​Бурханы хүслийн дагуу явагдах сайн мэдээний түүх​

192 Үзсэн тоо

Бурхан бидэнд үргэлж зоригтой бай гэж урам зориг өгч байдаг. Гэвч бид сайн мэдээ тараах явцдаа хүнд хэцүү байдал тулгарвал айдаст хүлэгдэж, хярсан туулай шиг болчихдог. “Би чамтай хамт, битгий ай!” (Иса 41:10) гэсэн Бурханы үгийг сонссоор байж заримдаа бид цаад мөн чанарын оронд нүдний өмнөх нөхцөл байдалд л анхаарлаа хандуулах тал бий.

Үнэнийг гэрчилж байгаа хүн эргэлзэж тээнэгэлзэх юм бол сайн мэдээний түүх биелэхгүй юм. Манай Бурхан хичнээн агуу Нэгэн болохыг, мөн сайн мэдээний түүхийг Бурхан Өөрөө гүйцэлдүүлж байдгийг бид ухаарах хэрэгтэй. Тэгэх үед л сая нэг эр зориг орж, сайн мэдээний төлөөх бүх ажил болж бүтнэ.

Бүх сансар огторгуйг эрхшээгч Бурхан

Сансар огторгуйгаас харвал дэлхий нарийн тоостой л адил. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй тийм л өчүүхэн. Харин сансар огторгуй бол хязгааргүй уужим, төсөөлж ч чадахааргүй үзэсгэлэн төгөлдөр ертөнц. Сүрлэг агуу тэнгэрийн эрхэс Бурханы тогтоосон хуулийн дагуу тэнцвэртэйгээр хөдөлж, огторгуйн тоо томшгүй од Бурханы зүй тогтлын дагуу өөр хоорондоо яв цав тааран эргэдэг.

Энэ мэт сансар огторгуйг эрхшээн захирч, тэнгэр эрхсийн эргэлтийг ч өөрчилж чадах Нэгэн нь төгс хүчит, бүхнийг чадагч Бурхан юм. Өнгөрсөн түүхээр дамжуулан Бурханы агуу хүч чадлыг баталж үзэцгээе.

“ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа, ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө хэлэхдээ —Өө нар минь, Гибеон дээр, —Өө сар минь, Аиалоны хөндийн дээр тогтооч гэв. Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар тогтож, сар эс хөдлөв. Ийнхүү нар тэнгэрийн тэхий дунд тогтож, бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй. Энэ нь Иашарын номд бичигдсэн бус уу?” Иош 10:12-13

Иошуагийн удирдаж байсан Израилийн цэргүүд Канаан нутгийг эзлэхийн тулд аморичуудын эсрэг тулалдах болжээ. Нар жаргаж, харанхуй болбол Израилийн цэргүүдэд ашиггүй байхаар байв. Ийм нөхцөлд Иошуа Бурханаас чин сэтгэлээсээ тусламж гуйтал гайхамшигтай зүйл болж, нар тэнгэрийн тэхий дунд тогтож, бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй. Бурхан Гибеоныг гийгүүлэхээр тогтоосон нар израильчуудыг тулалдаандаа ялах хүртэл хэвийгээгүй юм.

Зүй тогтлынхоо дагуу тогтмол хөдөлж байдаг нар тэндээ тогтсон нь Бурханы хүслийн дагуу биелсэн гайхалтай явдал юм. Түүгээр ч зогсохгүй Бурхан бүр нарыг ухраасан итгэхэд хэцүү зүйлийг ч харуулсан юм.

“Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн дээр ирээд, —ЭЗЭН айлдахдаа: “Гэрээ засагтун. Учир нь чи амьд үлдэхгүй, үхнэ” гэсэн гэв. Тэгэхэд Хезекиа нүүрээ хана уруу эргүүлэн ЭЗЭНд залбирч —Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд цурхиран уйлав. Тэгэхэд ЭЗЭНий үг Исаиад ирж, … Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ. Би чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Би энэ хотыг хамгаална» гэсэн” гэж хэл! ЭЗЭН амласнаа биелүүлнэ. ЭЗЭН энэ тэмдгийг чамд үзүүлнэ. Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаар ухраана гэв. Тэгэхэд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар буцав.” Иса 38:1-8

Хезекиаг өвчтэй байхад нь Бурхан эш үзүүлэгч Исаиаг илгээн, түүний үхлийг урьдчилан мэдүүлсэн. Тэгтэл Хезекиа Бурханыг түшиж, нулимсаараа гуйсанд сэтгэл нь уярсан Бурхан Хезекиагийн амьдралын хугацааг уртасгасан юм. Түүний төлөө тэмдэг болгон шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдэр арван алхмаар буцсан гайхамшигтай дүр зургийг үзүүлсэн байдаг.

