Бурханы үг ба хоол

45,520 үзэлт

Хүн хоол идэхгүй бол зөв зохистой ажиллаж, амьдарч чадахгүй. Цэгцтэй зөв бодож ч чадахгүй, тавьсан зорилго төлөвлөгөөгөө ч зүй ёсоор нь биелүүлж чадахгүй. Сүнсээр ч мөн адил. Сүнслэг амьдралд ч сүнслэг хоол идэхгүйгээр бидний хүсэж буй сүнслэг ивээлтэй ажлуудыг төлөвлөн гүйцэтгэх боломжгүй болно.

Бурханы үг бидний хувьд амийн хоол, сүнсийг маань амьдруулах хүч чадал агуулж байдгийг Библи бидэнд ухааруулж байна. Есүс айлдахдаа “Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла” хэмээсэн шүү дээ (Иох 6:27). Мөхөж устах хоолыг, нэг ёсондоо ертөнцийн зүйлсийг эрэлхийлэх гээд сүнслэг хоол болох Бурханы үгнээс нүүр буруулж болохгүйг энэ сургаал анхааруулж байна. Бурханы үгэн хоол бидэнд хичнээн үнэ цэнэтэйг одоо ухаарч авцгаая.

Ажилчин зөгий ба хатан зөгийн ялгаа

Зөгий бол ургамал ногоонд үр жимс гаргахад нь тусалж, улмаар үүгээрээ байгалийн экосистемийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг, уйгагүй ажиллаж байдаг шавьж юм. Зөгийн сүрэг дотор амьдралынхаа турш зөвхөн ажил хийдэг ажилчин зөгий гэж бий, сүргээ удирддаг хатан зөгий ч бий. Ажилчин зөгий хатан зөгий хоёрын ялгаа нь өөр юунд ч биш зөвхөн идэх хоолонд нь байдаг аж.

Зөгийн үүрэнд зулзаганууд нь гарсныхаа дараа яг адилхан сүүнцэр (royal jelly) иддэг. Харин хатан зөгий насан туршдаа сүүнцэр иддэг байхад ажилчин зөгий дөрөв хоног л сүүнцэр идэж, түүнээс хойш өөр хоол тэжээл иддэг байна. Ажилчин зөгийгөө бодвол хатан зөгий биерхүү том. Мөн ажилчин зөгий долоохон долоо хоногийн настай байдаг бол хатан зөгий хамаагүй урт настай бүр 7 жил шахам насалдаг аж. Ийм эрс тэс ялгаа нь идэх хоолтой нь холбоотой юм байна.

Шавьжны ертөнцөөс бид Бурханы хүслийг олж мэдэж болох нь. Бурхан биднийг мөнхийн Бурханы хаанчлалд хаан болгох гэж тэнгэрт хаан тахилчийн байр суурийг бэлтгэн, энэ газарт сүнсээр цэвэршүүлж байгаа юм (1Пет 2:9, Сур.Үгс 17:3). Гэтэл хаан тахилчийн байр суурь бэлтгэчихээд байхад хүртэл бид махан биеийн амьдралдаа бохирдон, Бурханы үгийг хайнга үзэж, Бурханы үгийг шимтэн судлахаа больчихвол эцэст нь тэрхүү байр сууринд хүрч чадахгүй шүү дээ.

Бид энэ дэлхийд амьдрах явцдаа ертөнцийн зүйлсэд цаг хугацаагаа харамгүй зарцуулдаг. Махан биеийн хоолны төлөө ажиллахад маш их цаг зарцуулаад зогсохгүй заримдаа өөрийн дуртай зугаа цэнгэлд автан, сонирхолтой амьдрах гэж үнэхээрийн олон цагийг дэмий өнгөрөөдөг. Харин бид энэ амьдралдаа Бурханы үгийг хэр их судалж байгаа вэ гэдгээ эргээд харах шаардлагатай гэж бодож байна. Зөгийн ертөнцийг ажсан ч зарим зөгий нь дөрөв хоног л сүүнцэр идээд больчихдог болохоор долоохон долоо хоногийн настай ажилчин зөгий хэвээрээ дуусдаг. Харин дандаа сүүнцэр иддэг зөгий нь бага багаар өөрчлөгдөж, бусад зөгийгөө бодвол хамаагүй биерхүү, урт настай хатан зөгий болж байна шүү дээ. Үүн шиг Бурханы үгэн хоол дандаа иддэг хүн олныг удирдах хэмжээний байр сууринд хүрч, улмаар мөнх амьдрах болно.

