Бурханд дуудагдсан хүмүүс

18,751 үзэлт

Библид гардаг өнгөрсөн үеийн түүхээс Бурхан хүүхдүүдээ дуудан, дуудсан хүүхдүүдээрээ дамжуулан агуу ажлаа гүйцэлдүүлж байгаа Бурханы хүч чадлыг ойлгож болох юм. Тэнгэр газар, түмэн бодисыг бүтээсэн Бурхан үе тус бүрд Иошуа, Самуел, Давид, Петр, Иохан гэх мэт итгэлийн өвөг дээдсийг дуудан босгож, үгэн дэнлүүн гэрлээ унтраалгүй бадраасаар ирсэн билээ.

Сүүлчийн энэ үед Бурхан бидэнд агуу ажлаа даатгахаар дуудахад нь энэхүү дуудлаганд зохистой нэгэн болохын тулд ямар сэтгэлээр Бурханы өмнө зогсох ёстойг Библийн түүхээр дамжуулан мэдэж авцгаая.

Бүх хүч чадал Бурханд байдаг

Бурхан боолуудаа дуудахдаа тэдний зүс царай, чадвар гэх зэрэг гаднах байдлыг нь харж сонгодоггүй. Бурханд ямар нэг юм дутагдсан болохоор тэднийг дуудсан уу? Огтхон ч үгүй. Ганц ч дусал ус байхгүй цөлд хад цохин ус оргилуулж, Улаан тэнгисийг хуваан хайртай ард түмнээ Египетийн цэргээс аварсан төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан шүү дээ.

Хуцын долоон эвэр бүрээн дуугаар болон израиль ард түмэн хашхирахын төдийд Иерихогийн бат бэх хана хэрмийг нураасан, Өөрийгөө эсэргүүцсэн болгоныг өмнөө цас мэт, шүүдэр мэт үгүй хийсэн хүч чадлын Бурханд боолоор дуудагдсан бидний чадвар их бага байх нь ямар ч хамаагүй.

Бурханд дуудагдсан тань тодорхой л бол сэтгэл зовох шаардлага огт байхгүй. Бурханд дуудагдсан гэдэгтээ лавтай итгээд, урагш давшвал ялалтын туг мандуулан, яруу алдрын дуун үргэлж хадаах юм.

Тэгсэн хэдий ч бид Бурханы дуудлагыг баттай авсан хэрнээ нүдэнд харагдах элдэв саад бэрхшээлээс болж санаа зовон айж эмээх үе хааяа байдаг. Тэгэх бүрийд өнгөрсөн үед израиль ард түмэнд тохиолдсон Бурханы хүч чадлын түүх бидэнд итгэлдээ бат зогсох эрч хүч, урам зориг бадрааж байдаг билээ. Үе тус бүрд Бурханы хүч чадлыг биеэр мэдэрч, нүдээрээ харсан амьд гэрчүүдтэй бид Библиэр уулздаг шүү дээ.

Бурханы хүч чадлыг түшсэн Иошуагийн итгэл

Бурханы хүч чадал Израилийн түүхэнд илэрхий гардаг. Эрт дээр үед Иошуа израильчуудыг удирдан Иерихо руу явахад ч мөн Бурханы хүч чадал харагддаг.

Иошуа ард түмний хамт Иорданыг гатлах үед ургац хураалтын өдрүүд байсан бөгөөд энэ үеэр гол үерлэн эргээсээ хальж, голын ус ширүүсэж усны эргүүлэг үүссэнээс хүний хүчээр гатлах ямар ч боломжгүй байв.

Харин тэд голын уснаас айхаас илүү хүч чадлын мутраараа туслах Бурханд итгэх итгэлээр дүүрэн байсан тул Бурханы зааврыг үг дуугүй дагасны эцэст гэрээний авдраа дамнан, голыг аюулгүй гаталж чадсан юм.

