WATV.org is provided in English. Would you like to change to English?

Бурханы үг судлах ёстойн учир

628 Үзсэн тоо

Бид яагаад Бурханы үгийг шимтэн судлах ёстой юм бол? Үүний учир шалтгааныг Библиэс тодруулцгаая.

1. Бид сүнсний амийнхаа төлөө Бурханы үг судлах ёстой.

Бурханы үг нь амийн хоол юм. Есүс биднийг Бурханы үгээр амьдарна хэмээсэн байдаг.

Гэвч Есүс —“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг хэмээв. Мат 4:4

Хүн хоол идэхгүйгээр амьдарч чадах уу? Чадахгүй. Хоол идэхгүй бол хүчгүй болж, тамирдан, цаашлаад амь насаа ч алдахыг үгүйсгэхгүй. Бидний сүнс ч үүнтэй адил юм. Үгэн хоол идэхгүй бол сүнслэг хүч гарахгүй бөгөөд сүнсээр өвчилж, улмаар сүнсний амиа алдаж ч мэдэх юм. Тийм болохоор бид зайлшгүй амийн хоол болох Бурханы үгийг судлах ёстой.

2. Итгэлээ өсгөж, аврагдахын тулд Бурханы үгийг судлах ёстой.

Итгэл байхгүйгээр аврагдана гэж үгүй (Ром 1:17). Бид аврагдъя л гэвэл шинэ гэрээгээр мөнх амийн амлалт авсандаа итгэх итгэл, мөн энэ үеийн Аврагчид итгэх баттай итгэл хэрэгтэй юм. Харин ийм итгэлийг юугаар бий болгох юм бол? Бурханы үгээр. Бурханы үгийг судлаад ухаарч гэмээнэ Бурханд баттай итгэдэг болох юм.

Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг. Ром 10:17

Иймд итгэлээ өсгөж, аврагдахын тулд Бурханы үг судлах ёстой.

3. Итгэлээ өсгөж, үнэн дотор амьдрахын тулд Бурханы үг судлах ёстой.

Бурханы үг нь нүгэлтэн бид ариун Бурханы бурханлаг чанар болон зан байдлыг дуурайхад хүргэдэг. Харин Бурханы үгнээс хол байвал муу муухай бодол, ялзарсан санаа орж ирэн, эцэст нь үнэнээс хагацахад хүрдэг байна.

Хэн нэгэн нь өөр сургаал зааж, бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалд эс байваас, тэрээр бардам, юу ч ойлгодоггүй, харин сөргөлдөөн, үгсийн талаарх маргаанаар өвчилсөн аж. Эдгээрээс атаархал, хэрүүл, гүтгэлэг болон ёрын сэжиглэл, ялзарсан санаа, үнэнээс хагацсан, итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна. 1Тим 6:3-5

Тиймээс эцсээ хүртэл итгэлээ сахин үнэн дотор амьдаръя гэвэл Бурханы үгийг зайлшгүй судлах ёстой. Бурханы хүүхдүүд бид үргэлж Бурханы үгийг шимтэн судалж итгэлээ бэхжүүлэн, бурханлаг зан чанарыг дуурайсан төрхөөр дахин төрөөд мөнхийн тэнгэрийн хаанчлалд орцгооё.

4. Сатан диаволтай хийх сүнслэг дайнд ялалт байгуулахын тулд Бурханы үг судлах ёстой.

Сатан биднийг тэнгэрийн хаанчлалд оруулахгүй гэж зүсэн бүрээр саад хийдэг. Итгэгчдийг диаволтай сүнслэг тулаан хийж байгаа талаар Библи мэдүүлдэг юм. Тэгвэл бид юугаар диаволыг үлдэн хөөж, сүнслэг дайнд ялалт байгуулах юм бол? Бурханы үгэн зэвсгээр!

Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун. Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс. … авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав. Ефе 6:10-17

Библид ийнхүү Бурханы үг нь диаволын эсрэг Сүнсний сэлэм болдгийг зааж мэдүүлж байна. Түүнчлэн Есүс үгийн сэлмээр диаволыг үлдэн хөөж байгаа жишээ биеэрээ үзүүлсэн байдаг (Мат 4:3-11). Тийм болохоор бид Бурханы үгийг судалж, Сүнсний сэлмээ ирлэн диаволыг үлдэн хөөгөөд, улмаар сүнслэг дайнд ялах хэрэгтэй юм.

Тунгаах зүйлс
Бидний сүнсний төлөөх амийн хоол нь юу вэ?
Библид диаволын эсрэг Сүнсний сэлмийг юу гэж заасан байдаг вэ?