Самари гэдэг үг Библид нэлээн гардаг. Самари гэдэг нь ямар газар вэ? Иудейчүүд өөрсдийгөө яагаад самаричуудаас ялгадаг байсан бэ?
Израилийн хаанчлалын хуваагдал
Самарын тухай мэдэхийн тулд эхлээд Израилийн хаанчлалын түүх рүү товчхон өнгийн үзье. Израилийн анхны хаан Саул байжээ. Харин Саул Бурханд дуулгаваргүй хандсан тул хаан ширээг нь буцаан авч, Давидад өглөө. Гучин насандаа Израилийн хаан болсон Давид Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ дагаж, хууль тушаалыг нь хайрлан, хичээнгүйлэн сахиж байсан юм. Нэмж дурдахад тэрээр Бурханыг баярлуулахын тулд гэрээний авдарт зориулж ариун газар барихад хүчин зүтгэж, Бурханд тааламжтайг үйлдэж, Бурханы нигүүлслээр Давид 40 жилийн турш Израилийг хаанчилсан байдаг (1Сам 15:22-23, 2Сам 5:4, 2Сам 7-р бүлэг).
Давид хааныг нас барсны дараа Соломон хаан болов. Соломон эцэг шигээ мөн өөрийгөө даруу болгосон тул Бурхан түүнд мэргэн ухаан, алдар нэр, эд баялаг өгчээ. Тэрээр Давид хааны урт удаан эрхэмлэн хүссэн ариун газрын барилгын ажлыг дуусгах ерөөл ч авсан. Гэвч цаг хугацаа өнгөрч, Соломон Бурханаас хүлээн авсан ерөөлөө өөрийнхөө хүслийг хангахад ашиглаж, харь эмэгтэйчүүдтэй гэрлэж, шүтээн шүтэж байгаад эцэстээ Бурханы уур хилэнг өдөөв.
“Соломон зүрх сэтгэлээ Израилийн Бурхан ЭЗЭНээс эргүүлсэн тул ЭЗЭН Соломонд хилэгнэжээ. ЭЗЭН түүнд хоёр ч удаа үзэгдэн, өөр бурхдыг бүү дага гэж тушаасан боловч ЭЗЭНий тушаалыг Соломон сахисангүй. Тэгэхэд ЭЗЭН, Соломонд… Би чамаас хаанчлалыг зайлшгүй таслан авч, зарцад чинь өгөх болно. Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд Би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй, харин чиний хөвгүүний гараас Би үүнийг тастан авах болно. …” 1Хаа 11:9-13
Соломоныг нас барсны дараа хүү Рехобоам нь хаан болмогцоо Бурханы айлдсан ёсоор Соломоны албан хаагч байсан Иеробоам хойд зүгийн арван овогтой нэгдэж, өөрийгөө хаанд өргөмжилжээ. Үүний улмаас Израиль улс Рехобоамын захирдаг Өмнөд Иуда, Иеробоамын захирдаг Хойд Израиль болж хоёр хуваагдан, Ойрх Дорнодын жижигхэн улс болсон юм.
Хойд Израилийн сүйрэл
Арван овгоос бүрэлдэж байсан Хойд Израиль хоёрхон овгоос бүрэлдсэн Өмнөд Иудатай харьцуулахад уг нь илүү хүчирхэг байсан юм. Харин Бурханы ариун газар байсан Иерусалим Өмнөд Иудад харьяалагдаж байсан ба энэ нь Хойд Израилийг ялагдахад хүргэсэн таагүй нөхцөл болсон байна. Израилийн ард түмэн баяр сахихын тулд жил бүр Өмнөд Иуда руу явах хэрэгтэй болж, Иеробоам ард түмнээ Иерусалим руу явсаар л байвал тэндээ байнгын оршин сууж мэднэ гэх айдаст автав. Тиймээс ард түмнээ захирах хүч олж авахын тулд ард түмнээ шүтээн шүтэх явдал руу хөтлөх нь тэр.
“Хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ —Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдаа харагтун гэв. Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан нөгөөг нь Данд өгөв. Ард олон түүнд нь мөргөхөөр Даныг хүртэл явж байсан тул энэ явдал нь нүгэл болов. …” 1Хаа 12:28-30
Иеробоам хааны дараах бүх хаад шүтээн шүтэхэд өөрсдийгөө зориулав. Ялангуяа Омрийн хүү Ахаб сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчилж, мөргөв. Тэрээр өмнөх байсан бүх хаадаас ч илүүгээр ёрын мууг үйлдсэн юм (1Хаа 16:30-31).