“Ингээд ард олон Иорданыг гатлахаар майхнаа буулган хөдөлж, гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар ард түмний өмнө тэргүүлэн явлаа. (Ургац хураалтын өдрүүдэд Иордан бүх эргээ халин үерлэдэг байв.) Авдрыг дамнан яваа тахилч нар Иорданд орж хөлөө усны захад дүрмэгц, дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотын хавьд, нэлээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн эсрэг талаас гатлан гарав. Бүх Израиль, үндэстэн даяараа Иорданыг хуурай газраар гаталж дуустал ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Иордан голын тэхий дунд хуурай газар дээр бат зогссоор байлаа.” Иош 3:14-17

Хэрвээ израиль ард түмэн нүдэнд харагдах бодит байдлаас болоод урагш зоригтой алхаж чадаагүй сэн бол, усанд живчих вий гэж айсандаа Бурханы тушаалыг дагаагүй сэн бол тэд сүү, зөгийн балаар бялхсан Канаан нутагт хөл тавьж чадалгүй цөлд унах байв.

“Урагш алх, Иорданыг гатал” хэмээн Бурхан тушаасан тул израильчууд эргээ халин үерлэж байсан голоос айлгүй хөлөө дүрж, тэднийг хуурай газраар гатлуулахын тулд Иорданы усыг тасалсан Бурханы хүч чадлыг биеэр үзжээ. Тэд Иериход тулж очсон үедээ ч сэлэм, жад агсан хот руу дайралгүй, Бурханы тушаалыг л даган, зургаан өдрийн турш бүрээгээ үлээн, хотыг өдөрт нэг удаа тойрч байсан юм. Бурхан хамгийн сүүлчийн өдөр буюу долоо дахь өдөрт л Иерихо хотыг нураах төлөвлөгөөтэй байсныг долоо дахь өдрөө долоон удаа тойрсны эцэст тэд мэдсэн аж.

“… Маргааш нь Иошуа өглөө эртлэн босож, мөн тахилч нар ЭЗЭНий авдрыг дамнав. ЭЗЭНий авдрын өмнө хуцын эврэн бүрээ долоог авч яваа долоон тахилч урагшлан, явуут дундаа бүрээгээ хүнгэнүүлэн үлээсээр байлаа. Тэднийг бүрээгээ үлээсээр байх үед зэвсэглэсэн эрчүүд тэдний өмнө алхлан, арын хамгаалагчид ЭЗЭНий авдрын ард явав. Тийнхүү хоёр дахь өдөр тэд хотыг нэг тойрон алхаад, хуарандаа буцаж ирлээ. Тэд зургаан өдөр ийнхүү үйлдэв. Долоо дахь өдөр тэд өглөө эрт үүр цайх үед босож, өмнөх маягаараа хотыг долоон удаа тойров. Гагцхүү тэр өдөр л тэд хотыг долоон удаа тойрчээ. … Тийнхүү ард олон уухайлан хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод маш чангаар уухайлсанд хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ урагш давшин хот уруу орж, тэд хотыг эзлэн авав.” Иош 6:1-20

Иерихог чиглэн бүрээгээ үлээж, бүгд нэг хүн мэт чангаар хашхирах ёстой гэснийг ёсчлон дагатал бат бэх харагдаж байсан хот израильчуудын өмнө нурж унасан юм. Энэ нь израиль ард түмний чанга хашхирснаас болоогүй. Бурханыг түшээд, “Тойроорой” гэхэд нь тойрч, “Хашхираарай” гэхэд нь дуулгавартай гэгч нь чанга хашхирсан тэдний итгэлийн ард Бурханы хүч чадал байсан нь тэр ажээ.

Магадгүй Бурханыг хашхираарай хэмээхэд нь ард түмний 10%-тай дүйцэх хэсэгхэн хүмүүс нь л хашхирч, үлдсэн нь бүгд чимээгүй байсан бол чухамдаа итгэхийн аргагүй тийм үр дүнд хүрч чадах байсан болов уу? Хэрхэвч чадахгүй байсан. Хэрэв тэд бүгдээрээ хашхираагүй байсан бол Бурханы хүч чадлын мутар ч мөн тэдэнд үйлчлэхгүй байх байсан юм.

Бурханыг “Бүгд хашхираарай” гэх үед хашхирсан хүний хүч чадал, ур чадвараас хамаарсан уу? Огтхон ч үгүй. Бурханд боломжгүй зүйл 1% ч байхгүй. Хашхир гэхэд нь хашхирч, дага гэхэд нь дагах нь л ялалт авчрах арга зам юм.

