Өнөө үед шинэ гэрээний сайн мэдээний гэрэл асар хурдтайгаар дэлгэрч байгаа болохоор Сатан диавол архирах арслан мэт сайн мэдээний гэрлийг халхлахын тулд боломжтой бүх арга мэхээ хэрэглэж байна.
Бурханыг гэсэн туйлын итгэл, авралын найдвар, эцсээ хүртэл үнэнийг сахин хамгаална гэсэн баттай шийдвэрээр Бурханы өвч зэвсгийг агсан, амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмсөн, авралын зар тараах явцдаа ёрын муу сүнснүүдтэй хийх аян дайнд бид ялсаар байгаа. Дайсан диавол ертөнцийн бүх бузар мууг ашиглан, биднийг эсэргүүцсэн ч бид гарцаагүй ялна гэсэн бат итгэлээр сайн мэдээ тарааж байгаа болохоор сайн мэдээний гэрэл илүү тод гэрэлтэн, илүү олон хүн аврагдсаар байна.
Энэ дэлхий дээр хэнийг хамгийн агуу, хүчтэй гэж та нар боддог вэ? Библиэс хариултыг нь хайвал Бурханыг туйлаас түшдэг хүн гэсэн байна.
Жүгэ Лян хичнээн мэргэн ухаантай байлаа гээд гурван улсыг нэгтгэх үйлийг гүйцэлдүүлж чадаагүй. Түүнээс гадна өнөөг хүртэл суут хүн гэж нэрлэгдсэн олон хүн үе үеэ ноёлон амьдарч байсан ч эцэстээ бүгд атгахан шороо болон буцацгаадаг нь энэ ертөнцөд агуу, хүчирхэг гэж эрдэж бардах хүн нэг ч байхгүйг харуулах мэт.
Иеремиа номноос агуу, хүчтэй хүн болохын тулд яах ёстойгоо мэдэж авцгаая.
“ЭЗЭН ингэж айлдаж байна. “Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг. Харин сайрхагч нэгэн нь Намайг ЭЗЭН гэж мэдэж ойлгодгоороо гагцхүү сайрхаг. Хайр энэрэл, шударга ёс, зөв шударгыг дэлхий дээр хэрэгжүүлдэг Би ЭЗЭН. Учир нь Би үүнийг таалдаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.” Иер 9:23-24
Нүгэлтний биеэр энэ газар төрсөн хүн юугаараа сайрхаж чадах сан билээ? Газрын хөрснөө буцахад хүрвэл эд баялаг ч, хүч чадал ч, мэргэн ухаан ч тэр бүгд алга болно.
Хүмүүн бид сайрхаж эрдэх дээрээ тулбал зөвхөн Бурханыг мэдэж ухаарч авснаараа л сайрхах учиртай. Хүмүүс өөрийгөө дөвийлгөхдөө эрх мэдэлтэн юм уу нэртэй хүний сайн танил гэдгээрээ сайрхдаг. Харин бид яадаг вэ? Тэнгэр газрыг бүтээж, хүн төрөлхтний үхэх амьдрахын эрхийг атган суудаг Бурханыг мэдэж байгаа маань, тэр агуу ариун Нэгэнийг залж байгаа маань, мөн Сүнс болон Сүйт бүсгүй болох Бурханы хүү охин гэдгээс маань илүү их бахархах юм гэж энэ дэлхийд үгүй.
“Харцаа би уулс өөд өргөнө. Хаанаас надад тусламж ирэх вэ? Тэрхүү тусламж минь тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс.” Дуу 121:1-2
Аргаа барж, тусламж хэрэгтэй болох үед хэн бидэнд туслах вэ? Хамгийн дотно найз маань ч хэцүү үед энэ л миний талд зогсоно доо гэж бодож байсан хүмүүс ч надаас эргэж, дайсны талд орж гайхаш барах тохиолдол заримдаа гардаг. Харин бидний Бурхан л зөвхөн хэзээ ч хувиралгүй, үргэлж миний талд зогсож байдаг юм.
Хоолойгоор хоол давахгүй, унтъя гэхнээ унтаж чадахгүй арга барагдаж, санаа сэтгэл хичнээн зовсон ч хүний мэргэн ухаан, хүний хүчээр юу ч хийж чадахгүй үе гардаг биз дээ? Хүмүүн гэгч өвс ногоо мэт хэврэгхэн, хэсэгхэн зуур харагдаж байгаад алга болчихдог өглөөний шүүдэр мэт оршихуй. Харин тэнгэр газар түмэн бодисыг бүтээсэн Бурханд туйлаас итгэн, Түүнд найддаг хүмүүс хамгийн агуу хүчирхэг хүмүүс гэгдэн, Библийн баатар болж магтагдан, одоо бидний итгэлийн үлгэр дуурайл болсоор байна.
