WATV.org is provided in English. Would you like to change to English?

Мөнхийн ертөнцийн бэлтгэл

336 Үзсэн тоо

Библид хүний амьдралын өдрүүдийг өвс ногоо болон хээрийн цэцэг шиг гэсэн байдаг (Дуу 103:15). Амьдрал гэдэг ийм л богинохон бас хоосон зүйл билээ.

Харин энэ дэлхий дээрх амьдралаас гадна бидний анх байсан мөн хожим буцан явах газарт ч амьдрал байгаа. Хүн бүр энэ насныхаа амьдралыг дуусгаад хорвоог орхих ёстой болдог. Тэгвэл ирээдүйд очих тэнгэрийн орны тухайд бид хэр их бэлтгэлтэй амьдарч байгаа вэ гэдгээ нэг тунгаан бодоцгооё.

Түшмэлийн үнэн үг

Эрт цагт хааны тааллыг олсон нэгэн түшмэл байжээ. Тэр түшмэл хүний мөс сайтай, үнэнч шударга хэрнээ ухаан муутай хүн байв. Түүний үнэнч занг таалсан хаан түүнд улс орноо удирдах их хэргийг даатгаж гэнэ.

Нэг удаа хаан мөнөөх түшмэлд нутаг орноороо тойроод ард түмнийхээ аж амьдралыг тандаж ирэх зарлиг буулгав. Хааны тушаалыг гүйцэтгэх болсон түшмэл нутаг орноороо тойрон аялах аян замд гарчээ. Тэгээд удсаны эцэст эргэж ирж гэнэ. Ирэхэд нь хаан хэвтэрт орсон байж. Ихэд гайхсан түшмэл юу болсныг хаанаас лавлав.

Чингэхэд хаан түшмэлдээ: “Явах цаг минь болж байх шиг байна даа” гэтэл түшмэл: “Хаантан минь, таны лагшин чилээрхсэн атал хаашаа явах нь вэ? Яваад хэзээ буцаж ирэх вэ?” гэж асуув.

Хаан хариуд нь: “Буцаж ирэх аргагүй тийм газар руу явах биз дээ” гэв. Гэтэл түшмэл: “Хаантан минь, буцаж ирж чадахгүй газар руу юунд явнам бэ? Та бүү яваач” гэж гуйжээ.

Хүндээр өвдсөн хөөрхий хаан өөрийнхөө үхлийн тухай ярьтал ухаан муутай түшмэл үгийнх нь утгыг ухаж чадалгүй, буцаж ирж чадахгүй газар руу бүү яваач гэж хааныг ятгана. Хаан цааш нь: “Тэр газар бол очмоор байна гээд оччихож болдог, явмааргүй байна гэснээрээ явахгүй байж болдог тийм газар биш учраас заавал явах хэрэгтэй” гэж дахин учирлав.

Түшмэл: “Хаантаан, тэгвэл та тэр хол газар явах бэлтгэлээ хийсэн үү?” гэж сануулан асуужээ.

Энэ үгийг сонссон хаан юу хэлэхээ мэдэхгүй чимээгүй болов. Энэ ертөнцөөс хэзээ нэг өдөр явах ёстойгоо урьд нь хэзээ ч бодож үзээгүй учраас юу ч бэлтгээгүй гэдгээ сая ухаарсан гэдэг.

Холын аялалд гарахдаа хүмүүс хувцас хунар, зайлшгүй хэрэгцээтэй эд хэрэглэл зэргээ бэлддэг. Аяллын зардал, бичиг баримт, гоо сайхны хэрэгсэл гээд л танихгүй газар очоод өөрт хэрэг болох зүйлсийг сайтар бэлддэг. Харин хүмүүс хожим очих ертөнцийн тал дээр ямар ч бэлтгэлгүй амьдарч байна.

Хүн 70, 80 жил л амьдардаг ч энэ богинохон амьдралдаа гэнэтийн осол аваарт орвол амьдралыг дэндүү хий хоосон гэж хэлэхээс өөр аргагүй болно. Дээрх өгүүлэлд гарсан хаан өндөр хэргэм зэрэг, баян тансаг амьдралдаа умбан бэлтгэлгүй байж байгаад нэг насны амьдралаа баржээ. Үхлийн сүүлчийн мөч хүртлээ ямар ч бэлтгэлгүй байсан хаан шиг хийх бэлтгэлээ хойшлуулбал нэг л мэдэхэд явах цаг хаяанд ирнэ (Ном.Үгс 9:12).