Сүнслэг хоолыг Бурхан хүн бүрд зөвшөөрсөн болохоор хэн ч идэхэд болно. Үгэн хоол өдөр бүр идэж, Бурханы үг сургаал дотор амьдрах явцад бидний сүнс Бурханы үгэнд дуулгавартай болох, Бурханыг хүндэтгэдэг итгэлд суралцах зэргээр бүх талын чадвар эзэмшсэн хаан тахилч болон цэвэршүүлэгдэх юм.

Бурханы үг нь сүнсний хоол

Цаг үргэлж Бурханы үгийн дагуу амьдрангаа тэнгэрийн найдвар тээж, өнөөдрийн зовлон бэрхшээлийг бүгд ялах ёстой юм. Бурханы үгийг сүнслэг хоол хэмээн зүйрлэсэн Библийн сургамжийг харцгаая.

“Харагтун, Би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Талхаар өлсөх, усаар цангах бус, харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм.” Амо 8:11

Бурханы үг нь бидний сүнсний хоол юм. Гэтэл анх үнэнийг хүлээн авах үедээ ивээлтэйгээр хандан, Бурханы үгэнд догдолж байснаа тодорхой хугацаа өнгөрсний дараагаас “Би мэднэ” гэсэн бодолдоо Бурханы үгэнд хайнга ханддаг болох нь бий. Ертөнцийн ажилд татагдан, Бурханы үгийг хойш тавих аваас анхандаа зөгийн бал мэт чихэрлэг санагддаг байсан Бурханы үгийн амтыг аажим аажимдаа мэдрэхээ болиход хүрдэг. Цөлд хоолгүй болсон израиль ард түмэнд Бурхан өдөр болгон манна буулгаж өгсөн. Анхандаа тэд “зөгийн балтай өрмөнцөр мэт” гээд амтархан идэж байснаа яваандаа “заваан хүнс” гэж дургүйцсэн шүү дээ (Гэт 16:31, Тоо 21:5). Би арай Бурханы үгэнд иймэрхүү янзтай хандаагүй байгаа гэж өөрөө өөрийгөө эргэн нэг хараарай.

Сүнсний хоол болох Бурханы үгийг тууштай судлахгүй бол бид яг л гурав дөрвөн хоног сүүнцэр идэж байснаа больдог ажилчин зөгийнөөс ялгагдах юмгүй. Бурханы үгнээс холдсон тэр мөчөөс эхлээд тэнгэрийн орны хаан тахилч хэмээх байр сууринаас ч холдоно. Бурханы үгэн хоолыг өдөр бүр сүнсэндээ хангаж, өчигдөр сурч судалсан зүйл байсан ч хамаагүй өнөөдөр дахин нэг хивэх юм бол бид түүн дотроос өнөөдөр яг энэ агшинд тохирох сургаал сургамжийг шинээр олж мэдэх юм.

“Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дахин төрсөн билээ. Учир нь “Бүх махбод болбоос өвс мэт бөгөөд бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс хатдаг, цэцэг ганддаг. Харин Эзэний үг мөнхөд оршино.” Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.” 1Пет 1:23-25

Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна гэж бий (Иох 3:3). Биднийг Бурханы хаанчлалын ард түмэн болгон дээрээс төрүүлэх чухал элемент Бурханы үгэнд агуулагддаг.

