Сорилтыг ялагч болоорой

23,055 үзэлт

Тэнгэрийн хаанчлал өөд итгэлийн замаар гүйж яваа хүн хааяа нэг сорилт гээч саад бэрхшээлтэй тулгардаг. Сорилтыг ялж байж сүнсний Канаан болсон тэнгэрийн хаанчлалд аюулгүй орно. Харин ялж чадалгүй замын дунд унаж, буцвал тэнгэрийн хаанчлал ч мөн төдий чинээгээр холдохоос өөр аргагүй.

Одоогийн итгэл сүсгээ гал мэт халуун байлгах нь чухал л даа. Гэхдээ үүнээс илүү сорилтыг ялах итгэлийн оюун ухаантай байж, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг зорин туйлбартай гүйх хэрэгтэй. Сорилт нь биднийг итгэл сүсгээ анх эхлүүлэхэд ирдэг ч, тэнгэрийн Канаан ойртох тусам улам л ширүүсдэг. Гагцхүү Бурханд хандсан итгэл болон тэнгэрийн хаанчлалын найдвартаа тууштай байж, цаг ямагт өөдрөг хандлагаар Бурханыг бүрэн дүүрэн түших нь л сорилтыг ялах цорын ганц зам юм шүү.

Цөлийн амьдралын сургамж

Эхлэл номон дахь Израилийн түүхээс нэгэн хачирхалтай зүйл олж харж болно. Иаков бүх гэр бүлийнхнээ аваад Египет рүү явах үед тэд 70 хүрэхгүй цөөхүүлээ байв. Харин агуу үндэстэн болгоно гэж амласан Бурханы ерөөлөөр 430 жилийн дараа Египет нутгаас гарсан тухайн үед хориос дээш насны Израилийн цэрэг эрсийн тоо гэхэд л зургаан зуун мянга орчим болсон байв. Гэвч цөлийн 40 жилийг туулан Канаан орохын өмнөхөн ард түмнээ дахин тоолоход жаахан ч нэмэгдсэнгүй, хориос дээш насны цэрэг эрсийн тоо мөн л зургаан зуун мянга хэвээрээ байдаг.

Эхэндээ Бурханы ивээлээр гайхам өнөр өтгөн болж өссөн шүү дээ. Тийм байтал тэдний өсөн үржихүй зогссон шалтгаан нь юу юм бол? Тэдний олон нь сорилтод унаж, цөлд үхсэнээс болжээ.

“… ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм. Хүн зөвхөн талхаар бус, харин ЭЗЭНий амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан. … Эцэг хүн хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхээрээ ухаар. Тиймээс Түүний замаар явж, Түүнээс эмээхийн тулд чи Бурхан ЭЗЭНийхээ тушаалыг сахь.” Дэд.Хуу 8:1-6

Цөл нь израиль үндэстэнд сорилт ба цэвэршүүлэлтийн талбар байсан. Египетээс гарах тэр үед гал халуун байсан тэдний итгэл цөлд тулгарсан олон хүнд нөхцөл дунд сорилтод орсон юм. Зарим үед идэх хоол, уух усгүй, дөт замаа орхин холуур тойрон явж ч байв. Тийн явах цөлийн аян замд Бурхан Өөрт нь бүрэн итгэн эмээдэг ард түмнийг амласан газартаа хөтлөхөөр хууль, тушаал болон зарлигуудаа өгч, дуулгаврын замыг зааж өгсөн юм.

Хэрвээ тэд Бурханд туйлаас итгэсэн сэн бол тэрхэн зуурт өгөгдсөн хүнд бэрхийг тэсвэрлэх л байсан. Тэд дэмий юмнаас болж шаналж, дургүйцэн гомдоллохгүй байх байсан. Гэвч тэд 40 жилийн турш олон янзын сорилтын дунд Бурханд бүрэн итгэж чадаагүй сул дорой итгэлээсээ болж дийлэнх нь цөлд эрсдэж унасан юм.

“… Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цөлд хиарсан юм. Тэд тачаадан хүссэн шиг муу муухай юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм. … Тиймээс өөрийгөө зогсож байна гэж бодогч нь уначихгүйн тулд болгоомжил. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй, Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно.” 1Кор 10:1-13

Сорилтод цөхрөөд ирэхээр Бурханыг сорьж, Бурханы эсрэг гомдоллон гонгинож, завхайрч, шүтээн шүтэх явдал аяндаа бий болсон. Эцэстээ иймэрхүү бузар муу нүглээсээ болж тэд сүйрч, улмаар Израилийн хүн амынх нь өсөлт зогсжээ.

