Энэ хорвоод үй түмэн хүн амьдарч байгаа ч амьдралд нь хэд хоног үлдээд байгааг тодорхой мэдэх хүн бараг байхгүй. Оногдсон өдөр хоногоо ихэнх нь л энэ дэлхийн амьдралаа бодож элээнэ. Гэвч тэнгэрийн хаанчлалыг бодож, мөнхийн ертөнцийн төлөө амьдардаг хүн ч бий.
Тэгвэл бид ямархуу амьдралаар одоо амьдарч байна вэ? Тэнгэрийн хаанчлалыг бүүр түүрхэн бодоод итгэлийн замаар сохроор явж байх вий гэдгээ эргэн харах учиртай. Юуны төлөө амьдарч байгаагаа, хэрхэн амьдрах ёстойгоо өөрөө өөрсдөөсөө асууж, бидний сонгох ёстой амьдралын зорилго, зүг чигийн талаар хамтдаа бодож тунгаацгаая.
“Утопи” зохиолч гэдгээрээ алдаршсан Английн улс төрч Томас Мор амьдралынхаа сүүлийн жилүүдэд итгэл үнэмшлээ орхихгүй гэснээсээ болж шоронд хоригджээ. Шоронд эргэж ирсэн ар гэрийнхэн нь түүнд ингээд үхэж болохгүй, хаанд бууж өгөөд амьдрах арга зам хай гэж ятгадаг. Тэгж гуйх гэрийнхнээ хараад Мор “Тэглээ гээд би энэ дэлхийд хэр удаан амьдрах вэ?” гэж асуужээ. “Хорь гаруй жил амьдарна” гэж гэрийнхэн нь хариулжээ. Тэгтэл тэрээр ингэж хэлсэн гэдэг.
“Тийм ахархан амьдрахын тулд сүнсээ зарж, мөнхийн амьдралаа орхиж чадахгүй ээ” гэжээ.
Үүгээрээ тэрээр 20 жил гэх хугацаа үхсэний дараа өөрийг нь угтах мөнхийн ертөнцийн хажууд хоромхон зуур гэдгийг, мөн тийм ахархан цаг хугацааны төлөө мөнхийн мөнх зүйлээ орхиж чадахгүй гэсэн утгыг харуулж.
Түүн шиг бид амьдралд маань ингэхэд хэр хугацаа үлдээд байгааг бодох хэрэгтэй. Хүний амьдралын өдөр хоног 70, 80 жил. Бүр 100 жил амьдарлаа гэхэд ч нүд ирмэх зуур л алга болох түрхэн хугацаа шүү дээ. Тийм байхад бидний өмнө хэр л хугацаа үлдэв гэж?
“Таны уурын хүч чадлыг болон Танаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ? Иймээс бид мэргэн зүрх олж авахын тулд өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч!” Дуу 90:11-12
Дуулал номыг бичигч амьдралынхаа үлдсэн өдөр хоногийг тоолох мэргэн ухаан өгөөч гэж Бурханаас гуйсан. Энэ үнэхээр чухал үг. Хэрвээ бид энэ дэлхий дээрх ахархан амьдралынхаа төлөө Бурханыг үгүйсгэж, итгэлээ гээж, сайн мэдээний үүргээ хүртэл орхивол хожим яах бол оо? Цаашид бидэнд амьдрах өдөр хоног хэр зэрэг үлдээ бол гэдгийг бодвол уг хугацаанд юуны төлөө амьдрах ёстойгоо ухаарна. Мөн хэзээ мөдгүй ирэх мөнхийн ертөнцийн төлөө ухаалгаар бэлдэх юм.
Заримд нь хэдэн арван жил, заримд нь хэдэн жил, заримд нь хэдэн өдөр үлдсэн ч байж мэднэ. Тийм түр зуурын амьдралын төлөө Бурханы амласан мөнхийн амьдралаас ухарч няцах нь дэндүү мунхаг сонголт. Өдөр хоногоо тоолох мэргэн зүрх олж авч, мөнхийн тэнгэрийн хаанчлалд хангалттай орохыг бүгдээс нь хүсэх байна.
Энэ дэлхийд мөнхийн юм байхгүй, энэ дэлхийд мөнх амьдарч чадах хүн ч байхгүй. Хичнээн эрх мэдэлтэй хүн байсан ч тогтоогдсон цаг нь болбол яах ч аргагүй үхнэ. Амьдрал ийм л дээ.
