Сүүлийн үед сайн мэдээ дэлхий даяар хурдтай тархаж байна. Сионы гэр бүлүүд маань хаана ч очсон сэтгэл хангалуун байж, үргэлж талархсан учраас Бурхан Ариун Сүнсний хүч илүү өгч, ийм үр дүн гарсан гэж бодогдож байна.
Эдийн засгийн, соёлын нөхцөл байдлын тал дээр сайн мэдээ тараахад огтхон ч амаргүй газарт Сионы гэр бүлүүд маань баяртайгаар ажиллаж байна. Тэдний нэгэн дуугаар хэлдэг үг нь хэцүү, хүндрэлтэй нөхцөлд байх тусмаа Эцэг, Эхтэй хамт алхаж байгаагаа байнга ухаардаг гэдэг. Зовлон бэрхшээл дунд ч гомдож дургүйцэлгүйгээр, үргэлж баяртай байж, талархал өргөсөн юм чинь гадаад сайн мэдээ хөгжихгүй гээд ч яах билээ дээ. Сэтгэл хангалуун байж чаддаг тэр сэтгэлийг нь харахад яг л манай тэнгэрийн гэр бүл, ах дүү, эгч дүү минь гэсэн бахархах сэтгэл төрдөг.
Солонгостой харьцуулахад нөхцөл байдал тийм ч сайнгүй газар руу гадаад сайн мэдээгээр явсан залуухан эхнэр нөхөр эш үзүүлэгчийн тухай ярьж өгье. Тэд хэцүү нөхцөл байдалд ч дандаа гэрэлтэй царайгаар итгэгчид болон бусадтай харьцаж, хэцүү зүйлд ч идэвхтэйгээр түрүүлж үйлчлэн, сайн мэдээний олон үр жимс гаргаж байгаа. Хаана ч бай “чин сэтгэл” гэгч харилцан ойлголцох хууль байдаг хойно нутгийн ах эгч дүү нараас их магтаал сонсож байсан юм.
Нэг удаа тэдэнтэй имэйлээр харилцаж, “Хэцүү зүйл байхгүй юу?” гэж асуухад, “Ийшээ илгээсэн Бурханд илүү талархал өргөж байна” гэсэн хариулт ирсэн юм. Баян чинээлэг улсаас илүү энд сайн мэдээ тараахад Эцэг энэ газар ирээд, сайн мэдээ анх тарааж эхлэхдээ хичнээн их зовсон бол гэж бодогдож, Эх сайн мэдээгээ эхлүүлэх үед хичнээн их чин сэтгэл гарган байж гэр бүлийг нэг бүрчлэн барьж тогтоож байсныг ухаарах болсон гэнэ. Хэцүү нөхцөл байдалд ч сэтгэл хангалуун байхад суралцан Эцэг, Эхдээ үргэлж талархаж байгаа тэднийг хараад, тэднээр их бахархаж билээ.
Ийм л итгэлийн төрх байдал бол Бурханы хүсэл юм. Тэнгэрийн хаанчлал явахын тулд бид зөвхөн тушаал дагаад болчих биш, Бурхан дотор шинэ хүнээр дахин төрөх ёстой нь мэдээж. Дотоод сэтгэлээ шинэчлэхгүйгээр сахисан тушаал бол хэлбэр төдий ёслолоос хэтрэхгүй.
“Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлөн байх, элбэг байх, дутагдахын аль алины нууцад би суралцсан.” Фил 4:10-12
Сэтгэл хангалуун байж чаддаг хүн гадаад сайн мэдээнд явбал Паултай адилхан аль алины нууцад суралцаж, ямар ч нөхцөл байдалд дасан зохицож чадна. Харин яг тухайн үеийн нөхцөл байдлыг хараад дургүйцэл, гомдол гаргавал үр жимс ч гаргаж чадахгүй, Бурханы хүслийг ч биелүүлж чадахгүй. Солонгос дахь сайн мэдээ ч мөн адил. Бүхий л нөхцөл байдалд маань Бурханы хүсэл байдаг. Мөн Бурхан биднийг алт, мөнгө шиг цэвэршүүлж, ерөөл өгөхийн төлөө бэлдсэн газар руугаа хөтөлж өгдөгт итгэх хэрэгтэй.