Өнөө үед бид ч мөн “хашхирах” ажилд л дуудагдсан билээ. Агуу Вавилон хотыг чиглэн бүрээгээ чанга үлээхэд л бидэнтэй хамт ажиллаж буй Бурханы хүч чадлыг харах болно.

Бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч, оршихгүй газар гэж үгүй Бурхан чухамдаа өнөө үед дуугүй зүгээр сууна гэж үү? Зөгнөлийн бүх түүх өнөө үед бодитоор биелэгдэж байхад харин ч өнгөрсөн аль ч үеэс илүү бидэнд их тусалж байгаа. Гагцхүү Бурханы дуудлагын дагуу явахгүй, үүргээ биелүүлэхгүй бол Бурханы тэр агуу хүч чадал ба тусламжийг ойлгож ч чадахгүй, хүртэж ч чадахгүй юм.

Бурханы хүч чадлыг түшсэн Гидеоны итгэл

Төгс хүчит, бүгдийг чадагч Бурханы хүч чадлыг Гидеоны түүхээс дахин нэг судалж үзэцгээе. Мидианы цэргүүд Израиль руу довтлохоор хуарагнан бууж байлаа. Зуун гучин таван мянган их цэргийг хөтөлж ирсэн Мидианы цэргүүдийн эсрэг тулалдах Израилийн эрчүүд ердөө л гучин хоёрхон мянга байв. Гэтэл Бурхан тулалдах цэргүүдийг сонгохдоо гучин хоёр мянган цэргийг ч хүртэл ихэднэ гэж үзээд тэр дундаас зөвхөн гурван зуун цэргийг сонгож, тэднээс дөрвөн зуу дахин их Мидианы цэрэгтэй тулалдахыг тушаасан.

“… ЭЗЭН, Гидеонд —Мидианчуудыг Израилийн гарт өгөхөд чамтай байгаа хүмүүс хэтэрхий олон байна. Израиль “Би өөрийн гараар өөрийгөө аварсан” гэж Намайг эсэргүүцэн сайрхах вий. Тиймээс одоо ард олны чихэнд “Айж сүрдэж байгаа хэн боловч буц, Гилеад уулаас эртхэн холдогтун” гэж тунхагла гэв. Ингэхэд хорин хоёр мянган хүн буцаж, арван мянган хүн үлдэв. ЭЗЭН, Гидеонд —Ард олон мөн л дэндүү олон байна. Тэднийг ус уруу дагуулан аваач. Тэнд Би тэднийг чиний төлөө шалгая. … ЭЗЭН, Гидеонд —Ус долоогч гурван зуун хүнээр Би та нарыг аварч, мидианчуудыг чиний гарт өгнө. Харин үлдсэн бүх хүнийг гэр гэрт нь хариул гэж айлдав. Тиймээс тэд бусдынхаа замын хүнс болон эвэр бүрээг гартаа авчээ. Гидеон Израилийн бүх эрчүүдийг өөр өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулж, харин гурван зуун хүнийг тэр тэндээ авч үлдэв. … Гурван бүлэг бүрээ үлээн хүнгэнүүлж, ваараа цохиж хагалан, зүүн гартаа бамбараа барьж, баруун гартаа бүрээгээ барин чанга үлээж —Илд ээ, ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө гэж чангаар хашхирав. Тэд цэргийн хуаранг хүрээлэн, хүн бүр өөрийн байранд зогсоцгоов. Тэгтэл хуаран даяараа гүйлдэн, бархирч орилолдон зугтав. Гурван зуун хүнийг эвэр бүрээ үлээн дуугаргах үед ЭЗЭН бүхэл цэргүүдийн дунд нэгнийх нь илдийг нөгөөгийнх нь эсрэг зөрөлдүүлсэнд цэргүүд… зугтацгаав. …” Шүү 7:1-23

Гидеоны гурван зуун цэргийн гарт сэлэм, жад биш ердөө бамбар, бүрээ, ваар төдийхөн л байлаа. Гэвч тэдний сэтгэлд Бурханд итгэх итгэл бялхаж байсан юм. Чухамдаа хэн гурван зуухан цэргээр зуун гучин таван мянган дайсны цэргийг хөөн зайлуулна гэж төсөөлж чадах билээ? Гэтэл Бурханы төлөвлөгөөнд мидианчуудыг сөнөөх арга хэдийнээ зэхэгдсэн байсан бөгөөд дуудагдсан ард түмэн нь итгэлээр оролцож, Бурханы хүч чадлын түүхийн амьд гэрч болж чадсан аж.

