Хуучин гэрээг сүүдэр, шинэ гэрээг бодит гэж тайлбарладаг. Үүнд итгэх Библийн үндэслэл юу вэ?
Библид хуучин гэрээний хуулийг “ирэх сайн юмсын сүүдэр” гэсэн (Евр 10:1). Библид мөн Бурхан өнө эртнээс ирээдүйг урьдчилан мэдүүлсэн (Иса 46:10) гээд, одоо байгаа нь аль хэдийнээ байсан (Ном.Үгс 3:15) гэсэн. Энэ бүх үг нь Бурхан хожим биелүүлэх зүйлээ хуучин гэрээний үед хуулбар ба сүүдэр болгон хэдийн мэдүүлсэн гэдгийг нь харуулж байна.
Хуучин гэрээний Мелхизедек ба шинэ гэрээний Есүс
Хуучин гэрээ нь сүүдэр, шинэ гэрээ нь бодит гэдгийг хэд хэдэн жишээн дээр шалгаж үзье. Эхлээд Абрахамын үед тохиолдсон түүхэн үйл явдлыг харъя. Абрахамыг тулаанд ялаад буцаж ирэхэд нь Бурханы тэргүүн тахилч Мелхизедек түүнийг талх, дарсаар ерөөсөн байдаг. Энэ үйл явдлаар шинэ гэрээний үед Есүс Алгасал баярын талх, дарсаар бидэнд мөнх амийн ерөөл өгнө гэдгээ урьдчилан харуулсан юм.
“Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байв. Абрамыг ерөөж хэлэхдээ тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан, Абрахамыг ерөөх болтугай!” Эхл 14:18-19
“Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга (усан үзмийн дарс) авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:19-28
Шинэ гэрээний Библи нь Есүсийг Мелхизедекийн хэргэмийн дагуух тэргүүн тахилч гэдгийг гэрчилдэг. Учир нь Есүс бол хуучин гэрээний үеийн Мелхизедекийн бодит юм. Бурхан авралын үнэнийг ард түмэндээ авчрах Есүсийг танихад туслах гэсэндээ хуучин гэрээний үеийн Мелхизедекийн түүхийг сүүдэр болгон урьдчилан харуулсан ажээ.
“Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан. Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилчаар өргөмжлөгдөв.” Евр 5:8-10
Египетээс гарсан үеийн Алгасал баяр ба шинэ гэрээний Алгасал баяр
Хуучин гэрээний үед израиль ард түмэн өнө удаан хугацаанд Египетийн боол болон зовлон зүдгүүр амссан юм.
Тэгээд Бурхан Мосе хэмээх эш үзүүлэгчээ илгээж, тэднээр Алгасал баяр сахиулан улмаар тэднийг Египетээс чөлөөлсөн юм.
“Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгээрийг нядал. Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хоёр хатавч ба тотгонд цуснаас нь нялах ёстой. Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой. … Энэ нь ЭЗЭНий Алгасал болой.” Гэт 12:6-11
“Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд гянданд хоригдогчийн ууган хүүг хүртэл мөн малын бүх ууган төл, Египет газар дахь ууган бүгдийг ЭЗЭН цохилоо. … Шөнө нь Мосе Аарон нарыг Фараон дуудаж —Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл! Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил!” Гэт 12:29-31
Энэхүү түүхэн үйл явдал нь Египетэд боолчлогдсон израиль ард түмэн шиг нүгэл болон үхэлд боолчлогдож байсан хүн төрөлхтнийг Есүс шинэ гэрээний үед Алгасал баяраар чөлөөлнө гэдгийг харуулах сүүдэр байсан хэрэг.
“Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв. Тэд хариуд нь Түүнд —Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. “Та нар эрх чөлөөтэй болно” гэж Та юунд хэлнэ вэ? гэв. Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн.” Иох 8:32-34
“… Нигүүлсэл ба амар тайван нь, … Есүс Христээс та нарт байх болтугай. Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлж,” Илч 1:4-5
“Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга (усан үзмийн дарс) авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:26-28
Сүүдэр болгон харуулсан Бурханы шүүлт
Хуучин гэрээний түүх нь хожим шинэ гэрээний үед биелэх зүйлсийн сүүдэр юм. Энэ өнцгөөс харвал энэ үед бидний санаж явах ёстой нэг зүйл бий. Энэ бол нүгэлт ертөнцөд ирэх Бурханы шүүлт юм.