Библийн дайчин Давид Голиатыг ялж, Израилийн хаан болох хүртлээ Бурханд тийм баттай итгэдэг байжээ. Балчир хөвгүүн байсан тэрээр Филистийн жанжин Голиаттай тулалдах болоход үй олон хүн түүнтэй хамт байсан хэрнээ хэн нь ч түүнд туслаагүй юм. Тэрээр Бурхан л өөрт нь тусална гэдэгт бат итгэж, гагцхүү Бурханыг түшээд Голиатыг ялж чадсан.
Бурхан тусалж дэмжиж байхад хэн тэр хүнийг энэ ертөнцөд ялан дийлэх билээ? Ертөнцөд хичнээн эрх мэдэлтэй том хүн байлаа ч, ертөнцийн эрх мэдэл өндөр хүн байсан ч Бурхан тусалдаг хүнийг хэрхэн ялж, Бурханы хамгаалдаг хүнд хэрхэн хор хөнөөл учруулж зүрхлэх билээ?
“ЭЗЭН тослогдогчоо авардаг гэдгийг одоо би мэднэ. Тэр баруун гарынхаа аврах хүчээр, ариун тэнгэрээсээ түүнд хариулах болно. Зарим нь тэргэнд, зарим нь моринд найддаг. Харин бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг санах болно.” Дуу 20:6-7
Ертөнцийн хүнд найдаж, ертөнцийн эд зүйл, эрх мэдлийг түшиж найдвал хэзээ нэгэн цагт сүйрэхээс өөр аргагүй. Ихэнх хүмүүсийн амьдрал адилхан. Хичнээн эрх мэдэлтэй, хүчирхэг хүн байлаа гээд хүний амьдрал гэгч тавин алхам, зуун алхам ялгаагүй гэгчээр Бурханы өмнө ямар ч ялгаагүй. Өглөөний шүүдэр мэт ууршиж алга болох ийм сул дорой хүнд найдлаа гээд юу бүтээж, юу чадах сан билээ дээ?
Хүн ганцаараа юу ч хийж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүний бие бялдар, гарал үүсэл, царай зүсний сайхан муухай, баян ядуу байх нь түүнийг хүчирхэг болгохгүй. Харин Бурханд туйлаас итгэж, Бурханыг туйлаас түших нь чухал бөгөөд энэ нь агуу хүчирхэг хүн болох хамгийн анхны нөхцөл юм.
Давид Голиатыг ялсан дүр зургийн талаар судалж үзэхийн хамт Бурханд туйлаас итгэн найдсаны үр дүн ямар байсныг мэдэж авцгаая.
“… —Чи тэр филист хүн уруу очиж, түүнтэй тулалдаж чадахгүй. Чи ийм залуу бага хүн, харин тэр залуу байхаасаа цэргийн хүн байсан гэв. … Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй филист хүн амьд Бурханы цэргийг шившиглэсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлэв. Давид цааш нь —Арслан, баавгайн савраас намайг аварсан ЭЗЭН тэр филист хүний гараас ч намайг аварна гэв. … Давид филист хүнд —Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна. … Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө гэв. … Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны тэргүүн шугам уруу яаран гүйж ирлээ. Давид уутанд гараа хийж, нэг чулуу гаргаж аваад, дүүгүүрээр дүүгүүрдэн филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдон ороход тэр нүүрээрээ газар шаан уналаа. …” 1Сам 17:32-54
Давид, Голиат хоёрын хэн нь агуу хүчирхэг вэ? Гаднаас нь харвал Голиат илт давуу, агуу хүчирхэг хүн мэт байсан хэрнээ балчир хөвгүүн Давидын гарт нүд халтирам байдлаар амиа алдсан болохоор жинхэнэ агуу, жинхэнэ хүчирхэг хүн нь Давид биш гэж үү?