Нар зүүн зүгээс мандаж, баруун зүгт жаргах нь хүн бүрийн мэддэг нийтлэг ойлголт ба байгалийн зүй тогтол юм. Тиймээс нарыг хөдөлгөөнийх нь эсрэг зүгт ухраана гэдэг огт байх боломжгүй явдал. Гэсэн хэдий ч физикийн хуулиас ангид ер бусын үйл явдлууд юу ч биш юм шиг тохиолдсон. Хүмүүс бид үүнийг гайхамшиг гэхээс өөрөөр тайлбарлаж чадахгүй юм. Иймэрхүү үзэгдэл зөвхөн Бурханы хүслээр л гарсан хэрэг.

Бурханы хүслийн дагуу бүтээгдсэн дэлхий

Нарнаас гадна бидний амьдарч буй энэ дэлхий ч Бурханы зүй тогтлоор бүтээгдсэн оршихуй юм.

“Элчилгүй хоосон дээр умардыг Тэрээр дэлгэж, эзгүй хоосон дээр газар дэлхийг өлгөдөг.” Иов 26:7

Дээрх ишлэлд хоосон дээр газар дэлхийг өлгөдөг гэсэн байна. Энэ нь газар дэлхийн бүтээл ч мөн Бурханы хүслийн дагуу байдаг гэдгийг харуулж буй хэрэг.

Бидний хөл гишгэн амьдарч буй дэлхийг ч Бурхан бүтээсэн, дэлхий харьяалагддаг агуу сансар огторгуйг ч мөн Бурхан эрхшээн захирдаг. Тийм байтал бид Бурхан өргөн уудам сансар огторгуйг бүтээж захирч байдаг гэдгээс илүүтэйгээр нүдэнд харагдах ертөнцийн юмст л ихээр татагддаг.

Харин Бурхан сансар огторгуйг бүхэлд нь удирддаг гэдгийг ухаарах үед бидний айж эмээж байсан бүх зүйл бидний тал байдаг. Итгэлтэй байвал бидний эргэн тойрон дахь бүхий л үзэгдэл Бурханы хүслийн дагуу хөдөлж өөрчлөгддөг. Эсрэгээрээ итгэлтэй байж чадахгүй бол бүх зүйл зөвхөн биднийг зовоож, төвөг учруулдаг хүчин зүйлс болж харагдах юм.

Бэрхшээл зовлон тулгарах үед энэ дэлхийг бүтээж, дэлхийгээс өч төчнөөн дахин том, агуу уудам сансар огторгуйг захирдаг нь Эцэг Эх Бурхан маань гэдгийг санаарай. Биднийг бэрхшээл зовлонтой болгодог таагүй орчин нөхцөл байдал ч эцэстээ Бурханы хүслийн дагуу байдаг юм. Эхлэлээс төгсгөлийг тунхагласан Бурхан биднийг авралын замаар хөтлөн, сайн мэдээний түүхийг авч явж байгаа юм. Тэгвэл үр дүн нь ямар байх бол оо?

Аливаа зүйл Бурханаас эхтэй бол огт нурж унахгүй гэсэн байна (Үйл 5:38-39). Түүх эхэлснээс хойш Бурханы хүслийг эсэргүүцдэг үй олон хүн байсан ч энэ дэлхий ертөнц нэг хором ч тэдний хүслээр эргээгүй. 2000 жилийн өмнө анхны сүмийн үед ч Бурханы сайн мэдээнд саад хийхээр хэсэг бүлэг хүмүүс арга мэх хэрэглэсэн ч сайн мэдээг хүний хүчээр зогсоож чадаагүй шүү дээ.

Өнөө үед ч мөн ялгаагүй. Энэ дэлхий зөвхөн Бүтээгч Бурханы төлөвлөгөөний дагуу явдаг юм. Бид ийм л ертөнцөд амьдардаг. Энэ л үнэнийг сэтгэлдээ сийлж, зоригтойгоор сайн мэдээ тунхаглаарай. Тэгвэл үй олон хүн Сион руу цутган ирнэ гэсэн Бурханы зөгнөлийн биелэлтийг гарцаагүй хоёр нүдээрээ харах юм.

