Бурхантай хамт явж байгаад дээш өргөгдөх нь​

8,427 үзэлт

Үхэл, уй гашуу, өвчин зовлон байхгүй тэнгэрийн хаанчлал руу хэн хүнгүй явахыг хүсдэг. Тэнгэрийн орон бол мөнхийн баяр хөөр, яруу алдар, аз жаргал дүүрэн байдаг ертөнц төдийгүй бидний сүнсний эх нутаг билээ. Бурханд итгэдэг хүмүүст тэрхүү тэнгэрийн эх нутагтаа буцах хүсэл найдвар бий.

Тэгвэл ямар хүмүүсийг тэнгэрийн оронд орохыг зөвшөөрөх бол? Енох, Елиа гэх мэт эш үзүүлэгчид Бурхантай хамт алхангаа тэнгэр өөд өргөгдсөн гэж Библид гэрчилдэг. Тэнгэрийн хаанчлалд орохын тулд бидэнд байх ёстой ухааны талаар одоо сурч авцгаая. Эхлээд бүгдээрээ Бурхантай хамт алхаж байсан итгэлийн өвөг дээдсийн түүхийг судалж үзэцгээе.

Бурхантай хамт алхах нь

Энэ дэлхийд өөрсдийгөө христчин гэж зүтгэдэг олон хүн амьдардаг төдийгүй Бурханд итгэдэг гэдэг үй олон шашны урсгал байдаг. Тэдний дундаас Библийн зөгнөлийн дагуу Бурхантай хамт алхдаг хүмүүс нь ямар хүмүүс бол? Ямар сүм нь үнэхээр Бурхантай хамт алхаж байгаа бол? Ариун Сүнсний үед итгэлийн амьдралаар амьдарч байхдаа бид Бурхантай хамт алхахын төлөө бүхий л чадлаа гаргах ёстой төдийгүй Бурхантай хамт алхдаг сүмд явдаг гэдгээ баттай мэдэж байх ёстой. Тэгж гэмээнэ бид тэнгэрийн хаанчлалд орж чадна.

“Енох жаран таван настайдаа Метуселаг төрүүлжээ. Метуселаг төрүүлснээс хойш Енох гурван зуун жил Бурхантай хамт явж, үр хүүхдүүдтэй болжээ. Енох гурван зуун жаран тав наслав. Енох Бурхантай хамт явж байсан ба түүнийг Бурхан авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй.” ​Эхл 5:21-24

Эхлэл номны тэмдэглэлд Енохыг Бурхантай хамт явж байсан гэжээ. Енох Бурханд таалагдсан гэсэн гэрчлэл хүлээн авсан тул үүнийх нь үр дүнд Бурхан түүнд үхэл үзүүлэлгүй тэнгэр өөд аваачсан талаар Библид тодорхой тэмдэглэсэн байдаг (Евр 11:5).

Бурхантай хамт алхах гэдэг нь Бурханы жишээг дагах гэсэн үг юм. Итгэлийн өвөг дээдэс маань Бурхантай хамт алхаж, итгэлийнхээ аян замын турш Бурханы жишээг зүрх сэтгэлээсээ дагасан юм. Гуйвшгүй бат итгэлийнхээ үр дүнд тэд Бурхан оршдог тэнгэрийн хаанчлал руу орж чадсан билээ. Үүнийг Енохын жишээнээс харж болно.

Өнөө үед бид ч бас мөнхийн тэнгэрийн хаанчлал руу явахын тулд Бурхантай хамт алхах учиртай. Есүсийн сургаалаас Бурхантай хэрхэн хамт алхах талаар сурч авцгаая.

“Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.” ​Иох 13:15

Есүс бидний дагах ёстой жишээг үзүүлсэн гэж айлдсан байна. Энэ нь бид Есүсийн жишээг бүрэн дүүрэн дагах үед Есүстэй хамт алхсан хүмүүс шиг тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдгийг харуулж байгаа хэрэг. Христийг хаашаа ч хөтөлсөн тийш дагадаг хүмүүс бол жинхэнээсээ Бурхантай хамт алхаж байгаа хүмүүс төдийгүй тэд бол Бурханы аварсан хүмүүс.

“Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч эс чадав. Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.” Илч 14:3-4​

Бурхан бидэнд үзүүлсэн жишээг дагасан үед л бид тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдгийг Библи бидэнд дахин дахин зааж өгч байна. Ариун Сүнсний үед Есүсийн шинэ нэрээр ирсэн Ан Сан Хун Христ болон шинэ Иерусалим тэнгэр Эхтэй хамт алхдаг хүмүүс л мөнхийн тэнгэрийн хаанчлалд орж чадна. Бурханы хүүхдүүдийн хувиар бид тэнгэр Эцэг Эхийнхээ жишээг бүрэн дүүрэн дагах ёстой.

Христийн жишээ болгон үзүүлсэн амийн үнэн

Бурханд итгэдэг хүн бүхэн амьдралынхаа турш Бурхантай хамт алхаж тэнгэрийн хаанчлалд орохыг хүсдэг. Гэвч Бурханы алхдаг амийн замыг нь дагалгүйгээр, жишээгээр үзүүлсэн үнэнийг нь сахин үйлдэхгүйгээр өөрсдийгөө Бурхантай хамт алхдаг гэж хэлэх аргагүй. Бурхан бидэнд ямар жишээ үзүүлснийг, ямар зам бид дагах ёстойг Библид тэмдэглэгдсэн тодорхой жишээнээс харцгаая.

“Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо. Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод —Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу, Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой гэж уншаад, номоо хуйлж харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа.” ​Лук 4:16-20

Есүс 2000 жилийн өмнө энэ дэлхийд ирэхдээ заншил болгон Амралтын өдөр сахисан байдаг. Хоёр дахиа ирэхдээ ч Тэрээр дахиад л Амралтын өдөр сахих жишээ үзүүлсэн юм.

Бурхан Амралтын өдөр мөргөл сахих жишээ үзүүлсэн юм чинь Бурхантай хамт алхахыг хүсдэг хүн ямар өдөр мөргөл сахих ёстой вэ? Орчин үеийн долоо хоногийн гаргийн тогтолцоогоор долоо дахь өдөр бол бямба гараг. Тиймээс Амралтын өдөр нь бямба гарагтай дүйцдэг. Үй олон хүн ням гарагт мөргөл сахисаар байгаа ч харин Бурхантай хамт алхахыг хүсдэг хүн бол Амралтын өдөр буюу бямба гарагт л мөргөл сахих ёстой. Энэ нь Бурханыг гэсэн итгэлийн зөв хандлагаа харуулах арга зам юм. Бурхантай хамт алхдаг хүмүүс ба хамт алхдаггүй хүмүүсийг ялгахдаа Христийн жишээг даган Амралтын өдөр сахиж байна уу, үгүй юү гэдгийг үндэслэн тодорхой гэгч нь ялгаж болно.

Есүс Амралтын өдөр төдийгүй Алгасал баяр сахих жишээ үзүүлсэн байдаг.

“Алгасалын хургыг нядлах, Исгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс, Петр Иохан нарыг илгээн —Явж, бидний зооглох, Алгасал баярын зоогийг бэлд гэв. … Тэд явж, Түүний айлдсанаар бүгдийг олж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:7-20​

Алгасал баяр бол бидний авралын тухайд тун чухал ариун баяр юм. Есүс бидний нүглийн уучлалын төлөө шинэ гэрээний Алгасал баяр өгч, дагаж мөрдөх дүрэм журмыг нь тодорхой зааж өгөнгөө Өөрөө сахих жишээ үзүүлсэн.

Харин амийн үнэн Алгасал баяр Сатаны овжин мэхний уршгаар МЭ 325 онд Никеагийн шашны хурлаар бүрмөсөн устсан байдаг. Ихэнх сүм Алгасал баяр сахихгүй байгаагийн шалтгаан энэ. Ийм байлаа гээд бид Бурханы шууд заасан сургаалыг үл тоомсорлож огт болохгүй. Мөн үзүүлсэн жишээг нь үгүйсгэж болохгүй. Бурхантай хамт алхахыг хүсдэг хүмүүс Есүс шавь нарын хамт сахихыг ихэд хүсэж, баривчлагдаж, загалмайд цовдлогдохынхоо яг өмнөхөн Өөрийн биеэр сахиж жишээ үзүүлсэн Алгасал баярыг сахих ёстой.