Энэ хооронд Ахабын аав Омри хаан Шехемийн хойд хэсэгт орших нэгэн толгодыг хаант улсынхаа нийслэл болгов. Тэр бүс нутгийн нэр нь Самари байсан юм. Өөрөөр хэлбэл Самари нь Хойд Израилийн нийслэл байсан хэрэг (1Хаа 16:23-24).
Тийнхүү Хойд Израиль улс Бурханы хууль тушаалыг урт удаан хугацаанд орхигдуулжээ. Тиймээс Өмнөд Иудагийн хаан Хезекиа Израилийн ард түмнийг Бурханы хуулийн нэг болох Алгасал баярыг ухаарч, сахиг гэсэндээ зарлагуудыг илгээсэн ч хүмүүс тэднийг зэвүүцэн, инээлдэж доромжлов. Үүнийх нь үр дагаварт Ассирийн хаан Шалманессер Израиль руу довтолж, Самари улс бий болсноос 254 жилийн дараа эзлэгдсэн байна (2Шас 30:1-10).
“… Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, бүслэн авав. Гурав дахь жилийн шувтаргаар тэд түүнийг эзлэв. … Учир нь тэд Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ.” 2Хаа 18:9-12
Самаричууд гадуурхагдсан нь
Хойд Израиль улсыг сүйрүүлснийхээ дараа Ассирийн хаан Шалманесер израильчуудыг Гозан голын дэргэдэх Хала ба Хаборт мөн медечүүдийн хотуудад суурьшуулав. Нөгөөтэйгүүр тэрээр Вавилон, Кута, Авва, Хамат зэрэг хотуудаас харь үндэстнүүдийг авчирч, Хойд Израилийн нийслэл болох Самарийн хотуудад суурьшуулж, улмаар тэнд нь амьдруулжээ.(2Хаа 17:6, 24).
Тэдгээр харийнхан Самарид үлдсэн израильчуудтай хоорондоо гэрлэж, цус холилдсон хүмүүсийг бий болгов. Тэр үеэс хойш иудейчүүд самаричуудыг харийнхан гэж үзэн, тэднийг жигшиж эхэлсэн байгаа юм.
“Өнөөх самари эмэгтэй —Та иудей хүн байж самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.)” Иох 4:9
Иудейчүүд тэр байтугай Есүсийг ч самари хүн гэж доромжилж байсан юм.
“Иудейчүүд Түүнд —Та бол Самарийнх, Танд чөтгөр шүглэсэн гэж бид зөв хэлсэн бус уу? гэцгээхэд” Иох 8:48
Харин Есүс ад шоо үзэгддэг байсан самари хүнд хүртэл нигүүлслээ соёрхсон юм. Есүс Самарийн Сухарт байдаг Иаковын худаг дээр таарсан самари эмэгтэйд амийн усны булаг хэн байсныг мэдүүлдэг. Тэрээр мөн уяман өвчтэй арван хүнээс эдгэсэндээ Есүст талархахаар эргэж ирсэн нэгэн уяман өвчтэй самари хүнд аврал өгч, сайн самари хүний сургаалт зүйрлэлээр ямар хүн тэнгэрийн хаанчлалд орохыг бидэнд ухааруулсан юм (Иох 4:9-14, Лук 17:11-19, Лук 10:25-37).
Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхагла
“Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.” Үйл 1:8
Есүс шавь нартаа сайн мэдээг бүх ертөнцөөр тунхагла гэж тушаан, Самари гэж дурдсан. Үүгээрээ тэрээр Бурханд орхигдож, урт удаан хугацаанд авралаас гадуурх хүн гэгдэн амьдарч ирсэн самаричуудад ч Аврагч хэн гэдгийг мэдүүлэх учиртай гэсэн утга агуулжээ. Өнөө үед бидэнд ч мөн энэ үүрэг даалгагдсан юм. Тиймээс бид дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглан, сайн мэдээний үржил шимгүй газар гэж үзэгдсэн сүнслэг Самари руу ч хүртэл зоригтойгоор явж, энэ үеийн Аврагч Сүнс болон Сүйт бүсгүйг сүнслэг самаричуудад тунхаглах ёстой.