Голиат өөрийн сэлэм, жад, бамбай, хуяг дуулгандаа итгэл найдвар тавиад тулаанд орсон байтал Давид сэлэм, жад, бамбай, хуяг дуулганд найдалгүй, Бурхан хамт байгаа гэдэгт илүүтэй итгэж, түг түмдийн Бурхан Эзэний нэрэнд найдаж, жижигхэн дүүгүүр барин, зоригтойгоор гарч ирсэн. Тэрээр Саулын өмсгөсөн хуягийг тайлан, оронд нь Бурханы хамгаалалтыг хуяг дуулгаа болгож, Бурханы хүчийг зэр зэвсэг болгон агсаж, Бурхан аварна гэдэгт туйлаас итгэн тулаанд орсон юм. Энэ тулааны ялалт нь хэдийн тогтсон байв. Агуу хүчит Бурханд найдан гарч ирсэн Давидыг хэн ялж чадах билээ?
Үүний үр дүнд бүх филистчүүд төдийгүй израиль ард түмэн хүртэл түүнээс айж, Бурхан түүнтэй хамт буйд атаархсан байна. Бурхан үргэлж хамт байж, тусалж байсан тул Давидын явсан газар бүрд үргэлж ялалтын туг мандаж байлаа.
“Эмэгтэйчүүд тоглон —Саул мянгыг, Давид түмийг алав гэж дуулалдав. … ЭЗЭН өөрөөс нь салж, Давидтай хамт байгааг харсан Саул Давидаас айж байлаа.” 1Сам 18:7-12
Олон дайн тулаанд оролцож байсан Саул яагаад Давидаас айх болов? Давид гэдэг хүн хүчтэй болохоор нь айсан биш, харин Бурхан цаг үргэлж Давидтай хамт байгааг мэдээд айсан ажээ. Түүнчлэн тухайн үедээ ард түмэн нь ч Израилийн хаан байсан Саулыг гэхээсээ илүү Бурхан хамт байж, Бурханд итгэх туйлын итгэлээрээ дайснаа ялсан Давидыг илүү магтаж байлаа.
Саул ч нэгэн үе Бурханд туйлаас итгэснээрээ агуу алдар хүндийг олж, хүчирхэг нэгэн гэгдэн магтуулж байсан. Харин хаан ширээнд заларсны дараа бүх хүн хэлсэн нэг үгэнд нь бөхийн, өвдөг сөгддөг байр суурин дээр ирээд, ихэмсэг бардам сэтгэлтэй болж, Бурханд найдахаас илүү эрх мэдэл, сүр хүч, хүний тооны олонд аажим аажмаар найдаж, улмаар филистчүүдтэй хийсэн тулаанд ялагдаж, цаашид дайн тулаан нь амжилтгүй, хүндхэн байдалд орох болжээ.
Давидын Бурханд туйлаас найддаг итгэл сүүлийн энэ үед ч мөн хэрэгтэй юм. Бузар муу сүнснүүдтэй хийх аян дайнд ялах учиртай бидэнд ч бас ийм итгэл зайлшгүй хэрэгтэй. Дутуу дулимаг мэдлэгтэй сул дорой байгаадаа бид гомдоллох хэрэггүй юм. Агуу хүчирхэг Бурханд л туйлаас итгэн найдсан үед бид ч бас Давидтай адил агуу хүчирхэг хүн болж, хаа явсан газраа дайснаа дарж, олон сүнсийг зөвт байдал руу хөтөлж чадна.
Библид “Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно” гэсэн тул энэ зөгнөл гарцаагүй биелэх юм. Бурханд туйлаас найдах хүчтэй итгэлээр л энэ зөгнөл биелэгдэнэ гэдгийг хэрхэвч мартаж болохгүй.
Бидэнд юу байгаа билээ дээ? Дайсан бидний хашхираанаас айсан нь бид олуулаа байсан учраас биш, бүгдийг чадагч төгс хүчит Бурхан бидэнтэй хамт байгааг ойлгосон учраас айн цочирдсон юм.
Өөр нэг түүхээр хамгийн дорой нь хэрхэн хүчирхэг үндэстэн болохыг мэдэж авцгаая.
“Ингээд ЭЗЭН, Иошуад —Бүү ай, бүү шантар. Бүх дайчин эрсийг авч хөдөл. Аи уруу довтол. Харагтун, Би Аин хааныг, түүний ард олон, хот мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн.” Иош 8:1
Бурхан израильчуудад урмын энэ үг өгсөн учраас л тийм хэцүү байсан Аи хотын довтолгоон Израилийн агуу ялалтаар төгссөн юм. Иерихо хотыг эзлэх үед ч Бурхан тэдэнтэй хамт байж, царцаа мэт Иошуа болон түүний цэргүүд аварга том биетэй хүмүүсийг ялж чаджээ.
