
Самуел шүүгч Израиль улсыг удирдаж байсан үед ард түмэн өөрсдийг нь захирах хаантай болохыг хүсжээ. Бурхан Самуелд Израилийн овгийг ураг төрлөөр нь зогсоогтун хэмээн тушаав.
Самуел Бурханы хэлснээр Израилийн бүх овгийг ойртуулаад шавга татжээ. Арван хоёр овгоос Бениамины овог шавгаар сонгогдов. Бениамины овгоос Матрийн ураг сонгогдов. Матрийн ургаас Кишийн хөвгүүн Саул сонгогджээ. Хүмүүс Саулыг эрж хайсан боловч олсонгүй.
“Тэр хүн энд ирсэн үү?”
Хүмүүс Саулыг эрээд олохгүй Бурханаас асуув. Тэгэхэд Бурхан Саулын хаана байгааг зааж өгчээ. Хүмүүс гүйн очиж, өөрийгөө ил гаргахаас ичсэндээ ачаан дотор нуугдаж байсан Саулыг дагуулж ирэв. Саул ард олны дунд зогсоход, тэднээс мөрөөрөө өндөр байв. Самуел ард түмэнд:
“Эзэн хэнийг сонгосныг та нар харцгаа. Ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн байна уу” гэжээ.
Ард олон баярлан уухайлж “Хаан мандтугай!” гэв.
Саулыг Израилийн анхны хаан хэмээн зарлах үед тэрээр ард олны харцнаас дайжин, өөрийгөө нууж байв. “Энэ хүн биднийг яаж аврах юм бэ?” гэж хүмүүс түүнийг басамжлахад ч Саул дуугүй байв. Самуелыг Саултай анх уулзах үед Саул өөрийгөө Израилийн овгуудын дотроос хамгийн дорой нь бөгөөд хаан болох зохисгүй хүн гэж үздэг байв (1Сам 9:20-21).
Бурхан тэр үед Саулыг хаан болгон сонгож, түүний толгой дээр тос цутгав. Хэрэв Саул даруу чанараа хадгалж байсан бол тэрээр өнөө үед Библийн түүхэн хүн дундаас дуулгаваргүйн жишээ бололгүй, Бурханд хүлээн зөвшөөрөгдсөн зөвт хүн гэгдэн нэрээ үлдээх байсныг ч хэн мэдлээ. Бид зүрх сэтгэлээ даруу байлгах ёстойн учир ч мөн үүн лүгээ ижил. Ямагт даруу чанараа хэвээр хадгалдаг хүнийг л Бурхан хэрэглэдэг учиртай.