Талархал нь сэтгэл хангалуун байдлаас ундран гардаг юм. Сэтгэл хангалуун байж чадахгүй учраас л гомдол, дургүйцэл үүсдэг. Хүний шунал хязгааргүй учир юм авбал авах тусмаа л илүү гомдол үүсгэнэ. Тиймээс зөвхөн дээгүүрх зүйлсийг эрмэлздэг, Бурханд таалагддаг сэтгэлтэй болж, бүхий л байдалд сэтгэл хангалуун, талархаж сурах ёстой.
“… та нар хайраар тэднийг өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Өөр хоорондоо эв найртай бай. Ах дүү нар аа, зүгээр суугсдад зааварлаж, хулчгаруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд тэвчээртэй хандахыг та нараас гуйж байна. Хэн ч хэн нэгний мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биендээ болон бүгдийн төлөө сайнд тэмүүл. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир. Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн.” 1Тес 5:13-18
Бүх зүйлд талархлаа өргө гэсэн нь ямар ч нөхцөл байдалд таларх гэсэн үг. Өөрийнхөө дуртай нөхцөл байдалд төдийгүй, тийм биш нөхцөл байдалд ч таларх гэж айлдсан. Энэ бол Бурханы хүсэл.
Одоо эргэн тойронд байгаа итгэгчдийн болон өөрийнхөө нөхцөл байдлын талаар сайтар бодоод үзээрэй. Тэр дунд жишээ авч болох ивээлтэй итгэгч ч байдаг, хаш чулуунд тогтсон хир мэт одоо хэр нь хурц араншингаа харуулж, “Ингэвэл болохгүй шүү” гэж толинд харуулах итгэгч нар ч байгаа. Зарим үед ажиллахад сайн нөхцөл байдал өгөгдөж, зарим үед “өөрийг нь” сорьсон нөхцөл байдал өгөгддөг. Харин энэ бүгд нь бидний сүнслэг ашгийн төлөө Бурханы бэлтгэж тавьсан нэн тохиромжтой нөхцөл юм. Бурханы энэ л хүслийг ойлговол бид өдөрт мянга, түмэн удаа Бурханд талархал өргөлөө ч дутуу юм.
“Учир нь Бурхан биднийг уур хилэнд бус, харин бидний Эзэн Есүс Христээр аврал авахад зориулжээ.” 1Тес 5:9
Сионд дуудаж, аврал өгсөн байхад үүнээс илүү хүсэх зүйл юу байх билээ? Бурхан бидэнд бүхий л сайн зүйлийг өгсөн. Тийм болохоор бид үргэлж баяртай байж, тасралтгүй залбирч, ямар ч нөхцөл байдалд талархдаг хүүхдүүд болох ёстой.
Үнэндээ бол талархмаар нөхцөл байдал байсаар байтал тийм байдалд ч дутуу талыг л олж хараад байвал бид талархахыг мартаж, гомдоллож дургүйцэж эхэлнэ. Дараах хүүрнэл үүний бодит жишээ юм.
Америкт нэгэн сүй тавих гэж байсан залуу бүсгүй хоёр байжээ. Залуу нь шинэ оныг угтан, сүй тавих бүсгүйдээ насан турш дурсагдахуйц бэлэг өгөхийг хүсжээ. Тэрээр чин сэтгэлээ шингээн бэлтгэсэн таван хайрцаг бүхий бэлгийг ирээдүйн сүйт бүсгүйдээ өгчээ.
Бүсгүй догдолсон сэтгэлээр эхний хайрцгийг задалж үзэхэд дотроос нь цэнхэр өнгөтэй цамц гарч ирэв. Үүнийг харсан тэрээр тэр дороо царай нь барайгаад явчихав. Өмнө нь цэнхэр цамц гоё, өмсмөөр байна гэсэн биш үү гэж эрийгээ хэлэхэд “Тэр чинь өнгөрсөн жил моодонд орж байсан. Энэ жил улбар шар өнгө моодонд орсон болохоор тэр л гоё” гээд буруушаан зэмлэв.