Израилийн ард түмний туулж өнгөрүүлсэн цөлийн түүх нь бидний төлөөх сануулга болж бичигдсэн юм. Өнөөг хүртэлх сүнсний цөл, итгэлийн амьдралдаа чухамдаа бид Бурханд бүхнээ зориулан амьдарч ирсэн эсэхээ эргэн нэг харцгаая. Тэдний алдаанаас суралцаж, өөрсдийгөө байнгын залбиралд зориулж, сорилтыг ялж чадах бат итгэлтэй болохыг гуйж байна.

Бурхан биднийг хэрээс хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй. Биднийг сорилтод ороход Бурхан гарах замыг нь бас нээж өгдөг. Бурханы тушаалд төгс дуулгавартай байж, хаашаа ч хөтөлсөн талархан, баярлах сэтгэлээр эцсээ хүртэл дагавал сорилтыг ялж чадна.

Сорилтыг ялсан Есүс

Махан биеэр ирсэн Бурхан түрүүлж сорилттой нүүр тулж, түүнийг ялж байгаа дүр зургийг Матай номын 4-р бүлгээс харж болно. Бидний Эцэг, Эх ямар ч сорилт байсан бүгдийг нь ялах жишээ үзүүлсэн болохоор бид ч мөн өмнөө байгаа сорилтыг бүрэн няцаан хөөгөөд, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг чиглэн явах ёстой.

“Есүс тэгээд диаволд соригдохын тулд Сүнсээр цөл уруу хөтлөгдөв. Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ. Соригч ирээд, Түүнд —Чи Бурханы Хүү мөн аваас энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв. Гэвч Есүс —“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг хэмээв. Тэгэхэд диавол Түүнийг ариун хотод аваачин сүмийн орой дээр зогсоогоод, Түүнд —Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доош үсэр. Учир нь “Тэрээр тэнгэрэлч нартаа Чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд гар дээрээ Чамайг өргөөд явна” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв. Есүс —“Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас бичигдсэн байдаг гэв. Диавол дахин Түүнийг асар өндөр ууланд аваачаад, ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг нь үзүүлээд —Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөөс энэ бүхнийг би Чамд өгье гэж хэлэхэд Есүс —Зайл, Сатан аа! “Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэлээ. Тэгээд диавол Түүнийг орхиход, гэнэт тэнгэрэлч нар ирж, Түүнд үйлчлэв.” Мат 4:1-11

Цөлд израиль ард түмэн хамгийн түрүүнд хоол хүнсээр сорилтод орсон шиг, хүний хувьд хоолны асуудал буюу эдийн засгийн асуудал нэлээд томоохон сорилт шиг байдаг. Есүс ч 40 хоногийн турш мацаг барьж залбираад анхны удаагаа идэх хоолоор соригдсон. Гэвч “Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэсэн хариултаар сорилтыг няцааж, Бурханыг магтсан.

Хоёр дахь удаагаа Бурханыг сорих гэсэн диаволын урхинд Есүс “Бурхан бол бидний итгэх ёстой оршихуй болохоос соригддог оршихуй биш” гэдгийг онцолж, сорилтыг ялсан. Дэлхийн бүх хаанчлалын сүр хүчийг өгье гэсэн гурав дахь удаагийн сорилтыг ч мөн Есүс “Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж хэлээд, Бурханыг алдаршуулж ялсан.

Сатан итгэгчдийг ч мөн адил Есүст үйлдсэн шигээ элдэв янзын сорилттой учруулдаг. Заримдаа эдийн засаг, материаллаг юмсаар сорьж, заримдаа Бурханы үнэн ба Бурханы хүч чадалд ч эргэлзүүлэн сорьж байдаг. Мөн ертөнцийн юмст тэмүүлдэг болгож, Бурханы зарлиг тушаалыг л сахихгүй бол бүх юмсыг олж авч чадах юм шиг бодол төрүүлж, урхидаж байдаг. Ийм үед сорилтыг ялж чадах үндэс нь үргэлж Бурханаас эмээж, Бурханд яруу алдар өргөх итгэлийн хандлага, ухамсар юм. Ийм хандлага, ухамсартай бол ямар ч сорилтыг ялж чадна гэдгийг Есүс бидэнд харуулж өгсөн билээ.

Итгэлээр сорилтыг ялсан өвөг дээдэс

Итгэлийн цөлийн замд хүн болгонд л үүрэх ачаа гэж бий. Харин Бурхан бидэнд тэрхүү ачааг үүрүүлсэн нь бүгд л сүнсний маань ашиг тусын төлөө гэдэгт заавал итгээрэй. Итгэл бол сорилтыг ялахад зайлшгүй хэрэгтэй зүйл.

