Өнөө үед дэлхий дахинд тоо томшгүй олон сүм бий. Тэд тус бүрдээ л өөрсдийн итгэлээ зөв гэж үздэг. Гэвч итгэлийн хэмжүүр нь Бурханы үг болохоос хүний үзэл бодол болж чадахгүй юм. Зөвхөн Библийн үгийг л итгэлийн гол цөмөө болгосон үед мөнхийн тэнгэрийн хаанчлалыг чиглэн итгэлийн зөв замаар алхаж чадах юм.
Библи нь ирээдүйд биелэх зүйлсийг урьдаас айлдсан Бурханы зөгнөлүүдээс бүрдсэн байдаг. Тиймээс Библийг сайтар судалснаар үнэн итгэлийн замыг олж чадах юм. Одоо тэнгэр Иерусалим Эх Бурханы энгэрт гэмшиж буцан ирсэн хүүхдүүдэд аврал өгөхөөр амласныг Библиэс тодорхой бататган үзээд, итгэлээ бат болгоцгооё.
Зөгнөлийн үг болох Библи нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн эш үзүүлэгчдийн Бурханаас айлдсан үгийг тэмдэглэсэн ном юм (2Пет 1:20-21). Бурхан энэ үгэн дээр нэмж ч болохгүй, хасаж ч болохгүй гэж тушаасан.
“Миний та нарт тушааж байгаа, ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахихын тулд миний та нарт өгч буй тушаалд үг нэмж ч болохгүй, хасаж ч болохгүй!” Дэд.Хуу 4:2
Библийн 66 ном нь Бурханы айлдсан үг учраас ганц үг ч нэмж, хасаж болохгүй юм. Гүн ухаан эсвэл хэн нэгний үзэл баримтлал гэх мэт хүний бодол төсөөллөөр тайлбарлаж ч болохгүй. Харин Библид байгааг байгаагаар нь судалж байж л авралын зөв зам олох учиртай. Тиймээс Библид тэмдэглээстэй Бурханы үгэн дээр өөр зүйл нэмбэл гамшигт өртөнө, байгаа үгнээс нь хасчихвал авралаас ч мөн хасагдана гэж Библийн төгсгөлд ч адилхан утгатай үг хэлж, дахин онцолсон байдаг (Илч 22:18-19).
Есүс Библийн зөгнөлийн чухлыг дараах байдлаар харуулсан байна.
“Есүс түүнд —Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирж, Есүсийг гараараа зууран авч баривчлав. Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв.” Мат 26:50-54
Гучин мөнгөн зоосоор Есүсийг зарсан Искариотын Иудас Алгасал баярын шөнө ахлагч тахилч нарын боолуудад Есүсийг барьж өгч байгаа дүр зураг энд гарч байна. Тэр үед Петр Есүсийг хамгаалахын тулд илдээ сугалан тэдний эсрэг тэмцэв. Чингэхэд Есүс Петрийг хориглож, Библи нь зайлшгүй биелэх учиртай Бурханы үг гэдгийг сануулсан юм.
Есүс үй олон тэнгэрийн цэрэг, тэнгэр элч нарыг дуудаад тэднийг хөөн зайлуулж, хүнд байдлаас гарчихаж чадах л байсан. Гэвч хэрэв тэгсэн бол Христ нүглийн төлөөх тахил болж хүн төрөлхтний бүх нүглийг үүрэн хүмүүсийн өвчнийг Өөртөө тээн золиослогдох тухай Библийн зөгнөл биелэх аргагүй байв. Тиймээс л Есүс “Тэгвэл энэ нь болох ёстой гэсэн Бичвэр яаж биелэгдэх билээ” гээд Библид тэмдэглэгдсэн үг болгоныг зайлшгүй биелүүлнэ гэсэн хүслээ шийдмэг илэрхийлсэн юм.
Есүс айлдсанчлан Библи нь зайлшгүй биелэх Бурханы үнэн үг мөн. Библид тэмдэглэгдсэн Бурханы үгэнд өөрийн бодлоо нэмж, хасалгүй байгаагаар нь харвал Библи дотроос жинхэнэ Аврагчийн төрх болон итгэлийн зөв замыг олж чадна.