“Энэ чиний авахыг хүссэн зүйл болохоор сэтгэлд чинь нийцэх байх” гээд залуу дараагийн бэлгээ өгчээ. Хоёр дахь бэлэг нь гар цүнх байлаа. Тэр нь жинхэнэ матрын арьсаар хийсэн дээд зэргийн чанартай цүнх байсан бөгөөд голд нь матрын ам шиг юм товойж гарсан байлаа. Харин бүсгүй загвар нь онцгүй болохоор сэтгэлд нь таалагдахгүй байна гээд хажуу тийш шидчихэв. Гурав дахь хайрцагнаас гутал, дөрөв дэхээс нь бөгж, тав дахиас нь хүзүүний зүүлт хүртэл гарч ирсэн ч тэр болгонд бүсгүй шалтгаан тоочиж, нэгэн хэвийн дургүйцлээ илэрхийлсээр байв.
Гэтэл залуу цөхөрсөн дуугаар “Тэгвэл солихоос доо” гэмэгц бүсгүй бөөн баяр хөөр болж, одоохон явж бэлгээ солиулъя гэлээ. Залуу хүйтэн хөндий өнгөөр дахин ингэж хэллээ.
“Үгүй ээ, бэлгээ энэ чигт нь үлдээгээд, сүй тавих бүсгүйгээ сольё доо.”
Байнга гомдоллож дургүйцдэг хүн ямар ч сайхан бэлэг авлаа гээд талархаж чаддаггүй. Харин сэтгэл хангалуун байж чаддаг хүн өчүүхэн төдий бэлэг байлаа ч, сэтгэлд нь нийцээгүй байлаа ч, өөрийг нь баярлуулах гэсэн нөгөө хүнийхээ сэтгэлийг ойлгож, талархаж чаддаг юм. Хэрвээ саяны жишээнд гарсан эмэгтэй талархаж чаддаг хүн байсан бол илүү олон бэлэг авах байсан байх. Бэлэг өгсөн хүнийхээ сэтгэлд талархангаа, улбар шар өнгөтэй цамцанд дуртай гэсэн бол сүй тавих залуу нь тэрийг нь ч хүртэл авч өгөх байсан. Хичнээн нандин бэлэг өглөө ч бүгдэд нь дургүйцлээ илэрхийлж, халамжит залуугаа хүртэл алдах болсон шиг, талархмаар зүйлд талархахгүй, түүний үнэ цэнийг ухаарахгүйгээс жинхэнэ эрхэм нандин зүйлээ алдаж байгаа нь өнөөгийн хүмүүсийн гаргадаг алдаа юм.
Сэтгэл хангалуун байхыг мэдэхгүй, гомдоллодог зуршлаа амьдралаасаа авч хаяцгаая. Есүс хүмүүсийг бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө шүүлтийн өдөр тайлагнана (Мат 12:36-37) гэсэн тул талархвал тэнгэрийн хаанчлал руу нэг алхмаар, гомдолловол там руу нэг алхмаар ойртох нь тодорхой юм.
“Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч, тэрслэгч, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно. Тэд итгэл сүсэгт дүртэй ч хүчийг нь үгүйсгэдэг. Чи тэднээс хол бай.” 2Тим 3:1-5
Библид талархаж чаддаггүй энэ үед бүү суралц гэж зааж байгаа. Хүмүүс ямар нэг ажил нь бүтэлтэй байхаар Бурханы ивээлийг амархан гэгч нь мартчихдаг. Тэгээд сайн болбол өөр дээрээ тохож, бүтэлгүй болбол Бурхан болон ойр орчны хүмүүс дээрээ тохдог. Талархал байхгүй бол сэтгэл хөдлөл ч гарахгүй, баяртай сэтгэл ч төрөхгүй. Бурханы ивээлд ч талархахаа мэдэхгүй, өөрт нь тухайн агшинд үл ялиг төдий таагүй зүйл тохиолдсон ч, гомдол дургүйцэл гаргана. Ийм хүмүүсээс хол бай гэсэн болохоор бид талархаж чаддаг итгэлийн ухааныг Бурханы сургаалаас судалж үзэцгээе.
Есүсийн үед арван уяман өвчтөн Түүний үгээр эмчлэгдэж, эрүүл болсон ч талархал илэрхийлэхээр буцаж ирсэн нь ганцхан хүн байсан. Есүс үүнд маш их харамссан юм (Лук 17:11-19).