Ноагийн өдрүүдэд Бурхан хорон муу ертөнцийг үерээр устгаж, Содом, Гоморра зэрэг завхарсан хотууд дээр гал, шатаж буй хүхэр буулгаж хөнөөсөн. Энэ бол зүгээр нэг өнгөрсөн түүх биш, харин Бурхан эцсийн өдөр энэ нүгэлт ертөнцийг шүүнэ гэдгийг харуулж байгаа юм.
“Ноагийн өдрүүдэд ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно. Ноаг бүхээгт орох өдрийг хүртэл хүмүүс идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв. Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж ууцгааж, худалдаж худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно.” Лук 17:26-30
“хуучны дэлхийг хэлтрүүлэлгүйгээр, харин сүсэг бишрэлгүйчүүдийн дэлхий дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг наймууланг нь хамгаалсан бол, хожмын сүсэг бишрэлгүйчүүдэд жишээ болгохын тулд Содом ба Гоморрагийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялласан бол, ёс зарчимгүйчүүдийн садар явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол,” 2Пет 2:5-7
Ертөнцийг шүүж, сүйрүүлэхээсээ өмнө Бурхан Ноагаар бүхээг хийлгэн үерээс аварч, Лотыг хүхэр галаас Зоар гэдэг хот руу зугтаалган галан шүүлтээс аварсан. Библийн зөгнөлийн дагуу газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэр элч дэлхийн дөрвөн салхийг (Иер 25:32 үзэх) тавихын өмнөх энэ үед ч мөн авралын ажил яаралтай өрнөж байна.
“Үүний дараа би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэрэлчийг харав. Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэрэлч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэрэлчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран —Бурханыхаа зарц нарын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул хэмээв.” Илч 7:1-3
Бурханы тамга нь дэлхийг бүхэлд нь сүйрүүлэх дэлхийн дөрвөн салхи тавих үеийн үлэмж гамшгаас зугтаж чадах Бурханы ард түмэндээ өгсөн авралын тэмдэг юм. Бурхан авралын хоргодох газар болгон Ноагийн өдрүүдэд бүхээг, Лотын өдрүүдэд Зоар хотыг бэлдсэн шигээ Өөрийн ард түмэндээ авралын газрыг бэлдэж, өнөө үед ард түмэн дээрээ тамга дарах авралын ажлаа гүйцэтгэж байгаа билээ. Бурхан гамшгаас аврагдах тэмдэг, тамга болсон Алгасал баярын үнэнг (Гэт 12:1-13) Бурханы тогтоосон баяр наадмын хот Сионд (Иса 33:20) тунхагласан юм.
“Иудад зарлан Иерусалимд тунхаглахдаа «Нутагт бүрээ үлээ. Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл. Сион тийш тугаа босго! Хоргодох газар хай, бүү зогс. Учир нь Би хойд зүгээс гай гамшиг ба аймшигт сүйрлийг авчирч байна.” Иер 4:5-6
Ноагийн өдрүүдэд хүмүүс үер бууж, бүгдийг нь хаман одох хүртэл юу ч мэдэхгүй, идэж ууж, гэрлэж, нөхөрт гарч байсан. Мөн Лотын өдрүүдэд Лотын хүргэнүүд удахгүй болох Бурханы шүүлтийн талаарх Лотын сэрэмжлүүлгийг тоглоом болгон хүлээж авсан. Тэдэн шиг өнөө үед олон хүн өнөө цагийг ялгаж чадахгүй л байна. Бурхан биднийг бусдаас түрүүлж дуудсан тул өнөө цагийг ажиглан шинжицгээе. Бурхан мөн Ноа Лот хоёрт зааж өгсөн шигээ сүүлчийн гамшгаас аврагдах амийн үнэн болох шинэ гэрээний Алгасал баярыг бидэнд мэдүүлсэн билээ. Хуулбар болгон харуулсан өнгөрсөн түүхээс сургамж авч, өнөө цаг үеийг бүрэн дүүрэн ухаараад, авралын гүн гүнзгий зүй тогтлоор ер бусын төлөвлөгөөг байгуулсан Бурханд талархахын сацуу дэлхий дахинд авралын сайн мэдээг хурдхан тунхаглаж, тэднийг Сион руу хөтөлцгөөе.