“Итгэлээр Мосе, эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа.” Евр 11:24-26

Мосег Египетийн бүхий л сүр жавхлан хүлээж байсан ч татгалзаж, израиль ард түмэнтэй хамт зовлонгийн замыг сонгосон. Энэ нь Бурханы амласан мөнхийн шагналыг харж байсантай нь холбоотой юм. Бид ч ертөнцийн эд зүйл, яруу алдраас Бурханд үйлчлэхийг илүү том эрдэнэс гэж үздэг итгэлтэй байх үед сорилтыг ялж чадна.

“Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.” Евр 11:6-7

Ноа Бурханы үгийг дуулгавартай дагаж асар их хөрөнгө хүч, цаг зав, хүч хөдөлмөр гарган бүхээг хийсэн. Тэрээр бүхээг хийж байхдаа ямар олон хүнд басамжлагдан доог тохуу болсон бол? Гэсэн ч Ноа Бурханы үгэнд туйлаас итгэж, дуулгавартай дагасан. Тийм итгэлтэй байсан болохоороо эцэстээ бүх хүн төрөлхтөн сүйрсэн хатуу сорилтоос гэр бүлийнхээ хамт аврагдан, яруу алдар олсон юм.

Исаакийг тахил болгон өргө гэсэн сорилтыг ялсан Абрахамын түүх ч мөн адил. Бурханы үгэнд туйлаас итгэж, хамгийн дээгүүрт тавьдаг ухаантай байсан үед Бурхан биднийг сорилтоос гаргаж, илүү том ерөөл өгдгийг баталж болно. Бурханд төгс итгэж, Бурханаас эмээх үед ямар ч ширүүн сорилт, зовлон бэрхшээл байсан ялж чадна гэдгийг бидэнд харуулах гэсэндээ Бурхан итгэлийн өвөг дээдсийн амьдралыг Библид бичсэн юм.

Өөдрөг, эерэг бодлын хүч

Сорилтод унасан хүн өөдрөг зүйл байсан ч гутрангиар харж, гутранги зүйлийг бүр ч гутрангиар хардаг. Харин сорилтод унадаггүй, сорилтыг ялдаг хүн бүх юмсыг өөдрөгөөр хардаг.

Канааныг цугтаа тандаад эргэж ирсэн арван тандагч “Тэд хүнтэй адил, харин бид царцаа мэт” гэж гутранги сэтгэлээр илтгэх үед ч Иошуа, Калеб хоёр “Бурхан бидэнтэй хамт байгаа” гэдэг баттай итгэл, өөдрөг бодлоор “Тэд бидний хоол болно” гэж хэлсэн байдаг. Энэхүү баттай, өөдрөг итгэл нь тэднийг бүх сорилтыг няцаахад хүргэсэн. Эцэстээ арван тандагч болон гутранги нүдээр харж байсан зургаан зуун мянган цэрэг бүгд цөлд сүйрсэн болов ч ямар ч байдалд Бурханд төгс итгэж, Бурханаас эмээсэн Иошуа, Калеб нар Канаан орсон юм. Ийм хүмүүс мөнхийн тэнгэрийн хаанчлалыг эзэлж авах эрхтэй.

Итгэлийн замаар явж байхад заримдаа аягүйцэж, гомдоллодог хүн байдаг. Аливаа юмсыг өөдрөгөөр харж чаддаггүй, сөрөг хандлага нь өөрийгөө төдийгүй эргэн тойрныхоо хүмүүсийг ч хүртэл сорилтод унагаж, хамт сүйрдэг.

Бид бүхэн итгэлгүй үгэнд чих тавих ч хэрэггүй, ойр байх ч хэрэггүй. Мөнхийн тэнгэрийн хаанчлал ойртох тусам итгэлээр ч мөн Бурханд илүү ойртох хэрэгтэй.

Нэгэн пастор ганц удаа ч ханиад хүрэхээргүй ясны бие сайтай хүн байсан хэр нь яагаад ч юм мэдэхгүй нэг удаа тамир таслам хүнд ханиад хүрсэн гэнэ. Амьдралдаа анх удаа биеийнх нь тамир тасрахыг үзсэн пастор юунаас ч илүү бие өвдсөн гэж өмнө нь хэлж байсан гэр бүлүүдээ их бодсон гэнэ. Өмнө нь гэр бүлүүд өвдлөө гэхэд хэр хүнд байдгийг нь ойлгож чадахгүй байж л дээ. Харин өвдсөнөөсөө хойш гэр бүлүүдийнхээ сэтгэлийг сайн ойлгодог болсон гэнэ лээ.

Тэр пастор дандаа эрүүл чигээрээ байсан бол өвчтэй хүний сэтгэлийг огт ойлгохгүй байх байжээ. Биеэрээ өвдөлт мэдэрч байж, түүн дотор шингэсэн Бурханы зүй тогтлыг өөдрөг санаа бодлоор олж илрүүлсэн тул өмнөхөөсөө ч илүү хайр бялхсан зөнч болж чадсан байна.