Сүүлийн үед эдийн засаг хэцүүхэн болсноос амьжиргаа нь дордож, зовж зүдэрч байгаа айл өрх бий л дээ. Тэгсэн ч ийм нөхцөл байдалд Бурханы хүслийг ойлгож, талархах юм бол илүү сайн нөхцөл болон ерөөлийг авах болно. Ард иргэдийнх нь дийлэнх нь солонгос хүний дундаж орлогын аравны нэгтэй тэнцэх орлогоор амьдардаг нэг улс байдаг юм. Гэсэн ч тэндхийнхэн өөрсдийнхөө байр байдалд дургүйцэж гомдоллодоггүй гэнэ лээ. Эндээс харахад сэтгэл хангалуун байж чаддаггүй хүн жинхэнэ ядуу, золгүй хүн биш үү гэж бодогдоно.
Бидэнд тэнгэрийн хаанчлал байна. Тиймээс хичнээн хэцүү нөхцөл байдалд байлаа ч энэ ертөнцөд хамгийн үнэт эрдэнэс авч байгаа бидний хувьд гутрах, гомдоллох зүйл огт байж болохгүй.
Сэтгэл хангалуун байвал одоогийн нөхцөл байдалд өөрийг нь байлгаж байгаа Бурханы хүслийг ойлгож чадна. Аврал хайрлаж, тэнгэрийн хаанчлалд хөтлөхийн төлөө золиос гаргасан Бурханы төлөө би юу хийж чадах вэ гэдгээ боддог байцгаая.
“Түг түмдийн ЭЗЭН тангараглан “Үнэхээр бодсон хэрэг минь биелж, төлөвлөсөн минь бүтнэ.” Иса 14:24
Бурханы бодсон, төлөвлөсөн хэрэг гарцаагүй биелдэг. Бүх зүйлд талархах нь Бурханы бодсон, төлөвлөсөн зүйл болохоор талархаж мэддэг хүнд талархмаар үр дүнг өгч, гомдоллодог хүнд гомдоллом үр дүнг өгдөг. Бид ямар ч нөхцөлд Бурханд талархдаг итгэлтэй байх ёстой.
Баяр хөөр нь сэтгэл хангалуун байдлаас гардаг. Дургүйцэл гарвал баяр хөөр, баясал цэнгэл алга болно. Хэн нэгэн нь сэтгэл хангалуун бус байвал баяр хөөр, цэнгэл бялхсан Сион болж чадахгүй. Их ч бай, бага ч бай байгаадаа сэтгэл хангалуун байх үед Сионы төрх Бурханы нүдэнд үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж баярлуулах юм.
Аврал өгсөн нь л талархах зүйл байхад шинэ гэрээний үйлчлэгч гэсэн үнэ цэнэтэй албан үүрэг даалгасан нь бүр ч илүү талархмаар зүйл биш үү. Сайн мэдээ тараахад сайн газар, муу газар гэж байхгүй, дээд доод албан тушаал гэж байхгүй.
Бусад хүнд байгаа зүйл надад байхгүй байна гэсэн гомдол нь шуналаас үүдэлтэй юм. “99 юмтай хүн бусдын ганц юмыг булаана” гэсэн хэлц үгэнд гардаг шиг хүний шуналд хязгаар үгүй. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байвал ямар ч асуудалгүйгээр аз жаргалтай амьдарч болох байтал сэтгэл хангалуун байж чадахгүй хүн илүү ихийг авах гэсэндээ увайгүй бодол тээж, унтаж ч чадахгүй сэтгэлийн зовлонд унадаг.
Бид бүхий л ажилд сэтгэл хангалуун, баяр хөөртэй байхад суралцах ёстой. Хэцүү нөхцөлд орох үед тийм болгосон Бурханы хүслийг бодоод тэсвэртэй байж, илүү талархал илэрхийлэх ёстой. Эш үзүүлэгч Иона далайд шидэгдээд, загасны гэдэс дотор орж туйлын хүнд байдалтай ч тулгарч байсан. Тэр үед тэрээр гомдоллосон бол Ниневе хотын зуун хорин мянган хүнийг аваръя гэсэн Бурханы хүслийг бүрэн биелүүлж чадахгүй байх байсан. Гэвч тэрээр эхлээд буруугаа ухаараад, гэмшсэн юм. Тэгээд үхлээс аварч өгсөн Бурханд талархаж, амиа ч үл хайрлан, Бурханы үгийг тунхагласан.
