дашмагаа өгөв. Хажуугаас нь харж байсан сумангийн дарга ч мөн шархадсан цэргийн бодлыг мэдээд “гүд гүд” хийлгэн, хий чимээ гаргаад дэргэдэх цэрэгтээ өгчээ. “Гүд гүд”, “гүд гүд”…

Бүх цэрэг ийм маягаар балган, тойруулж уусаар хамгийн сүүлд дашмаг эзэндээ буцан ирэхэд ус нь тэр хэвээрээ байжээ. Бүгд л ууж байгаа дүр эсгэсэн ч хачирхалтай нь цангаагаа тайлсан мэт болж, шинэ бяр амтагдаад ирж гэнэ. Тиймээс ч хүч тэнхээ орон, өнөөх толгодыг эцсээ хүртэл хамгаалж чадсан гэнэ билээ.

Хэрвээ “Би л цангаагаа тайлъя” гэсэн ялах-ялагдах сэтгэлтэй хүмүүс байсан бол тэд уг газраа булаалгаж, бүрэн ялагдах байсан юм. Харин өөрийгөө гэхээс илүү нэг нэгнээ гэх бодол сэтгэл нь тэднийг амьдруулсан байна. Хайр гэгч ийм л гайхамшгийг бий болгож байдаг.

Яг иймэрхүү бодит жишээ хаа хаанаас илүү манай Сионд л их гарах учиртай. Ялах-ялах сэтгэлтэй хүнд бэрхшээл ч хүртэл боломж болон өөрчлөгддөг юм. Эвтэй ах дүү хоёрын үлгэр ба Цуст толгойд болсон бодит түүхээс үзэхэд хайр байвал ямар ч хүнд бэрхийг даван туулж, нэгдэж, ялж чадна гэдгийг ухаарах буй заа. Хайр гэгч нь эв нэгдэл болон ялалт авчирдгийн учир энэ аж.

Бурханы зааж өгсөн хайр

1Коринт 13-р бүлэгт ялах-ялах хайр буюу Бурханы хайрын талаар маш тод дүрсэлсэн байдаг.

“Хэрэв би хүмүүсийн болон тэнгэрэлч нарын хэлээр ярилаа ч надад хайр үгүй бол би хий нүргэлэх харанга, хангинах цан аж. Хэрэв би эш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад, уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаа ч, надад хайр үгүй бол би юу ч биш. Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй,” 1Кор 13:1-4

Бурханы хайрын эхний болзол нь тэвчээр. 6000 жилийн турш бид бүхнийг үгээрээ сургамжлан, гэмших хүртэл тэвчин хүлээсэн Бурханы хайрыг бодвол тэвчээр нь гарцаагүй Бурханы шинж чанар, Бурханы хайрыг өвлөсний илрэл юм.

Бусад хүн надаас илүү хийж чадахгүй гэж бодвол бардам зантай болдог бол хайр нь бусдыг өөрөөсөө дээр гэж үздэг болохоор бардамнал, ихэрхэл гарахгүй юм.

Хамгийн дээд Бурхан ч мөн энэ газарт ирээд биднийг ноёлох бус харин ч бүр нүгэлтэн болсон бидэнд үйлчилж жишээ үзүүлсэн (Иох 1:1-14, Лук 22:24-27). Бүтээгч Бурхан хүртэл үйлчилсэн байхад тэр тусмаа нүгэлтэн болсон бид хэрхэн өөрсдийгөө дээгүүр тавьж болох билээ?

Сүм дотор албан тушаал, албан үүрэг хүлээсэн хүн байх тусмаа гэр бүлүүдийг өөрсдөөсөө дорд үзэж болохгүй. Эсрэгээрээ мөн албан тушаал аваагүйдээ гонсойж болохгүй. Эдгээр нь бүгд бардам зангийн л илрэл юм. Бурхан ийм төрхийг огт таалдаггүй.

“(Хайр) зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүй бус юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй. Харин эш үзүүллэг үгүй болж, хэл ярихуй зогсож, мэдлэг алга болно. … Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг ч хамгийн агуу нь хайр мөн.” 1Кор 13:5-13

Бусдаас өөрийгөө дээгүүр тавьсан үед л зүй бус авир гардаг. Бид ийм бодлоо хаях хэрэгтэй. Бид Бурханы мөн чанарыг дуурайх үед л Бурхан олон үр жимсээр хариу барина.