Бодол минь та нарын бодлоос өндөр билээ

Сансар огторгуй бүхэлдээ Бурханы хүслийн дагуу явдаг гэдэгт итгэж чадахгүйгээс л айдас гэгч зүйл бий болж байгаа хэрэг. Хүүхдүүдээ ертөнцийг өчүүхэн явцуу бодлоор харалгүй уудмаас уудам, өндрөөс өндөр Бурханы нүдээр харахыг Бурхан хүсдэг.

““Учир нь Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний зам ч та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас, бодол минь та нарын бодлоос өндөр билээ.” Иса 55:8-9

Бурханы бодол санаа болон бидний бодол санаа тэнгэр газар шиг ялгаатай гэсэн. Бид өөрсдийнхөө бодол санаа, чадвараар газар дэлхийг жаахан ч болов хөдөлгөж, эсвэл нарыг түр ч атугай зогсоож ч чадахгүй. Харин Бурхан Библиэр дамжуулан харуулсан гайхалтай түүхээсээ ч илүү ер бусын үйл явдлуудыг бидэнд харуулж чадна.

Тэгвэл Бурханы бодол санаа болон өөрийнхөө бодол санаа хоёрын алийг нь бид сонгох ёстой вэ? Бидний бодол санаа Бурханы өгсөн сургаалын эсрэг болох үед бид огтхон ч эргэлзэж тээнэгэлзэлгүй өөрийнхөө бодол санаануудыг шийдэмгий хаях хэрэгтэй.

“Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун. Хорон муу нь замаа, буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг.” Иса 55:6-7

Библид буруу нэгэн нь өөрийн бодол санаануудаа орхиод Бурхан руу эргэг гэжээ. Тэгсэн хүмүүсийг Бурхан энэрч өрөвдөн, өршөөнө гэж амласан.

Бид өөрсдийн бодол санаагаа орхихгүй бол Бурханы агуу сургаалуудаас илүүтэйгээр өөрсдийнхөө бодлыг илүү зөв гэсэн алдаатай бодолдоо унаж мэднэ. Тэгвэл зөрүүд зан, хувиа хичээсэн бардам байдал бидний сэтгэлийг эзэмдэх учраас Бурханы авралын ивээлийг хүртэж чадахгүй болж ч мэднэ. Хэрэв бид ийм алдаа гаргавал Бурхан руу хурдхан эргэж, Бурханы үгийг дуулгавартай дагаж уучлал эрэх ёстой.

Харц ихэмсгүүдийг номхотгодог Бурхан

Бурханы оршихуйг ухаардаггүй хүмүүс аливаа үйл хэрэг бүтэлтэй болбол өөрсдийгөө сайн хийчихлээ гэж боддог ч үнэн хэрэгтээ тийм биш ээ. Сайн мэдээ нь хүний чадвараар гүйцэлдэхгүй. Бурхан бидний итгэлийг харж, цаг нь болохоор сайн мэдээний үүд хаалгыг нээж өгч байж биелэгддэг юм. Одоогийн Бурханы сүм нь гагцхүү Бурхан бүх талаар биднийг хөтөлж байгаа учраас л хөгжсөн юм.

Бурхан зүрх сэтгэлдээ бардам, ихэмсэг хүнийг ерөөдөггүй. Даниелын амьдарч байсан үед Вавилон улсын хаан Небухаднезар өөрийгөө өргөмжилж байгаад Бурханаас авсан ерөөлөө алдсан удаа бий.

“Тэгэхэд Даниел хаанд хариулан… Аяа хаантан, Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн. Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүд өмнө нь эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв. Харин түүний зүрх ихэмсэг болж, сүнс нь бардамнан догшрох үедээ хаан сэнтийнээсээ түлхэгдэн унасан бөгөөд сүр жавхланг нь түүнээс авч оджээ. Тэрээр хүмүүний хөвгүүдээс хөөгдөж, зүрх нь араатных шиг болжээ. Хамгийн Дээд Бурхан хүмүүний хаанчлалыг захирч, хүссэндээ түүнийг захируулдгийг ухаартлаа тэгсэн. Амьдрах газар нь зэрлэг илжигтэй хамт байж, түүнийг үхэр шиг өвсөөр тэжээж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон.” Дан 5:17-21

Небухаднезар хаан өөрийн хүч чадал, эрх мэдлээр улсаа хүчирхэг болгосон гэж бардамнан бодсон юм. Тиймээс Бурхан түүнд араатны зүрх сэтгэл өгчээ. Эцэстээ тэр хаан ширээнээсээ унаж, зэрлэг илжигтэй хамт амьдарч, үхэр шиг өвс идэж, бие нь тэнгэрийн шүүдэрт норж араатан шиг амьдрах болсон.