Гомдоллох дуртай хүнд бүхий л нөхцөл байдал гомдоллох зүйл болдог. Бурхан Ионад уг нөхцөл байдлаар дамжуулан итгэлийн зөв ухаан суулган, тэнгэрт мөнхөд гэрэлтэх гавьяа зөвшөөрсөн юм.
Бид ч Иона шиг эргэн тойрны нөхцөл байдалд гутралгүй, хүнд нөхцөл байдалд байх үедээ ч Бурханы ивээлийг эргэж бодоод, талархдаг байх хэрэгтэй.
“бүгд адилхан сүнслэг ундааг ууж, тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас ундаалсан ба тэр хад нь Христ байв. Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цөлд хиарсан юм. … Тэдний зарим нь гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор тэдэн шиг бид үл гонгиноцгооё. Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ. Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил.” 1Кор 10:4-12
Гонгинож гомдоллох нь сэтгэл хангалуун байгаагүй үед, мөн ямар нэг юм дутуу санагдах үед гардаг. Израиль ард түмэн цөлд жаахан л дутагдах юм бол Бурханд гомдлын үг асгаруулсан. Ус байхгүй, хоол байхгүй, дөт замаар явсангүй гээд л. Тэгж гонгинож байгаад эцэстээ амлалтын газар Канаанд орж чадалгүй, цөлд унасан юм.
Өөрийн дутуу дулимаг байдлаа мэдэрнэ гэдэг зүй ёсны сайн чанар л даа. Харин өмч хөрөнгийн тал дээр дутмаг байгаагаа мэдэрвэл гомдол гаргагч болж хувирна. Цөлийн амьдрал бидэнд жишээ болон тохиолдсон гэсэн учраас хэцүү нөхцөл байдал дунд ч Бурханы хүсэл байвал сэтгэл хангалуун байж, Бурханы хүсэл дотор таатай нөхцөл байдалд сайн мэдээ тараалаа ч мөн л сэтгэл хангалуун байцгаая. Тэнгэрийн хаанчлалд орох хүртэл янз бүрийн нөхцөл байдлаар цэвэршүүлж байгаа Бурханы хүслийг ухаараад, ямар ч нөхцөлд Бурханд талархал өргөж, түүн дотор ах, эгч дүүгээ бүгдийг нь хайж олж чадахуйц залбирал өргөвөл Бурхан баярлаж, илүү их ерөөл өгөх болно.
Бүхий л ажилд Бурханы зүй тогтол шингэсэн байгаа. Тэр зүй тогтлыг ухаарах хэрэгтэй. Махан биеэр дутуу дулимаг ч, сүнсээрээ илүү баян болсныг бодоод, нөхцөл байдалд өвдөг сөгдөлгүй, түүнийг ялж гараад, сайн мэдээнд илүү хүч гаргах хүүхдүүд болцгооё.
Эргэн тойрны хүмүүстээ үргэлж талархснаа илэрхийлье. Бид Бурханы өгсөн сургаалын дагуу гэр орондоо байхдаа хань ижилдээ, эцэг эхдээ, үр хүүхэддээ, харилцан бие биедээ үргэлжид талархан амьдарч, хөрш, нийгэм, цаашлаад дэлхий нийтэд талархдаг уур амьсгалыг бий болгох ёстой. Сэтгэл хангалуун байгаагүйн улмаас дайн, зөрчилдөөн үүсэж байгаа биш гэж үү? Бүгд сэтгэл хангалуун байж чаддаг, талархдаг аз жаргалтай ертөнц бий болгохын төлөө хичээцгээе. Тэр газар бол тэнгэрийн хаанчлал.
Ямар нэг дутмаг зүйлийг мэдрэх үед талархал болон хангалуун сэтгэлээр тэрхүү дутуугаа дүүргэцгээе. Бурхан арвин их үр жимс зөвшөөрч өгөх болно. Сионыхон маань тэнгэр Эцэг, Эхийн үгэнд дуулгавартай хандан, итгэлийн амьдралдаа сэтгэл хангалуун байж, бүхий л ерөөлийг аваасай гэж хүсэх байна.