“Иудейчүүдийн Майхан баяр ойртжээ. … Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирээд, сургаал зааж эхэллээ. … Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун. Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв.” Иох 7:2, 14, 37-38​

Есүс мөн Майхан баяр сахиж жишээ үзүүлсэн байдаг. Христ Өөрөө сахисан Амралтын өдөр, Алгасал баяр, Майхан баяр зэрэг нь тус тус Бурханы агуу ерөөл агуулдаг баярууд юм.

Есүс махан бие өмсөж, энэ дэлхийд ирсэн ч гэлээ мөн чанар нь Бурхан байсан юм (Фил 2:5-6). Үнэн хэрэгтээ Есүс тэнгэрийн хаанчлал явахын тулд баяр сахих шаардлагагүй л дээ. Нүглийн уучлал авах шаардлагатай, баяр сахиж ерөөл авах ёстой нүгэлтэн ч биш. Гэтэл Есүс ер нь яагаад анх ирэхдээ ч, хоёр дахиа ирэхдээ ч баяр сахисан юм бол?

Баяруудыг сахиснаараа Тэрээр бидэнд л жишээ үзүүлсэн юм. Өөрийнх нь үзүүлсэн жишээг бүрэн төгс дагадаг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд хангалттай орох зохистой гэж тооцогдоно гэж бидэнд зааж өгсөн хэрэг. Бурхантай үнэхээр хамт алхахыг хүсдэг хүмүүс Христийн үзүүлсэн жишээ ёсоор л итгэлийн замаар дагах ёстой.

“Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа”

Энэ хүртэл нягталснаа авч үзэхээр өнөөгийн тоо томшгүй олон сүмийн аль нь Бурханы тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг хүмүүст зааж байна вэ? Амралтын өдөр, Алгасал баяр, Майхан баяр гэх мэт шинэ гэрээний бүх үнэнийг дагадаг сүм нь л Бурханы сургаалыг дагадаг яг тэр сүм мөн.

Итгэлийн аян замынхаа турш Бурхантай хамт алхаж байна уу, эсвэл өөрсдийн бодлоор дагаад явж байна уу гэж бид өөрөө өөрсдийгөө шалгаж үзэх хэрэгтэй. Нэмж хэлэхэд яг аль сүмд нь Христийн үнэн сургаал байгааг нухацтай нягтлаад, Есүс болон элч нарын жишээг даган хэрэгжүүлэх хэрэгтэй.

“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” ​Мат 28:18-20

Есүс “Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” хэмээн айлджээ. Аль сүм шинэ гэрээ сахиж, Есүсийн жишээг дагаж байна вэ? Энэ бүх шаардлагыг хангасан цорын ганц сүм нь зөвхөн Бурханы сүм юм. Бурханы сүм нь 2000 жилийн өмнө Есүс Христийн байгуулсан яг тэр сүм төдийгүй Ариун Сүнсний үеийн Аврагч Ан Сан Хун Христийн сүүлчийн энэ үед байгуулсан сүм юм. Бурханы байгуулж, өсгөсөн энэ сүм өдөр бүр Бурхантай хамт алхдаг сүм юм.

“Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно.” Мар 16:15-16​

Есүс бидэнд бүх бүтээлд тунхагла гэсэн сайн мэдээ бол шинэ гэрээний сайн мэдээ. Энэ сайн мэдээн дотор нь баптисмын хууль, Амралтын өдөр, Алгасал баяр, Майхан баяр гээд бүх зарлиг, хууль тушаал багтсан байдаг. Есүс Христ Өөрөө бидэнд зааж сургаж, жишээ болгон сахин байж бидэнд энэ бүх тогтоолыг сахь гэж тушаасан юм. Бид үнэхээр л Бурхантай хамт алхахыг хүсдэг бол энэ бүх тушаал, зарлиг, хууль тогтоолыг нь сахиж, мөн Христийн жишээг даган сахин биелүүлэхийг хүмүүст заах ёстой. Тэгсэн цагт хүмүүс нүглийн уучлал авч, авралын замыг дагах юм.