Удаан хугацааны турш хээрийн өвсөн дунд, араатан шиг амьдарч байсан тэрээр Бурхан хүн төрөлхтний бүх хаанчлалыг захирч, хүссэн хүнээ босгож чадна гэдгийг ухаарсны эцэст л сая нэг хүний саруул ухаан нь эргэж иржээ. Түүний оюун ухаан эргэн ирж, хаан ширээндээ дахин заларлаа. Небухаднезар өнгөрсөн нүгэлдээ гэмшиж, Бурхандаа магтаал ба яруу алдрыг өргөсөн байдаг (Дан 4:28-37).

Бурханыг бүрэн ухаарах хүртэл

Бидний зүрх сэтгэлд ихэмсэг сэтгэл бий болбол Бурхан бидний зүрх сэтгэлээс алга болж, хувиа хичээсэн зангаар дүүрч, эцэстээ Бурхан ерөөлийн хаалгаа хаах болно. Цөлийн түүхийг харахад Израилийн ард түмэн ч бас тийм алдаа гаргасныг бид харж болно.

“Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг та нар ёсчлон дага. Тэгвэл та нар амьд явж, олширч, эцэг өвгөдөд чинь ЭЗЭНий тангарагласан тэр газарт орж, түүнийг эзэмших юм. ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм. Хүн зөвхөн талхаар бус, харин ЭЗЭНий амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан.” Дэд.Хуу 8:1-3

Египетээс Канаан хүртэл арван хоног орчим яваад хүрэх газар байлаа. Харин израильчууд цөлийг дөчийн дөчин жил туулан байж Канаан хүрсэн байдаг. Үүний учир шалтгаан нь Бурхан тэр хугацаанд тэднийг номхотгож, шалгаж зүрхэнд нь юу байсныг, Бурханы тушаалыг дагах эсэхийг нь мэдэхийн тулд байсан ажээ. Тэгтэл тэд зөвхөн түр зуурын зүйлст автан, бие биенээ буруутгаж, хоорондоо муудалцаж байгаад эцэстээ Бурханд гомдоллоход хүрсэн юм.

Бурхан израиль ард түмнээс цөлийн замд ямархуу сэтгэлтэй байхыг хүссэн юм бол оо? Бурхан тэднээс Бурханыг бүрэн ухаарч, үгийг нь дуулгавартай дагаж, эцэст нь Канаан нутагт хурдан хөл тавьж, Бурханы ерөөл хүртээсэй гэж хүссэн юм. Гэвч израиль ард түмэн бүх түүхийг удирдаж байгаа Нэгэн нь Бурхан гэдгийг ойлгоогүй юм. Ийм л энгийн хэрнээ тодорхой үнэнийг ухаарах гэж тэд дөчийн дөчин жил зарцуулсан билээ.

Тэдэнд тохиолдсон энэ бүх зүйл нь бидэнд жишээ буюу сануулга болон бичигдсэн гэсэн (1Кор 10:1-11). Хэрвээ бид нүдэнд харагдах махан биеийн ертөнцийн юмсыг дагах юм бол Бурханыг огтхон ч ухаарч чадахгүй. Тэнгэрийн Бурхан бүхнийг захирч энэ дэлхийг удирдаж, Өөрөө хүссэн л бол хэнийг ч бай босгож бүхнийг биелүүлнэ гэж Библид тодорхой гэрчилдэг. Тиймээс Бурханд зөв итгэдэг хүн л бол Бурханы үгийг юу юунаас ч илүү эрхэмлэж, үүнийгээ амьдралынхаа хамгийн чухал чиглүүлэгч болгох хэрэгтэй.

Бурхан бидэнд сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана гэж амласан. Бидний сэтгэлд бүхнийг чадагч, төгс хүчит Бурханыг гэсэн төгс итгэл болон Бурханы хүслийг дагах гэсэн чинхүү хүсэл эрмэлзэл байвал сайн мэдээ хүн төрөлхтөнд бүгдэд нь тунхаглагдаж, авралын түүх Бурханы ивээлээр хурдан гүйцэлдэх болно.

Мөнхийн тэнгэрийн хаанчлал ойртох тусам бидэнд хэрэгтэй зүйл бол гэмшил. Бид бүрэн төгс өөрчлөгдөх хүртэл тэнгэрийн хаанчлал орж чадахгүй. Бурханы хүүхдийн хувиар Бурханы тушаасан үнэний замыг дуулгавартайгаар дагаад, даруу сэтгэлээр бие биедээ үйлчилж, Бурхандаа яруу алдар өргөвөл сайн мэдээний түүхийг аль болох хурдан биелүүлж чадах юм.