Иймээс Иошуа болон түүний цэргүүд гарч ирвэл ертөнц дагжин чичирч байв. Египетийн цэргүүдийг ялагдалд хүргэн, Улаан тэнгисийг хувааж, израиль ард түмнийг аварч, 40 жил цөлийн амьдрал дунд Израилийн үй олон ард түмнийг хооллож хувцасласан Бурханы агуу хүч чадлыг харж сонссон учраас л Бурхантай хамт байгаа тэднээс айсан аж.
Бид ч мөн Гидеоны нэр алдрыг их сонсож, сайн мэдэж байгаа. Тэрээр гурван зуун цэргээр зуун гучин таван мянган хүнийг цохих үед хүний тооны олонд найдаж тулаанд оролцсон билүү? Хүний саруул ухаан, авхаалж самбаанд найдаад тулаанд ялах боломжтой байсан уу? Бурханы өгсөн хүч ба мэргэн ухаанаар л Бурханы тушаасан үгийн дагуу дуулгавартайгаар зөвхөн Бурханд найдаад урагшилсан болохоор агуу түүхийг гүйцэлдүүлсэн бөгөөд дэлхийн бүх үндэстнээс магтаал авч, тэдний айдсыг төрүүлж байсан шүү дээ.
Давид, Иошуа, Гидеон гэх мэт Библийн баатруудад бүгдэд нь нийтлэг нэг зүйл байсан юм. Тэд өөрсдийн чадварт эсвэл нүдэнд харагдах зүйлд найдалгүй зөвхөн тэнгэр газар түмэн бодисыг бүтээсэн Бурханд л туйлаас найдаж, тусламжинд нь итгэж байсан юм. Тэд агуу хүчирхэг Бурханд л найдсанаар ертөнцийг цочин гайхшируулах хэмжээний агуу хүчирхэг хүч тэднээс гарч, Библийн баатар хэмээн тэмдэглэгдэх байр сууринд зогсож чадсан юм.
Мөн бидний итгэлийн өвөг дээдэс хэмээгдэн хүндлэгддэг Паул, Петр зэрэг элч нар, сургаалынхаа төлөө амиа зориулах хүртлээ Христийн шинэ гэрээний сайн мэдээг тарааж байсан үнэний дайчид ч мөн тийм байсан юм. Тэд хүний үгийг сонсохоос илүү Бурханы үгэнд дуулгавартай байх нь илүү зөв хэмээн өгүүлж, Христ болон Христийн үнэнийг зоригтойгоор тунхаглаж, зальхай эсэргүүцэгчдийг няцааж байсан юм.
Бурхан биднийг энэ ертөнцийн хавчлага, зовлон бэрхшээл, саадыг ялж гараасай гэсэндээ зөвийг нь зөвөөр нь, бурууг нь буруугаар нь хэлж чадах эр зориг болон зөвийг олж харах алсын хараатай байхыг хүсэж байгаа.
Дондогмаад хүндийн төв байдаг болохоор хичнээн түлхэж тоншсон ч гэсэн дахин босож ирдэг. Бид ч бас үүнтэй адил сэтгэлдээ Бурхан гэдэг хүндийн төвийг байлгаж, гадны ямар нэг хүчин зүйл нөлөөлсөн ч дахин босдог, ялдаг байх хэрэгтэй.
Биднийг эсэргүүцдэг дайсан диавол сайн мэдээнд саад болохын тулд ертөнцийн эрх мэдэлтнүүдийг дайчлан янз бүрийн арга мэх, урхи тавивч агуу хүчирхэг Бурхан бидэнтэй хамт байж, бидний өмнө хөтөлж байгаа болохоор юунаас айх билээ? Бурхан Өөрөө бидний бат цайз, бамбай болж өгдөг. Үнэхээр агуу хүчний дэмжлэгийг аваад сайн мэдээ тарааж байгаа гэдгээрээ бид үргэлж бахархах учиртай юм шүү.
Сион гэдэг манай хөлөг онгоцыг хөтлөн залж байдаг Ахмад нь Бурхан. Далайн энэ аялалд асар хүчит хар салхины уршгаар хөлөг онгоц маань бага зэрэг дайвж мэднэ л дээ. Тэглээ гээд Сион гэдэг хөлөг онгоц огтхон ч живэхгүй. Харин ч энэ аян зам цааш үргэлжлэн, бидний зорьсон газар болох тэнгэрийн хаанчлалыг чиглэн бүр ч илүү хурдтайгаар урагшлах юм.
“… тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.” Үйл 1:8
Бурханд туйлаас итгэн найддаг бид энэхүү сүүлчийн үеийн Аврагч болсон Есүсийн шинэ нэрний гэрч нар. Бурханыг ирэх тэр өдөр хүртэл Христийг гэрчлэх үүргээ бид бүрэн төгс биелүүлэх хэрэгтэй. Амьдарч байгаа газраа сайн мэдээний талбар болгож, харанхуй ертөнцийг сайн мэдээний гэрлээр гэрэлтүүлэх гэрлийн хүүхдийн үүргээ бүрэн биелүүлэх ёстой.
“… яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, … та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:16-20
Бурханыг тунхаглах явцдаа хүний хүч чадал, мэргэн ухаанаар юу ч хийж чаддаггүй гэдгийг сайн мэдээ тунхаглаж үзсэн хэн боловч ухаарах юм. Өөрийн мэдлэг, оюунаар бардамнах гэсэндээ авралын зар тарааж гарсан үр жимс тэр дороо унаж, “Би хийсэн” гэж бодох тэр мөчид Бурханы Сүнс биднийг орхидог юм.
Бид Иошуа, Калеб, Давид, Паулынх шиг итгэлтэй байх хэрэгтэй. Бурханд итгэн, Бурханы хүч чадлаар сайн мэдээ тараадаг гэдгийг ухаарах үед ертөнцийн хавчлага саадыг ялж, Христийн үнэрийг мирр модтой адил бүх газарт түгээх юм. Тэгж гэмээнэ бид энэ ертөнцөд дийлдэхгүй итгэлтэй болох ажгуу.
Биднийг тэрс гэж улайран гүтгэж байгаа тэдний хувьд шинэ, үнэн зүйлд анхаарах орон зай огт алга. Бид Ариун Сүнсээр цэвэр буудай үр жимс их гаргаж, Сион дээр бие биеэ хайрлан, Бурханы үгээр амьдрах тэр үед л тэднийг ялж чадна.
Салхи хүчтэй салхилах тусам цаасан шувуу өндөрт хөөрдөг. Үүнтэй адил хавчлагын салхи хүчтэй үлээх тусам сайн мэдээний гал улам хүчтэй дүрэлзэн асдаг. Сайхан орчин ба ерөөлийг ивээлтэйгээр ухаарч чадахгүйгээс хуурай элсэн цөл мэт үзэж мунхаглалгүй, жаахан бэрхшээлтэй нөхцөл байдал бий болсон ч Еден цэцэрлэг мэт үзэж талархдаг сайн мэдээний дайчид болцгооё. Сайн мэдээний цэцэг бүрэн дэлгэрч, үр жимсээ хурааж авсан элч Паул шиг тэнгэрийн хаанчлалд Библийн баатрууд гэж тэмдэглэгдэх хүүхдүүд болохыг хүсэж байна.
Үргэлж шинэ шинэ газарт сайн мэдээ тарааж амьдарсан Паул элч очсон газар бүрдээ “Шинээр эхэлцгээе. Энэ эхлүүлэхэд таарсан сайхан газар байна” гэсэн сэтгэлээр сайн мэдээ тарааж байсан юм. Түүний очсон газар бүр сайн мэдээ хөгжин тархаж, тэрээр олон хүнийг Христийг дагалдуулан, Христийн үгийг зааж, сахин биелүүлэхэд нь тусалж үнэхээр их ивээл ерөөл авсан.
Бид ч мөн шинээр эхэлдэг байцгаая. Агуу хүчирхэг Бурханд найдаад явсан газар л бол хаа ч байсан ялгаагүй Бурханы үгийг тунхаглахад яг таарсан газар юм.
Сэрүүлэгний дуу хэдийгээр биднийг залхаадаг ч эцэстээ биднийг сэрээж босгодгийн адил бидний өмнө хөндөлсөх саад бэрхшээл, хавчлагууд харин ч унтаж байсан сүнсийг сэрээн, сайн мэдээний хурдыг нэмэгдүүлдэг юм шүү. Ах эгч дүү нар аа, Бурханд туйлаас итгэн агуу хүчирхэг нэгний хувиар сайн мэдээний сайн тэмцлээр мятрашгүй тэмцэн, байлдааны ур чадвараа бүрэн дайчилж ялаарай.