Бурхан заримдаа бидний амьдралд сорилт тавьдаг нь биднийг муу болгоё гэсэндээ биш юм. Бурхан биднийг хичнээн их хайрладаг билээ? Бурхан махаа хэдэн мянга түмэн хэсэг болгон таслах зовлонгийн дунд ч хүүхдүүдээ аврах ажилд бүхнээ харамгүй золиосолсон. Тийн атал хүнд хэцүү байдалд биднийг оруулдаг нь түүн дотор бидний ашгийн төлөөх зүй тогтол байгаа гэдгийг баттай ухаарах хэрэгтэй. Бидний сүнслэг өсөлт ба үр дүнгийн төлөө ийм саад болон сорилтыг өгсөн гэсэн өөдрөг сэтгэлтэйгээр бүх зүйлд талархал өргөвөл сорилтыг ялж, сүнслэг Канаанд аюулгүй хүрч чадна.

Зуун дөчин дөрвөн мянган итгэгч нь Бурхан хаашаа ч хөтөлсөн эцсээ хүртэл дагагчид юм. Тэр хэмжээгээр Бурханыг гэсэн итгэл нь туйлын их болохоор газар дээрх үй олон хүний дундаас анх боловсорсон үр жимс болон аврагдах болжээ.

Вандуйн нахиа нь биш, мод нь болцгооё

Бурхан одоо анх боловсорсон үр жимс хураахын төлөө сүнслэг тариалангийн ажил эрхэлж байна. Бордоо хэрэгтэй бол бордоо өгч, бороо салхи хэрэгтэй бол тэрийг нь өгдөг. Энэ бүгд нь биднийг үзэсгэлэнтэй үр жимс болгон, тэнгэрийн хаанчлалын амбаарт оруулахын төлөө юм.

Адилхан вандуйн үрнээс гарсан нахиа болон мод хоорондоо ялгаатай. Сорилтоосоо шалтгаалдаг. Вандуйн нахиа нь дулаахан өрөөнд эзнээрээ өдөр бүр цаг тутам услуулж өсдөг. Дайсны аюул ч байхгүй, зовлон ч гэж байхгүй. Гэсэн ч ийм байдалд өссөн болохоороо ямар ч үр жимс ургуулдаггүй. Адилхан вандуйн үр хэр нь хатуу талбай дээр цацагдсан нь боловсорч ургахдаа олон сорилттой тулгардаг. Дайсны аюул, догшин салхи бороон дунд, шатам халуун нарны дор хэцүү бэрхийг тэвчиж, усны урсгал хайн байж үндэслэдэг болохоор үр дүнд нь хэдэн арав, хэдэн зуу дахин үр жимс гаргахуйц мод болдог.

Сорилт нь биднийг өсгөж, үр жимс гаргахад ямар их тус болдгийг дээрх жишээнээс дахин нэг удаа мэдэрч болно. Англи зүйр үгэнд “No pain, no gain” гэдэг үг бий. “Зовлон бэрхшээлгүйгээр олох ашиг орлого гэж байхгүй” гэсэн утга л даа.

Өнгөрсөн цаг хугацаагаа эргэж харвал хэнд ч тэр тэвчихэд хүнд, хэцүү байдал гарсан байх. Гэвч цаг хугацаа өнгөрөөд эргээд бодвол Бурхан бидний сүнслэг өсөлтийн төлөө тэрхүү байдалд оруулж ирснийг бага багаар ойлгоно. “Надад” өгөгдсөн бүхий л сорилтын цаг мөчүүд өнөөдрийн “намайг” оршин тогтноохын төлөөх Бурханы бүтээж тавьсан нэг гишгүүр чулуу болж, шаттай адил үүрэг гүйцэтгэж байсныг нь дахин мэдэрч болно.

Бурханыг гэсэн туйлын итгэлийг олж, бүхий л байдлыг өөдрөгөөр хараад, гомдоллох бодлоо урьтал болгохын оронд талархах бодолтой болсон тэр үед Бурхан бидэнд сорилтыг ялахад маань тусалж, сайн үр жимс боловсруулж өгдөг. Ямар ч сорилт, шалгуурыг өөрсдийнхөө сүнслэг өсөлтөд саад болголгүй, бүх хүчээрээ тэмцэцгээе. Бурханаас эмээж, Бурханд яруу алдар өргөөд, Бурханд туйлаас итгэж дагаад, бүхий л сорилтыг ялан гарч, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох зуун дөчин дөрвөн мянга болохыг хүсэж байна.