12 сарын 25-нд дэлхий даяараа тэмдэглэдэг Христмасыг Есүсийн мэндэлсэн өдөр биш гэдэг нь үнэн үү?

14,975 үзэлт

Ер нь 12 сарын 25 гэх өдөр Есүсийн мэндэлсэнтэй ямар ч холбоо хамааралгүй. Энэ нь сүмийн түүхээр ч, хэвлэл мэдээллээр ч хэдийн ил тод болсон бодит үнэн. Тэгвэл Есүстэй ямар ч хамааралгүй өдрийг яагаад Есүсийн мэндэлсэн өдөр болгон өөрчилсөн юм бол?

Христмасын үүсэл

Уг нь анхнаасаа 12 сарын 25-ны өдөр нь нарны мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг Ромын өвлийн туйлын өдөр байсан аж. Тухайн үед Ромд газар аваад байсан митра шашинтнууд буюу нарны бурхан шүтэгчид жилийн хамгийн богино өдөр болох өвлийн туйлын өдрөөр нар мэндэлсэн гэж итгэдэг байжээ. Өвлийн туйлаас хойш өдөр бага багаар уртсахыг нар шинээр төрж хүчирхэгжиж байна гэж боддог байв.

Тэд 12 сарын 25-ны өдрийг өвлийн туйл гэж үзэж, энэ үеэр Ром даяарааа том баяр наадам хийдэг байжээ. Мэдээж анхан үеийн христчүүдэд энэ өдөр утга учиргүй өдөр байсан хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэнийг хамгаалах хүсэл зориг нь мохож, нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Христийн шашин Ромын албан ёсны шашин гэж хүлээн зөвшөөрөгдсөнөөс хойш Ром сүмийнхэн аажим аажмаар ертөнцлөг болж, сүмийн эрх мэдэл, хүч нөлөөгөө нэмэгдүүлэх зорилгоор нарны шашны баяр наадамд оролцох арга зам эрэлхийлж эхлэв. Тийнхүү тэд нарны шашны баяр наадмыг хүлээн зөвшөөрч эхэлсэн төдийгүй МЭ 354 онд нарны бурхны төрсөн өдөр болох 12 сарын 25-ны өдрийг Есүсийн мэндэлсэн өдөр болгон тогтоож, дурсан тэмдэглэсээр ирсэн аж.

Харийн шашны үзэл санаанаас эхлэлтэй заншлууд

Гудамж бүрд цангинах Христмасын сүлд дуу, нэг нэгдээ өгч авалцах бэлэг сэлт, элдэв янзын гоёл чимэглэл бүхий гацуур мод зэрэг Христмастай холбоотой энэ бүх зан үйлүүд нь харийн шашны үзэл санаатай салшгүй холбоотой юм.

Христмасаар бэлэг өгдөг заншил нь Ромын Сатурналиагаас үүсэлтэй. Эртний Ромд 12 сарын сүүлээр жаахан хүүхдүүдэд хүүхэлдэй мэтийн бэлэг өгдөг заншилтай, Сигилалиа гэх баяр болдог байжээ. Энэ заншил нь Христмас христийн шашны баяр болж өөрчлөгдсөний дараа сүм дотор аяндаа дэлгэрсэн байдаг.

Ногоон модыг янз бүрээр чимэглэх нь Христмасын модтой адилхан. Эртний Вавилон, Египет, Ромоос бусад нутагт мөнх ногоон мод шүтэх үзэл санаа байсан учраас шинэ жил болбол гэрийнхээ ойролцоо мөнх ногоон модоор чимж, муу сүнсийг зайлуулдаг ёслол үйлддэг байсан бол нарыг бэлгэддэг улаан үр жимсээр модоо бас чимэглэж, ёслол үйлддэг байв.

Энэ мэтчилэн харийн шашны үзэл санаанаас үүсэлтэй зан заншлууд 12 сарын 25-ны өдрийг Есүсийн мэндэлсэн өдөр болгон тогтоохоос өмнө сүмд нэвтэрч, Христмас нь христийн шашны баяр болж байр сууриа батжуулан, дэлхий даяар түгэн дэлгэрсэн байна.

Бурханы жигшдэг харийн шашны зан заншил​

Сүм дотор Христмас мэтийн харийн шашны баяр тэмдэглэж, нарны бурханд мөргөхийг Библид хэдийн зөгнөсөн байсан юм.

“Тэр надад —Хүний хүү чи, харсан уу? Гэсэн ч чи эдгээрээс ч илүү их жигшүүрийг дахин харах болно гэв. Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хүрээнд авчрав. Харагтун, үүдний танхим ба тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүмд, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүг тийш наранд мөргөж байв.” Езе 8:15-16

Бурханы ийн зөгнөсөн ёсоор Бурханы ариун газарт зальжин аргаар нарны бурханд мөргөж байгаа. Тэгвэл харийн шашны зан заншил дагасан хүмүүс ямар үр дүнд хүрэх бол?

“Та нар илдэнд цохиулан унана. Би та нарыг Израилийн хил хязгаар дотор шүүх бөгөөд Намайг ЭЗЭН гэдгийг та нар мэднэ. Энэ хот та нарт тогоо, та нар ч түүний доторх мах болохгүй. Харин Би Израилийн хил хязгаар дотор та нарыг шүүнэ. Тэгвэл Намайг ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Учир нь та нар Миний зарлигуудаар явалгүй, тогтоолуудыг минь гүйцэлдүүлэлгүй, харин эргэн тойронд чинь буй үндэстнүүдийн шийдвэрүүдийн дагуу үйлдсэн” гэв.” Езе 11:10-12

Бурханы зарлиг тогтоол биш харь үндэстний тогтоол шийдвэрийг дагагсдыг Бурхан жигшиж, шүүнэ гэдгээ анхааруулсан юм. Бурханы ард түмэн Бурханы баярладаг зүйл, дургүй зүйлийг бүрэн ялгадаг байх ёстой. Дэлхий нийтээрээ сүрлэг тэмдэглэдэг өдөр ч гэлээ Христмасыг тэмдэглэх нь Бурханы дургүй шүтээн шүтэж буй үйлдэл юм. Бүгдээрээ Бурханы тогтоосон зарлиг тогтоолуудыг улам илүү дуулгавартай сахиж, үйлдсэнээрээ Бурханыг баярлуулах жинхэнэ итгэгчид болох учиртай.