Хүн бүхний одох ёстой мөнхийн ертөнцийн зам

Энэ тухай сайтар тунгаан бодъё. Бурхан авралын хоргодох хот Сионыг байгуулж, бидэнд Бурханыг мэдүүлж өгсөн нь ямар талархмаар хэрэг билээ. Бурханыг хүлээн аваад үнэн дотор бат итгэлээ сахин итгэлийн амьдралаар амьдарна гэдэг нь мөнхийн тэнгэрийн орон явахад бэлтгэж байгаа хэрэг юм.

Мөнхийн ертөнцөд итгэдэггүй хүмүүс мэдээж бэлтгэж чадахгүй. Харин энэ зам бол явмааргүй байна гээд эсэргүүцэж болдоггүй, цаг нь болохоор хүн бүрийн явах ёстой зам юм.

Амьдрал бол хоосон юм. Соломоны бичсэн Номлогчийн үгс номонд хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил хэмээн харамссан байдаг.

“Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил, нэг нь үхдэгийн адил нөгөөдөх нь ч бас үхэх аж. Үнэндээ аль аль нь л ижилхэн амь амьсгаатай. Хүнд адгууснаас дээрдээд байх юм алга. Иймээс бүгд хоосон. Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос тул бүгд шороондоо буцна. Хүний амь амьсгаа дээш гарч, адгуусны амь амьсгаа газар уруу уруудахыг хэн мэдэж байгаа юм бэ?” Ном.Үгс 3:19-21

Дээрх ишлэлийг тунгааж үзэнгээ энэ амьдралаа дуусгаад, өөрсдийнхөө хожим очих мөнхийн ертөнцийн тухай бодож үзэцгээе. Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон гэсэн.

“Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг” Евр 9:27

Хүн энэ дэлхий дээр түр зуур ирээд дараа нь буцах ёстой болдог. Буцах замд маань шүүлтийн ба авралын гэсэн хоёр салаа зам хүлээж байдаг. Нэгэнт л явах ёстойгоос хойш авралын замаар явж, үеийн үед аз жаргалтай, энх тунх байх мөнхийн тэнгэрийн оронд очсон нь дээр биш гэж үү?

1 шөнө, 2 өдрийн богино аялалд явахад ч гэсэн бэлтгэх зүйлс их байдаг. Тэгвэл хэзээ ч буцаж ирэхгүй уртаас урт мөнхийн аялалд явах хэрнээ ямар ч бэлтгэл хийлгүй өнөөг хүрсэн бол энэ нь том асуудал болно. Бид энэ хугацаанд ер нь явах бэлтгэлээ хийсэн үү? Юу бэлдсэнээ сайтар бодож үзье. Ирээдүйгээ бодож түүнд бэлтгэсэн хүнийг л яруу алдрын ирээдүй угтана.

Бүгдээрээ хожим очих тэнгэрийн орны тухай бодож, Бурханд залбирал өргөн мөргөл тэмдэглээд, Бурханы өгсөн бүхий л үгийг баяртайгаар, дуулгавартай дагах хэрэгтэй. Мөн бидний эргэн тойронд энэ тухай мэдэхгүй амьдарч байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, хөрш, танилууддаа ч гэсэн бүгдэд нь “мөнхийн гэр”-тээ буцахаас нь өмнө бэлтгэлээ сайн хийж чадахад нь туслан, мөнхийн ертөнцийн тухай ухааруулах хэрэгтэй юм (Ном.Үгс 12:5, 2Кор 5:1). Дэлхийн бүх хүмүүст тэнгэрийн орны тухай ухааруулж сэрээгээд тэднээр ч бас бэлдүүлээрэй гэсэндээ Бурхан бидэнд тунхаглахыг тушаасан (Ном.Үгс 12:13-14, Мат 28:18-20).

Мөнхийн тэнгэрийн хаанчлал руугаа буцан ирэх хүүхдүүдийнхээ төлөө Бурхан одоо ч орон байр бэлдэж суугаа.

“Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. Би явж, та нарт орон байр бэлдчихвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.” Иох 14:2-3

Бид мөнхийн төрсөн нутаг минь болох тэнгэрийн оронд асар том нүгэл үйлдээд энэ газарт бууж ирсэн. Амьдралынхаа туршид бүх насаараа наминчлан гэмших ёстой нүгэлтэн учраас гэмшлийн амьдралаар амьдарч байгаа билээ. Энэ газарт амьдрах хугацаандаа хийсэн нүгэлдээ гэмшин Эцэгийн гэр болох тэнгэрийн хаанчлал буцаж чадах зөвшөөрлийг Бурханаас авах ёстой. Бидний махан биеийн амьдрал бол түр зуур л хоноглодог асар төдий юм. Бидний мөнхөд амьдрах гэр тэнгэрт байгаа (2Кор 5:1-4).

