WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бурханы үг нь туйлын үнэн юм

449 Үзсэн тоо

Бурханы үг бол туйлын үнэн бөгөөд туйлын үнэн юманд шалтаг тайлбар гэж байдаггүй. Бурханы үг бол туйлын үнэн учраас зөвхөн дуулгавартай дагах хүмүүст ерөөл өгөгддөг. Иймд Бурханы үгийг туйлын үнэнд үзэх нь ерөөлийн зам, авралын зам юм.

1. Ноагийн бүхээг

Бороо ордоггүй байхад Бурхан Ноад том бүхээг хий гэсэн тушаал буулгажээ. Бурханы зааварласан бүхээгний хэмжээ нь уртаашаа 137м, өргөөшөө 23м, өндрөөшөө 14м асар том хэмжээний завь байсан. Тухайн үе нь өнөө үе шиг завь хийх техник технологи хөгжсөн үе биш байв. Иймд бүхээг хий гэх Бурханы үг нь бараг л боломжгүй тушаал байсан. Түүнчлэн бүхээг хийхэд маш их ажиллах хүн хүч, материал шаардагдахаар байсан бөгөөд тэдгээрийн зардал нь асар их болно. Өнөө үед эрдэмтэд тухайн үеийн техникээр ийм том бүхээг хийхийн тулд 40-120 жилийн урт хугацаа зарцуулагдана хэмээн таамагласнаас үзэхэд бүхээг хийх нь хичнээн их тэвчээр шаардсан ажил байсныг багцаалж болно.

Гэхдээ энэ хүнд хэцүү нөхцөлд ч Ноа бүхээг хий гэсэн тушаал нь Бурханы туйлын үнэн үг учраас огтхон ч гомдол гаргалгүй бүхээг хийж эхэлсэн юм. Үр дүнд нь бүх хүн үерээр сүйрэхэд Ноа болон гэрийнхэн нь бүгд аврагдаж чаджээ.

2. Иерихо хот

Иорданыг гатлан, Канаан нутагт анх хөл тавьсан Израилийн ард түмний өмнө Иерихо хот аймшигтай гэгч нь зогсож байв. Иерихо хот бол амархан эзлэн авах боломжгүй төмөр бэхлэлт бүхий хот байв. Гэвч Канаан нутгийг эзлэхийн тулд зайлшгүй Иерихо хотыг эзлэн авах ёстой тийм нөхцөл байдалд байлаа. Тэр үед Бурхан хотыг эзэлж авах аргыг зааж өгчээ. Тухайн хотыг 6 өдрийн турш өдөрт нэг удаа тойрч, сүүлчийн долоо дахь өдөрт долоон удаа тойрсны дараа тахилч нар хуцын эвэр бүрээ үлээж, ард түмэн бүгдээрээ чангаар хашхирах тийм арга байсан юм.

Хотыг эзлэхийн тулд шороон бэхлэлт овоолж, хотын хаалга эвдлэх зэвсэг, шат, нум, жад, бамбай гэх мэт дайны зориулалттай янз бүрийн зэр зэвсэг хийн, тактик боловсруулдаг нийтлэг арга байдаг. Тэгтэл Бурхан нийтлэг аргаас ангид, ойлгоход бэрх тактик төлөвлөгөө зааварчлав.

Эхний өдөр Иерихо хотыг бүтэн тойрсонд ямар ч өөрчлөлт гарсангүй. Хоёр дахь өдөр бас яг адил хотыг тойрсонд Иерихо хот яах ч үгүй байв. Гурав дахь, дөрөв дэх, тав дахь, зургаа дахь өдөр мөн л хэвээрээ байлаа. Бурханы үгэнд туйлын итгэлгүй хүмүүсийн сэтгэл асар ихээр түгшсэн байх. Ингэхийн оронд хутга ирлэж, ганц ч болов жад хийсэн бол, хаалга эвдлэх зэвсэг хийж, хотын хаалга эвдэх бэлтгэл ч болов базаасан бол хавьгүй үр ашигтай цаг болох байлаа гэх зэрэг хүний бодолд автацгаасан байх.

Долоо дахь өдөр хотыг долоо дахь удаагаа тойрох сүүлчийн мөчид цөхөрсөн сэтгэлд улам гүн автацгааж, чухамхүү хот нурах ч юм уу, ингэж байгаад эцэстээ эцэж цуцан, өөрсдөө унацгаах юм биш байгаа даа гэх мэтчилэн эргэлзэж тээнэгэлзсэн хүмүүс ч олон байсан байх. Харин Бурхан бүх юманд туйлын дуулгавартай байсан Израилийн ард түмэнд ямаршуухан үр дүн өгсөн билээ? Бүх ард түмэн Иерихо хотыг чиглэн хашхирах мөчид төмөр хана “тар няр” хийн нуран унасан. Үүний улмаас израиль ард түмэн агшин зуур Иерихо хотыг эзлэн, амлалтын Канаан нутгийг өвлөх эх үндсийг тавьсан аж.

Сая бид Бурханы зааврыг туйлаас дуулгавартай дагах үед агуу ерөөл авсан түүхийг судалж үзлээ. Өнөө үед ч бид Бурханы үгийг туйлаас дуулгавартай дагах юм бол тэнгэрийн хаанчлалд орох ерөөлийг авах юм. Бурхан үргэлж зөв шударга үр дүнг бидний өмнө бэлтгэн, юу хийх ёстойг маань зааварчилдаг. Бурханы үгийг туйлаас дагаж, Бурханы зэхсэн ерөөлийг бялхам дүүрэн аваарай.

Тунгаах зүйлс
Бурхан Иерихо хотыг эзэлж авах ямар арга зааварчилсан бэ?
Бурханы үгэнд туйлын дуулгавартай хандсанаараа ерөөл авсан тохиолдол байсан эсэхээ тунгаана уу.