Бид туйлын санаж байх ёстой Библийн сургаал дундаас Аврагч болох тэнгэр Эцэг Эхийн талаарх үгийг судалцгаая.
“Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр болсон асарт үйлчилдэг байв. Ингэхдээ асрыг босгож дуусгах гэж байхад нь Мосед хэрхэн зааварчилснаар үйлчилдэг бөгөөд Тэрээр “Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм.” Евр 8:5
Мосе Бурханы харуулсан тэнгэрийн ариун газрыг яг дуурайлган газрын ариун газрыг барьсан юм. Үүгээр дамжуулан бид газар дэлхий нь хуулбар ба сүүдрийн ертөнц, харин тэнгэр нь бодит ертөнц гэдгийг ойлгож болох юм. Гэр бүлийн тогтолцоо ч мөн адил. Гэр бүл нь үндсэндээ эцэг, эх, хүүхдүүдээс бүрддэг. Тэнгэрт байгаа юмсыг тэр хэвээр нь дуурайлган бүтээсэн газрын гэр бүлийн тогтолцоо тийм байгаа бол тэнгэрийн ертөнцөд ч мэдээж түүнд дүйцэх бодит нь орших юм.
“Биднийг сахилгажуулдаг, махбодын эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнсний Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу?” Евр 12:9
Библи нь махан биеийн гэр бүлд ч эцэг байдагтай адил сүнсний гэр бүлд ч бас бидний сүнсийг төрүүлж өгсөн Эцэг заавал оршдог гэдгийг хэлж өгч байна. Есүсийн энэ газарт ирээд биечлэн айлдсан сургаалаас үүнийг баталж болох юм.
“Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг. Тиймд ийнхүү залбир. “Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай.” Мат 6:8-9
Есүс Бурханыг заан “бидний Эцэг” гэж тодорхой хэлж өгсөн. Махан биеийн гэр бүлийн гишүүд дунд эцэг байдаг шиг тэнгэрийн орныг захирч байгаа Эцэг Бурхан оршдог талаар бидэнд хэлж ухааруулсан байна.
“Эцэг” гэдэг үгийг зөвхөн хүүхдээсээ л сонсох боломжтой. Газрын гэр бүлд эцгийгээ “эцэг” гэж дуудах хүүхдүүд байдагтай адил тэнгэрийн гэр бүлд ч бас Бурханыг “Эцэг” гэж дуудах Бурханы хүүхдүүд байгаа.
“… Би та нарыг хүлээн авч, Би та нарын Эцэг болж та нар Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.” 2Кор 6:17-18
Бурхан бидний Эцэг болж, бид Бурханы хүүхэд болно гэж айлдсан. Газрын гэр бүлд эцэг байна, хүүхэд байна. Тэгвэл хүүхдээ төрүүлсэн ээж заавал бий. Тэгэхээр бодит нь болох тэнгэрийн гэр бүл ямар байх бол?
“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26
Библид бидний сүнсийг төрүүлсэн сүнсний Эх оршдог талаар тодорхой гэрчилсэн юм. Газрын гэр бүлд эцэг, эх, үр хүүхэд хамт байдгийн адил тэнгэрийн гэр бүлд ч мөн Эцэг Бурхантай хамт Эх Бурхан, бас Бурханы хүүхдүүд байдаг.
Ийм баттай үг байсаар байхад ч Эх Бурханы талаар сонсоогүй хүмүүс өөрсдийн тогтсон үзэлдээ баригдаад Библийн үгийг үгүйсгэдэг. Библид сүнсний Эхийн талаар зөгнөсөн байхад Эх Бурханыг үгүйсгэдэг юм уу итгэдэггүй хүн Библийн үгэнд нэмж, хасаж болохгүй гэсэн Библийн зарчмын дагуу авч үзвэл аврал авч чадахгүй юм.
Библи бол юу юунаас илүү нэн тэргүүнд тавигдах ёстой Бурханы туйлын үг юм. Бид өөрийн бодлыг хатуу мөрдөхийн оронд Библийн үг сургаалд өөрсдийгөө захируулж, даруу байх хэрэгтэй. Тэгж байж л үнэнийг олж чадах юм.