Бурхан биднийг дуудаж ямар нэг ажлыг даалгах нь тааруу нөхцөл байдал дунд ч хүч чадлаа бидэнд харуулж, хамт байгаагаа бидэнд ухааруулж, гагцхүү Өөрийг нь л түшдэг байлгахын төлөө юм.

Тийм учир Бурхан дуудаад, хийгээрэй хэмээсэн ажлыг боломжгүй гэж бодох нь Библиэс ганц хуудас ч болов уншиж үзээгүй хүний бодолтой адилхан. Бурханд дуудагдсан хүмүүст боломжгүй зүйл гэж байдаггүй. Хүмүүсийн харалган нүдээр боломжгүй мэт харагдавч Бурханы хүч дотор харин бүх зүйл боломжтой.

Бурханы дуудлаганд зохистой итгэл

Бурхан оргүй хоосон ертөнцөөс амьд биет хөдлөх дэлхийг бүтээж, гэрлийг харанхуйгаас, огторгуйн дээрх усыг огторгуйн доорх уснаас салган, хээрийн зэрлэг амьтан, тэнгэрээр нисэх жигүүртэн шувууд, төрөл бүрийн мал адгуус, далайн загас, есөн зүйлийн ой моддыг, өдрийг захируулахаар нар, шөнийг захируулахаар сар ба оддыг бүтээсэн билээ.

Тэгвэл хов хоосноос тэнгэр газар түмэн бодисыг бүтээж байх үеийн Бурханы тэр үеийн нөхцөл байдлыг өөрсдийн байдлаас илүү хэцүү мэт санаад, Бурханы дуудлаганд тээнэгэлзэх нь зохистой юу? Огтхон ч тийм биш. Бүх юм боломжтой. Ямар ч бэрхшээлтэй учирсан бай тэнгэр газар түмэн бодисыг бүтээсэн Бурханы тусламжаар бид амархан ялчихна.

Өнгөрсөн үеийн итгэлийн өвөг дээдэс Бурханыг дуудахад нь өөрсдийн чадвараа голж, эргэлзэж, айж ухарч няцаж байсан удаагүй. Залуу Давид Бурханд дуудагдахдаа Филистийн аймшиггүй зоригт Голиатыг нэг цохилтоор унагааж эр зоригоо харуулсан бол Петр эрдэм номгүй, жирийн нэгэн загасчин байсан хэдий ч Бурхан түүнийг дуудахад эргэлзэлгүй очиж, тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг авах ерөөл хүртсэн юм.

Бурхан ийнхүү дутуу дулимаг нэгнийг дуудан чадварлаг хүмүүсийг сөхрүүлж, мөхөс нэгнийг нь дуудан хамгийн хүчирхэг улс хийгээд хаанчлалуудыг унагасан билээ. Бид ч мөн үүний адил Бурханд дуудагдахдаа эргэн тойрны боломж бололцоо, нөхцөл байдал, эрх зэргээс болж тээнэгэлзэхийн оронд Бурханы хүч чадлыг өмсвөл хийж чадахгүй зүйл байхгүй гэсэн итгэлээр дагах хэрэгтэй. Туйлын итгэлээр Бурханы хүслийг дагавал давшилтаас давшилтанд, ялалтаас ялалтанд хүрсээр байх юм.

Хайрт ах эгч дүү нар минь, бид Бурханд зөвхөн үсэг төдийхнөөр итгэдэг хүмүүс болж болохгүй. Библид гэрчлэгдсэн Бурханы хүч чадалд итгэдэг гэчихээд боломжгүй мэт харагдах байдал тулаад ирэхээр зориг нь мохож, Бурханы дуудлагаас татгалздаг хүнийг жинхэнэ итгэлтэй хүн гэж хэлж болохгүй юм. Бид бүгдээрээ Библид тэмдэглэгдсэн өвөг дээдсийн итгэлээр дамжуулан хүч, зориг орж, Бурханы дуудлагыг баяртайгаар дагадаг байх хэрэгтэй.