Тэнгэрийн хаанчлалд бэлтгэсэн өвөг дээдсийн итгэл

Амьдрал гэдэг бол мөнхийн тэнгэрийн орон явахад бэлтгэхийн төлөө өгөгдсөн боломжит хугацаа юм. Үүнийг ухаарсан итгэлийн өвөг дээдэс маань хожим очих тэнгэрийн төрсөн нутгаа санагалзаж, цаг ямагт өөрсдийгөө захиран энэ дэлхий дээр туулах зовлон зүдгүүрээ юман чинээ бодоогүй.

“Үнэндээ, тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан. Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. Тиймээс Бурхан тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ ичээгүй юм. Учир нь Тэр тэдэнд хот бэлджээ.” Евр 11:15-16

Буцаж очих төрөлх нутгаа үргэлж бодон амьдарч байж л буцан явах боломжийг олж, бэлтгэж чадна. Бидэнд мөнхийн тэнгэрийн хаанчлал байгаа гэдгийг сэтгэлдээ шингээгээд дэлхийг аврах ажлыг амьдралынхаа утга учир, гол зорилго болгож, Бурханы бэлдсэн тэнгэрийн орон руу олуулаа хамт буцан явцгаая. Еврей 11-р бүлэгт мөнхийн тэнгэрийн хаанчлалд бэлтгэсэн өвөг дээдсийн итгэлийн тухай түүхийг бичсэн байдаг.

“Итгэлээр Абрахам, соригдохдоо Исаакийг өргөв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр өөрийн ганц хүүгээ өргөсөн. … Итгэлээр Исаак, ирэх зүйлсийнх нь талаар Иаков, Есав нарыг ерөөжээ. … Итгэлээр Мосе, эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа.” Евр 11:17-26

Тэд итгэлээрээ Бурханы хүслийн дагуу гүйцэтгэж, алс холын аялалдаа бага багаар бэлтгэсэн юм. Тэдний бүх амьдрал итгэл дээр нь суурилсан юм. Эцэст нь итгэл дотроо бэлтгэн амьдрахыг л бэлтгэлтэй амьдрал гэж хэлж болно.

“Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ. Итгэлээр Абрахам, өв болгон авах гэж байсан нутаг уруу явахаар дуудагдахдаа дуулгавартай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав. Итгэлээр тэр, адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд амьдарч, амлалтын газарт харийн нутагт буй мэт суусан. Учир нь Абрахам суурь бүхий хотыг хүлээж байсан юм. Түүнийг бүтээгч ба барилгачин нь Бурхан мөн.” Евр 11:6-10

Итгэлийн өвөг дээдэс маань өөрсдийгөө дэлхийд харь хүмүүс ба цөлөгдөгсөд гэж бодсон учраас тэд амьдралынхаа туршид тэнгэрлэг оронд бэлтгэсэн. Бидний тэмүүлж буй амьдрал ч мөн ялгаагүй. Хэзээ нэгэн цагт буцах тэнгэрийн орныг чиглэн холын аялалд гарах учраас аяллын өмнө зайлшгүй хэрэгтэй итгэлээ бэлтгэцгээе. Бурханд тааламжит, хүслийнх нь дагуух тийм амьдралыг л бидний сүсэгт итгэлийн амьдрал гэж хэлж болно.

Тэнгэрийн оронд бэлтгэн амьдарсан хүмүүс үргэлж Бурханы хайр дотор байж, Бурханы хайр ч тэдэнтэй хамт байсан.

“Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү? «Таны төлөө бид бүхэл өдөржингөө хядуулжээ, нядлагдах хонь мэтээр бид тооцогджээ» гэж бичигдсэн юм. Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан дийлдэг. Учир нь үхэл ч, амь ч, тэнгэрэлч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна.” Ром 8:35-39

Анхны сүмийн ариун хүмүүс зовлон, хавчлагыг тэвчин илүү хүнд сорилт ирсэн ч, юу ч тэднийг Христийн хайраас салгаж чадахгүй гэсэн эрс шийдэмгий итгэлийн замаар урагш алхсан билээ. Тухайн үед “Есүс Христэд итгэдэггүй” гэсэн ганц үг хэлж үгүйсгэвэл галд шатаалгах ял, толгойгоо авхуулах ялаас хэлтрүүлнэ гэж байв. Гэсэн ч тэд дорой царайлан ялаас хэлтрэх гэлгүй, харин Христийн төлөө хавчлагыг ч, ичгүүрийг ч дуртайяа хүлээн авч байсан. Ертөнц дийлж үл чадах бат итгэлээр тамлуулж үхэх ял хүлээн авсан тэд тэнгэрийн орныг тээнэгэлзэлгүй чиглэн явцгаасан (Евр 11:36-38).