Эцэг Бурхан Библийн энд тэндгүй Эх Бурханы талаар гэрчилсэн байдаг. Библийн эхний Эхлэл номны 1-р бүлгээс Бурханы хүслийг харцгаая.
“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:26-27
Бурхан тэнгэр газар, түг түмнийг бүтээх үедээ “Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё” гэж айлдсан. Эцэг Бурхан ганцаараа хүн төрөлхтнийг бүтээгээгүй гэдгээ “Бид” гэсэн олон тооны илэрхийллээр хэлж өгсөн юм. Тэгвэл чухам хэдэн Бурхан байгаа юм бол?
Бурханы дүр төрхийн дагуу хүнийг бүтээсэн болохоор эрэгтэй, эмэгтэй хүн бүтээгдсэн. Тиймээс “Бид” гэж айлдсан Бурханд эрэгтэй дүр төрхийн Бурхан төдийгүй эмэгтэй дүр төрхийг шингээсэн Бурхан ч бас байх ёстой. Хүн төрөлхтөн удаан хугацаанд эрэгтэй дүр төрхийг шингээсэн Бурханыг Эцэг Бурхан гэж дуудсаар ирсэн. Тэгвэл эмэгтэй дүр төрхийг шингээсэн Бурханыг хэн гэж дуудах ёстой вэ? Мэдээж Эх Бурхан гэж дуудах ёстой шүү дээ.
Дахин хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүн нь Эцэг Бурхан болон Эх Бурханы мутраар тус тус бүтээгдсэн бүтээл юм. Тэгсэн ч олон хүн тогтсон үзэл бодлоо хаяж чадахгүй, Эцэг гэсэн ганц Бурхан л байдаг гэж боддог. Тэд Бурхан “Бид” гэж айлдсан учир нь тэнгэр элч нар хамт байдаг болохоор тэгсэн байх гэж таамагладаг. Гэвч тэнгэр элч нь Бурханы бүтээл болохоос хүнийг бүтээсэн бүтээгч биш юм.
Эхлэл номноос Илчлэл ном хүртэл Библийн бүх сургаал тэнгэр Эхийг гэрчилсээр байхад хүмүүс өөрсдийн хэл ярианы чадвар, үзэл бодлоороо Библийг өөрөөр тайлбарладаг. Ингэх нь нэмж хасаж болохгүй гэсэн Бурханы үгийг зөрчиж буй үйлдэл мөн. Библийн үгийг байгаагаар нь хүлээн авах үед Бурханыг хүлээн авч, үнэн дотор амьдран, Бурханаар газарчлуулан мөнхийн тэнгэрийн хаанчлалд орж чадах юм.
Хүүхэд хэн нэгнийг эцэг, эх гэж дуудлаа гээд тэд гэр бүл болчихгүй. Махан биеийн гэр бүл цусаар холбогддогийн адил сүнсний гэр бүл ч бас сүнслэг цусан холбоогоор холбогддог юм.
“Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-19, 26-28
“Алгасал баярыг тэмдэглэнэ” гэж Есүс айлдаад шавь нараараа Алгасал баярт бэлдүүлэв. Тэгээд Алгасал баярын ариун зоогийн ёслол дээр талх, усан үзмийн дарсыг Өөрийн ариун бие ба үнэт цус гэж амлажээ. Алгасал баярын талх, усан үзмийн дарсыг идэж, уусан хүн зүгээр нэг юм идэж, ууж байгаа хэрэг биш, Бурханы ариун мах ба цусыг өвлөн авдаг аж.
Шинэ гэрээний Алгасал баяраар Бурханы мах, цусыг өвлөн авсан Бурханы хүүхдүүд л мөнхийн тэнгэрийн эх нутагтаа буцаж чадах юм. Тиймээс Бурхан тэнгэрийн хаанчлалд буцах хүүхдүүдийнхээ талаар Өөрийн биеэр ийн гэрчилж байна.
“Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог.” Ром 8:16-18
Паул элч энд “Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө гэрчилдэг” гэж тэмдэглэсэн байна. Бурхан Алгасал баяраар удамшуулсан мах, цусаа хараад хүүхдээ гэж шууд танина. Тиймээс Паул элч Коринт дахь итгэгчдэд илгээсэн захидалдаа “Учир нь би та нарт дамжуулснаа Эзэнээс авсан” гэж дурдаад, Алгасал баярын чухлыг онцолсон юм (1Кор 11:23-26).
Алгасал баяр сахиагүй хүмүүс “Эзэн минь, бид Таны хүүхэд” гэж Бурханаас аврал хүслээ ч Бурхан “Би та нарыг танихгүй” гэж хэлэх болно (Мат 7:21-23). Учир нь тэдэнд Бурханы мах, цус байхгүй юм.
Бурханы өв залгамжлагчийн хувьд Христтэй хамт алдаршуулагдахын тулд зовлон ч бас хамт амсах ёстой. Эцэг Эх маань алдагдсан хүүхдээ хайж энэ газар хүртэл ирсэн бол түрүүлж дуудагдсан бид ч бас ах эгч дүү нараа олохын тулд сэтгэл хүслээ нэгтгэх ёстой биш гэж үү? Махан биеийн нүдээр бол хэн бидний алдагдсан ах эгч дүү гэдгийг мэдэх аргагүй. Тиймээс Бурхан Самари, дэлхийн хязгаар хүртэл 7 тэрбум хүнд нэгийг нь ч үлдээлгүй авралын мэдээг дамжуулаарай гэж тушаасан. Алдагдсан ах эгч дүү нараа хурдан олоод Бурхандаа баяр баясгалан өргөцгөөе.
Бурхан ариун амийн баяр, Алгасал баяр тэмдэглэдэг Сионд мөнх амийн ерөөл өгнө гэж амласан байдаг (Дуу 133:1-3, Иса 33:20 үзэх). Түүнчлэн Эцэг Бурхан болон Эх Бурхан авралаа соёрхох Сион руу Бурханы хүүхдүүдийг дуудна хэмээн зөгнөсөн.
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17
Ариун Гуравын сэнтий нэгийн дагуу авч үзвэл Ариун Эцэг, Ариун Хүү нэг учир Сүнс нь эрэгтэй дүр төрхийг шингээсэн Эцэг Бурханыг зааж байна. Иймд Эцэгийн Сүйт бүсгүй болох Нэгэн нь Эх Бурхан байх нь. Эцэг Бурхан болон Эх Бурхан “Хүссэн нэгэн нь ирээд амийн усыг үнэгүй аваг” хэмээн хашхирч байгаа.
Сүнс болон Сүйт бүсгүйтэй уулзъя гэвэл Эцэг Эх Бурханд хоёуланд нь итгэдэг сүмд явах хэрэгтэй. Библийн зөгнөлд бичсэнээр бол авралын амлалттай сүмд Эцэг Эх Бурхан оршдог, Алгасал баяраар Бурханы мах, цусыг өвлөн авдаг үнэний ёс ч байдаг. Библийн энэ бүх зөгнөл Бурханы сүмд биелж байгаа.
Нэмж, хасаж болохгүй гэсэн Бурханы үгийг үл хайхран, Эх Бурханыг хассан чигтээ гагцхүү Эцэг Бурхан л оршдог мэтээр ярьж бусдыг төөрөлдүүлэгчид тэнгэрийн хаанчлалд орж ердөө чадахгүй. Учир нь тэнгэр Эхийг хүлээн авахгүйгээр, мөнх амь авч тэнгэрийн оронд буцах эрх хэнд ч өгөгдөхгүй юм. Библийн сургаал дагуу Эцэг Бурхан төдийгүй Эх Бурханд ч итгэх итгэлээ зөв сахиж, Библийн бүх зөгнөл баттай биелнэ гэдэгт итгээд 7 тэрбум хүнд авралын сайн мэдээг тунхаглан мөнхийн тэнгэрийн хаанчлалд хангалттай ороорой.