Мөнх амийн үгс Танд байна

Иох 6:22-69

6,854 үзэлт

Есүс Тибер нуурын нөгөө эрэгт таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг цатгасанд хүч чадлыг нь харж алмайрсан хүмүүс завинд суугаад Есүсийг хайн Капернаумд хүрч ирэв.

“Рабби, Та хэзээ энд ирсэн бэ?”

“Та нар Намайг хайгаагүй, харин талх идэж цадсан учраас хайж байна. Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла.”

“Таны айлдсаныг хийхийн тулд бид яах ёстой вэ?”

“Надад итгэ.”

Есүсийг ярьж дуусмагц тэд Есүсээс Өөрт нь итгэх тэмдэг үзүүлэхийг хүсэв.

“Цөлд бидний өвөг дээдэс тэнгэрээс буулгаж өгсөн манна гэдэг талх идсэн. Түүн шиг тэмдэг үзүүлбэл бид Багш Танд итгэнэ ээ!”

“Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй.”

Түүнийг ойлгомжгүй үг айлдахад ойр хавьд нь байсан хүмүүс тэрхэн зуур үймэн шуугилдав.

“Энэ чинь Иосефын хүү Есүс биш бил үү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохоор “Би тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ?”

“Энэ хүн мах биеэ бидэнд идүүлэхээр яаж өгч чадах юм бэ?”

Өөрсдийгөө дагалдагч хэмээн нэрийдээд Есүсийн араас дагаж байсан олон хүн урам нь хугарч Түүнээс зайлан явлаа. Арван хоёр шавь нь л үлдэв.

“Та нар бас явахыг хүсэж байна уу?”

Есүсийн энэ асуултанд Петр ийн хариулжээ.

“Эзэн, бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна.”

Таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг хооллосон тэрхүү гайхамшгийг харсан иудейчүүд ажил хийхгүй ч насан турш гэдэс цатгалан амьдарч болох нь гэж санаад Есүсийг өөрсдийн хаан болгох гэв. Тэд зөвхөн махан биеийн зүйлсийг л боддог байсан тул Есүсийн айлдсан мөнх амийн үгийг ойлгож чадаагүй юм.

Харин шавь нар нь Есүсийг ад үзэн Түүнээс зайлж явсан иудейчүүдээс огт өөр байлаа. Тэдэнд Есүсийг орхин явах шаардлага байгаагүй. Учир нь тэд махан биеийн хоолноос ч илүү чухал зүйл Есүст байсныг мэдэж байлаа.

“Та нар бас явахыг хүсэж байна уу?”

Бурханыг ийн асуухад мөнх амь авахыг хүсэн шинэ гэрээ сахидаг ариун хүмүүс Петрийнхтэй адилхан хариулах болно.

“Бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна.”