Бурханы үгнээс холдож болохгүй. Өдөр бүр Бурханы үгтэй ойр, бүр илүү ойр байх хэрэгтэй. Сэтгэлд маань Бурханы үг сийлээстэй байвал өдөр тутмын амьдралд бид аяндаа л түүнийгээ дагаж мөрдөнө шүү дээ. Харин байнга ертөнцийн юмсыг харж, ертөнцийн үг яриа л сонсож, ертөнцлөг зүйлийг мэдрэх аваас ертөнцийн хэм хэмжүүрээр аливааг шийдэхэд хүрнэ.

Өдөрт гурван удаа хоол идэхгүйгээр хүн өдөр тутмын үйл ажлаа гүйцэлдүүлж чадахгүй. Үүн шиг Бурханы үгэн хоол идэхгүйгээр сүнслэг ажлаа хэвийн гүйцэлдүүлж чадахгүй. Бурханы үг бидний сүнсийг шим тэжээлээр хангаж өгдөг үнэ цэнэтэй хоол юм. Үүнийг дөрөвхөн хоног л идэх үү, аль эсвэл байнга идээд тэнгэрийн орны хаан тахилч болох уу гэдгээ сайтар тунгаагаарай гэж хүсэх байна.

Бурханы үгээр амьдарна

Диавол 40 хоногийн турш мацаг барьсан Есүсийг хамгийн эхлээд идэх юмаар сорьсон байдаг. Бүх хүний зорилго болон чиг хандлагыг махан биеийн амьдралд хандуулах гэсэн Сатан Есүсийг тийм байдлаар унагах гэж сорьсон байгаа юм.

“Есүс тэгээд диаволд соригдохын тулд Сүнсээр цөл уруу хөтлөгдөв. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ. Соригч ирээд, Түүнд —Чи Бурханы Хүү мөн аваас энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв. Гэвч Есүс —“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг хэмээв.” Мат 4:1-4

Бурханы амнаас гарах үг бүр нь биднийг аварч амьдруулах сүнсний хоол юм. Есүс зөвхөн тухайн бодит байдлаас аргацаан зайлах гэсэндээ эдгээр үгийг хэлээгүй, харин “Махан биеийн хоол нь мөхөж устах хоол, мөхөж устахгүй сүнсний хоолыг эрэлхийл” гэсэн утгаар бидний сүнсэнд амьдрах аргыг зааж өгөх гэсэндээ айлдсан юм. Бурханы үгээр л амьдрах ёстой гэсэн Есүсийн хариултанд Сатаны цаад санаа талаар өнгөрчээ.

Мөнх амь болон аз жаргал эдлэх тэнгэрийн хаанчлалд үеийн үед хаан тахилчийн үүрэг гүйцэтгэхийг хүсэж л байвал бид сүнс амьдруулах Бурханы үгийг өдөр тутамдаа байнга иддэг байх хэрэгтэй. Мэдээж махан бие дотор амьдрах явцдаа махан биеийн хоол идэх хэрэгтэй л дээ. Тэглээ гээд махан биеийн хоол л идэхийн төлөө амьдрах аваас хүн ер нь амьтнаас ялгарах юм юу байна аа? Бурханд итгэх итгэл, мөнхийг хүсэмжлэх зүрх сэтгэлтэйгээрээ л хүн амьтнаас ялгаатай биш үү. Тиймээс мөнх амьдрахыг хүсэж л байвал мөнх амьдруулах гэсэндээ Бурханы өгсөн хоолыг байнга идэх хэрэгтэй юм.

Өнгөрсөн хугацаанд Бурханы үгийг сайн судалж үзээгүй байсан бол одооноос дахиад нэг судлаад үзээрэй. Библид анхаарлаа хандуулан уншиж үзээгүй хэсэг байвал түүнийг ч бас шамдан уншаад, үнэний ном, сургаалын номоо ч хичээн судалж, киноноос Эцэгийн сургамжийг ч дахин нягталж, Эхийн сургаалыг сэтгэлдээ сийлээд, цаг ямагт сүнсний хоол хангалттай хүртэн, Библийн алив сургаалын дагуу Бурханы үг сургаал дунд амьдардаг байгаарай.