Бурханы хайр зүй бус авирладаггүй төдийгүй өөрийнхийг ч эрдэггүй, уурладаггүй. Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм (Иак 1:20). Мөн Бурханы ялах-ялах хайр нь өөрөө ч муу юм хийдэггүй, бусдаар ч муу зүйл хийлгэхгүйн тулд үргэлж урамшуулан, зөвт бус байдлыг няцаан хөөж, харин үнэнд баярладаг юм.

Бурханы хайрыг хүртсэн бид хайраас нь урвах ёсгүй. Бурхан биднийг энэ мэт хайрласан шиг бид ч мөн Бурханы хайраар ах дүүсээ хайрлах хэрэгтэй.

Махан биеийн иудейчүүд төрийн эрхээ сэргээсний дараа арабчуудтай дайтахдаа тэд үндэстнээ гэсэн сэтгэл, эх оронч үзлээр нэгдэн, дөрөвхөн сая хүн амтай хэр нь зуун сая гаруй арабчуудыг ялсан байдаг. Тухайн үеийн арабчууд иудей үндэстнийг зовоох бүрд тэд хүчтэйгээр хариу арга хэмжээ авч, өөрсдийг нь зовоож байсан хүмүүсийг айлган сүрдүүлж байсан юм.

Үүнээс хойш арабчууд иудейчүүдийг хамаа намаагүй зовоож, устгаж чадахааргүй болсон гэдэг. Эх орноо гэсэн энэ сэтгэл нь дэлхий даяар тарж бутарсан иудейчүүдийг эх нутагт нь яаравчлан буцаажээ. Мэдээж тэдний ялалтын цаана хуучин гэрээг сахисны хариуд Бурханы өгөх махан биеийн ерөөл ч байсан л даа. Ямартай ч тэдний ахан дүүсээ хайрлах сэтгэл өнөөгийн сүнслэг иудейчүүд болох бидэнд сайн жишээ болж байна.

Хайр болсон Бурханыг дуурайсан бид Бурханыг болон үнэнийг хайрлах ёстой. Түүнчлэн Сионыг ч, сүнслэг гэр бүлээ ч мөн хайрлах учиртай. Сионы яруу алдрыг гаргах сүнснийхээ ах эгч дүү нарыг хайрлаж, урам зориг харамгүй өгөөрэй. Хайр хамгийн агуу гэж Бурхан тодорхой хэлсэн байхад тийм хайрыг хэрэгжүүлж чадахгүй байгаа бол энэ нь хараахан Бурханы үгэнд итгэхгүй байна гэсэн утга болно.

“Хэн надад үйлчлэх бол?” гэж битгий бодоорой. Одоо ч бас өөртөө үйлчлүүлэх гэсэн балчир хүүхдийн байр сууринд байх биш, Бурхан болон Сионы яруу алдрын төлөө зүтгэж байгаа ах дүүдээ түрүүлж үйлчилдэг насанд хүрсэн итгэлтэй болоорой.

Сүүлчийн сүнслэг тулаанд диавол ялагдахаас өөр аргагүй шалтгаан нь ч түүнд хайр байхгүйтэй холбоотой юм. Хайр болсон Бурханы хүүхдүүдийн хувиар нэг нэгнээ хайрлаж, атаа жөтөө, хор шараар нэгдмэл байлгахгүй гэсэн диаволын заль мэхийн эсрэг зогсоорой. Ялах-ялах гэсэн сэтгэлээр өөрийгөө ч, нөгөө хүнээ ч ерөөл авах зам руу хөтлөөрэй.

Бурхан үүний төлөө л авралын зар тараагаарай хэмээсэн. Бурханы хайрыг биелүүлэх хамгийн сайн арга бол авралын зар юм. Авралын зар тараавал аяндаа хайр төрдөг болохоор Бурханыг дуурайхаас өөр аргагүй. Бүгдээрээ ерөөл ба хайраа хоорондоо хуваалцдаг эвтэй найртай ахан дүүс болж, нэг өдрийн өмнө ч болов хайр болсон Бурханыг дуурайсан зуун дөчин дөрвөн мянга, хайрын ах эгч дүүс болоосой гэж хүсэх байна.