Иошуа, Самуел, Гидеон, Давидын адил Бурханд дуудагдсан хүмүүст ялалт хэдийнээ товлогдсон байсан. Ялж чадах тулаан байсан тул гурван зуун цэрэг эрсээр Мидианы их цэрэг рүү дайруулж, хялбархан гаталж чадах нөхцөлийг өгөх байсан учраас л Иорданыг гатал хэмээн айлдаж, Иерихо хотыг нурааж чадах байсан тул хотыг тойрон хашхир хэмээсэн юм.

Ийнхүү Бурханы дуудлагын ард заавал ялалт зэхэгдсэн байдаг гэдгийг бид ухаарах хэрэгтэй. “Би дутуу дулимаг юм чинь…” гэсэн өөрийн бодолдоо автвал төгс хүчит Бурханы хүч чадлыг үүрд мэдэрч чадахгүй. Бид бүхэн өөрсдийн чадвар, эрх, нөхцөл байдал гэх мэтийг бодож байгаад Бурханы дуудлагыг умартаж хэрхэвч болохгүй.

Одоо бид маш чухал ажлын төлөө Бурханд дуудагдсан. Иошуаг дуудан израильчуудыг сүү, зөгийн бал бялхсан Канаан нутагт оруулахаар Иорданыг гатлуулсан. Мөн Гидеоныг дуудан Мидианд дарлуулж байсан израильчуудыг аварсны адил, өнөө үед биднийг дуудан сүүлчийн энэ үед сайн мэдээний ажлыг гүйцэтгүүлэх гэж байгаа учир бид ч мөн тийнхүү Бурханы хэтийн төлөвлөгөөг ухаарч, энэ үйлсэд оролцох хэрэгтэй.

Ялна гэсэн болзолтой Бурханы дуудлага эдүгээ бидний сэтгэлийг эзэмдэж байна. Өнгөрсөн үед хамгийн дутуу дулимаг, гэм зэм ихтэй хүмүүсийг сонгож, хамгийн агуу ажлыг хийлгэсний адил сүүлчийн энэ үед ч мөн дутуу дулимаг биднийг дуудаад, “Бүх үндэстнийг дагалдуулан, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” хэмээн даалгасан юм.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20

Үр жимс гаргадаггүй гэр бүлүүд сүнсээр аюултай байдалд байгаа гэвэл хэтрүүлэг болохгүй. Үр жимсгүй намрын мод тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэж Библид гардгийг бид сайтар мэдэж байгаа. Өөрийн байр суурь, нэр нүүрээ бодоод Бурханы дуудлагаас татгалзаж болохгүй. Христ энэ газарт махан бие өмсөөд доромжлол, зовлон амсан байж нэг сүнс, нэг амийг аварч байсныг санан, тэр жишээг даган, хүчтэйгээр давших итгэлтэй болох хэрэгтэй.

Чадвар, хүч чадал дутуу байсан ч Гидеонд, Давидад өгсөн Бурханы хүч чадалд итгэн, Бурханы дуудлагаар очвоос Тэрээр хүмүүсийн сүнсийг хөдөлгөж, улмаар бид үр жимс гаргаж чадна. Бид нэгэн бие тул дор бүрнээ, өөр өөр эрхтнийхээ үүргийн дагуу, сайн мэдээний талбайд нэг хэсэг нь үр суулгаж, нөгөө хэсэг нь усалбал хэн ч бай үр жимс хураан авах л болно.

Ах эгч дүү нар аа! Бурхан энэ үеийн сайн мэдээний ажлыг гүйцэлдүүлэхээр биднийг дуудсаныг битгий мартаарай. Эцсийн өдөр Бурхан сайн мэдээний ажлаа дуусгахад манай бүх гэр бүлүүд итгэл дотроо “Халлелуяа” гэж хашхиран, тэнгэрийн хаанчлалдаа буцан явна хэмээн найдаж байна.