“Учир нь хамаг өдрүүд маань Таны хилэнгийн дунд өнгөрсөн бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан. Амьдралын маань өдөр хоногууд далан жил юм. Хүч чадалтай байх аваас наян жил боловч тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог.” Дуу 90:9-10
Амьдралын маань бүх өдөр хоног Бурханы баяр баясгалан дунд өнгөрдөг бол ч сайхан л хэрэг. Гэвч Библид хүмүүсийн ихэнх нь Бурханыг хилэгнүүлж амьдардаг гэсэн байна. Нэг ёсондоо тэд Бурханыг баярлуулж хүслийнх нь дагуу амьдрахын оронд нүгэлт энэ ертөнцийн зугаа цэнгэл хөөцөлдөж, залуу нас, сэтгэл хүслээ тэрэндээ зориулдаг байна.
Өдөр хоногууд ямар хурдан өнгөрдөг болоод “Учир нь энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог” гэж бичсэн байхав дээ. Хүн тус бүр энэ дэлхий дээр амьдрах үлдсэн хоног өдрөө тоолбол тийм урт удаан биш, харин ч тун богинохон цаг хугацаа байгааг мэднэ. Харин Бурхан бидний төлөө бэлдсэн тэнгэрийн хаанчлал дахь цаг хугацаа бол үүрд мөнхийнх.
“Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх нь өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. Учир нь агшин төдий ялихгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна. Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх билээ.” 2Кор 4:16-18
Энэ дэлхийн үзэгдэх юмыг биш үл үзэгдэх юмсыг хөөцөлд, тэдгээр үзэгдэх юмс нь түр зуурынх, үл үзэгдэх юмс нь мөнхийнх гэж Библи бидэнд сургаж байна. Бурхан хүүхдүүдээ энэ мөнхийн юмсыг сонгож, олж аваг гэсэндээ энэ дэлхий дээрх үлдсэн өдөр хоногоо хэр зэрэг байгааг тоол гэж айлдсан юм.
Энэ дэлхийн аянчны амьдралаар удаан амьдрах тусам танилууд маань өөд болсон мэдээ л байн байн сонсох юм. Махан бие нь газар шороондоо буцаж, тэдэнд байсан мэргэн ухаан, эд хөрөнгө, эрх мэдэл зэрэг нь ямар ч утга учиргүй болж, аажмаар хүмүүсийн ой тойноос арчигдан алга болно. Гэсэн ч энэ дэлхийд итгэлийн амьдралаар амьдарч, Бурханы энгэрт тэврүүлсэн итгэгчдийн сайн мэдээний ул мөр хэзээ ч мартагдахгүй, үзэсгэлэнтэй үр жимс болж үлддэг. Бурхан бидэнд шинэ гэрээний үйлчлэгч болоорой гэж байнга айлддаг шалтгаан энэ юм.
“Тэр биднийг Шинэ гэрээний үсгийн бус харин Сүнсний үйлчлэгчид байх чадвартай болгосон. Учир нь үсэг хөнөөдөг бол, Сүнс амь өгдөг аж.” 2Кор 3:6
“Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно.” Мар 16:15-16
Бурхан бидэнд шинэ гэрээний үйлчлэгч байх эрх өгч, бүх ертөнцөөр явж ертөнцийн бүх хүнд сайн мэдээ тунхагла гэж айлдсан. Энэ дэлхийд янз бүрийн л ажил бий, олон хүн хормын төдийх амьдралаа авч явах гэж ажилдаа хамаг хүчээ зориулж байгаа. Харин бидэнд бол мөнхийн юмсын төлөө бага ч болов зүтгэл гаргаж, хөлсөө урсгах боломж Бурхан олгосон.
Бурхан биднийг шинэ гэрээний сайн мэдээний үйлчлэгч болгон сонгон дуудаж, дэлхий ертөнц хэмээх ажлын талбар руу илгээсэн. Бид ямар ч ажил хийж амьдарсан бай тус тусын байр байдалдаа Бурханы хүслийг эргэн тойрныхоо хүмүүст зааж өгөх ёстой. Тунхаглах ажилд гар хумхиад сууж болохгүй. Бидний тунхаглаж байгаа сайн мэдээнд итгэж баптисм хүртсэн хүн аврагдаж, итгээгүй нь яллагдана. Бид ертөнцийн бүх үндэстнийг аврах тун чухал үүрэг хүлээсэн учраас мөнхийн тайтгарал олж авах газар болох тэнгэрийн хаанчлалд очин очтолоо сайн мэдээ тунхаглах ажилд бүхнээ дайчлах хэрэгтэй юм.
“Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья. Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. … Учир нь би хэдийнээ ундаан өргөл мэт асгагдаад, явах цаг минь иржээ. Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг тэр өдөр, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно.” 2Тим 4:1-8
Насан туршдаа сайн мэдээнд бие сэтгэлээ зориулсан элч Паул сургаалынхаа төлөө амиа зориулахаас өмнө “Явах цаг минь иржээ” гээд, нэг их үлдээгүй амьдралынхаа өдрийг тоолсон. Есүсийг үгүйсгэж итгэлээ орхисон бол шоронгоос суллагдаж мэдэх л байсан байх. Гэсэн ч Паул тэгээгүй. Учир нь тэрээр энэ дэлхий дээрх амьдрал ба Бурхан амласан ертөнц дэх амьдрал нь харьцуулшгүй асар их ялгаатай цаг хугацаа гэдгийг мэдэж байсан. Тиймээс Паул зөв байдлын титэм өөрт нь зэхэгдсэн байгаа гэж бахархан, мөн итгэгчдэд хандан цагаа олсон ч, олоогүй ч үг тунхаглах ажилд хүчээ дайчил гэж захисан.
Итгэлийн өвөг дээдэс ч энэ дэлхийн амьдрал түр зуурынх гэж ухаарсандаа л итгэлийн замаар алхсан.
“Тэд итгэлээр, хаанчлалуудыг эзэлж, зөвийг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж, галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа. Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амиллаар буцаан авч байв. Зарим нь илүү дээр амилалд хүрэхийн тулд чөлөөлөлтийг хүлээж авалгүй тамлагдсан юм. Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн, хоригдож байлаа. Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ. Тэд цөл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.” Евр 11:33-38
Паул элч төдийгүй анхны сүмийн итгэгчид сайн мэдээ тунхаглаж, чөлөөлөлтийг хүлээж авалгүй тамлагдаж, тэрс гэгдэн, элдвээр хохирол амссан ч тэд өчүүхэн ч тоогоогүй. Учир нь энэ дэлхийн бүх юм түр зуурынх, одоо өөрийг нь хавчиж, доромжилж байгаа хүмүүс ч тогтоогдсон цаг нь болбол бүгд л хорвоог орхино гэдгийг хэнээс ч илүү сайн мэдэж байсан. Энэ дэлхий дээр арай удаан байхын тулд мөнхийн тэнгэрийн хаанчлалын амьдралыг орхиж чадахгүй гэсэн бат итгэлтэй байсан учраас өдий төдий зовлон, сорилтыг юу ч биш мэтээр үзэж чадсан.
Христчин хүнийхээ хувьд бид энэ мэт дэлхий дээрх цаг хугацаа болон тэнгэр дэх цаг хугацааны тухай ойлголттой байх ёстой. Энэ дэлхийн цаг хугацаа ахархан гэдгийг мартах мөчид мэргэн ухаан алга болж, ертөнцийн хорон муу мэхэнд автан, итгэлээ эрсдэлд оруулах болно. Амьдралаа жаахан хэцүү байсны төдийд Бурханд гомдоллож, итгэлээ орхихоос өөр аргагүйд хүрнэ.
“Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог.” Ром 8:16-18
Библид энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэсэн байна. Үүнд итгэсэн учраас анхны сүмийн итгэгчид юу ч тохиолдсон тэнгэрийн хаанчлалаас ухарч няцаагүй. “Удахгүй тэнгэрийн хаанчлал явна. Энэ дэлхийд Христийг үгүйсгэж, тэнгэрийн хаанчлалыг алдан байж хэдэн жил илүү амьдарлаа гээд ямар утга учиртай гэж? Ямар баяр хөөр, аз жаргал олдов гэж?” хэмээн тэд бодож байж. Тэд энэ ертөнц яагаад ч дийлэхээргүй тийм л агуу итгэлтэй байсан юм.