“Тэгээд Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг өгнө. Би бие махбодоос чинь чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө. Би Сүнсээ та нарын дотор оруулж, та нарыг зарлигуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин үйлдэнэ. Эцэг өвгөдөд тань Миний өгсөн газарт та нар амьдрах болно. Та нар ард түмэн минь болж, Би Бурхан чинь болно. Мөн Би та нарыг хамаг бузраас чинь аварна. …” Езе 36:26-29​

Сайн мэдээний сураг чимээг сонсож Бурханы хуулийг сахих үед үнэн Бурханыг таньж чадна. Тэгсэн цагт Бурхан Өөрөө ч биднийг ард түмнээ хэмээн хүлээн зөвшөөрч, улмаар аврах юм. Ням гаргийн мөргөл, Христмас, Талархлын баяр, загалмай шүтэх гэх зэрэг хүний бий болгосон сургаалыг дагадаг хүмүүс хэзээ ч аврал авахгүй. Учир нь тэдгээр өдрүүд нь Есүс Христийн сургаалын нэг хэсэг ч биш. Есүс тэдгээр өдрүүдийг хэзээ ч сахиж байгаагүй. Христийн сургаалыг бүрэн дагаж байгаа эсэх нь аврагдах хүмүүсийг сүйрэх хүмүүсээс тусгаарлах хүчин зүйл юм. Үүнийг цаг үргэлж санаарай. Есүс бидэнд тушаасан болгоныг нь хүмүүст зааж өгч дагалдуулахын зэрэгцээ өөрсдөө бас дуулгавартай сахь хэмээн айлдсан.

Сионы гэр бүлүүд маань Енох шиг Бурхантай хамт алхаж, мөнхийн тэнгэрийн хаанчлалын тухай байнга бодох хэрэгтэй. Тэгж гэмээнэ бид Бурханд таалагдсан гэсэн гэрчлэл хүлээн авч, эцэст нь тэнгэрийн хаанчлалд орох юм.

Бурхантай хамт алхдаг хүмүүс

Бид энэ дэлхийн хүн бүрд, тэр тусмаа Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглахаар хүчин зүтгэж байгаа билээ. Бидний энэ хүчин чармайлт Христийн жишээг даган, дэлхийн бүх хүнд Бурханы сургаалыг тунхаглах зориг шийдвэрийн маань илэрхийлэл юм. Бид ертөнцийн бүх хүнийг шинэ гэрээний үнэн сургаалыг даган хэрэгжүүлж, Бурханы замаар алхдаг болгон, тэднийг үнэн зөв замаар хөтлөх ёстой. Тийн үйлддэг хүмүүс бол Бурхантай хамт алхдаг үнэн зөв хүмүүс бөгөөд тийм хүмүүс цуглардаг сүм нь Бурхантай хамт алхдаг сүм мөн.

Дэлхий даяарх Сионы ах эгч дүү нар маань нас хүйс хамааралгүй хаанчлалын сайн мэдээг тунхаглахын тулд хүчин зүтгэсээр байгаа билээ. Өмнө нь авралын сайн мэдээг огт сонсож байгаагүй хүмүүс эхэндээ зүй ёсоор нь ухаарч чадахгүй байж мэдэх ч хэрвээ тэд хожим сүнслэг ертөнцөөс энэ ертөнцийг харах юм бол “Тэр хүмүүс намайг л аврал аваг гэсэндээ Есүсийн тушаасан бүхнийг надад заах гэж үнэхээрийн их хичээж байсан байх нь ээ” гэдгийг ойлгох болно.

Одоо бид Бурхантай хамт алхаж байгаа. Биднийг гэсэн Бурханы хайрыг болон Бурханы хүслийг ухаарах юм бол бид олон сүнсийг авралын зам руу хөтөлнө. Энэ ертөнцийн хүмүүс Бурханы үг сонссоныхоо дараа хүлээж авах эсэх нь өөрсдөөс нь л шалтгаална. Энэхүү эрхэм нандин ерөөлтэй үнэнийг хараахан сонсоогүй хүн болгонд тунхаглахын тулд чадлынхаа хэрээр хүчин зүтгэх учиртай юм шүү.

Сонсох хүн бүр Бурханы энгэрт буцан ирж, аврагдах боломжтой болтол нь амийн үнэнийг уйгагүй тунхаглацгаая. Эргэн тойрны тань хүн бүр авралын баярт мэдээ хүлээн авч, тэнгэрийн хаанчлал нь биднийх төдийгүй тэднийх болох хүртэл энэ агуу ажлыг гүйцэлдүүлэх үйлсэд илүү их хүчин чармайлт гаргаарай гэж хүсье.