Бурханы үгийн дагуу амьдрагчдын эдлэх яруу алдар

“Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. … Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө. Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам уруу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана. ЭЗЭН чиний тариа будааны агуулах, гарын чинь ажил үйл бүрд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө. Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахиж, Түүний замаар явбаас ЭЗЭН чамд тангарагласан ёсоороо чамайг Өөрийн ариун ард түмэн болгон байгуулна. Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно.” Дэд.Хуу 28:1-10

Бурханы үгийн дагуу амьдарч, үгийн дагуу үйлдвэл биднийг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина хэмээн Бурхан амласан юм. Энэ ертөнцөд дипломатч, ерөнхийлөгч, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэх мэт албан тушаалыг мөрөөдөн ирээдүйн амьдралдаа бэлддэг хүмүүс бий. Дэлхийн бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавигдах гэсэндээ л тэд цаг зав, зардал мөнгө, хичээл зүтгэл харамгүй зарцуулж, туршлага хуримтлуулан, чадвар олж авах гэж тал бүрийн бэлтгэл хийдэг гэнэ. Гэвч угтаа Бурханы үгийн дагуу амьдардаг хүн л дэлхийн бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавигдах юм. Ийм хүн л ирээдүйдээ үнэхээрийн зөв бэлдэж байгаа хүн юм.

Үнэндээ өнөө үед сайн мэдээний эш үзүүлэгчдийг гадаад сайн мэдээнд явахаар хүмүүс бүгд л Бурханы үгийг заагаад өгөөч гээд л бие биенээсээ өрсөн ирцгээдэг биш гэж үү? “Яв, бүх үндэстнийг дагалдуулагтун” хэмээсэн ёсоор багш ч бай, эрдэмтэн ч бай, хааны угсааныхан ч бай, ерөнхийлөгч ч бай тэд үнэн рүү нэг ирэх л юм бол дагалдагч болох юм. Тиймээс бид аяндаа л багш болно. Ертөнцийн амьдралд тэд хэдий өндөр байр сууринд байлаа ч харин Сионд ирэх л юм бол бүгдээрээ Бурханы нэрийн өмнө өвдөг сөгдөн, Бурханы үгэнд дуулгавартай болдог. Ертөнцөд мундаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн тэдний үнэхээрийн мундаг гэж үзэж хүндэлдэг хүмүүс нь Бурханы үгийг өдөр болгон идэж, үгэн хоол бусадтай хуваалцдаг сайн мэдээний үйлчлэгчид юм.

Бидэнд энэ дэлхийн хамгийн үнэтэй эрдэнэс байна. Гэсэн ч тэр эрдэнээ байгалийн чулуугаар нь л байлгах биш, харин ч өнгөлж зүлгэн гялтгануулах хэрэгтэй. Бурханы үгийг үргэлж хэрэглэн, ямагт тунхаглаж, үргэлж амандаа байлгах хэрэгтэй. Тэгж гэмээнэ Сатан диавол зайлан одож, Бурхан бидний сүнсийг илүү мэргэн ухаантай болгож, амьдруулан, хүн төрөлхтнийг мөнх амь руу хөтлөх юм.

Үгийнхээ дагуу биелүүлдэг Бурхан

Бурхан тэнгэр газар түг түмнийг үгээрээ бүтээсэн байдаг. “Гэрэл бий болтугай” гэхэд нь гэрэл бий болсон. “Огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгатугай” гэхэд нь ус тийн салсан. Айлдсан ёсоор нь бүх зүйл тэр даруй биеллээ олж, шууд л хэлснээр нь болсон. Бурханы үгэнд бүх юмсыг бий болгох хүч байдаг тул Бурхан хэлсэн л бол бүгд зайлшгүй биелэх юм.

“Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.” Евр 4:12-13

Бурханы үг нь амьд, бас идэвхтэй тул хэлснээр нь яв цав биелнэ. Бурхан биднийг хаан тахилч болгоно гэсэн л бол гарцаагүй хэлснээр нь л болно. Асуудал нь гагцхүү сүнсний хоол болох Бурханы үгтэй ойр байх хүсэлгүй хүний сэтгэлд л байна.