Өнөө үед бид ч бас сэтгэл зүрхэндээ ийм итгэл тээж, амьдралынхаа үлдсэн өдөр хоногийг тоолж, тэнгэрийн хаанчлалыг чиглэсэн сүнсний нүдээ өдөр бүр нээцгээе. Бидний мөнхийн эцсийн зогсоол бол тэнгэрийн хаанчлал. Хожим тэнгэрийн хаанчлалд тэнгэр Эцэг Эхийгээ залаад, үеийн үед мөнх амь, аз жаргал эдэлнэ гэдгээ заавал санаж, ертөнцийн ажлыг ч үнэнчээр хийхдээ ертөнцлөг шуналаас болгоомжилж, тэнгэрийн хаанчлалын төлөө амьдрахыг хүсэх байна.
Бидний амьдралд ингэхэд өдөр хоног хэр үлдээ бол, тэр хугацаанд юуны төлөө амьдрах нь хамгийн ухаалаг амьдрал бол гэх асуултын хариултыг Бурхан хэдийн өгсөн. Хэдийгээр Бурханыг мэдэхээс өмнө амьдралын маань өдөр хоног Бурханы хилэнгийн дунд өнгөрсөн ч харин одооноос шинэ гэрээний үйлчлэгчийн хувиар ертөнцийг аврах ажилд хүчээ дайчилж Бурханд баяр баясгалан өргөж амьдарцгаая. Үлдсэн өдөр хоногоо элээчихвэл энэ дэлхийд бид цагийг хамгийн утга учиртай өнгөрүүлжээ гэдгээ мэдэх өдөр заавал ирнэ.
“… Энэхүү сайнмэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ. Одоо би та нарын төлөө зовохдоо баяртай байна. Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлонд юу дутаж буйг нь би махбоддоо нөхдөг. Бурханы үгийг та нарын төлөө гүйцэлдүүлэхийн тулд Бурханаас надад соёрхсон үүргийн дагуу би үйлчлэгч нь болсон юм.” Кол 1:22-25
Паул итгэгчдийн төлөө зовохдоо баяртай байж, Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлонд юу дутаж буйг нь махбоддоо нөхөж амьдарсан. Тэрээр амьдралаа эцэслэсний дараа тэнгэрийн хаанчлалд очоод Бурханы бэлдсэн мөнхийн зөв байдлын титмийг авна гэж найдсан. Ийм л итгэлтэйгээр амьдрах сайн мэдээний үйлчлэгчийн амьдрал нь жинхэнэ аз жаргалтай амьдрал биш үү?
“Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй.” 2Тим 2:3-4
Нэгэнтээ бид Христийн сайн цэрэг болж сонгогдсон болохоор амьдралд маань зовлон дагалдах нь гарцаагүй. Христийн цэргээр, шинэ гэрээний үйлчлэгчээр дуудагдсан бидэнд энэ ертөнц цаашид зугаа цэнгэл, амралтын газар байхаа больж, сайн мэдээний талбар болно. Ажлын байранд ирээд амарч, тоглож байвал тэр хүн үнэхээр амьдралаа Эзэний хилэнгийн дунд өнгөрүүлэх биш үү? Зовлон бэрхшээл тулгарах болгонд бидний амьдралд өдөр хоног ер нь хэд үлдээ бол гэдгийг бодоцгооё. Тэгэх нь л итгэлээ дахин зөв шинэчлэхэд маань тустай.
Бид ертөнцөд байхдаа Бурханыг ч, тэнгэрийн хаанчлалыг ч мэдэхгүй амьдарч байсан бол харин одоо бид Бурханы үгээр дамжуулан тэнгэрийн хаанчлалд амьдрах аргыг өдөр бүр сонсож, сурч байна. Сионы хүүхдийн хувиар тэрхүү мөнхийн амьдралын төлөө амьдарч, одоо ч бас утга учиргүй хоосон амьдралаар амьдарч байгаа хүмүүст хэсэг хугацааны дараа алга болох энэ дэлхийн амьдралаас гадна мөнхийн ертөнц байгаа гэдгийг тунхаглацгаая. Эцэг Ан Сан Хун Христ, шинэ Иерусалим тэнгэр Эхийнхээ яруу алдрыг Самари, дэлхийн хязгаар хүртэл хүчтэйгээр гэрчилж, өдөр хоногоо тоолох мэргэн ухаантай байж, Бурханд баяр баясгалан, яруу алдар их өргөх жинхэнэ итгэгч хүний замаар алхахыг хүсье.