Бидэнд бэлтгэсэн яруу алдрын төлөө хамтдаа урагшилцгаая

Тэдэн шиг тэнгэрийн хаанчлалд бэлтгэж амьдрахын тулд бид итгэлээ шалгах хэрэгтэй. Бид Бурханы удирдан чиглүүлсэн замыг даган, итгэлийн амьдралаар амьдарсан эсэхээ харахын тулд өөрсдийгөө эргэцүүлэн тунгаах хэрэгтэй. Бурханд чин үнэнээр мөргөж, хүслийг нь биелүүлэн, нүгэлтэн гэдгээ марталгүйгээр гэмшлийн ивээлтэй замыг туулцгаая.

“Тиймд ах дүү нар аа, бид махбодын дагуу амьдрахын төлөө байдаг махбодын өртөнгүүд биш. Учир нь хэрэв та нар махбодын дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно. Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм. Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид «Ааба! Аав аа!» гэж дууддаг. Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог.” Ром 8:12-18

Бид махбодын дагуу амьдрах биш, Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах бөгөөд энэ цагийн зовлонгууд ирээдүйд бидний эдлэх тэнгэрийн орны яруу алдрын дэргэд юу ч биш гэж Библид тодорхой зааж хэлсэн байна. Тэр яруу алдрын төлөө л бид бэлтгэж байгаа юм.

Биднийг үнэн рүү дуудаж, тэнгэрийн орны найдвар ба баяр хөөрийг өгсөн Елохим Бурхан болсон тэнгэр Эцэг Эхдээ чин сэтгэлээсээ талархал өргөх хэрэгтэй. Сүнсний бэлтгэх заавар болох Библийн сургаалыг дагаад авралын зар идэвхтэй тарааж, Бурханы хууль тушаалуудыг сахин, ах эгч дүүстэйгээ нэгдмэл болж, тэнгэрийн орны төлөө сайтар бэлтгэх Сионы хүүхдүүд болохыг хүсье.

Үхлийн ирмэгт ирсэн хаанаасаа явах бэлтгэлээ хийсэн үү? гэж асуусан түшмэлийн үнэн үгийг нэг санацгаая. Аялалд явахад ч гэсэн бэлтгэх зүйлс байдаг. Харин хэзээ ч буцаж ирэхээргүй алс холын замд гарахаасаа өмнө та юу бэлтгэсэн бэ?

Ертөнцийн хүмүүсээс энэ асуултыг асуувал тэд ч бас хаан шиг ямар ч хариулт хэлж чадахгүй юм. Юунд ч бэлтгэлгүй энэ насныхаа амьдралыг л баяр хөөртэй өнгөрөөхийн төлөө тэмүүлэн амьдарч байгаа төдий юм. Тэгж амьдарч байтал нэг л мэдэхэд амьдралынхаа эцэстэй золгоно.

Паул элч өөрийнхөө явах цаг болсныг мэдээд: “Би замаа дуусгасан, урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн” гэж хэлсэн байдаг (2Тим 4:6-8). Энэ нь Паул бүх бэлтгэлээ хийсэн гэсэн үг юм. Сайн мэдээ тунхаглаж Христийн төлөө бүхий л хавчлага, зүдгүүрийг амссан Паулын амьдралыг нөгөө талаас нь харахад тэрээр тэнгэрийн хаанчлалын төлөө бүрэн бэлтгэл хийсэн байв.

Бид ч гэсэн “Өнөөг хүртэл итгэлийн амьдралаар амьдрахдаа Бурханы хүслийн дагуу хийж бүх зүйлд би бэлтгэсэн” гэж өөртөө итгэлтэй хэлж чаддаг байх хэрэгтэй. Өөрсдийнхөө бэлтгэлийг дахин нэг шалгаж үзээд, эцсээ хүртэл Ариун Сүнс болон итгэл дотор байж, ертөнцийн юу ч биднийг Христийн хайраас салгахгүй гэсэн итгэлийг бий болгоод Бурхандаа яруу алдар өргөхийг хүсье.

Цаашлаад бэлтгээгүй байгаа хүмүүст ч гэсэн сайн мэдээ тунхаглаад, тэднийг ч бас бэлтгэхэд нь тусалцгаая. Дэлхийн бүх хүн Библийн сургаалын дагуу гэмшин аврал авч, Эцэг Эхийнхээ бэлдсэн мөнхийн тэнгэрийн эх нутагт бүгдээрээ хамт очоод мөнхийн аз жаргалыг эдлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Сионы бүх гэр бүлүүд сүнс нэг бүрийг аврах үйлсэд бүх хүч чадлаа зориулаад, олон сүнсийг авралын зам руу дуудан гэмшүүлж, Эцэг Эхийн бэлдсэн мөнхийн яруу алдарт оролцуулахыг та бүхнээс дахин хүсэж байна.