Бурхан “Хээрийн өвсийг ч Би хувцаслаж, тэнгэрийн шувуудыг ч Би хооллодог бол тэр тусмаа та нар тэднээс илүү биш үү. Тиймд юу идэж, юу уух билээ гэж тэгтлээ санаа бүү зов” хэмээсэн (Мат 6:25-34). Хоол хүнс гэчихмээр юм ер харагдахгүй цөлд тэнгэрийн агуулахыг хүртэл нээж тэднийг хооллосон биш үү? Израиль ард түмэн 40 жил цөлд амьдрахад нь тэдний дунд өлбөрч үхсэн хүн ганц ч байгаагүй. Гагцхүү итгэлгүйгээс үхсэн хүн, гомдоллож байгаад үхсэн хүн л бий.

Бурханы амнаас гарсан үг хоосон буцаж ирдэггүй төдийгүй Бурхан хүслээ заавал биелүүлдэг (Иса 45:23, 46:10-11). Үүнийг сэтгэлдээ санаж, сүнсний хоолыг л илүүтэй хүсэж, яавал Бурханы үгийн дагуу амьдрах вэ, яавал Эцэг Эхээ баярлуулж, Бурханд яруу алдар илүү их өргөх вэ гэдгийг эхлээд боддог байх учиртай, бид.

Бурханы үгэн хоол байнга идээрэй. Мөнхийн тэнгэрийн хаанчлал хүртэл Бурханы үгийг хүлээн авч, хүртэх аваас хаан тахилч болох болно. Түрхэн зуур сүүнцэр идэх үү, насан турш идэх үү гэдгийн дагуу ажилчин зөгий болох уу хатан зөгий болох уу гэдэг нь ялгагддаг шиг Бурханы үгийг жаахан судалж үзсэнээ больчихдог хүн ба өдөр бүр чин сэтгэлээсээ хүлээн авч судалдаг хүний эцсийн үр дүн эрс ялгаатай байхаас ч аргагүй.

Бурханы үгийг өдөр бүр тууштай идэх хамгийн сайн арга бол хичээнгүйлэн тунхаглах явдал. Үнэний үгийг тунхагладаг хүн “Өнөөдөр тэр хүнд юу заах уу, өнөөдөр түүнд ямар хоол идүүлэх вэ?” гэж бусдыг боддог болохоор өөрөө ч мөн Бурханы үг судлахад хүрдэг. Тийм л хүмүүст мөнхийн тэнгэрийн яруу алдар бэлтгэгдчихсэн байгаа.

“Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий тэнд байж, зарц нар нь Түүнд үйлчилнэ. Тэд Түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.” Илч 22:3-5

Дэлхийн бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавигдаад зогсохгүй тэнгэрийн оронд ч үеийн үед хаанчлахыг хүсэж байгаа л бол Бурханы үгэнд бүү хайнга хандаарай. Үнэний ном, Библи хичээнгүйлэн уншиж, сургаал ч хичээнгүйлэн сонсдог байгаарай. Тэдгээр нь сүнслэг сүүнцэр юм. Бид сүнслэг сүүнцрийг насан турш идэх ёстой тэнгэрийн хаан тахилч нар юм шүү.

Бурханы үг нь бидний сүнсний хоол болохын хажуугаар диаволыг үлдэн хөөх хурц илд болдог юм. Эцэг Эхээ баярлуулах эмэгтэйн үлдсэн үр удам болохынхоо хувьд Бурханы үгтэй цаг үргэлж ойр байж, Сатантай сүнслэг тулаан хийх болгондоо үгийн сэлмээ агсан, ямагт ялалт байгуулахыг та бүхнээсээ хүсье.

Амийн үгээ соёрхон, биднийг дэлхийн бүх улс үндэстнээс дээгүүр өндөрт тавьж, мөнхийн тэнгэрийн хаанчлалын хаан тахилч болгож буй тэнгэр Эцэг Эхдээ талархал өргөе. Байнга Бурханы үгийн дагуу амьдарч, Эцэг Эхээ мөнхөд магтахыг Сионы гэр бүлүүдээсээ хүсье.