Бурханы тушаалыг яагаад сахих ёстой вэ?

21,823 үзэлт

Бурханы ард түмэн мөн л бол Бурханы бий болгосон тушаалуудыг эрхэмлэн сахих ёстой. Одоо Библиэр дамжуулан бид яагаад Бурханы тушаалыг сахих ёстойгоо судлан үзэцгээе.

1. Бурханыг хайрладаг хүн Түүний тушаалыг сахина.

Хүмүүс хайртай хүнтэйгээ учраад ямар ч аргаар хамаагүй хайраа илэрхийлэх гэж хичээдэг. Зарим нь захидлаар, зарим нь сарнай цэцгээр, зарим нь янз бүрийн бэлэг өгч хайраа илэрхийлэх гэдэг. Тэгвэл бид Бурханд хайртай гэдгээ яаж илэрхийлэх юм бол? Бурхан Өөрийг нь хайрладаг гэдгээ ямар нэг сарнай цэцэг, бэлэг, захидал зэргээр бус “Бурханы тушаалуудыг сахиж” хайраа илэрхийл хэмээжээ.

Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. …Иох 14:21

Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ.1Иох 5:3

Тиймээс Бурханд хайртай Бурханы хүүхэд мөн л бол өгсөн тушаалыг нь эрхэмлэн сахих учиртай юм.

2. Бурханы тушаалыг сахидаггүй итгэл нь хуурамч итгэл юм.

Бурханы тушаалуудыг сахина гэдэг нь “Миний тушаалуудыг сахиарай” хэмээн тушаасан Бурханд итгэдэг гэдгээ үйлсээрээ харуулах итгэлийн илэрхийлэл юм. Харин өнөө үед олон хүн Бурханд итгэдэг гэдэг атлаа тушаалуудыг нь хүчингүй болсон гэж үзээд сахидаггүй. Харин тэд өөрсдийгөө Бурханыг хайрладаг, Бурханы талаар сайн мэддэг гэж үздэг. Библид эдгээр хүмүүсийг худалч хэмээн буруутгасан байдаг.

Бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ. “Түүнийг би мэднэ” гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нь худалч бөгөөд түүнд үнэн алга. Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ. Түүний дотор оршдог гэж яригч нь Түүний явсанчлан өөрөө бас тийн явах учиртай.1Иох 2:3-6

“Түүнийг мэднэ” гэчихээд тушаалуудыг нь сахидаггүй хүмүүсийг ямар хүмүүс гэсэн бэ? Худалч, үнэн байдаггүй хүн гэж Библид зааж өгчээ. Тэгэхлээр Бурханы тушаалыг сахидаггүй хүмүүс хичнээн өөрсдийгөө Бурханд итгэдэг гэлээ ч тэдний итгэл нь аврал авах боломжгүй хуурамч итгэл гэдгийг мэдэж болно.

3. Бурханы тушаалыг сахигчид тэнгэрийн хаанчлалд орно.

Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.Мат 7:21-23

Хэнийг тэнгэрийн хаанчлалд орохгүй гэсэн бэ? Ёс бусыг үйлдэгч хүмүүс буюу Бурханы тушаалыг сахидаггүй хүмүүсийг! Хичнээн өөрийгөө Бурханд туйлаас итгэдэг гэж үзэн, аврал авна гэдэгтээ бат итгэлтэй байсан ч Бурханы тушаалыг сахихгүй бол тийм хүн яагаад ч тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй юм. Есүс хэлэхдээ зөвхөн Эцэгийн хүслийг үйлдэгч нь өөрөөр хэлбэл Бурханы тушаалыг сахигчид л тэнгэрийн хаанчлалд орно хэмээсэн байна. Тиймдээ ч Библид сүүлчийн үед аврал авах Бурханы ард түмэн Бурханы тушаалыг сахина хэмээн зөгнөсөн байдаг.

Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна. Илч 14:12

Бүгдээрээ Бурханы өгсөн тушаалыг эрхэмлэн үзэж эцэс хүртэл сахиад мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох зөгнөлийн баатрууд болцгооё.

Тунгаах зүйлс
Бурханд хайртай гэдгээ яаж илэрхийлэх ёстой вэ?
Матай 7:21-23 ишлэлээс үзэхэд ямар хүмүүс тэнгэрийн хаанчлалд орох вэ?